2021-02-02Улсын Их хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, М.Оюунчимэг болон тус байнгын хорооны гишүүд болох
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж. Чинбүрэн нар өнөөдөр /2021.02.02/ 2020 оны УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцсэн асуудал болон батлагдсан хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, М.Оюунчимэг хэлэхдээ 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэж эхлэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Харьяа байгууллагууд болох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хуулийн биелэлтийг хэлэлцлээ.
1/Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
- Хөнгөлөлттэй эмийг гэртээ ойр байрлах бүх эмийн сангаас авах боломжийг 2020.11.01-ээс эхлэн хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр 141 нэр төрлийн 541 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 2314 эмч 195мянган эмийн жор бичиж 5 тэрбумын борлуулалт хийгдсэн байна.
Энэ хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гарч 2020.11.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож эхлэхтэй холбоотойгоор иргэдэд тулгарч буй асуудлуудыг хянан шалгах, шийдвэрлэх зорилгоор эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг, эмийн сан дээр ажиллаж энэ дагуу холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч шийдвэрлэсэн. Энэ хүрээнд
-Өргөн хэрэглээтэй нийлмэл найрлагатай бүх төрлийн эмийг 70 хувиар хөнгөлсөн
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ороогүй байсан зарим шаардлагатай эмийг орууллаа
-Эмийн агентлаг бий болсонтой холбогдуулан эрүүл мэндийн даатгалын ажилтны тоог 50-105 болгон нэмэгдүүллээ
-2021 оноос хэрэгжих Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих эрүүл мэндийн үйлчилгээ нэг худалдан авалтын тогтолцоонд шилжих бэлтгэл ажлыг хангах, олон улсын чанарын хяналтын Up to date платформыг нэвтрүүлэх зэрэг үүрэг чиглэл өгсний дагуу энэ платпорм Эрүүл мэндийн салбарт нэвтэрлээ.
-Ковид цар тахлын үеэр иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнө нь оношийн дагуу бичигдсэн картаа үзүүлэн хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авахыг нөхцөлийг бүрдүүлсэн.
-2021.02.01-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй боллоо.
Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж ХҮНЭЭ ДАГАСАН эрүүл мэндийн тогтолцоо бүрдэж эхэллээ. Одоо бид хуулиа сурталчилах, иргэддээ үнэн бодит мэдээлэл өгөх, хөрсөн дээрээ хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байна. Саяхан л гэхэд Хавдар судлалын үндэсний төвийн эмч өвчтнөөсөө 3 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан. Иймд энэ явдлыг таслан зогсоох улсын болон хувийн эмнэлэгт өөрийн төлсөн даатгалаараа үзүүлдэг, явдал чирэгдлийг багасгах зорилгоор Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах болно.
- Даатгалын сантай гэрээ байгуулсан улс, хувийн бүх эмнэлэг ижил тариф даатгалаар үйлчлэх тул улсын эмнэлгийн ачаалал, дараалал, хүнд суртал эрс буурна.
ЭМДаатгалын ерөнхий газартай 2020 оны байдлаар 175 ортой хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээгээр гэрээ байгуулан ажиллаж байсан бол 2021 онд шинээр Хувийн хэвшлийн 494 клиник үүдэн эмнэлэг амбулаторийн тусламж үйлчилгээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих боломжтой болж байна. Ингэснээр даатгуулагч эмнэлэгээ сонгож үйлчлүүлэх боломжийг олгож байна.
Төр, хувийн эрүүл мэндийн байгууллагуудад 2021 онд 1,2 их наяд төгрөгний урсгал санхүүжилтийг УИХ-аар батлуулсан бөгөөд шинэчилсэн журмын дагуу сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж гэрээг байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Хорт хавдрын тусламж үйлчилгээг хамтын төлбөрийг чөлөөлж, мөн Хорт хавдрын бай эмчилгээг шинээр даатгалын сангаас санхүүжүүлэхээр зохицуулсан. Ингэснээр бүх төрлийн хорт хавдрыг ЭМ даатгалаараа 100 хувь төлдөг болж байна. Эрүүл мэндийн яамнаас ХЗДХ яам руу 2021.01.22-ны 03 дугаар тогтоолыг хүргүүлсэн бөгөөд энэ батлагдсан өдрөөс дээрх үйлчилгээнүүд хэрэгжиж эхэлнэ.
Нийгмийн бодлогын байнгын хороо нь Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар эм, эмнэлэгийн хэрэглэгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нэгдсэн зохицуулалт, хяналттай болж чанартай, баталгаатай, аюулгүй, боломжит үнэ өртөг бүхий эмээр ард иргэддээ үйлчлэх боломж бүрдэнэ. Ерөнхийдөө замбараагүй эмийн импорт, хяналтгүй үнийн зохицуулалтыг шийдвэрлэнэ.
- Манай эмийн зах зээлд нийт 500 тэрбум төгрөг эргэлддэг, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийсэн судалгаагаар манай улсын зах зээл дэх эмийн 4,6 хувь нь бүртгэлгүй, 10,1 хувь нь стандартын бус, Олон улсын эмийн үнэ судлах аргачлалаар өргөн хэрэглээний 55 эмийн үнийг олон улсын жишиг үнэтэй харьцуулан судлахад 3-5 дахин өндөр үнэтэй байна.
