2021-12-30Ооны эвэр шиг ихэрлэж, хамтдаа тоглож, ганц чихэр ч олдсон эгчтэйгээ, дүүтэйгээ хувааж иднэ гэдэг хоёр охины
нэг нь тэнгэрийн оронд одоод долоон жил өнгөрчээ. Цасан шуурганаас дүүгээ аврахын тулд хамаг хувцсаа тайлж өгөөд, үүр цайтал дүүтэйгээ хамт байж, эцэст нь амиа алдсан долоон настай С.Золжаргал охины баатарлаг үйлийг нэхэн шагнаж, ОБЕГ-аас “Онцгой үйлстэн” медаль олгов. Харин эгчийнхээ ач, хайраар амьд олдсон дүүд нь иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр, гурван сая төгрөгийг өчигдөр гардууллаа. Бид С.Хонгорзул охинтой ярилцлаа.
-Дулаахан гэртээ боллоо. Баяр хүргэе. Тайзан дээр зогсоод эгчийнхээ тухай сонсох ямар байсан бэ?
-Баярлалаа, маш их сандарлаа. Өмнө нь тайзан дээр гарч, олон хүн зэрэг харж байгаагүй болохоор бас их айсан. Миний ард талд нэг хүн эгчийн минь тухай яриад, түүнийг намайг аварсан, болсон үйл явдлыг уншаад байсан. Эргэж харах гэхээр айгаад, бас намайг эргээд харвал уншихаа больчих болов уу гэсэндээ байрнаасаа хөдлөөгүй. Эгчийнхээ тухай бодож, түүнээр маш их бахархлаа. Эгчийн надад үлдээсэн бүдэг бадагхан гүйж байгаа, надтай тоглож байгаа нь нүдэнд харагдаад байсан.
Надад гэр бэлэглэж, эгчийг минь медиалаар шагнасанд баяртай байна. Эгчийнхээ медалийг байнга зүүж, хадгалж явах болно. Би Цагаанхайрхан сумандаа аав, ах, авга эгчтэйгээ амьдардаг. Аав, ах хоёр минь эгч, би, ээжтэй хамт амьдардаг байсан хөдөө гэртээ мал маллаж байгаа. Эгчийг нас барж, намайг осгож, бэртэснээс хойш манай гэрийнхэн Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. Хотод хэсэг хугацаанд амьдарч, өнгөрсөн аравдугаар сард аав, ах бид гурав сумандаа нүүж очсон. Хотоос гэрээ авч яваагүй учраас бид гурав тал талд айлд байсан юм. Харин одоо аав, ах хоёр минь гэртээ болж, би сургуулийнхаа амралтаар өөрийнхөө гэрт очдог болох нь. Баяртай байгаа илэрхийлж, надад тусласан ОБЕГ-ын ах, эгч нартаа баярлалаа. Надад гэр гардуулах үеэр хувцас, ээмэг, бөгж, гутал, баярын бичиг, дугтуйдаа мөнгө явуулсан хүмүүст маш их баярлалаа.
-Чи тухайн үеийн ослын талаар санадаг уу?
-Тийм ч сайн санадаггүй. Ямар ч гэсэн аав, ээж хоёр ахыг аваад айл руу цагаан сарын бууз хийхээр явсан. Эгч бид хоёр цас орж, салхинд гэр хөдлөөд байхаар нь оройхон гэрээсээ гараад явсан. Замдаа унаад, уйлаад, айлаасаа төөрсөн. “Айл энд байгаа” гээд л бид хоёр яваад байсан санагддаг. Сүүлдээ явж байсан газартаа суугаад жаахан амрахаар болсон. Жаахан амрахаар суусан газартаа бид хоёр хоносон. Ямар ч гэсэн хээр хонож байгаагаа санаад байдаг. Бас эгч зөндөө уйлаад байсан юм шиг бодогдоод байдаг. Тэрнээс хойш юу ч санадаггүй. Нэг мэдсэн чинь эмнэлэгт ирчихсэн байсан. Аав, авга эгч хэлэхдээ миний төлөө бүх хувцсаа тайлаад, намайг аварсан гэсэн. Ороолт, малгай, дээрээ давхарлаж өмсгөсөн байсан гэсэн. Өөрөө маш их даарсан байхдаа.
-Чи эгчийнхээ тухай яриад өгөөч?
-Нэг чихэр олсон ч “Хонгороодоо өгнө” гээд хадгалдаг байсан талаар нь аав надад хэлсэн. Надад тийм л их хайртай байсан юм билээ. Би ч бас эгчдээ учиргүй хайртай, сургуульдаа явахаар нь дагаж уйлдаг байсан гэсэн. Аав хэлэхдээ “Яг чам шиг сэргэлэн, цовоо маш ухаантай охин байсан” гэж хэлсэн. Эгч минь үнэхээр мундаг охин байсан.
-Яг одоо юу бодогдож байна вэ?
-Эгчтэйгээ байсан бол үнэхээр гоё байх байлаа. Ядаж л хүүхдүүд намайг шоолохгүй, дээрэлхэхгүй байсан байх. Заримдаа хүүхдүүд “Чиний эгч чинь үхчихсэн, чи эгчгүй биз дээ” гэх мэтээр шоглож, тоглоом хийгээд байдаг. Энэ үед миний сэтгэл маш их өвдөж, хэнтэй ч юм дугармааргүй санагдаад гэртээ очоод хэвтээд өгдөг юм. Найзуудыгаа эгчийн минь тухай муухай зүйл ярихаар гунигтай болдог. Хэдийгээр би эгчтэйгээ хамт байхгүй байгаа ч үргэлж хамт л байгаа юм шиг санагддаг.
-Сумандаа амьдрах ямар байна вэ. Эргэж хот руу ирэх үү?
-Хотод тусгай сургуульд явдаг байсан. Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд явдаг учраас “Хүүхдүүдийнхээ түвшинд тааруулж заана” гээд олигтой хичээл ордоггүй. Миний гар л байхгүй болохоос хичээлээ ойлгох, өөр зүйл сурахад асуудалгүй. Сумандаа нүүж очоод сургуульд явахад би маш хоцрогдолтой, 35 үсгээ ч бүрэн мэдэхгүй, бичиж чадахгүй байсан. Авга эгч багш учраас надад үсэг, бичихийг сайн зааж, долдугаар ангид оруулсан. Багш минь намайг сайн мэдэж, ойлгож байгаа учраас сумандаа амьдрахад гоё байна. Тэндээсээ хаашаа ч явахгүй. Аавыгаа ч хот руу явуулахгүй гэж боддог. Учир нь, аав минь хотод ирээд надаас бүр мөсөн холдод алга болчих вий гэж айдаг.
-Чи хэн нэгэнд гомдож байна уу?
-Үгүй дээ. Бүгд л шаардлага байсан учраас намайг жаахан гомдоож, магад орхиод явсан байх. Харин олон хүнд баярлаж байна. Намайг аварсан эгчдээ бүүр ч их баярлаж, хайрлаж байна. Охиноо юугаар ч дутаахгүй, эмчлэх гэж байдаг бүх чадлаараа намайг үүрээд алхдаг байсан аавдаа хайртай. Хичээл, номтой хүн болгох гэж хичээж, өөрийнхөө хажууд байлгаж байгаа авга эгчдээ баярлаж байна. Энэ хүмүүсийнхээ ачийг хариулна даа.
-Чи яагаад сувилагч болохоор шийдсэн юм бэ?
-Олон жил эмнэлгээр явж, тариа хийлгэж, боолтоо солиулсан. Энэ үед эмч бие үзэж, надад эмчилгээ бичиж өгдөг байсан ч сувилагч бүгдийг нь хийдэг байлаа. Эмчийн бичиж өгсөн тариаг цагаар нь тарих, эм уулгах, боолтыг минь солих ажлыг сувилагч хийдэг байсан. Мөн байнга намайг “Ямар хөөрхөн юм бэ. Удахгүй эдгэрэх нь, охины чинь царай гоё олж байна” аав, бид хоёрыг сэтгэлээр дэмжиж, итгэл хайрладаг байсан. Тийм учраас л олон хүнд тусалж, боолтыг нь ч болтугай солиод өгөх юм сан гэж бодоод сувилагч болохоор болсон. Над шиг тусламж хэрэгтэй, гар, хөлийнхөө боолтыг солиулах олон хүн байгаа шүү дээ.
-Одоо чиний биеийн байдал ямар байгаа вэ. Өвддөг үү?
-Бие маань өвдөхгүй байгаа. Заримдаа тэнгэр муухайрхаар л гар өвдөөд байдаг юм. Бас даарахаар гар, хөлнөөс шүүс гараад байдаг нь хэцүү. Гэдэс хэсгээс арьс авч, хөл, гарын минь арьсыг нөхсөн. Би хөлний дөрөв, гарынхаа таван хурууг тайруулсан. Нэг хөлний хуруу байхгүй болохоор амархан бүдэрч унаад байдаг. Жаахан юм тээглэхээр л унаад өгдөг. Тийм болохоор барагтай л гүйж чаддаггүй юм.
-18 нас хүрэхээр хуруу залгуулах хагалгаанд орох уу?
-БНСУ-ын эмч нар хуруу залгуулах боломжтой гэж хэлсэн. Авга эгч, ах, аав минь надад мөнгө хадгалж, хагалгаанд оруулна гэсэн. ОБЕГ-ынханы хандиваар өгсөн мөнгө болон надад улсаас олгодог мөнгийг хугацаатай хадгаламжийн дансанд хадгалж байгаа. Авга эгч тэр мөнгөнөөс нэг ч төгрөг авч болохгүй гэсэн. Эмчилгээ хийлгэх мөнгө юм билээ. Өнөөдөр (өчигдөр) надад ГБХЗХГ-ын ах, эгч нараас дугтуйтай мөнгө явуулсан байна лээ. Би тэр мөнгөөр ойр зуурын ганц, хоёр хувцас аваад, энд байдаг хамаатныхаа хүүхдүүд бэлэг авч өгнө гэж төлөвлөж байна. Тэгээд гэртээ шинэ хулдаас авна. Аав, ах хоёр минь одоогийн байгаа гэр нь хулдаасгүй юм билээ. Үлдсэн мөнгөө дансандаа хийгээд, эмчилгээндээ зориулна.
-Чи ямар үед аз жаргалтай байдаг вэ?
-Гэр бүлээрээ байхдаа л аз жаргалтай байдаг даа.
-Эгчдээ зориулж дууны үг бичсэн юм билээ. Дууны шүлгээ хүмүүст уншиж өгөхөд ямар санагдсан бэ?
-Тийм ээ, би нэг өдөр сууж байгаад дууны шүлэг бичээд авга эгчдээ үзүүлсэн. Эгч маань намайг урамшуулж, магтаж, хамт засаж сайжруулсан. Манай сумын дуу хөгжмийн багш тэр шүлэгт минь ая хийгээд, би дуугаа өөрөө дуулна.
Бяцхан бор зүрхэндээ
Дэндүү их хайрласаныг нь
Булбарай бага насандаа
Даанч ойлгоогүй явжээ
Өнгө алаг энэ орчлонд
Амьдрал бэлэглэсэн таныгаа
Өсөж торнихынхоо хэрээр
Ай даа, мөн ч их санах юм даа
Гэгээхэн хайрын чинь илчээр
Гэрэлтэж амьдарна аа, амлая дүү нь
Тоостой энэхэн орчлонд
Тантайгаа л хамт туулсан бол
Тоодгорхон бяцхан дүү чинь
Дэндүү жаргалтай байх сан даа
Аав, ээжийнхээ хайранд ижилсэж хоёулаа өссөн бол
Эрвэгэр жаахан дүү чинь
Энгүй жаргалтай байх сан даа
Өрөвч бяцхан зүрхний чинь гэрлээр
Өөдрөг амьдарна аа, амлая дүү нь...
https://ergelt.mn/news/135/single/16636