2021-09-13
- Макс Жонсоны 19 сая ам.долларын маргаантай хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуулийн зөвлөхийн компани өмгөөлж буй нь ямар учиртай вэ?
Английн Ерөнхий Сайдын дүү Макс Жонсон Монголд ирж, хөрөнгө оруулсан 19 сая ам.долларын асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах уу гэх мэдээллийг зорилготойгоор хэвлэл мэдээллээр явуулаад эхэлжээ. Манай улсад гадны хөрөнгө оруулагчид Монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах тохиолдолд ихэвчлэн олон улсын гэрээ хэлцлийн дагуу хамтын ажиллагааны гэрээгээ үзэглэдэг.
19 сая ам.долларын маргаантай гэгдээд буй Английн “GRF" компани ч мөн ялгаагүй Монголын “Засаг чандмань майнз” ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулахдаа дэлхийн шилдэг хуулийн фирмийг ажиллуулж, аливаа үүссэн асуудлыг Английн шүүх буюу Арбитраар шийдвэрлүүлэхээр тусган, олон улсын гэрээ байгуулсан гэрээ хэлцлийн дагуу Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх асуудал байтал Монголын хууль хяналтын байгууллагад хандаад яваад байгаагийн цаана хууль бус олон асуудал, заль мэх нуугдаж байна.
Английн Ерөнхий сайдын төрсөн дүү гэгдсэн Макс Жонсон Монголд саяхан ирсэн гэх мэдээлэлтэй давхцан түүнийг Монголын Ерөнхий сайдтай уулзах уу, 19 сая ам.долларыг Монгол Улсаас нэхэх үү гэсэн агуулгатай зорилтот мэдээллийг явуулах болсон нь хоёр компанийн хооронд үүссэн хувийн шинжтэй асуудлыг зориуд улстөржүүлж, хүчээр Монголын Засгийн газрыг оролцуулан шийдвэрлүүлэх гэсэн далд сонирхол харагдаж байгаа юм.
Олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтээн босгосон “Чандмань” нэртэй уул уурхайн төслийг хувийн ашиг сонирхлоор дээрэмдэн булаах гэсэн Дорноговь аймгийг удирдан залдаг гэж нэрлэгддэг Монголын нэгэн улстөрчийн ов мэх, арга заль энэ бүхний ард явж байгаа бололтой.
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Чандмань” уул уурхайн төслийг анх “Засаг чандмань майнз” ХХК эхлүүлж, дэлхийн шилдэг компани болох “Noble resources” компаниас 15 сая ам.долларыг зээл хэлбэрээр 2011-2013 онд оруулсан байдаг. Үүний дараагаар “GRF” хөрөнгө оруулалтын сангаас 19 сая ам.долларыг зээл хэлбэрээр 2016-2017 онд төсөлдөө оруулжээ.
“Чандмань” уул уурхайн төсөл 2009 оноос эхэлж, гадаад, дотоод өөрсдийн хөрөнгө оруулалтаар уул уурхайн нарийвчилсан хагуул явуулснаар ордын нөөцийг Жорж стандартаар тогтоосон байна. Тус компани хөрөнгө оруулалтаа хуулийн дагуу зөв зохистойгоор татаж, арав гаруй жилийн хөдөлмөрөөрөө баяжуулах томоохон үйлдвэр барьж байгуулжээ.
Жилдээ 1.2 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай зэсийн баяжмал, төмрийн баяжмалын үйлдвэр, алт, мөнгө олборлох хүчин чадалтай бүхий уг үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрээс ч илүү ашгийг манай улсын эдийн засагт өгөх байв.
Баяжуулах үйлдвэр ашиглалтад орох дөхөж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд гаргахын яг өмнө энэ төслийг булаах гэсэн санаархлаар дээр дурдсан нэгэн улстөрч ил, далд оролцож эхэлснээс энэ бүх маргаан, асуудал үүссэн байдаг.
"Чандмань” төслийг Дорноговь аймгийн орон нутгийн удирдлагуудын зүгээс учир шалтгаангүйгээр нэг л өдөр үйл ажиллагааг нь явуулахгүй зогсоожээ. Хэдэн жилийн хугацаанд төслийг зориудаар өөрийн гар хөл болсон хүмүүсээр гацаалгаж, улмаар хөрөнгө оруулагчдын итгэл алдрахыг нь хүлээж суусан өнөө улстөрч өдгөө зээл олгосон хөрөнгө оруулагчдын нэг болох “GRF-тай нийлж, "Засаг чандмань майнз” ХХК-ийн удирдлагуудыг хуулийн хонгилоор оруулж, энэ төслөөс зайлуулан холтгох оролдлогыг хийх болжээ.
