2022-05-21Bolod.mn сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг. Эдгээр өдрүүдэд Улсын Дээд шүүхийн гадаа иргэдийн суулт болж байгаа бөгөөд тэдгээр иргэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын дарга болгохыг шаардаад буй. Мөн түүнчлэн ЕБС-ын сурагчдын унаж буй Суррон цахилгаан дугуйг насанд хүрсэн буюу ангиллын үнэмлэх шаардан унадаг болголоо. Эдгээр болон долоо хоногийн бусад онцлох мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Засгийн газраас элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөллөө
Засгийн газрын хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг үнийн өсөлтөөс хамгаалахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг 2022 оны 4-р сард баталсан. Уг хуулийн хүрээнд дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.
Ингэснээр жижиглэн худалдаалж буй элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулжээ.
Х.Баттулгын асуудлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар бүртгэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хүргүүлсэн. Улмаар дээд шүүх энэ сарын 20-ны өдөр буюу өчигдөр хэлэлцсэн.
Гэвч хурлын товоос өмнөхөн Ардчилсан нам хүсэлтээ буцаан татаж, "Дээд шүүх АН-ын даргын бүртгэлийг шүүн таслах ажиллагаа гэж үзсэн тул материалаа татаж байна" гэж тайлбарласан. Харин Улсын дээд шүүхээс “Хуулийн шаардлагад нийцсэн бүрдүүлбэр хангаагүй” гэсэн үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж, УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор буцаах шийдвэр гаргасан байна.
Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахын үүрэг болгов
Засгийн газрын 5-р сарын 18-ний өдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж байгаа гэв.
Мэдээллийн дараа Засгийн газрын хуралдаанаар циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.
Түүнчлэн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.
Харин “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
НӨАТ-ын сугалааг үргэлжлүүлэхээр болжээ
Татвар төлөгчдийн бүртгэлжүүлж, далд эдийн засагт эргэлдэх мөнгийг бууруулах, татварын тэгш тогтолцоог сайжруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг 2015 онд шинэчлэн баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар иргэдэд зориулсан НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, сугалааны тохирол гэсэн урамшууллыг бий болгосон юм. Гэвч энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Сангийн сайд Б. Жавхлан НӨАТ-ын сугалааг дөрөвдүгээр сараас эхлэн болиулна гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Татварын Ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, аргазүйн дарга Р. Мягмаржав НӨАТ-ын сугалааны урамшууллыг ирэх оноос шинэчилсэн байдлаар дахин эхлүүлэхээр төлөвлөж буйг мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр цаашид ямар хэлбэрээр, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ зэргийг судлахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа гэв.
НӨАТ-ын сугалаа явуулж эхлээд долоон жилийн хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын сугалаа шударга бус явагддаг гэх хардлага олон гарч, IT инженерүүд давуу байдлаа ашиглан олон удаа азтан болсон тохиолдол илэрч байв.
2021 оны байдлаар НӨАТ-ийн систем нь 1,2 сая хэрэглэгчтэйгээс 708,000 нь идэвхитэй хэрэглэгч, 40 орчим сугалааны тохирол явагдсанаас 408,000 нь азтан болжээ.
Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн автомашиныг тээвэрлэлтэд оролцуулж эхэллээ
Энэ оны тавдугаар сарын 16-наас эхлэн Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн 40 автомашиныг улс хоорондын тээвэрлэлтэд оролцуулж эхэлсэн байна.
Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад, " иргэд, тээвэр эрхлэгчдийн хүсэлтийг үндэслэн Тээвэр эрхлэгчдийн зөвлөлөөс гаргасан дарааллын дагуу өдөрт 40 автомашиныг сумын Онцгой комисс, Хилийн цэргийн 0108 дугаар анги, Замын-Үүд дэх Гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын зохион байгуулалтаар тээвэр эрхлэлтэд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан хөдөлгөөнд оролцуулж байна" гэдгийг хэлэв.
Цахилгаан мотоцикл унахад үнэмлэх шаарддаг боллоо
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд цахилгаан мотоцикл унаж хэрэглэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татах болсон. Тээврийн Цагдаагийн Албанаас “Surron” –ыг техникийн хурд, хөдөлгүүрийн хүчин чадал, техникийн ерөнхий шаардлагаас хамааруулан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, энэ чиглэлээр эцэг эх, хүүхэд залуучууд, худалдан борлуулагч нар руу чиглэсэн анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх арга хэмжээнүүдийг авч ажиллахаа илэрхийлж, цаашид мөрдөх журмуудаа танилцууллаа.
Дээрх хууль тогтоомжид зааснаар мопедийн техникийн үзүүлэлтээс их үзүүлэлт бүхий суррон цахилгаан дугуйг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар торгох арга хэмжээ авах зүйл заалт нэмэгдэж байгаа юм байна.
Тусгаар тогтнолын ордны арын талбайд 51 настай иргэн гадны нөлөөгүй нас баржээ
Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэгэн иргэний цогцос олдсон талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 19-ны 09:00 цагийн үед Цагдаагийн байгууллагад иржээ.
Уг хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тодруулахад Тусгаар тогтнолын ордны хойд талын авто замын зогсоолын хэсгээс 51 настай эрэгтэйн цогцос олдсон. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд нас барсан иргэн нь эрүүл мэндийн шалтгаанаар гаднын нөлөөгүй нас барсан болохыг тогтоосон" гэлээ.