2023-03-23Энэ сарын 18-ны өдөр буюу Цэргийн баярын өдрийн өглөө 09:00 цаг орчимд хоёр охин өндрөөс унан нас барсан хэрэг гарсан.
Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Тухайн өдөр гарсан хэргийг бүртгэж аваад Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэрэг юунаас болж үйлдэгдсэн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй. Сошиалаар явж байгаа амиа хорлосон гэх мэдээллүүд нь батлагдаагүй. Өсвөр насны хүүхэдтэй холбоотой хэрэг учраас ээж аавын хүсэлтийг харгалзан мэдээллийг дамжуулна. Тиймээс баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч дамжуулна уу” гэж байв. Хэрэг гарсан газар нь ХУД-ийн нэгдүгээр хороон ... тоот байр ажээ. Ингээд хэрэг гарсан газрыг сурвалжлахаар очлоо.
ХУД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 120 мянгатад очиход ягаан алаг 12 давхар барилга нүдэнд содон туссан нь тэдний унасан гэх байр байлаа. Ингээд нэгдүгээр орцоор ороход чип нь ажиллаагүй байв уу, онгорхой байв. Дотогш ороход үүдний жижүүрийн өрөөний хаалга онгорхой байхаар нь дотогш харвал хүнгүй харагдлаа. Цааш шатаар өгсөн лифт рүү явахад нэг давхрын шатны амраах хэсэг шал угаах хэрэгслүүд, хөөстэй ус, шүүр тосгуур нүдэнд туссан нь байрны үйлчлэгч орцоо цэвэрлэж байгаа нь энэ аж. Лифтэнд суугаад 12 давхарт гарч, аваарын хаалга онгорхой байгаа эсэхийг шалгалаа. 12 давхарт гарахад аваарын хаалга цоожтой, ойр тойронд хүнгүй нам гүм хонгил угтав. Хаалганы цоожийг сайтар шалгаж үзээд буцаад доош буулаа. Нэг давхарт очиход нөгөөх цэвэрлэгээний хэрэгслүүд хэвээрээ байх нь тэр. Ойрхон хүн шал арчиж байгаа чимээ сонсогдож, хоёр давхар руу гарахад дунд эргэм насны нэгэн эмэгтэй цэвэрлэгээ хийж байлаа. Түүнээс хэдэн асуулт асууж болох талаар зөвшөөрөл аваад ярилцлаа.
КАМЕРТ ӨӨР ЯМАР НЭГЭН ХҮН БИЧИГДЭЭГҮЙ, ХОЁУЛХАНАА ГАРСАН БАЙСАН
Байрны үйлчлэгчтэй ярилцав.
-Энэ байрнаас хоёр эмэгтэй хүүхэд унасан талаарх мэдээлэл үнэн үү?
-Үнэн. Тухайн үед нь би эзгүй байсан л даа.
-Эндхийн хүмүүс юу гэж байх юм?
-Би энд хонодоггүй. Цэвэрлэгээ хийх өдрөө ирж цэвэрлэдэг. Тухайн өдөр 11:00 цаг өнгөрөөгөөд иртэл бөөн цагдаа сэргийлэх болчихсон байсан. Тэгээд таньдаг хэдэн оршин суугчаасаа асуутал хоёр хүүхэд дээврээс унаад нас барсан хэрэг гарсан гэдгийг мэдсэн.
-Цагдаагийн байгууллагаас таныг дуудаж ямар нэгэн мэдүүлэг авсан уу?
-Намайг дуудаагүй. Би тэр үед нь эзгүй, хараагүй болохоор дуудаагүй байх.
-Өөр тэр талаар асууж сурсан хүн ирсэн үү?
-Өчигдөр бил үү уржигдар (гуравдугаар сарын 20-ны өдөр) юм байна нэг охиных нь ээж, хоёр ах нь ирээд үсэрсэн болон унасан газарт нь зул өргөөд явсан. Ламд үзүүлж ном уншуулсан гэсэн. Гэхдээ ламаа энд авчраагүй л дээ.
-Та тухайн хүмүүстэй ярилцсан уу?
-Ярьсан ярьсан. Хоёр ах нь уурхайд ажилладаг. 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг юм байна лээ. Хөдөө ажилтай. Тэгээд эзгүй хооронд нь тэр хэрэг гарсан гэсэн. Ээж нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын малчин хүн юм билээ. Уйлаад л их хэцүү харагдсан. Үрээ алдсан эх хүн хэцүү байлгүй яахав дээ. Охин нь энд коллежид сурч байсан юм билээ. Охин хүүхэд харж хандах хүнгүй, ах нар нь ажилтай болохоор тийм хэрэг хийсэн байж магадгүй санагдсан.
-Тухайн үед амралтын өдрийн өглөө байсан болохоор хөл хөдөлгөөн бага байсан байх. Чип нь ажиллахгүй байгаа юм уу. Яаж орсон юм бол?
-Манай байр ерөнхийдөө хөл хөдөлгөөн ихтэй. Амралтын өдөр ч ажилдаа явдаг хүмүүс их байдаг болохоор хүн орж гарч байх хооронд орсон юм шиг байна лээ.
-Дээвэр рүү гардаг хаалга нь онгорхой байсан юм уу. Яаж тийшээ гарчихсан юм бол?
-Цоожтой байсныг эвдээд орсон гэсэн. Камерын бичлэгт эвдсэн цоожоо бариад явж байсан нь бичигдсэн гэж байна лээ.
-Тухайн бичлэгт хоёр охиноос өөр хүн байсан болов уу. Ямар нэгэн зорилгоор өөр хүн тийш нь авч гарсан байх магадлалтай юу?
-Камерт өөр ямар нэгэн хүн бичигдээгүй, хоёулханаа гарсан байсан гэсэн. Өөр хүн байгаагүй.
-Унасан хэсэг нь аль хавьд юм бол?
-Энэ зүүн урд буланд нэг дэлгүүр байгаа. Тэр дэлгүүрийн урд унасан юм билээ. Дэлгүүрийнхнээс асуувал хэдэн зүйл нэмж хэлэх байх гэв.
НЭГ ЭРЭГТЭЙ ОРЖ ИРЭЭД ДЭЭВРЭЭС ХОЁР ХҮҮХЭД УНАЧИХЛАА. ЦАГДАА, ТҮРГЭН ДУУДААД ӨГӨӨЧ ГЭСЭН
Ингээд байрнаас гарав. Гарахад харин хаалга цоожтой чип нь ажиллаж байсан юм. Зүүн урд буланд байрлах найман нэрийн дэлгүүр рүү орлоо. Худалдагч нь 30-аад насны эмэгтэй байв. Түүнтэй ярилцлаа.
-Танайх өглөө хэдэн цагт онгойдог вэ?
-Манайх өглөө 08:00 цагт онгойдог.
-Тэгэхээр 18-ны өглөө гарсан хэргийн үед онгойсон байжээ. Ямар нэгэн зүйл мэдсэн үү?
-Тухайн өдөр би дэлгүүрээ онгойлгоогүй. Манай ээж өглөө ирж онгойлгосон. Өглөө байрны баруун урд завсраар тойрч ирдэг юм. Тухайн үед урд завсраар тойроод ирэхэд ямар нэгэн зүйл болоогүй тайван байсан. Дэлгүүрээ онгойлгочихоод цаг гаруйн дараа энэ байрны оршин суугч нэг эрэгтэй орж ирээд “Дээврээс хоёр хүүхэд уначихлаа. Цагдаа, түргэн дуудаад өгөөч” гэж манай ээжид хэлсэн юм билээ. Тэгээд ээж цагдаа, түргэн дуудсан.
-Цагдаа, түргэн хэр хугацааны дараа ирсэн бол?
-10-аад минутын дараа эхлээд түргэн ирсэн. Дараа нь цагдаа ирсэн. Би 11:00 цагийн үед дэлгүүрт ирэхэд тойруулаад хаалт тавьчихсан баахан цагдаа, эмч болчихсон байхаар нь гайхаад ээжээс асуутал тэгж хэлсэн.
-Та тухайн хоёр хүүхдийн цогцсыг харсан уу?
-Холоос л харсан. Тухайн үед тэр ах бас нэг охин тэр хоёрыг унасныг харсан юм билээ. Тэгээд цагдаа дуудчихсан, та түргэн дуудаач гэсэн юм билээ.
-Тэр цагдаа дуудуулсан хүн энэ байрны оршин суугч юм уу?
-Тийм тийм. Манайхаас байнга худалдан авалт хийдэг. Тухайн үед эхлээд хоёр удаа орж ирж юм аваад гурав дахиа орж ирэхэд нь тийм хэрэг гарсан юм билээ.
-Унасан хоёр хүүхэд энэ байрны оршин суугч мөн үү?
-Биш, ээж үзээгүй хүүхдүүд байна гэсэн.
-Цагдаагийн байгууллага танай ээжээс ямар нэгэн мэдүүлэг авсан болов уу?
-Ээжийг дуудаж мэдүүлэг авсан. Тэгэхдээ хоёр охины зураг харуулсан гэсэн. Манай энэ хавьд урьд нь харж байгаагүй хүүхдүүд байсан гэсэн.
ОРЦНЫ ЧИП НЭГ ХЭСЭГ УНШИХГҮЙ, ЭВДЭРСЭН БАЙСАН
Дэлгүүрээс гараад байрны оршин суугчидтай ярилцахаар байраар орж гарч буй хүмүүсийг тандав. Тус байрны оршин суугчтай цөөн хором ярилцахад “Манай байрны дээврээс хоёр охин унасан хэрэг гарсан. Тухайн өдөр би эхнэртэйгээ 12:00 цагийн үед гарахад цагдаагийн томчууд байрны гадаа ирчихсэн зогсож байсан. Гайхаад юу болсон юм бол гэж бодоод л хажуугаар нь зөрсөн. Нэг хэсэг манай орцны чип уншихгүй эвдэрчихсэн байсан. Тэр үед л болсон хэрэг л дээ. Биднийг гарахад цогцсуудыг аваад явчихсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байсан юм шиг байна лээ. Өөр мэдэх зүйл алга” гэв.
ШАШНЫ НӨЛӨӨНД АВТСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Охины ар гэрийг мэдэж байж болох мэдээлэлтэй хүнийг хайн Сэлэнгэ аймгийн Орхон сум руу холбогдлоо. Орхон сумын иргэн Б ярихдаа “Тухайн охины аавыг С гэдэг. 50 гаруй насны хүн бий. Манай энд нүүж ирээд удаагүй болохоор яг ямархуу хүмүүс байдгийг таньж амжаагүй л байна. Жаахан ядруухан амьдралтай хүмүүс шиг байна лээ.
Охин нь хот руу коллежид сурахаар яваад тийм хэрэг гарчихсан юм билээ. Коллежид орсон л болохоос ерөнхий боловсролын аравдугаар ангийн хүүхэд байсан. Аавтай нь хэрэг болсны дараа таарахад шашны нөлөөнд автсан бололтой гэж байсан. Утас барьдаг эсэхийг нь мэдэхгүй байна” гэлээ.
С.ОТГОНБАЯ
https://dnn.mn/%D1%85%D0%BE%D1%91%D1%80-%D0%BE%D1%85%D0%B8%D0%BD-%D1%83%D0%BD%D0%B0%D1%81%D0%B0%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B9%D1%80%D0%BD%D1%8B-%D2%AF%D0%B9%D0%BB%D1%87%D0%BB%D1%8D%D0%B3%D1%87-%D0%BE%D1%85%D0%B8%D0%B4%D1%8B%D0%BD-%D1%8D%D1%8D%D0%B6-%D0%B0%D1%85-%D0%BD%D0%B0%D1%80-%D0%B8%D1%80%D1%8D%D1%8D%D0%B4-%D1%85%D1%8D%D1%80%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80-%D0%B4%D1%8D%D1%8D%D1%80-%D0%B7%D1%83%D0%BB-%D3%A9%D1%80%D0%B3%D3%A9%D3%A9%D0%B4-%D1%8F%D0%B2%D1%81%D0%B0%D0%BD-dnn-mn/