2023-03-25BOLOD.MN сайт долоо хоног бүрийн ням гарагт улс төр, нийгэм эдий засгийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэдэг уламжлалтай. Эдгээр өдрүүдэд УИХ-ын чуулган нээлтээ хийсэн төдийгүй Засгийн газраас зарим арга хэмжээ болон хэлэлцэх шаардлагатай үйл явдлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Засгийн газраас 5ш хөтөлбөрийн эхлүүлсэн төдийгүй дээрх хөтөлбөрийн хүрээнд авлига албан тушаалтай холбоотой мэргэжлийн ёс зүйн зарчмийг зөрчсөн үйлдлүүдийг таслах зогсоох зорилготой юм.

Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан өндөр дээд албан тушаалтай иргэдийг нэрсийг салбарыг сайд веб хуудаснаа ил болгосон. Ийнхүү Засгийн газраас дараа дараагийн арга хэмжээг авахаар ажиллах болно гэдгээ мэдээлсэн. Эдгээр болон бусад онцлох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.
Шүүр ажиллагааг төрийн албанаас эхлүүллээ
Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийн нэг болох Шүүрдэн цэвэрлэх ажиллагааг эхлүүлснээ мэдэгдэж, төрийн байгууллагуудад чиглэл хүргүүллээ. Тус албан бичигт төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгож байна гэжээ. Энэхүү чиглэлээ Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн дарга, ЗДТГ-ын дарга, төсвийн байгууллагын дарга, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга нарт хандан хүргүүлжээ.
Ийнхүү ирэх сарын 6-наас эхлэх хууль бусаар буюу ямар нэгэн албан тушаалтны нөлөөтэйгөөр томилогдсон албан тушаалтнуудыг төрийн албанаас чөлөөлөхөөр болж байна. Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд “нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй хүн томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн албыг шимэгчдээс цэвэрлэх ажлыг эхлүүлж байна гэдгийг мөн албан бичигт дурджээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Шүүр ажиллагаа болон Шилжүүлэн авах ажиллагааг хариуцан ажиллаж байгаа. Харин Ш илэн ажиллагааг Цахим харилцаа холбоо хөгжлийн сайд Н.Учрал, Шувуу ажиллагааг ХЗДХ-ийн Х.Нямбаатар, Шүгэл үлээх ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгод хариуцуулжээ.
Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутай эсэхийг тогтоох хүртэл цагдан хорино гэв
Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг /2023.03.21/ дахин цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан. Ингэхдээ улсын яллагчийн зүгээс ерөнхий шүүгчид гомдол гаргасан гэх тайлбарыг өгсөн бөгөөд энэ талаар тус шүүхээс дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 2023.03.15-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж тодорхой төрлийн хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хуулийн дээрх заалт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын үе шатанд байгаа өөрөөр хэлбэл шүүхээс өмнөх үе шатанд хэрэг нь шалгагдаж, хянагдаж байгаа хэргийн оролцогчид тодруулбал сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорын эдлэх эрх, боломжийг нарийвчлан зохицуулсан заалт бөгөөд нэгэнтээ прокурорын хяналтын шатнаас тухайн хүн, хуулийн этгээдийн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг хэргийн оролцогчдын тухайд дээр дурдсан санал, хүсэлтийг зөвхөн анхан шатны...журмаар хэрэг хянан шийдвэрлэх /үндсэн/ шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх эрх, боломж нь нээлттэй, бусад үед тодруулбал өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж дараагийн шүүх хуралдааныг товлон зарласан цаг хугацааны дотор санал, хүсэлт, гомдол гаргаж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх /үндсэн/ шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлүүлэх эрх, боломж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хаалттай юм. Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 2023.03.20-ны өдрөөс эхлэн 2023.04.04-ний өдрийг хүртэл өөрөөр хэлбэл анхан шатны журмаар тухайн холбогдсон гэмт хэргүүддээ гэм буруутай эсэх асуудлыг нь шүүхээс эцэслэн хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хүртэл урьд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно.
Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагаа”-г хэрэгжүүлж буй. Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан.
Оргон зайлсан хүмүүсийн тоо 18-аар нэмэгдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлж байна. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг өгчээ. Улмаар оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ. Мөн хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад нь төрийн байгууллага, албан тушаалтан саад учруулсан, ажлаа хийхэд нь эс үйлдэл үзүүлбэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.
