2021-02-27Bolod.mn сайт өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. Эдгээр өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас буцалтгүй тусламжийн 150 мянган тун Астра Зенека вакцин болон БНХАУ-аас 300 мянган тун коронавирусийн эсрэг вакциныг Монгол улсын Засгийн газар хүлээн авсан явдал долоо хоногийн онцлох үйл явдал боллоо. Түүнчлэн хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Нийслэл Улаанбаатар хот хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн бөгөөд 23-наас эхлэн уг дэглэмийн хязгаарлалт буурсан.
Мөн БНЭУ-аас ирсэн ковид-19-ийн эсрэг Астра Зенека вакцины хамгийн анхны тунг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэн нийт ард иргэдийг вакцинжуулалтад өргөнөөр хамрагдахыг уриалсан явдал өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн хамгийн онцлох үйл явдал байв.
- БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун “Astra Zeneca” вакцин , БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 300 мянган тун вакциныг хүлээн авлаа
Эхний ээлжийн 150 мянган тун Оксфордын "AstraZeneca"-гийн вакцин өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Монголд буусан. Анхны тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард иргэдээ вакцинжуулалтад хамрагдахыг уриалахаа мэдэгдсэн. Түүнчлэн хоёрдугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Засгийн газар болон Ардын чөлөөлөх армиас тусламжаар илгээсэн 300 мянган тун вакциныг хүлээн авлаа. Талууд онгоцны буудал дээр вакцин хүлээн авах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, МУ-ын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан нар үйл ажиллагаанд оролцлоо.
ЭМЯ, УОК-оос ямар хүмүүсийг эхний ээлжид вакцинд хамруулах журмыг гаргаад буй. Үүнд нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарынхан буюу халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна. Хоёрдугаарт, хавсарсан өвчтэй, халдвар авсан амь нас нь эрсдэлд орох өндөр магадлалтай хүмүүс болон суурь өвчтэй иргэдийг хамруулах юм.
Ийнхүү хоёрдугаар сарын 23-наас эхлэн хатуу хөл хорионы дэглэм буурч, вакцинжуулалтын ажил албан ёсоор эхэллээ. Цар тахалтай тэмцэх үүднээс Монгол Улсын Засгийн газар олон улсаас вакцин авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коровирусийн эсрэг вакцины анхны тунг хийлгэн, вакцинжуулалтад хамрагдахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хэмжээнд коронавирусний вакцин тарих ажлыг эхлүүлж, энэ сарын 23-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Асртазенека” вакцин хийлгэлээ. Монгол Улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа билээ. Энэ хүрээнд БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "Астразенека" вакцины 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Синофарм" компанийн "Verocell" вакцины 300 мянган тунг хүлээн аваад байгаа билээ.
- Сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлалыг баталлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 6 дугаар сарын 09-ний өдрийн Лхагва гарагт явуулахаар Улсын Их Хурлаас товлон зарласан. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний аудитын газартай хамтран сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг баталлаа.
Аргачлал батлагдсанаар Үндэсний аудитын газраас нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Нам, эвсэл, нэр дэвшигчид нь тогтоосон зардлын дээд хэмжээнд багтааж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод тайлбарлан таниулах, сурталчлах ажлаа зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгогч өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэлтэй нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцах, сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн бүх хэсэгт хяналтын тооллого хийх, санал авах байранд санал авах үеийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хяналтын камер байрлуулах, сонгуульд оролцож саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх зэрэг онцлог зохицуулалтууд тусгагдсан юм.
Сонгуулийн санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хяналтын тооллогын ажиллагааг баримтжуулах зорилгоор байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах, камерын бичлэгийг хадгалах, хамгаалах, устгахтай холбоотой харилцааг зохицуулсан “Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам”-ыг Сонгуулийн ерөнхий хороо Цагдаагийн ерөнхий газартай хамтран баталлаа.
Санал авах байранд суурилуулах хяналтын камерын, дуу-дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломжтой дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь Монгол Улсын стандарт MNS6423:2019 “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-ыг хангасан байх шаардлагыг журамд тусгажээ.
- Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөх болжээ
Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайд Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ.
