2021-01-26Манай өнөөгийн эрх баригчид шударга ёсны тухай, хариуцлагатай байх тухай ярих, хэлэх нь олон боловч нидэр дээрээ өөрсдөө аль алин дээр нь алдаад байдаг нь нууц бишээ. Энэ байдал “COVID-19” халдварт цар тахал өвчинтэй хийх тэмцлийн үед бүр тод байна л даа. Цар тахлаас болж дэлхийн хүчтэй, өндөр хөгжлийн орнууд хүртэл айдаст автаад байхад манай улс уг өвчний эсрэг чадлаараа тэмцэж амжилттай яваа орны нэг гэгдэж байгаа юм. Дотооддоо халдвар алдаагүй 10 сар болсон гэдэг том үзүүлэлттэй байсан. Харин үүндээ төр засаг ч, ард иргэд ч бардаж, илэрхий тайвширснаас болж тэр амжилтаа үгүй хийсэн.
Нэг үе төв, хөдөөгүй халдвар гарч сандаргасан. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш монголчууд хамтдаа коронавирусын эсрэг зогсов. Тэгснээр Улаанбаатар хот болон зургаан аймагт халдварын 10-аад голомт дэгдсэн ч өнөөдрийн байдлаар түймрээр бол бараглаж цурамд оруулж аваад байгаа гэж болохоор.
Орон нутагт халдварыг бүрэн барьж чадсан. Одоо Улаанбаатарт л хэцүүхэн өдрөөс өдөрт халдварын тоо буурахгүй янзтай байна. Гадаад талд дэлхийн улс орнуудад цар тахлын дэгдэлт огтоос саарахгүйн дээр хөрш орнуудад ч байдал намжаагүй хэвээр.
Үүнийг байлдаанаар төсөөлөх юм бол бид яг галын шугам дээр байгаа юм. Яг ийм цаг үед У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч үлгэрлэбэл монголчууд цар тахлын өмнө өнчирсөн байдалтай үлдэв. Үүссэн нөхцөл байдалтай уялдаад Улсын онцгой комиссын даргаас эхлээд удирдах албан тушаалтан олон хүн албанаасаа чөлөөлөгдлөө.
Энэ тухай хэлэх юм бол Монгол Улс Засгийн газаргүй, Улсын онцгой комиссгүй, Эрүүл мэндийн яамгүй, Халдварт өвчин судлалын Үндэсний төвгүй мэт болов. Уг нь хариуцлага гэдэг юмыг эртхэн ойлгосон бол ийм байдалд хүрэхгүй байхаар юмсанж. Даанч цар тахалтай тэмцэх явцад өмнө нь гарч байсан алдаа дутагдалд дүгнэлт хийж хариуцлага алдагсадад тухай бүрд нь зохих гэм шийтгэлийг авсангүйн уршиг “өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг шиг юм болж Засгийн газраа унагаад авлаа. Тэгэхээр заавал Засгийн газар огцрох ёстой юм уу гэсэн асуулт гарч ирж байна. Хариулт нь ч тодорхой юм.
Үүнийг болсон явдлаас эхлэн тайлбарлах юм бол дөнгөж төрсөн эх хүнийг коронавирусийн халдвар авсаны төлөө ад үзсэн мэт төрөх газраас идэр есийн жавар тачигнасан өвлийн шөнө гэрийн халаад, углааштайгаар дөнгөж гарсан нялх үрийг нь тэврүүлэн хохь хүйтэн машинаар Халдвартын төврүү зөөвөрлөсөн нь ард олны зэвүүцэл төрүүлсэн хүнлэг бус үйлдэл болсон.
Нялх биетэй эх, нярай хүүхэд хоёрыг өрөвдсөн олны төлөөлөл залуучууд уур хилэнгээ багтааж ядсанаас болж хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын үе гэлээ Сүхбаатарын талбайд гарч жагссан юм.
Тэдний шаардлага нь УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулахыг хүсч байлаа.
Бас өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал цуглаан хийсэн нь буруу, тэднийг тараах ёстой гэж хий улс төржиж суусан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг ч огцрох ёстой гэж шаардсан юм. Гэтэл шаардлагын хариу юу болов гэвэл тэр өдрийн оройхон Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар мэдэгдэл хийхдээ сайдын албанаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өглөө гэв.
Тэгээд гэнэт дараахан нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болж буй үйл явдлаас үүдээд ёс суртахууны хариуцлага үүрч Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохоор боллоо гэдэг юм.
Тэгэн чинээ хэн ч санаагүй, шаардаагүй онцгой явдал тэр байлаа. Хэн У.Хүрэлсүхийг огцор гэсэн юм гэх хүн олон. Нэгэнт Ерөнхий сайд огцрох юм бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох Үндсэн хуулийн заалт бий.
