2022-06-18BOLOD.MN сайт долоо хоног бүрийн ням гарагт өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэдэг уламжллалтай. Эдгээр өдрүүдэд Хөгжлийн банктай чанаргүй зээлдэгчдийн нэг болох Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал муу байгаа хэмээн хилээр гарахыг хориглон, батлан даалтад гаргасан байна. Түүнчлэн Монгол Улс гадаадад өгөх өрийн хэмжээ 1.5 ам.доллараар нэмэгдсэн ба “романс” залилангийн хохирогчид 77 мянган долларыг гадаадын улс руу гуйвуулан хохирчээ. Эдгээр болон бусад онцлох мэдээллийг BOLOD.MN сайт тоймлон хүргэж байна.
Төрийн ордны цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгох УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан.
Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдаж, Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм. Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байна хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Д.Эрдэнэбилэгийг хилээр гарахыг хориглож, батлан даалтад гаргалаа
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа билээ. Эдгээрийн дунд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг багтсан бөгөөд түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цагдан хорьсон. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу зургаадугаар сарын 9-ний өдөр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.
Харин дээрх захирамжид өмгөөлөгч нар гомдол гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч хянаад зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Д.Эрдэнэбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болгож, түүнийг сулласан байна.
Сануулахад, Д.Эрдэнэбилэгийг саатуулснаас нэг өдрийн дараа Худалдаа хөгжлийн банкны зүгээс Хөгжлийн банкнаас авсан зээл болох 192.6 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа мэдэгдсэн байдаг.
Улсын нийт өр 1.5 тэрбум төгрөгөөр өсжээ
Монгол Улсын нийт гадаад өр оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсжээ. Тодруулбал, нийт гадаад өр 2022 оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (4.6%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 87.8 (0.3%) сая ам.доллароор өссөн байна.
Нийт гадаад өрийн 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарынх, 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрынх, 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг Төв банкных, 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Нийгмийн даатгалын буцаалтыг энэ сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ
Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох журмыг Засгийн газраас баталсан.\ Энэ журмын дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэлээ төлсөн даатгуулагч өөрийн хариуцан төлсөн 2022 оны 5-12 дугаар сарын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авна.
Даатгуулагчийн тавдугаар сарын шимтгэлийн буцаан олголтыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн дансанд нь шилжүүлнэ.
Б.Баасанцогт нарт холбогдох шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо
Б.Баасанцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3, 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 4 яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт товлогдож, эхэлсэн ба хэлэлцүүлэгт
зарим өмгөөлөгчдөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11 дэх заалтад заасан үндэслэлээр даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ба шүүгчийн татгалзлыг хуульд зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
Романс залилангийн хохирогч гадны иргэн рүү 77 мянган доллар шилжүүлжээ
Фэйсбүүкээр найзын хүсэлт явуулсан элдэв гадны иргэнтэй харилцаа тогтоож, түүндээ дурлаж, суух дээрээ тулсан монгол эмэгтэйчүүдийн гомдлууд цагдаагийн байгууллагад ирэх нь ихэсчээ.
Зөвхөн гурван эмэгтэйн нэр, хаяг нь, бүр аль улсын иргэн гэдэг нь тодорхойгүй цахим хайр дурлалын улмаас гадагшаа мөнгө шилжүүлж, хохирсон хохирлын хэмжээ 147,800 доллар, монгол мөнгөөр 443 сая 400 мянган төгрөг болсон байна.
Хуулийнхны хэллэгээр “РОМАНС” залилан гэж нэрлэгдээд байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүд бүгд гаднын залилагч нарын хохирогч болсон нь тогтоогдсон бөгөөд гадагшаа шилжүүлсэн олон улсын гүйлгээ бүхий мөнгө нь эргэж олдохгүй замхардаг болохыг хуулийнхан мэдээлж байв.
Жишээлбэл, Монгол Улсын иргэн АНУ-ын иргэн гэж өөрийгөө итгүүлэн Aliso Camelove гэх хаяг бүхий фэйсбүүк хэрэглэгчтэй танилцан холбоо тогтоосноор олон улсын мөнгөн гуйвуулгаар Голомт банкаар дамжуулан 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарсан байна.