- Хөл хорио суларснаас хойш гэмт хэргийн тоо өсөв
Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 23-наас эхлэн шилжсэн билээ. Энэ хүрээнд Засгийн газраас 100 гаруй мянган аж ахуйн нэгж (ААН)-ийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, уралдаан тэмцээн, 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоом болон хүүхдийн тоглоомын газраас бусад ААН-үүд үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм.
Хоёрдугаар сарын 24-ны байдлаар цагдаагийн байгууллагад 1359 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 69, хулгайлах 17, гэр бүлийн хүчирхийллийн 129 буюу нийт 1534 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 62 хүн согтуугаар машин жолоодож, 114 хүн олон нийтийн газар танхайрч, 211 хүн эрүүлжүүлэх байранд орсон бол хүний биед халдсан гэмт хэрэг 56 бүртгэгдсэн байна. Хөл хорио сулрахын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад 984 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс согтуугаар машин жолоодсон 45, эрүүлжүүлсэн 181, олон нийтийн газар танхайрсан 60, гэр бүлийн хүчирхийллийн 110, хулгайлах 10 дуудлага тус тус бүртгэгджээ.
- Вакцин гаж нөлөө үзүүлбэл нөхөн төлбөр олгох төлөвлөгөөг ДЭМБ боловсруулжээ
Коронавирусийн эсрэг вакциныг хэрэглэсний дараа хүчтэй гаж нөлөө илэрсэн тохиолдолд нөхөн төлбөр олгох төлөвлөгөөг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөө нь олон улсын Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авах бага болон дундаж орлоготой 92 улсад хамаатай юм. Энэ нь дэлхий нийтийг вакцинжуулах аяны хүрээнд боловсруулсан анхны нөхөн төлбөрийн тогтолцоо болж байгаа аж. Ингэснээр вакцинаас үүдэж гаж нөлөө илэрсэн өвчтөний шүүхэд хандах урт хугацааны өндөр зардалтай үйл явцыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм байна.
Уг хөтөлбөр 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.
- Буйр нуурт живсэн хоёр автомашиныг татан гаргалаа
Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живснийг, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эрэн хайх, татан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулжээ.
Тодруулбал 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Буйр нуурт зорчиж байсан иргэний эзэмшлийн суудлын автомашин, мөн сарын 31-ний өдөр нэр бүхий иргэний Хьюндай Либеро маркийн автомашин цасан шуурганд төөрч, мөс цөмрөн живсэн байна. Жолооч, зорчигч нар нь автомашинаасаа амжиж гарсан учраас золоор хүний амь нас эрсдэлгүй өнгөрсөн байна.
Аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу татан гаргах үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг дээрх автомашины эзэмшигч нараас гаргуулсан байна.
Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг тогтмол хийх, Нуур, голын мөсөн дээр шөнийн цацруулагчтай сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээг хийж байршуулах,
Сэрэмжлүүлгийг сахин биелүүлээгүй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтан, сумдын Засаг дарга нарт аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн даалгав. Цаг агаар дулаарч байгаа энэ үед ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
- Тавдугаар сарын нэгнээс хил нээхээр судалж байна гэв
2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай хийж буй уулзалтын үеэр хэллээ.
Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас хүндрэл их байна. Бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж энэ хугацаанд хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэж үзэж байна. Ямартай ч бид асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.
Түүнчлэн "Коронавирусний цар тахалд нэрвэгдсэн ч аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээх, жуулчдыг хэрхэн татах, вакцинжуулсан иргэдэд хилээ нээх, олон улсын худалдаа гэрээ хэлэлцээр гэх мэт дипломат ажлыг илүү хөнгөвчлөх гэх мэт зүйлсийг ярилцан төлөвлөгөөг илүү тодорхой болгохоор ажиллаж байна.
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож цар тахлыг сөрсөн арга барилаар ажиллахыг уриалж байна" гэж мөн мэдээллээ.
- Орон нутгийн сургууль, цэцэрлэг ирэх сарын 1-нээс хичээллэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон нутгийн сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулах бөгөөд хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй юм байна.
- Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээв
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2021.02.25/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхлээд байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны арван нэгдүгээр сарын 17-нд Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорил ял оноосон юм. Тэд анхан шатны шүүхээс гаргасан дээрх ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, давж заалдаж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон. Харин С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.