2/2021 оны төсөвт Хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад Олон Улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд 1 хүүхдийн байцаагч байхаар тооцож Хүүхдийн байцаагчийн орон тоог 130-аар нэмэгдүүлж чадлаа. 2021 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 13,377 тэрбум төгрөгийн төсвийг батлуулж чадсан.
3/ Ковид цар тахлын хөл хорионы үед Хүний эрхийн комиссын тайлан, Хууль зүйн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн мэдээллийг сонслоо.
11.12-оос хойш хөл хорио, хязгаарлалттай холбоотой өргөдөл гомдол, гадаадад гацсан иргэдийн асуудал, хүний эрхийн зарим хязгаарлалттай холбогдуулан мэдээлэл сонсож Байнгын хорооны хурлаас гаргасан шийдвэрээр Улсын онцгой комисст зөвлөмж хүргүүлэн ажилласан. УОК-т аливаа шийдвэрийг гаргахдаа хүний эрхийг зөрчихгүй байх чиглэл өгсөн.
Мөн Коронавируст /Ковид-19/ халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэнд, ажлын нөхцөл байдал, эрсдэл, хариу арга хэмжээний талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох албан тушаалтнуудтай цахимаар хуралдаж тодорхой үүрэг чиглэлийн ЭМ сайдад өгч ажиллалаа.
Энэ хүрээнд М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нарын гишүүдийн хамтаар Ковидын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлууллаа. Ингэснээр ажил үүргээ гүйцэтгэх явцад халдвар авсан албан хаагчид буцалтгүй тусламж үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах, иргэдээ гадаадаас татан авах явцад нислэг гэнэт цуцлагдсан үед орох орон, хүнсгүй болсон иргэдэд наад захын хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах зэрэг өөрчлөлтүүдийг орууллаа.
Судалгаагаар COVID-19 цар тахал гарахаас өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад өрхийн дундаж орлого 529.0 мянган төгрөг буюу даруй 40.0 хувиар буурсан үзүүлэлт байна. Иймд цаашид бид ажлын байрыг хадгалж үлдэх, нийгмийн халамжийг зорилтод хэсэгт нь хүргэх, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж орлогыг тогтворжуулах чиглэлд шийдвэр гаргаж ажиллах зайлшгүй хэрэгтэй байна.
4/ 3 парламент дамжин хэлэлцэгдэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэж эхэллээ. Нийгэм эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарч, техник технологи хөгжихтэй зэрэгцээд хөдөлмөрийн зах зээлд цоо шинэ харилцаанууд бий болсныг энэхүү хуулиар зохицуулж байгаа юм.
-Шинэчилсэн найруулгад хуулийн суурь зарчмууд болох үл ялгаварлан гадуурхах, шударга байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, нийгмийн түншлэлийг хангах
-1999 оны хуулиар гэрээ байгуулсан бол хөдөлмөрийн харилцаа үүсч хуулийн хамгаалалтад ордог байсан бол шинэчилсэн найруулгын төслөөр ажиллаж эхэлсэн л бол хөдөлмөрийн харилцаа үүссэн тооцож байгаа юм.
-хагас цагийн ажил эрхлэлт, гэрээсээ ажил эрхлэх, алсын зайн ажил эрхлэлт, хуулиар зохицуулагдаагүй байсан туслах малчин, гэрийн үйлчлэгч зэрэг хөдөлмөрийн харилцааг зохицуулна.
-Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амрах хугацааг 14 хоног болгосон.
-Дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах, туршилтаар ажиллуулахыг хуульчиллаа
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсаас гадаад улс, Гадаад улсаас Монгол улс руу чиглэсэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний харилцаанд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шилжилт хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтыг үндэсний хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан, нэгдмэл байдлаар зохицуулна.
Цаашид эмнэлгийн санхүүжилт, төсвийн хуваарилалтын асуудалд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Нийгмийн бодлогын байнгын хороо чуулганы завсарлагааны үеэр ажлын хэсэг гарган ажиллах болно.
Бусад мэдээлэл
Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах чиглэлээр Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татварыг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд 1хувь, 2019 онд 0,5 хувь, 2020 онд 1 хувиар нэмэгдүүлэхээр "Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны 4-р сарын 14-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Монгол улсын ерөнхийлөгч 2020 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хориг тавьснаар 2020 онд нэмэгдэх байсан 1 хувийг 1 жилээр хойшлуулан 2021 оноос хэрэгжүүлж эхэлж байна. Нийгмийн даатгалын шимтгэл нь 2007 онд 26 хувьтай байсан бөгөөд 2017 он хүртэл бууруулсан21-23 хувьтай байсан. Энэ байдлаар явсан нь нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлж ОУВС-аас цаашид алдагдлаа бууруулах чиглэлийг баримтлах шаардлагатай зөвлөмжүүдийг өгсөн.
Монгол улсад 49 орчим мянган байгууллага нийгмийн даатгалын тайланг өгдөг. Цар тахлаас шалтгаалж орлого нь буураад байгаа байгууллагын эдийн засгийг дэмжих зорилгоор Төрөөс 2020 оны 4-р сараас эхэлж ниймгийн даатгалын чөлөөлөлт, хөнгөлөлт хамруулсан. 2020 оны 12 дугаар сарын байдлаар 38,4 мянган ажил олгогчийн 410 мянган даатгуулагч, 161 мянган сайн дурын даатгуулагчийн 672 орчим тэрбум төгрөгийг чөлөөлсөн.
Төрийн болон төрөөс санхүүждэг байгууллага, орон нутгийн өмчит байгууллага шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдахгүй.