2021-02-032021 оноос Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгуулагч 12.5 хувийн шимтгэл төлөх ёстой.
Тэгвэл 2021 оны нэгдүгээр сараас 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл албан журмын даатгуулагчаас 8.5 хувийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх юм.
Энэ талаарх иргэдийн болон албаны мэдээллийг "Dnn-Тодруулга" булангаараа хүргэж байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан ИРГЭДИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ХҮРГЭЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн З.Алтантариа:
-Нийгмийн даатгалд бараг л 30 хувь. Үүнд орлогын татвар 10 хувь, НӨАТ 10 хувь ерөнхийдөө нийт 40 хувийн татвар авч байна. Энэ бол цэвэр луйвар. Цалингийн доод хэмжээнд дүйцэхүйц НДШ төлдөг улс болох нь дээ. Одоо үүнийгээ болимоор юм аа. 500 мянган төгрөгийн цалин авдаг хүнээс татвар авахаар юу үлдэх вэ? Хүнд хэцүү үед ажилчдынхаа цалинг яая гэж байгаа хувийн хэвшилд үнэхээр дарамт болж байгаа. НДШ-ийг нэмж байгаа нь ёстой л бизнесийг боомилох, ажлын байр нэмэгдүүлэхийн эсрэг бодлого боллоо.
Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн Д.Эрдэнэцогт:
-1994 оноос ЭМД–д 1995 оноос НДШ тасралтгүй 27 жил төлж байгаа. Одоо 2022 онд тэтгэвэрт гарна. Тэгэхдээ төлсөн татварынхаа хэмжээгээр биш харин долоон жил буюу 84 сарын дундаж цалингийн 45 хувиар тогтоох юм. Мөн нэмэгдэл нь жилийн 1,5 хувь гэж байгаа энэ арай биш. Гэтэл малчид ямар ч шимтгэл төлөхгүй байж байгаад нөхөн төлөлт гээд л хэдхэн төгрөг төлөөд л мөн адилхан тэтгэрт гарах нөхцөл үүсдэг энэ арай шударга биш санагддаг. Нэрийн данс гэж гаргаж байсан тэр ч худлаа болсон. Энэ тогтолцоо нэг л ойлгохгүй байгаа. 27 жил ЭМД төлсөн мөртлөө нэг ч төгрөгийн хөнгөлөлт эдлээгүй. Одоо л эдлэх тухай л ярьж эхэлж байна. Б.Ундармаагаас мөнгөө нэхье Мөн С.Эрдэнийн хамаатангууд мөн ч их идсэн дээ.
-Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Б.Буянжаргал:
-Нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд 300 мянган төгрөгөө улсдаа өгчихнө. Улс орон эдийн засаг, хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс зогсонги байдалтай байна. Ийм цаг үед хэцүү л шийдвэр байна даа. Ард иргэдээ боддоггүй засаг төртэй байхыг хүмүүс хувьдаа хүсэхгүй байгаа шүү дээ. Бусад улс иргэн бүрээ харж үзэж байхад манай засгийн газар улам л шулаад байх юм. Минмй хувьд хүнд тусаж байна. Залуучуудаа шинэ үеэ бодохгүй байна. Шинэ гэр бүлд бага цалинтай,татвар өндөр, байрны үнэ тэнгэрт хадсан, ЖДҮ зээл бүр ч олдохгүй. Энэ маягаараа нийтийн байранд үе удмаа үлдээх нь.
-Хан-Уул дүүргийн III хорооны иргэн Б.Оюундарь:
-Ингээд нэмээд байх юм бол хөнгөлөх ямар хэрэг байсан юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмээд байвал ажлын байрыг нэмэх ямар ч боломжгүй болно. Хэтэрхий өндөр байна. Ямар ч тооцоо судалгаагүй л нэмээд байх юм. Хоёр хувь хөнгөлөлттэй дээр сэмээрхэн хоёр хувь нэмж байна. Бас хэзээ нэмэхээ мэдээд байгаа юм. Одоо энэ болно шүү дээ. Ихэнх хүмүүс нь зээлтэй. Цалингийнхаа 35 хувийг өгчихөөр үлдсэнээрээ арай гэж амьдарна. Үүний оронд нүдээ олж очдоггүй халамжуудаа зогсоох хэрэгтэй. Дундаж давхрагынхан юм л бол илүү хохирох юм даа.
