-Таныг амаржаад удаагүй ажилдаа орссон гэж сонслоо. Дахин хөөрхөн сахиусан тэнгэр тэвэрсэнд тань баяр хүргэе?
 
-Эмэгтэй хүн болж төрсний хамгийн сайхан мөч энгэртээ үрээ тэврэх л байдаг. Энэ гайхамшгийг 15 жилийн дараа дахин мэдэрлээ. Ээж, эмэгтэй хүн гэдгээ улам ухаарсан. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Хүүхэд гэдэг гэр бүлийн үнэ цэнэ, амьдралын утга учир юм даа.
 
-Зарим ээж хүүхдээ хоёр жил гэртээ асардаг. Таны хувьд ийм хурдан уран бүтээлдээ орох амаргүй байсан байх?
 
-Энэ шийдвэрийг гаргахад мэргэжлийн онцлог маань нөлөөлсөн. Учир нь миний мэргэжил бүжигчин. Бидний ид үе нь их хурдан өнгөрдөг л дөө. Тиймээс залуу байхдаа уран бүтээлээ хийе гэж зориглосон. Мөн хамт олноо үнэхээр их санаж байсан учир ажилдаа орохоор шийдлээ.
 
сонин mn
 
-Та өсвөр насанд хүрч яваа охинтой. Хэр цаг зав гаргаж байна?
 
-Том охиндоо үргэлж цаг гаргахыг хичээдэг. Аль болох ээж гэсэн хана босголгүй, найз шиг нь дотно байж, ярилцахыг илүүд үздэг. Охин минь их ухаантай. Бүх зүйлээ ээждээ илэн далангүй ярьж, зөвлөдөг шүү.
 
-Эх хүний хувьд хүүхдээ өсгөхдөө юуг илүү анхаардаг вэ?
 
-Ээж бүхэн өөр өөрийн хүүхэд өсгөх арга барилтай байх. Миний хувьд хэлсэн үгэндээ хүрдэг, хариуцлагатай байхыг л хүүхдээсээ хүсдэг. Аль болох нээлттэй ярилцаж, хамгийн сайн сонсогч нь байх гээд л хичээж явна.
 
сонин mn
 
-Нялх биетэй гэхэд та тайзан дээр үнэхээр сайхан харагдаж байсан. Буцаад яаж хэвийн жиндээ очсон бэ?
 
-Төрсний дараа нэлээд жин нэмлээ. Ялангуяа үргэлж хөдөлгөөнтэй байсан хүн гэртээ суухаар амархан таргалсан.
 
 
 
Тиймээс гэрийн нөхцөлд дасгал, сургуулилтаа тогтмол хийж, 108 мөргөсөн. Оройдоо хоолны дэглэм барьсаар хэвийн жиндээ хүрсэн. Охидууддаа хандаж хэлэхэд гоё сайхан, эрүүл больё гэвэл дасгал хөдөлгөөнийг л өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлээрэй.
 
 
 
-Та хоёр жил гаруй тайзнаа гараагүй. Эргээд үзэгчидтэйгээ уулзахад хэр догдлолтой байв?
 
-Цар тахлын улмаас уран бүтээлчид маань тайзнаа гаргаагүй их удлаа. Гэхдээ гэрийн нөхцөлд бүгд л бэлтгэлээ хийж байсан. Саяны тоглолтоос харахад үзэгчид маань ч урлаг, соёлоороо цангасан байна.
 
 
 
Уран бүтээлч, бүжигчин бидний хувьд тайзан дээрээ л жаргадаг улс.
 
 
 
“Монголын их хатад” бүжгэн жүжгээ тоглоход үнэхээр сайхан байлаа. Үзэгчдийн нижгэнэсэн алга ташилтаас дараа, дараагийн уран бүтээлдээ орох урам зориг, эрч хүчийг авсан.
 
-Таны хувьд Сорхугтан бэхи хатанд бүжиглэдэг. Энэ хатны түүхээр юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?
 
-“Монголын их хатад” бүжгэн жүжиг манай театрын өвөл цагийн нээлт төдийгүй Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд тоглогдсон. Сорхугтан бэхи бол Чингис хааны бага хүү Тулуйн хатан. Их хааны хайртай дархан бэр нь. Түүхэнд энэ хатныг их эрдэм мэдлэг төгс хүн байсан гэж үздэг юм билээ. Тиймээс энэ чанарыг нь л бүжгээрээ илэрхийлэхийг хүссэн.
 
 
сонин mn
 
-Театрын бүжигчдийн хувьд энэ удаад өмнөхөөсөө өөр өөр хатныг бүтээлээ. Таны хувьд дахин өөр хатанд хүч сорих бодол бий юу?
 
-Бүжиг дэглээч маань дараагийн тоглолтод намайг Мандухай сэцэн хатныг бүтээх даалгавар өгсөн. Бүжигчин хүн нэг хэвэнд баригддагүй, олон дүрийг гаргаж чаддаг хөдөлмөрч байх ёстой. Тиймээс өгсөн үүргийнх нь дагуу улам хичээх болно.
 
-Театрын ажлаас гадна дэлгэцийн уран бүтээлд орсон уу?
 
-Одоогоор өөрийнхөө хувийн уран бүтээлд цаг зориулахыг хичээж байна. Мөн “SBN” телевизийн “Happy 31” баярын хөтөлбөрийг хөтөлж, бичлэгийн ажилтай байгаа.
 
-Таны хувьд дэлгэцийн бүтээлд орохдоо уран бүтээлийн багт ямар болзол тавьдаг вэ?
 
-Би төрийн байгууллагын ажилтан учраас хамгийн эхэнд цаг заваа хардаг. Гол нь миний ажлыг ойлгоод уран бүтээлийн санал тавьсан бол цааргалдаггүй.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин