2021-03-28Bolod.mn сайт өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Эдгээр өдрүүдэд ковид-19 халдварын тохиолдол эрс нэмэгдэж 400-д хүрсэн. Улмаар УОК-оос 4-р сарын 5 хүртэл байдал хурцадвал Нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүрснийг мэдээлсэн билээ. Түүнлэн эдгээр өдрүүдэд Монгол хүн сансарт хөөрсөний түүхэн 40 жилийн ойн өөр тохиосон төдийгүй Ж.Гүррагчаа В.Джанибеков нарыг “Нийслэл Улаанбаатар Хотын Хүндэт Иргэн”-ээр тус тус өргөмжилсөн юм.
- Гэр бүлийн гишүүд нь тэтгэвэрт өвлөгддөг болох хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага байх ажээ.
Хуулийн төслийг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг байна.
- Сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа В.ДЖанибеков нар “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн” боллоо
|
|
Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэрүүлэгчдийн 2021 оны 3 сарын 11-ны өдрийн 29,30-р тоот тогтоолоор БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын 2 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал В.Джанибеков нарыг “Нийслэл Улаанбаатар Хотын Хүндэт Иргэн”-ээр тус тус өргөмжилж, хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М. Ганзориг, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын сансрын багийн гишүүн С.Сайнцог нарыг “Хангарди” одонгоор тус тус шагналаа.
Одоогоос 40 жилийн өмнө буюу 1981 оны 3 сарын 22-ны энэ өдөр Монгол улсын иргэн, сансрын нисгэгч Ж. Гүррагчаа, Оросын Холбооны улсын иргэн, сансрын нисгэгч В.Джанибековын хамтаар Байконураас “Союз-39” хөлгөөр сансрын тойрог замд амжилттай хөөрсөн түүхэн өдөр. Хамтарсан нислэгийн баг 7 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 3 сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан бөгөөд энэхүү тэмдэглэлт үйл явдлын үр дүнд Монгол улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн 5 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, нисгэгчээ тойрог замд ажилттай хөөргөсөн дэлхийн 10 дахь орон болж түүхэнд тэмдэглэгджээ.
- Г.Батхүү агсан амиа алдсан хэргийг нэмж шалгахаар болжээ
|
|
Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.
Хоёр жилийн өмнө гарсан уг хэргийг цагдаагийн байгууллагаас хаах саналтай прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл прокурорын байгууллага уг хэргийг нэмж шалгах нь зүйтэй гэж үзжээ.
Түүнээс гадна уг хэргийн нотлох баримт гэгдэх 13 секундын бичлэгийг хийсэн залуугийн хэрэг ч мөн тухайн үед дэгдэж байв. Түүнийг амиа алдсан гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа ч албаныхан үгүйсгэсэн байна.
- Өөрийгөө шатаасан хэргийг амиа хорлолт гэж үзэн хаахаар болжээ
|
|
Сар шинийн өмнөхөн Сүхбаатарын талбайд 34 настай эрэгтэй өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Талийгаач Э өнгөрсөн сарын 8-ны өдөр 13:32 цагийн үед өөр дээрээ таван литрын шатахуун асгаж, өөрийгөө шатаасан билээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн иргэний хоолойн хөвч түлэгдсэнээр амьсгалын дутагдалд орж амиа алдсан гэж гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан ар гэрийхэн нотлох баримтуудыг шалгаж үзсэний эцэст хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс харьяалах дүүргийн прокурорын газарт гаргажээ. Учир нь талийгаачийн биед хийсэн шинжилгээ, гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудад үндэслэн энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй, амиа хорлолт гэж үзсэн байна.
- Яармаг дахь спортын ордон, Бөхийн өргөөнд нийт 500 ор дэлгэхээр бэлдэж байна
|
|
Энэ сарын 24-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байна.
- Улаанбаатар хот болон Говь-сүмбэр аймаг 5.4-5.5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймагт 5.5 баллын газар хөдлөлт болж Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдлээ.
Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021/03/23 22:46:54 цагт болсон бол газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна. Урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ. Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгдсэн талаарх Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэж байв.
Газар хөдлөлтийн голомт Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16км-ын зайд болсон бөгөөд Нийслэл Улаанбаатар хотод ойролцоогоор 5,4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн хэмээн НОК-оос мэдээлэв.
Засгийн газар: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг нэг сараар сунгалаа
|
|
Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн батлуулав.
Коронавируст халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарчээ.Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг улсын хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.
УОК: Халдварын тохиолдол буурахгүй бол 4-р сарын 5-аас хатуу хөл хорио тогтооно
|
|
УОК-оос гуравдугаар сарын 26-ны өдөр шуурхай хуралдаан зарлаж мэдээлэл хийлээ. Халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа учир Улаанбаатар хот болон халдвар гарсан орон нутгуудад хөл хорио тогтоох эсэх зэрэг асуудлыг хэлэлцсэн. УОК-ын дарга С.Амарсайхан одоогоор хатуу хөл хорио тогтоохгүй. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл халдварын тоо буурахгүй бол иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрнэ хэмээлээ. Мөн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлах болсон бөгөөд халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буй орон нутгуудад хатуу хөл хорио тогтоохоор болжээ.