Чингэлтэй дүүргийн иргэн О.Оргилцэцэг:
-Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын шимтгэл маш өндөр. Хоёрдугаарт, Хураасан шимтгэлийг эрх мэдэлтэй нь дур мэдэж замбараагүй зарцуулдаг. Гуравдугаарт, төлсөн шимтгэлээ буцаан авахад өндөр шалгууртай байдаг. Жишээлбэл, ажилгүйдлийн даатгалаас коронавирусийн үед хэдэн хүн тэтгэмж авсан бол? Мөн насаараа даатгал төлж төлчихөөд тэтгэвэрт гараад удалгүй нас барчихвал хөлсөө урсган байж шимтгэл төлөн, хуримтлал үүсгэсэн настан болон түүний ар гэрт улсын даатгалд сар бүр тогтмол өгдөг байсан мөнгө нь хэнд ч хамаагүй. Оршуулгын тэтгэмж гэж нэр төдийг эс тооцвол шүү дээ. Тийм учраас ажилтан ч тэр ажил олгогч ч тэр НДШ төлөх туйлын дургүй. Хэрэв шимтгэлийн хэмжээ бага, шимтгэл төлөгчдөө ээлтэй байдаг бол нийгмийн даатгалд хамрагдагсдын тоо ихсэж суурь нь өргөжих юм. Ажилгүйдлийн тоо их байгаа нь НД-ын шударга бус тогтолцооноос болоод далд ажилгүйдэл байгаа гэж хардаг. Гаргалгаа нь хувийн тэтгэврийн даатгал Улсын тэтгэврийн даатгалаас иргэд өөрсдөө сонгож даатгуулахаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах цаг аль хэдийнэ болчихоод байна.
Цар тахлын үед НДШ-д 8.5 хувийн шимтгэл төлнө
НДЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцсан Э.Баасанжалбаас тодрууллаа.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж, 26 хувь болгосон. Иргэд даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэнд ихээхэн дургүйцэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Энэхүү хуулийн дагуу 2021 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 9.5 хувиар төлж эхэлсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа юм. Ажил олгогч үйл ажиллагааны чиглэлээс хамаараад 13.5, 14.5, 15.5 хувиар, Албан журмын даатгалгуулагч 12.5 хувь, Сайн дурын даатгуулагч 14.5 хувиар шимтгэл төлж байгаа. Харин цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оноос эхлэн Монгол Улсын засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын байгууллагууд хамтран шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлт, дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл өмнө шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байсан ажил олгогч болон албан журмын даатгуулагч, сайн дурын даатгуулагчийн зарим шимтгэлийг хөнгөлж, чөлөөлж байгаа.
-Ямар даатгалыг хөнгөлж чөлөөлж байгаа вэ?
-Нийтдээ ажил олгогч 13.5-15.5 хувиар шимтгэл төлөх ёстой. Одоо хөнгөлж байгаа нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1 хувиар хөнгөлж, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан даатгалын сангаас бүрэн чөлөөлөгдсөнөөр нийтдээ 3-5 хувийн хөнгөлөлт эдэлж байгаа гэсэн үг юм.
Тэгэхээр цар тахлын үед НДШ-д 8.5 хувийн шимтгэл төлнө. Даатгуулагчийн тухайд 12.5 хувийн шимтгэл төлөх ёстой. Мөн тэтгэврийн даатгалын шимтгэлээс 1 хувиар, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөөд 1 хувиар хөнгөлж, нийтдээ 2 хувиар хөнгөлөлтөд хамрагдаж байгаа юм. Ингэснээр ажил олгогчтой адил 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 8.5 хувиа төлөөд явна.
-Тэгвэл 2021 оны долдугаар сарын 1-нээс хойш ямар хэмжээгээр шимтгэл төлөх вэ?
-Долдугаар сарын 1-нээс хойш ажил олгогч нь 13.5-15.5 хувь, даатгуулагч 12.5 хувиар хөнгөлөлтгүй төлөөд явна. Энэ шимтгэлийн хөнгөлт чөлөөлөлт нь ажлын байрыг хадгалах, цар тахлын үед ажил олгогч, даатгуулагчийн орлогыг бууруулахгүй байх чиглэлтэй юм.
-Хэдэн төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдсөн бэ?
-2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл шимтгэлээс 100 хувь чөлөөлсөн байгаа шүү дээ. Үүнд, 38.4 мянган ААН байгууллагын 410.6 мянган албан журмын даатгуулагч хамрагдсан. Нийтдээ 567.1 мянган даатгуулагчийн шимтгэлээс чөлөөлсөн. Албан журмын даатгуулагч 410.6, сайн дурын даатгуулагч 156.5 байгаа юм. Үүний үр дүнд 566.8 тэрбум төгрөгийн шимтгэлийн хүүг чөлөөлсөн. Аравдугаар сараас арванхоёрдугаар сард хөнгөлөлт олгосон. Ингэхдээ ажил олгогч, даатгуулагч тус бүр 5 хувиар шимтгэлээ төлөхөөр зохицуулсан. Энд 38.4 мянган ажил олгогч хамрагдаад 572 мянган даатгуулагчид хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөнгөн дүнд авч үзвэл, 148.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлүүлсэн.
-Ажлын байраа хадгалсан даатгуулагчдад хөнгөлөлт үзүүлсэн гэлээ. Үүнд хичнээн хүн хамрагдав?
-Ажилгүйдлийн даатгалын сангаас 7.2 мянган даатгуулагч, ажил олгогчдод 44.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Д.Отгонтуяа
Өдрийн сонин