Наурызын баярын өдөр тохиолоо
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр тохиодог бөгөөд казах түмэн энэхүү баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар гуравдугаар сарын 22-нд буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог. 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна. Казах түмэн уг баярыг 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон Казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад өргөн тэмдэглэдэг болсон юм.
Дархан "Өргөө" кино театрт гарсан галыг бүрэн унтраалаа
Дархан дахь “Өргөө” кино театрын байранд энэ сарын 23-ний 19:40 цагийн үед гал түймэр гарсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд түймрийг 20:30 минуут гэхэд бүрэн унтрааж дууссан гэх мэдээллийг албаныхан өгсөн. Одоогоор гал түймэр гарсан шалтгаан нөхцлийг тодруулаагүй бөгөөд эхний ээлжид галыг шуурхай унтраахаар ажиллаж байгаа аж. Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Галыг унтраахаар Дархан хотын онцгой байдлын алба, гал унтраах, аврах 22, 55 дугаар анги гал түймрийг унтраахаар ажилласан. Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар тус барилгад ресторан, кино театр болон үйлчилгээний төвүүд байдаг. Гал дээд давхрын террас хэсгээс эхэлж гарсан. Ресторанаас гал гарсан байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн юм.
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүүгийн аав элэг нэгт монголчуудаас хандивын аянд нэгдэхийг хүслээ
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй Ц.Батзаяа хүүг Турк улсад эмчлүүлэхэд эхний удаад 150 сая төгрөг шаардлагатай байгаа талаар хүүгийн аав М.Цогтбаатар мэдээлсэн. Ийнхүү тэрээр хүүгийнхээ эмчилгээний зардал болох 150 сая төгрөгийг цуглуулахад нийт ард түмнээсээ тусламж хүссэн. Хандив бүрэн цугларч, эмчилгээ хийлгэх боломжтой болонгуут Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хүүг Турк улс руу хүргэх юм. Одоогийн байдлаар хүүгийн эмчилгээний зардлын 40 хувь нь буюу 40 сая төгрөг цугласан гэх мэдээлэл бий.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирлын мэдээлснээр хүү эрчимт эмчилгээний тасагт 12 дахь хоног дээрээ амьсгалын аппаратнаас гарсан. Эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд хавсарсан нөхөн сэргээх эмчилгээг хийх шаардлага байгаа гэдгийг хэлж байна. Эргэн сануулахад, гурван настай хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны гуравдугаар сарын 08-ны 09:00 цагт хүнд гэмтэлтэй ухаангүй байдалтайгаар хүргэгдэж очсон бөгөөд эмч “зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэл авсан байна” гэж онош тавин яаралтай тусламжийг үзүүлж эхэлсэн байдаг юм.
БСШУЯ-ын сайд Л.Энх-Амгалан боловсролын зээлийн сангаас зээл авсан албан тушаалтан болон тэдгээрийн хүүхдүүдийн нэрсийг зарлалаа
Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил болгосон талаар энэ сарын 22-ны өдөр салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Энэ үеэр гадаадын шилдэг 100 их сургуульд суралцсан 421 оюутны нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгосон гэв. Боловсролын зээлийн сангийн вэб сайтад байрлах санхүүжилт хэсэг рүү нэвтрэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд Т.Амарсайхан тэргүүтэй өнөөгийн төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүдийн талаарх мэдээллүүдийг харж болох юм. Иргэдийн зүгээс эрх мэдэлтэй дарга, өндөр албан тушаалтны хүүхдүүд энэ зээл, тэтгэлэгт хамрагддаг гэж хардах нь бий.
Иймээс иргэд боловсролын зээлийн сангийн веб хуудас руу хүссэн хүн нь нэвтрэн орж дараах мэдээлэлтэй танилцаж болох юм. Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан нэр нөлөө бүхий өндөр дээд албан тушаалтай иргэдийн нэрс дотор дээр хэлсэнчлэн УИХ-ийн дарга Г.Занданшатар, Шадар сайд Т.Амарсайхан нарын хүүхдүүд болон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн охин, гишүүн асан Т.Бадамжунайгийн охин, Сайд асан Н.Тавинбэхийн охин, ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очирын охин болон УИХ-ын гишүүн Г.Дамдинням зэрэг хүмүүсийн нэрс байлаа. Энэхүү гадаадын их дээд, магистр докторын хөтөлбөр, тэтгэлэгээр суралцагчидад 2020 онд 2.5 сая ам.доллар, 2021 онд 3.8 сая ам.доллар, 2022 онд 1.1 сая ам.долларыг дээрх зориулалтаар олгожээ.