Макс Жонсон 2019 онд Монголд нууцаар ирж нэгэн улстөрчтэй уулзаад явжээ
Хөрөнгө оруулалтаа нэхэхээр Монголд саяхан ирсэн гэх “GRF” компанийн төлөөлөл Макс Жонсон нь 2019 оны зун Монголд өмнө нь ирсэн байдаг. “Жэймс Лимитед” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Саймон Мюррэ, “GRF” компанийн Макс Жонсон нар нь Монголд ирэхдээ хөрөнгө оруулсан бүтээн байгуулалт дээрээ очоогүй. Гэсэн хэрнээ нууцлагдмал нэгэн уулзалтыг хийсэн байна. Энэ сүрхий нууц уулзалтын Монгол талын оролцогч нь өнөөх л дээр дурдагдаад байгаа улстөрч байж таараад байгаа юм. Тиймээс зээлийн хөрөнгө оруулагч тал өнөөх улстөрчийн шахаас, ятгалга, урхинд орсон байх магадлалтай юм. Тэдний Сүхбаатарын талбайд хамтдаа зургаа авахуулсан нь гадны хэвлэл дээр гарчээ.
Энэхүү нууцлагдмал уулзалтын дараа буюу намар нь “Засаг чандмань майнз” ХХК-ийн удирдлагуудад хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ингэхдээ хонгилын схем зурж, бусдыг хилсээр хэлмэгдүүлдэг гэдгээрээ олон нийтэд танигдсан Нийслэлийн прокурорын дарга асан Ш.Нямдорж энэ хэргийн ард байсан нь анхаарал татдаг. Нийслэлийн прокурорын дарга асан Ш.Нямдорж нь хэний хүн гэгддэг вэ? Энэ хариултыг улс төрийн хүрээнийхэн болоод түүний үүсгэсэн хонгилоор чирэгдэн хэлмэгдсэн олон олон хүн улстөрч бөгөөд Дорноговийн хаан шахуу болсон хүн гэдгийг андахгүй мэднэ.
"Засаг чандмань майнз" ХХК, Английн “GRF” компанийн хооронд үүссэн асуудал нь байгуулсан гэрээнийхээ хүрээнд Английн хуулиар буюу Арбитраар шийдүүлэх ёстой байтал Монголын хуулийн байгууллага руу хууль зөрчин байж татан оролцуулахыг санаархаж байна.
"GRF” компанийн төлөөлөл Макс Жонсон нь хөрөнгө оруулалт хийгдсэн 2016 оны үед ажиллаж байгаагүй бөгөөд саяхнаас шинээр томилогдсон төлөөлөл. Хөрөнгө оруулагч талыг төлөөлж байгаа гэх мөртлөө Монголд ирэхдээ бүтээн байгуулалт хийгдсэн газар дээр очиж танилцаагүй. Харин ч “Манай олгосон зээлээр нэг ч ажил хийгдээгүй байна” гэх мэтээр илэрхий худал мэдээлэлтэй ярилцлагыг 2020 оноос эхлэн хэвлэлд өгөх болжээ.
Одоо энэ маргаан манай улсын хууль хяналтын байгууллагаар шалгагдсаар байгаа. Хуулийн байгууллагад шалгагдаж буй энэ хэргийн баримтыг гуйвуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр задлан гаргаж байгаа төдийгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УЕП-ын дарга Б.Жаргалсайхан нарт хандан энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг шахан шаардсан утгатай зорилтот мессэж хаясан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах болжээ. Л.Оюун-Эрдэнэ ч дүүрч. Ерөнхий прокурор бол нэг талын хатгаас, тэр дундаа гадны компани, эрх мэдэл бүхий Монголын улстөрчийн үгээр мөрөөрөө бүтээн байгуулалт хийж байсан компанийг шууд буруутгаад байх хүн биш.
Цаашлаад Монголоо гэх сэтгэлгүй, гадныхны өөрийн шуналаа гүйцэлдүүлэхэд ашиглаж буй улстөрчийн ятгаасаар "Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсон хөрөнгө оруулалтаа нэхэхээр Монголд ирж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах уу" гэх утга бүхий зорилтот мэдээллийг хэвлэлээр гаргаж, хоёр компанийн дунд үүссэн асуудалд Монголын Ерөнхий сайдыг татан оролцуулах гэсэн явуургүй санаархлаа ил гаргах болов. Иймэрхүү өгөөшинд манай Ерөнхий сайд автаж байвал харамсалтай л юм. “GRF” компани нь Монгол дахь маргаантай асуудал дээр хуулийн фирм хөлслөхдөө Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн хувийн өмгөөллийн компани болох “Монгол өмгөөлөл” хуулийн фирмийг сонгосон нь цаанаа бас учир шалтгаантайгаар байж мэдэх юм. Магадгүй Ерөнхий сайдын зөвлөх үүний ард байгаа шүү гэх мессэжийг хууль, хүчний байгууллагад өгөх далд зорилго агуулсан байх өндөр магадлал өрнөж буй үйл явдлаас харагдаж байна.
Английн Ерөнхий сайдын дүү "GRF" компанийн төлөөлөл Макс Жонсон 2019 онд Монголд ирэхдээ энэ зургийг авхуулжээ. Сүхбаатарын талбай.
Английн Ерөнхий сайдын дүүгийн нэрээр бамбай барьж гадаад, дотоод хэвлэлээр элдэв мэдээлэл гаргаж, Монголын төр, Монголын хууль хяналтын байгууллагад шууд нөлөөлөх гэсэн оролдлогыг хийж байгаа нь төслийг булааж дээрэмдэх талаас гаргаж байгаа үйлдэл гэж хэлж болохоор.
GRF буюу түүнийг төлөөлж буй Макс Жонсон хэний хатгаасаар хөдлөв
“Засаг чандмань майнз" ХХК-тай хөрөнгө оруулалтын зээл олгох хэлбэрээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан “GRF” компани өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн, худал мэдээлэлтэй ярилцлагыг өгөх болсныг дээр дурдсан. Яагаад хамтрагч талаа Монгопын хуулийн байгууллагаар заавал шалгуулах болов? Макс Жонсон хэний даалгавраар бодит үнэнтэй нийцэхгүй үйлдлийг хийх болов. Дэлхийн шилдэг хуулийн фирм хөлслөн хийлгэсэн олон улсын гэрээгээ яагаад зөрчих болов.
Макс Жонсон 2019 онд Монголд ирэхдээ Монголын нэгэн улстөрчтэй нууцлагдмал уулзалт хийгээд явсны дараагаар 2020 онд Монголын хэвлэлд видео хэлбэрээр ярилцлага өгч эхэлсэн. Тэрээр ярилцлагадаа “Засаг чандмань майнз” ХХК-ийн хийсэн бүтээн байгуулалтыг үгүйсгэн ярьж, “Монголын компани манай өгсөн зээлийг аваад 2015 оноос хойш юу ч хийгээгүй” хэмээн хээвнэг худал ярилцлага өгсөн нь Монголын улстөрчтэй өөр нэгэн тохиролцоо, хэлэлцээрт хүрсэн гэх хардлагыг төрүүлж байна. Түүний ганц энэ ярилцлагад дөрөөлж, бүхэл бүтэн бүтээн байгуулалт сүндэрлүүлж, боловсруулах үйлдвэр барьсан Монгол компанийнхаа хийсэн, бүтээснийг очоод сурвалжилчих ганц хэвлэл ч алга гэж үү. Хөрөнгө оруулалтын зээл олгосон “GRF" компани нь Монголд зээл олгосон цагаас үйл ажиллагаа, уурхай, санхүү, техник хариуцсан захирлуудаа томилж, зарцуулалт бүрийг нэг бүрчлэн хянан шалгаж, уурхай дээр очиж бүтээн байгуулалтын явцтай танилцаж байсан баримтууд бий. Гадаад дахь болон дотоодын банкны 1, 2 дугаар гарын үсгүүдийг анхнаас нь хөрөнгө оруулагч талыг хариуцсан захирлууд эзэмшиж, Монголд хийж буй гүйлгээ бүр тэдний зөвшөөрлөөр явагддаг байсан. Тогтмол ТУЗ-ийн хурлаа хийдэг байсан. Үүнийг яагаад огт дурдахгүй байгаа юм бол. ТУЗ-ийн дарга Саймон Мюррэ нь 2018 онд нисдэг тэрэг хөлслөн олон дагуул шинжээч нартайгаа уурхай дээр ирж өдгөө хилс хэрэгт буруутгагдаад байгаа “Засаг чандмань майнз" компанийн удирдлагуудтай цуг Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд орших “Чандмань” төмөр, алт, зэсийн уурхайтай газар дээр нь дэлгэрэнгүй танилцаж явсан. ТУЗ-ийн дарга Саймон Мюррэ нь бодит бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Нүдээр үзэж, өөрөө очиж хуралд нь сууж байсан хүн шүү дээ. Гэтэл “GRF"-д шинээр томилогдон ирсэн Макс Жонсон гэх хүн гэнэтхэн гарч ирээд бүтээн байгуулалтыг үгүйсгэж, бодит байдлаас өөр ярих болсон нь ямар учиртай вэ?
