2022-06-25Bolod.mn сайт долоо хоног бүрийн ням гарагт өнгөрөгч өдрүүдэд улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд болж өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэдэг уламжлалтай. Эдгээр өдрүүдэд барилгын ажил дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдан хоёр хоногийн дотор 3 иргэн алтан амиа алдсан бол нэг иргэн хүнд гэмтжээ. Түүнчлэн 2022 оны ЭЕШ орон даяар эхэллээ. Энэ жилийн хувьд ЭЕШ-тад шалгуулагчид шалгалт өгснөөс хойш 5-10 минутын дотор оноогоо харах боломжтой бүрдсэн төдийгүй шууд засалтын шилэн технологийг ашиглах боломжтой болжээ.
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан авчээ
Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ. Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж байна.
Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Батбаярын өгсөн мэдээллээр “Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 28 машиныг татан төвлөрүүлээд байна. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байгаа” хэмээн мэдээллээ.
Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг үхрийн цээж өвчний эрүүл, үүсгэгчийн халдвараас ангид улс болсныг зарлаж 5 дугаар сарын 25-нд гэрчилгээ олгосныг Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам албан ёсоор хүлээн авлаа.
Үхрийн цээж өвчин нь хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний ангилалд багтдаг бөгөөд үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд ухжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Энэ гэрчилгээг авснаар Монгол Улсыг үхрийн цээж өвчний халдваргүй болохыг олон улсад баталгаажуулж, гадаад улс руу мах экспортлох боломжийг нэмж байгаа аж.
Элсэлтийн Ерөнхий орон даяар эхэллээ шалгалт эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 23-ны өдөр орон даяар эхэллээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдыг хоёрдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 25-ны хооронд бүртгэсэн. Энэ жил улсын хэмжээнд 36253 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн.
Шалгуулагчид шалгалт өгснөөс 5-10 минутын дараа дүн оноогоо харах боломжтой аж. Энэ талаар БҮТ-ийн мэдээлснээр "Шууд засалтын шилэн технологи буюу тест засагч машинаар дамжуулан шалгуулагчдын дүн оноог шууд харуулах юм. Шалгалт дууссаны дараа хүүхдүүдийн хийж, гүйцэтгэсэн материалыг өөрсдийнх нь өмнө тусгай тест засагч машинаар уншуулаад дүн оноогоо харах боломжоор хангаж байгаа бөгөөд шалгалт бүрийн дараа шалгалтын байр болгон дээр дүн нь гарна гэдгийг мэдээлж байлаа.
Мөн түүнчлэн Боловсролын үнэлгээний төвөөс улсын хэмжээнд авагдаж байгаа 49 байрны мэдээллийг тухайн өдөрт нь татаж аваад, хэмжээст оноо руу шилжүүлсэн нэгдсэн дүнг БҮТ-ийн өөрийн сайтдаа байршуулна гэдгийг дурдаж байна.
Япон улсад автомашины ослоор Монгол улсын иргэн нас баржээ
Өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 17-ны шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртсэн. Тус мужийн цагдаагийн газрын мэдээлснээр нас барсан эрэгтэй нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд ослын дараа яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь амиа алдсан хэмээн Японы хэвлэлүүдээр мэдээлжээ.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг Токио дахь ЭСЯ-нд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай эрэгтэй байсан гэдгийг мэдээлж байлаа. ГХЯ-ны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлээд ажиллаж байна" хэмээлээ.
Хүчтэй салхины улмаас 32 тонны даацтай кран унажээ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Улаанбаатар Импекс” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тонны даацтай кран энэ сарын 18-ны өдөр салхинд туугдан унажээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл тогтоогдсон. Ослын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учраагүй байна.
Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хүннү 2222 хорооллын баруун талд барилгын кран унаж, хоёр хүн амиа алдлаа
Хүннү хорооллын баруун талд кран унаж хоёр иргэн газар дээрээ нас барсан хэрэг өнгөрсөн лхагва гараг буюу 22-ны өдөр гарлаа. Тухайн өдрийн 12 цаг 50 минутын үед кранд хүн дарууллаа гэсэн дуудлага яаралтай тусламжийн 103 утсанд ирсэн байна. Нас барсан иргэд 20, 36 настай барилгын туслах ажилчид байжээ.
Орон сууцны барилгын ажлын кран унасантай холбогдуулан МХЕГ-аас мэдээлэл хийсэн. Тэдний мэдээллэсэнээр Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү 2222 гэх осол гарсан хороололд энэ оны 6-р сарын 7-нд МХЕГ-аас шалгалт хийсэн аж. Шалгалтын хүрээнд 18 хуудас зөвлөмж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж шаардлага хүргүүлжээ.
Мөн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах зэрэг заалтуудыг шаардлагад тусган өгчээ. Осол гарсан барилгын компанийн гүйцэтгэгчээр “Сутайн орхонууд” ХХК гэдэг компани ажилласан байсан бөгөөд барилгын талбайд Хятад улсад үйлдвэрлэгдсэн кранаар ажил явуулж байжээ. Осол гаргасан авто кран нь 50 тоннын даацтай байсан. Тухайн хашаанд мөн өөр авто кран ажиллаж байсан ч аюулгүй байдлыг хангаагүй. Тухайн барилгын талбайд хоёр хүн нас барснаас гадна нэг хүн мөн өндрөөс унаж хүнд гэмтсэн гэдгийг МХЕГ-аас мэдээллээ.
Шалгалтын урьдчилсан дүгнэлтээр авто краныг ашиглахдаа зориулалт, аюулгүй байдал, стандартыг мөрдөөгүй, зам талбайг бэлдээгүй байхад осол гарсан байна. Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан тохиолдолд 4000 нэгжээр торгодог. Харин амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан тохиолдолд тухайн барилгын компанийн ажлыг зогсоодог. Он гарснаас хойш гурван барилгын компанийн үйл ажиллагааг зогсоогоод байна.
Барилгын өргүүр унаж 1 хүн гэмтэж, 1 хүн газар дээрээ амиа алджээ
Цагдаагийн байгууллагад “Хан-Уул дүүргийн 17-р хороон дахь "Маршал таун" хотхон дотор барилгын өргүүр унаж, хоёр хүн унаж, нэг нь нас барсан гэх” дуудлага зургаадугаар сарын 23-ны 16:00 цагийн орчимд иржээ.
Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, “Луу хүрд” ХХК-ийн шинээр барьж буй орон сууцны барилгын зургаадугаар давхрын гадна шилэн фасад хийж байсан ажилтан болох 37, 35 настай хоёр эрэгтэй унаж нэг нь газар дээрээ амиа алдсан бол нөгөө иргэнийг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгджээ.
Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
“Хүүгээ алга болсон” хэмээн худал мэдээлэл тараасан ээжийг 50 мянган төгрөгөөр торгожээ
Өчигдөр цахим орчинд "Хүүхэд алга боллоо" гэж худал дуудлага өгсөн эмэгтэйг торгожээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс "Хүүхэд алга боллоо" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.