2021-01-23Өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн ОНЦЛОХ үйл явдлыг BOLOD.MN сайт тоймлон хүргэж байна. Эдгээр өдрүүдэд Хүний эрхийн төлөө бухимдлаа илэрхийлж тэмцэж буй иргэдийн жагсаал ДОЛОО хоногийн онцлох үйл явдал байлаа. Үйл явдлыг тодруулбал, төрөөд удаагүй байсан эмэгтэйд хүнлэг бус хандсан явдал иргэдийг бухимдуулсан. Хүний эрхийн төлөөх иргэдийн жагсаал, ямар нэгэн намын захиалга бус залуусын дуу хоолойгоо хүргэх жинхэнэ "Ардчилсан жагсаал" болсныг дуулгах нь зүйтэй. Ийнхүү иргэдийн дуу хоолойгоо хүргэх тайван жагсаалаас үүдэн УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажил үүргээсээ огцрох саналаа хүргүүлэн хариуцлага хүлээхээ мэдэгдсэн юм.
Харин Ерөнхий сайдын саналаар танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо илэрхийллээ.
- Цахилгаан бараа, гар утасны худалдаа, цанын бааз зэрэг үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж байна.
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 18-аас буюу ирэх Даваа гарагаас эхлэн зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдөн нээхээр болсон.
Энэ дагуу цахилгаан барааны дэлгүүр, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйл ажиллагааг хэвийн явуулж эхэллээ. Мөн иргэдийг агаарт гаргах, ууланд алхах зэрэг дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэг болон зогсоолын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүллээ.
- Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг МАН-ын бүлэг судлах шаардлагатай гэж үзэв
МАН-ын бүлгийн хуралдаанаар Соёлын яамнаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлтэй танилцсан юм.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ. Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ юун түрүүнд эдийн засгийн нөхцөл байдал, тооцооллыг сайн хийх, мөн оффшортой холбоотой асуудлаар ялангуяа АТГ-аас олон асуудал тодруулах, эрх зүйн хүрээнд асуудлыг авч үзэх гэх мэт холбогдох бүхий л талын судалгааг хийж, нухацтай авч үзэх шаардлагатай гэж үзсэн байна. Үүнд тулгуурлан санал боловсруулаад, цаашид байнгын хорооны хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байдлаар ярилцлаа.
- АИ92 бензиний үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд барьж ажиллана
Ашигт малтмал, газрын тосны газраас АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх ажлыг төрийн зүгээс шатахуун импортлогч ААН-д авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч даргын мэдээлснээр "Жилдээ 13-15 орчим хувиар газрын тосны бүтээгдэхүүний импорт нэмэгддэг байна. Манай улс 2019 онд нийт хоёр сая гаруй тонн бүтээгдэхүүн импортолсон. Өнгөрсөн жилийн хувьд 2019 оноос 60 орчим мянган тонноор бага шатахуун орж иржээ. Харин Уул уурхайн компаниуд ямар нэгэн байдлаар зогсолт хийгээгүй нь импортын бүтээгдэхүүн буурахад нөлөө үзүүлээгүй байна.
АИ92 төрлийн бензиний одоогийн өртөг 1,450 төгрөг байна. Үүнд ААН-ийн ашгийн хэмжээ ороогүй байгаа аж. Хэрвээ ашгийн хэмжээ хоёр хувиар орвол АИ92 төрлийн бензин 150-200 орчим төгрөгөөр өсөх тооцоо байна хэмээлээ. Энэ бол гадаад зах зээлээс хамаарч байгаа өсөлт бөгөөд А-80 төрлийн шатахуун 81 хоног, АИ92 бензин 47, дизель түлш 26, онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй бөгөөд Монгол Улсын түлшний нөөц хэвийн гэж үзэж байна. Төрийн байгууллагуудын зүгээс арга хэмжээ авч ажиллахыг зорьж, импортлогч томоохон ААН-үүдтэй уулзалт хийж байгаа. Газрын тосны үнэ одоогийн байдлаар тогтворгүй байгаа бөгөөд өргөн хэрэглээний АИ92 авто бензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авч байна. Одоогийн үнэ болох 1,450 төгрөгт тодорхой хугацаанд барьж ажиллах талаар Ашигт малтмал газрын тосны газраас онцоллоо.
- Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-нд товлолоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны нэгдүгээр сарын 19-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай", “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн тус тус хэлэлцэн баталлаа.
СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох санал тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хугацааг дэмжсэн юм.
Мөн сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг гишүүд санал болгон дэмжлээ.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ. Уг тогтоолын төслийн УИХ-ын чуулганаар эцэслэн батлах юм.
- МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөллөө
Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлаар томилогдоод байсан Н.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөллөх шийдвэр гарлаа. Тодруулбал, нэгдүгээр сарын 19-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Н.Дэмбэрэлийг чөлөөлсөн байна. Учир нь Н.Дэмбэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэр тус телевизийн ажилчид, уран бүтээлчдийг хөөж гаргасан, "Херо" энтертайнментын уран бүтээлчдийг МҮОНРТ-ийн студид ярилцлагын бичлэг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, ажлын мөрийн хөтөлбөрийг уран бүтээлчдэд танилцуулаагүй зэрэг асуудлыг үндэслэн тус телевизийн уран бүтээлчид эсэргүүцжээ.
Н.Дэмбэрэл нь өнгөрсөн арван хоёрдугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон хэдий ч телевизийн уран бүтээлчид, үндэсний зөвлөлийнхний шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд дэд тус телевизийн дэд захирал байсан Г.Гэрэлийг Ерөнхий захирлаа томилжээ.
- Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ
Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагууд 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж.
Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангайд халдварын 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Улсын Онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас бусад аймгуудад халдварын голомт бүрэн устсан буюу халдваргүй бүс болсныг 2020 оны төгсгөлд мэдэгдсэн билээ.
Харин Сэлэнгэ аймагт Covid-19-тэй нь батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрсэн талаар мэдээллээ. Одоогоос хоёр сарын өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 74 настай эмэгтэй халуурсан шинж тэмдэгтэйгээр очиж, анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.
- Өргөө амаржих газар төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү тээвэрлэх явцад хайхрамжгүй хандсанд, иргэн бухимдан Төв талбайд эсэргүүцэл зарлан жагслаа
Энэ сарын 19-ны өглөө Нийслэлийн Өргөө амаржих газарт нярайлсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, Нэгдүгээр эмнэлгийг тусгаарлалтад авсан. Ингээд тухайн эмэгтэйг, нярайн хамт ХӨСҮТ-рүү тээвэрлэх явцад, өмсөж байсан нимгэн халаад болон, гэрийн углааш, нимгэн оймстой нь тээвэрлэсэн дүр зураг шууд телевизээр олон нийтэд хүрсэн. Дөнгөж төрсөн эмэгтэйд хүнлэг бус хандсан явдал иргэдийн бухимдлыг хүргэн, тухайн өдрийн маргааш нь буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр жагссан. Харин уг явдлын талаар УОК-ын дарга Я.Содбаатар ажлын хариуцлага алдсан эмч, эмнэлгийн ажилчдад ёс зүйн хариуцлага тооцох талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Түүний уг мэдэгдэл олон нийтийн дургүйцлийг хүргэж хариуцлага хүлээх ёстой хүн нь УОК болон холбогдох албан тушаалтан болохоос биш ажлаа хийж буй эмч, эмнэлгийн ажилчид байх учиргүй хэмээн үзсэн. Ийнхүү талбайд жагсаж буй иргэд сайд болон албан тушаалтнуудаас хариуцлага нэхэн ажлаасаа огцрохыг шаардан оройн 22 цаг хүртэл эсэргүүцлээ илэрхийллээ.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээ албан тушаалаасаа огцрох санал гаргалаа
Төв талбай дээр болсон иргэдийн жагсаалаас үүдэн Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан, УОК-ын дарга Я.Содбаатар нар ажил үүргээсээ огцрох саналыг Ерөнхий сайд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Талбайд болж буй иргэдийн жагсаалыг намжаах зорилгоор мөн хариуцлага тооцох арга замаар жагсаалыг намжаахаар УОК болон Засгийн газар өдөржин хуралдаж хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн аж.
Ийнхүү Шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох саналаа өгсний дараа У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, танхимаараа огцрох санал гаргасан байна. Ийнхүү МАН-ын бүлэг Ерөнхий сайдын гаргасан саналыг 100 хувь дэмжсэн юм. Ийнхүү дараагийн Ерөнхий сайд болон бусад холбогдох сайдуудыг дахин томилохоор боллоо.
- Л.Оюун-Эрдэнийг сайдад нэр дэвшүүллээ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулжээ. Улмаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болж, дэмжсэн байна.
Тиймээс хуулийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Л.Оюун-Эрдэнийг төрийн тусгай хамгаалалтад авчээ. Ийнхүү МАН-ын бага хурлаар, түүнийг дэмжих эсэхийг хэлэлцэх бөгөөд түүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн томилох юм.
- АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден ажлаа хүлээн авлаа
Лхагва гарагт АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болсон Жо Байден үүрэгт ажилаа хүлээн авлаа. Тэрээр ажилдаа орсон эхний өдрөө 15 зарлигт гарын үсэг зурж, өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигуудыг цуцаллаа. Тухайлбал, тэрбээр АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ эргэн нэтгэх тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Д.Трамп өнгөрсөн оны долдугаар сард АНУ-ыг ДЭМБ-аас гарах үйл явцыг эхлүүлж, тус байгууллагыг БНХАУ-ын ашиг сонирхлын үүднээс коронавирусний халдварын тархалтын цар хүрээг нуун дарагдуулсан, шинэчлэл хийхээс татгалзсан гэж буруутгасан юм.
Жо Байден мөн АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээнд буцаан нэгтгэлээ.
Шинэ Ерөнхийлөгч мөн Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг зогсоож, хил ормын бүсэд тогтоосон онц байдлыг цуцлав. Д.Трамп 720-800 км хана барихаар амласан бөгөөд нэгдүгээр сарын 5-ны байдлаар 727 км-ийг нь босгожээ.
Үүнээс гадна, Жо Байден Ойрхи Дорнодын хэд хэдэн орны иргэдийг АНУ-д нэвтрэх хязгаарлалтыг цуцлах тухай зарлигт гарын үсэг зурав. Д.Трамп 2017 онд Иран, Ливи, Сири, Йемен, Сомали, Судан, Ирак зэрэг орны иргэдийг нэвтрэхийг хориглосон билээ.
АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан өөр нэг зарлиг бол Канад, АНУ-ын хил дээр нефть дамжуулах “Keystone XL” хоолойн барилгын ажлыг зогсоох тухай юм.
Тэрбээр мөн төрийн байгууллагуудад амны хаалт заавал зүүх тухай, ядуурлын нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээний тухай зарлигт гарын зуржээ.