Хөрөнгө оруулагч талд өөрийн олгосон зээлээ ингэж үнэгүйдүүлэн царцааж, улмаар шударгаар ажилласан бүтээн байгуулагчдыг хэрэг төвөгт унагаах ямар зорилго, гэнэтийн ямар ашигтай нөхцөл үүссэн бэ. Түүний уулзсан гэж яригддаг, Дорноговь аймгийн эзэн гэж гэгддэг улстөрч болон түүний хонгилынхон М.Жонсоныг оруулсан зээлээ буцааж авахын тулд үүнээс өөр гарцгүй гэж ятган, хууль бус үйлдэл хийлгэх байдалд шахамдуулж оруулсан байх магадлалтай.
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Чандмань” төсөл бодит байдал дээр 19 сая ам.долларын зээл олгосон “GRF" сангийн олгосон зээлээс гадна мөн л өөрсдөө нэмж ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хэний ч нүдэнд ил харагдах баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн контор, уурхайн ажилчдын хотхон, өндөр хурдны шилэн кабелийн холболт, Бор-Өндөрөөс Дэлгэрэх сумын Чандмань уурхайн чиглэлд цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд өртөө зэрэг бодит бүтээн байгуулалтууд байна. Энэ бүхнийг улайм цайм юу ч хийгдээгүй гэж үгүйсгэн ярьж болохгүй юм. Монголын хуулийн байгууллага тэнд ямар бүтээн байгуулалт хийгдэв гэдгийг баримтаар баталгаажуулж авсан байгаа.
Цоо шинээр баригдаж ашиглалтад орсон томоохон үйлдвэр, эрчим хүч, барилга байгууламж нь Монгол Улсын холбогдох мэргэжлийн яам байгууллагуудын хүлээн авсан дүгнэлтээр батлагдана. Олон улсын БДО аудитын дүгнэлтээр зөвхөн 2015-2018 оны хооронд 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт энэ төсөлд хийгдсэнийг нотлох баримт байна.
Английн Ерөнхий сайдын дүү гэдгээр түрий барьсан гадны нөхөр Монголын хонгилынхонтой сүлбэлдэж, Монголын хөрөнгө оруулалтын нэрийг дэлхийн өмнө шившигт хутгаж, Монголд үл итгэх байдлыг төрүүлж байгаа нь харамсалтай. Макс Жонсоны үйлдэл нь шахаас, хатгааст орж улмаар Монголын хуулийн хонгилынхонтой сүлбэлдэж, бүтээн байгуулалт хийх гэсэн чин эрмэлзэлтэй хамтрагч талын хүмүүсийг хилс хэргээр ялд унагаах хэрэгт оролцож байна гэж харагдаж байна.
Монголд хийгдэж буй гадны хөрөнгө оруулагчдын нэр хүндийг барж байгаа “GRF” түүний төлөөлөл Макс Жонсон нь Монгол дахь хамтрагч талтайгаа уулзахгүй “зугтаж" байгаа хэрнээ улстөрч, хуулийнхан нийлсэн хонгилынхонтой сүлбэлдэж ятгалгаар худал мэдээлэлтэй ярилцлага өгч байгаа нь компанийнхаа нэр хүндийг унагасан ёс зүйгүй, хуульд нийцэхгүй үйлдэл юм.
Тэдний хамтын ажиллагааны гэрээ олон улсын хүрээнд хийгдсэн болохоор гэрээний дагуу энэ хэрэг шийдэгдэх нь цаг хугацааны асуудал.
Үнэн тодроод гарах үед Англи улсын нэр хүнд, Английн Ерөнхий сайдын нэр хүнд, “GRF” дэлхийн шилдэг компанийн нэр хүндэд маш хүнд байдлаар тусч, сөргөөр нөлөөлөх болно.
Макс Жонсон мэтийн гадныхан энэ мэтээр хохирогчийн дүрд тоглож, Монгол Улсын нэр хүндийг олон улсын хөрөнгө оруулагч нарын түвшинд харлуулах замаар Монголын төр, хууль хяналтын байгууллагад нөлөөлөх оролдлогууд хийж байна. Шуналаа дийлэхээ байсан дотоодын зарим улстөрчийн балаг Монголыг хөгжүүлэх гэж хийж бүтээж явсан залуусыг улс төр, хуулийн бохир хонгилоор чирч, үүндээ гадны зарим нэгэн хүмүүсийг татан оролцуулж, улсаа шившиглээд байхаар Монгол Улс яаж хөгжих билээ. Аль өнгөтэй өөдтэй, тархи сийрэг, хөдөлмөрч залуусаа энэ мэт хавчаад байвал бидний ирээдүй мөн ч бүрхэг байна даа.
Х.САРАН