Иймээс хэнийг ч хамаагүй улс төрийн томилгоо нэрээр сайд болгодог өмнөх алдааг арилгаж дандаа л мэргэжлийн сайдтайгаар бүрдсэн байсан Засгийн газар ердөө зургаан сарын дараа унадаг юм.
Цөөн тооны хариуцлагагүй хүнээс болж анхан шатан дээр алдаа гарвал Засгийн газрын тэргүүн нь хүртэл огцрох ёстой гэдгийг сануулав.
Энэ тухай ажиглагчид, ард иргэдийн зарим нэг хэсэг ёстой юм ёсоороо боллоо гэх ч дийлэнх нь У.Хүрэлсүхийн шийдмэг зан арай дэндэж хэцүү цаг үед ийм дэмий юм хийлээ гэцгээсэн юм. Засгийн газар заавал огцрох ёстой байсан юм уу гэхэд тийм гэх хүн олон байсангүй л дээ.
Уг нь Шадар сайд, УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд нарыг албанаас нь чөлөөлчихөд л хожимдсон ч гэсэн болох л ажил байсан биш үү. Я.Содбаатарыг бол аль эрт 22-ын товчоон дээр хүнд өвчтэй хөдөөнөөс ирсэн хүн нийслэл рүү орж чадалгүй байсаар тэнд амиа алдсан тэр үед л огцруулах учиртай байсан байх. Улсын онцгой комиссын албаны утсанд 68 удаа залгаад аваагүй гэдэг маш хариуцлагагүйн жишээ тэр үед яригдсан шүү дээ. Энэ бол УОК бас нийслэлийн Онцгой комиссын ажлын том алдаа байв.
Я.Содбаатар ч Содбаатар. Тухайн үед эрдэнэт хүний амь нас сүйдсэн учир би огцроё гэж сэтгэсэн бол нэр хүндэд нь арай хал багатай байх байсан болов уу. Манайхан яаж ч алдсан, хариуцлагагүйтсэн сандал суудалтайгаа амь тавин зууралддагийн харгай хөлдүүдөө хүрсэн нь энэ.
Бас Сэлэнгэ аймгаас хүнд өвчтэй ирсэн 10 настай хүүхэд шинжилгээнийхээ хариугаа хүлээж чадалгүй нас барсан эмгэнэлт явдал ч бий.
Монгол Улсын Үндсэн хуулийн хүн амьд явах, эрүүл саруул байх, төр засаг иргэдийнхээ амар амгалан тайван амьдрах эрхийг баталгаатай хангах үүрэгтэй гэсэн суурь зарчим энэ мэтээр алдагдсаар ирсэн байдаг.
Хууль хэрэгжүүлдэг төртэй засагтай байж улс орны хөгжил урагшилна. Тэр дотроо аль ч шатанд ажил албаны хариуцлага өндөр, ёс зүйтэй аливаад сэтгэлээсээ ханддаг, олон түмнээ боддог байх нь эрхэм юм. Энэ бүхнийг хэмжүүр болгоод харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар муу ажиллаагүй ээ. Болгож бүтээсэн юм нэлээд бий. Цар тахлын хэцүү үед ард иргэдийнхээ аж амьдралыг бодсон хэдэн чухал шийдвэрийг гаргасан. Үүнд нь иргэд талархалтай байдаг. У.Хүрэлсүхийг ч муу Ерөнхий сайд гэж хэлэх хүн цөөн байх.
Гэтэл “халуун зунаар саалиа хаяад үхдэг хүн бас байдгаа” гэдэг шиг халдварт өвчин, хахир өвлийн зуд зурхан гээд давхар давхар зовлон нүүрлэсэн энэ цагт түүний “би явлаа” гэсэн нь гайхал төрүүлэм.
Уг нь өөрөө их ухаалаг гэхээр үг хэлж байна лээ. –Би охин үртэй хүн. Болсон үйл явдалд эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд ч сэтгэл их эмзэглэсэн. Тэр эмэгтэйгээс, нийт ард иргэдээсээ хариуцлага алдсан нөхдийн өмнөөс уучлалт гуйж байна. Иймээс Ерөнхий сайд миний бие ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодсон.
Цар тахлыг амжилттай давж гарахын төлөө Засгийн газар, УОК бүхий л боломжийг эрж дайчилж ажилласан гэдгийг хэлье. Бидэнд амжилт ч бий алдаа оноо ч бий. Ажил хийвэл хийсэн шиг хийдэг, алдаа гаргавал хариуцлагаа үүрч чаддаг байх хэрэгтэй. Гаргасан алдаагаа бусад руу чихэж өөрөө ард нь хоргодож үлдэх явдал удирдагч хүний ёс зүй биш. Иймээс би өөрийнхөө хүүхэд байхаасаа олж авсан амьдралынхаа философийн дагуу хариуцлагаа ухамсарлаж Ерөнхий сайдын эрхэм хүндтэй албанаас огцорч байна гэсэн юм тэр. Бас улстөрийн үймээн самуун бүү гаргаасай гэж их болгоомжтой нэгэн болж харагдахыг хичээх шиг санагдсан. Нэг талаар улстөрийн оноо авах, өрөвдүүлэх зорилготой үг байж болох. Зарим нь түүнийг коронавируст бууж өглөө гэлцэв. Ингээд Х.Хүрэлсүхийн огцрохоор гаргасан саналыг УИХ-ын чуулганаар урьдаас захиалгатай мэтээр тун шуурхай хэлэлцэж гишүүд бүгд шахам дэмжиж харагдана лээ.
Түүнийг огцруулахгүй байя гэхээр “Дургүй ламд дарж байж сахил хүртээв” гэдэг шиг л юм болох байсан болов уу. Гэвч эрх баригч намынханд далд хэлцээр байсан биз. Бас сайд болохсон гэсэн нөхөд дуртай нь аргагүй товчлуураа дарсан болов уу. МАН-ын Лидер У.Хүрэлсүх зоримог, шийдмэг бас шударга талдаа хүн шиг атлаа далд бодол агуулж явдгаа сая харууллаа.
Тэр ер нь зарим нөхдийн дүгнэж хэлснээр “эргэж ирнэ гэж явдаг” тийм хүн юм. 2012 онд УИХ-ын гишүүн байхдаа нэг түшээг төрийн ордон дотор олны нүдэн дээр цохиж унагачихаад энэ хэрэг ер нь биш гэж бантсандаа ар гэрийн гачигдал нэрээр УИХ-ын гишүүнээс саналаараа чөлөөлөгдөөд явсан. Буцаж ирэхдээ их эрч хүчтэй хүн улс төрд зохих байраа эзэлж намынхаа дарга болсон. Тэгээд өдий өндөрлөгт хүрсэн хүн л дээ. Сая бас огцрох үедээ “Би улс төрөөс холдож байгаа юм биш. Гишүүний хувьд УИХ-ын танхимаас шударга ёсны төлөө хийх тэмцлээ улам хүчтэй хийнэ гэж байв. Басхүү хэн нэгнийг онилсон хардлага сэрдлэгийн занаж зүхсэн байдалтай үнэн болов уу даа гэмээр дайралт хийсэн нь өөрийг нь муухай харагдуулсан даа.
Энэ байдал нь цаашдаа ёс зүйтэй төртэй байгаасай, ёс зүйтэй удирдагчтай байгаасай гэж хэлсэнтэй харшилж байв.
У.Хүрэлсүх гэдэг хүний хэлж буй үг, авирлал нь болсон үйл явдлыг далимдуулан хийсэн улс төрийн оноо цуглуулах гэсэн аминчхан тоглолт байлаа гэж болно. Тоглох тоглохдоо бүр хэтэрсэн шог гэхээр юм боллоо гэж ажиглагчид бичиж байна. Тэр хэт яарчээ. Уг нь тун удахгүй засгаа тэргүүлсэн чигээрээ рейтинг өндөртэй байгаагаа ашиглан дараагийн нүүдлээ хийх нь зөв байсан байх. Тэгэлгүйгээр төрийн тэргүүний суудал эрт зүүдэлсэн сэтгэлийн хөөрлөөрөө Ерөнхий сайдын албанаас буусан нь алдаа болж магадгүй.
Бэлэхнээ урьд нь М.Энхболд гэдэг хүний “буруу замаар будаа тээсэн” гашуун үнэн бий шүү дээ.
Мань хүн алс нь би Ерөнхий сайдаас өөрийн саналаар огцорсон гэж танилцуулгадаа бичих биз.
Гэвч цаана нь улс төрийн “улаан поохуу” нэртэй ер бусын хонжоо яваад байгаа нь илт ажээ. Манай дээдчүүл эргэж ирэх гэж албан тушаалаас явдаг гэдгийг тодотгосон ойлгомжгүй зуршил бий.
Хэн нэгнийг алдаа гаргасны төлөө шууд хариуцлага үүрүүлж огцруулж чаддаггүй. Уг нь чадах ёстой юм. Гэтэл эхлээд алдаа гаргагчийг өөрөөр нь ажил албанаас минь чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл заавал гаргуулж заншсан. Энэ бол хүлцэнгүй муу арга.Нөгөө хүн хожим нь би тэр албанаас чинь өөрийнхөө саналаар чөлөөлөгдсөн гэсэн ариухан үг хэлж дараагийн албыг горилох нь элбэг.
Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарыг ч бас сая өргөдлөө өг гэсэн бололтой юм билээ.
Улс төрийн хүрээнд ийм практик бүр хэвшил болжээ.
Ердөө гурван сарын өмнө УИХ-ын гишүүний өндөр суудлаас татгалзаж Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн албанд ирсэн хүн бол Д.Сумъябазар. Тэр өнгөрсөн багахан хугацаанд улс орны нийслэл энэ том хотыг удирдах чадвараар ямар нь танигдаж тэр нь цар тахалтай энэ цаг үед Нийслэлийн Онцгой комиссын даргын албанд нөлөөлж байгааг олон түмэн олонтаа шүүмжилж байгаа.
Гэтэл тэр Нийслэлд болсон харамсалтай үйлдлийн төлөө санаа зовохын оронд Монгол Улсын Засгийн газар хүртэл огцорч байхад жагсаал цуглаанаа боль гэчихээд хэн нэг албан тушаалтныг огцруулах захирамжид гарын үсэг зурчихаад өөрөө нуугдаж сууна. Сая жагсагчид түүнийг огцрох ёстой гэж байсан шүү дээ.
Цаашдаа У.Хүрэлсүхийн Засгийн газраа огцруулсныг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг угтал боллоо гэдэг ч үнэн. Түүний ёс зүйн хариуцлага хүлээж байна гэсэн үг, үйлдэл нь алдаа, оноо хоёрын алин болохыг одоо хэн ч таашгүй ээ.
Тэгээд дараагийн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ гэдэг залууг нэрлэв. Засгийн газрын “жанжин штаб-ыг удирдаж байсны хувьд Л.Оюун-Эрдэнэ холын хүн биш. Болохгүй ч юмгүй гэхээр. Гэхдээ түүнийг орондоо суулгах гэсэн У.Хүрэлсүхийн санаанд их юм бий. Үүнийг дээр тодорхой хэлсэн учир давтах нь илүүц биз.
Бас У.Хүрэлсүх миний удирдсан Засгийн газар ингэж тэгж сайн ажилласан гэсэн магтаалын үг дараагийн Засгийн газарт тун хүнд ачаа үүрүүлэх шиг болсон. Далд санаа нь над шиг, манай Засгийн газар шиг ажиллаад тулгарч байгаа бэрхшээл зовлонг давж харагдаарай гэж тавласан байдалд мэдрэгдсэн.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болдог юм гэхэд үйлээ үзэж, үсээ маажна л гэсэн үг.
Түүний нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүллээ гэнэ лээ. Ерөнхийлөгч нь УИХ-ын чуулганы хуралдааны индрээс У.Хүрэлсүхэд хандаж Ерөнхий сайдын албанаас огцрохыг чинь огтоос дэмжихгүй гэж хэлж байсныг бодоход шуудхан “За зөвөө” гэх нь юу л бол. Ерөнхий сайдад дэвшүүлсэн хүний нэрийг гурав, дөрвөн удаа буцаасан удаа Монголын Улс төрийн түүхэнд бий шүү дээ.
Тийм юм битгий болоосой гэж санах минь. Хэрэв нэр дэвшигчийг буцаах юм бол цаг хугацаа алдаж засаглалын хямралд хүрэх аюул бий.
Цар тахал гэдэг өвчин ч тэр сиймхийг алдахгүй айхтар “дайсан” гэж бодогдох. Эцэст нь хэлэхэд хариуцлага гэдэг үг ярианы хачир маягийн хэлэгддэг болоод удсан. Одоо жаахан сэргэх нүү гэсэн горьдлого байна.
Иймээс түмэнд сануулах үүднээс хэлбэл хариуцлага гэдэг үгийн утгыг Я.Цэвэлийн тольд “ажил үүргийг гүйцэтгэх чадвар” гэж тэмдэглэсэн байх юм билээ. Тэгэхлээр гүйцэтгэх чадвар гэдэгт нь зөвхөн тухайн хүний мэргэжил мэдлэг биш эх оронч, нийгмийн эрх ашгийг ямагт хувийнхаас дээгүүр үзэх үзэл, энэрэнгүй хүнлэг сэтгэл, шударга ёсыг баримтлан ёс зүйтэй байх зэрэг цогц ойлголт багтаж байгаа юм. Энэ бүх шүүлтүүрээ дамжихдаа цоорхойгоор нь унаагүй тэр хүн хариуцлагатай хүн байж чадах ажээ. Хариуцлага хаа байна тэнд ёс зүй аяндаа бий болно.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин