2020-12-31Дэлхий дахин коронатай тэмцэж байна. Тийм. Гэхдээ хүн төрөлхтөн ганцхан корона вирус яриагүй байна.
Эдүгээ дэлхий дахин коронагийн дараа дэлхийн эдийн засаг, улмаар хүн төрөлхтний нийгэм ямар байх тухай ярьж, эрэл хайгуул хийж, шинэ шинэ дүгнэлт санал гаргаж, хэлэлцэж маргаж байна. Асуудал томрон томорсоор одоо хүртэл оршин тогтнож ирсэн нийгэм эдийн засгийн байгууллыг, тодруулж хэлбэл капиталист байгууллыг уг сууриар нь өөрчлөх тухай ярьж эхлэв. Энэ маргаан хэлэлцүүлэгт ямар ч анхаарал тавихгүй, “огт тоохгүй” байгаа улс нь Монгол юм. Ямар ч гэсэн энэ агуу том асуудлын цар хүрээг ойлгуулах үүднээс эл бяцхан өгүүллийг тэрлэв. Энэ товч өгүүлэл Та бүхэнд барьж буй Шинэ жилийн бэлэг юм шүү…
“Дэлхийн Засгийн Газрын” зовнил ба төлөвлөгөө.
Дөнгөж саяхан 2019 оны 10 сарын 18-нд нэгэн сонин хурал болов. Энэ хурлыг Дэлхийн Эдийн засгийн Форум, Меланда Гейтс нар Жон Хопкинсийн нэрэмжит Эрүүл мэндийг хамгаалах Төв хамтран “сайн үйлсийн” зорилгоор зохион байгуулжээ. Түүнд бизнес, төрийн удирдлага, нийгмийн эрүүл мэндийн хүрээнд ажилладаг 15 лидер оролцож, бүх гаригаар тархаж буй коронавирусын цар тахлын тархалтын “магадлалт” нөхцөл байдлыг загварчлах асуудал хэлэлцжээ. Энэ хурлын үндсэн оролцогчид нь АНУ-ын генералууд, мөн улс төрийн лидерүүд байв. Энэ хурлыг одоо Event 21 гэж нэрлэх болжээ.
Энэ хуралтай хуралгүй ертөнц маш хурдан өөрчлөгдөж байгаа нь мэдээж хэрэг.
Дэлхий ертөнц шинэ нөхцөлд амьдраад бүтэн жил болж байна. Урагш явах хөдлөх цаг ирсэн нь тодорхой болов. Ингээд “дэлхийн Засгийн Газар” дэлхийн байгууламжийг өөрчлөх алхмууд хийж эхэлжээ.
Энэ оны 6-р сард манай гаригийн хамгийн нөлөө бүхий бизнес-лидер, засгийн газрын түшмэд, идэвхтнүүд хийгээд бусад даяарчлагсад хуралдсан ба түүнд хун тайж Чарльз, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, “MasterCard”-ын захирал Ажай Банга, ВР-ын Ерөнхий захирал Бернард Луни, ОУВС-ын Ерөнхий эдийн засагч Гопинат нарын олон “нэр хүнд” оролцжээ.
Мөн эдний дунд 1971 онд Давосын Бүх дэлхийн Эдийн засгийн Форумыг үндэслэгч, түүний Гүйцэтгэх захирал Клаус Шваб байлаа.
Клаус Шваб:
“Хэрэв коронавирусын цар тахлын хорт уршгийг даван туулахыг хүсч байгаа бол Бүх Дэлхий өөрийнхөө суурь системийг шинэчлэн өөрчилж, дахин үнэлэх ёстой.”
“COVID-ын хямрал манай хуучин системүүд XXI зуунд таарахаа байсныг харуулав. Тахал нийгмийн нэгдэл нягтрал, шударга ёс, ойлголцол, тэгш эрх зэрэг уг сууриараа байхгүй болсныг илрүүлэв. Одоо зөвхөн вирустэй тэмцэх биш, түүний дараах (пост корона) системийг бүрдүүлэх түүхэн агшин мөн.” гэж дүгнэж байна.
Мөн энэ уулзалтын үеэр Краус Шваб: “Энэхүү “суурь дутагдал” нь бидний сэтгэлгээ, зан үйлийг оролцуулаад орчин үеийн нийгмийн “бүх талууд”-ыг хамарсан “өөрчлөн байгуулалт”-ыг бий болгож, улмаар нийгмийн шударга ёсонд “төвлөрсөн” нийгмийн шинэ гэрээг гарцаагүй төрүүлж байна” гэж дүгнэжээ.
Швабын үзэж байгаагаар энэхүү нийгмийн шинэ гэрээ нь: баялгаас (агуулга нь баячуудаас гэсэн утга- Орч) авах татвар, корпорацуудын нэмэлт дүрэм, түүнчлэн сенатор Берни Сандерс, Нью-Йоркийн төлөөлөгч Алексардрия Окосио-Кортес нарын ардчилагчдын дэвшүүлж буй “Шинэ Ногоон бодлого” багц хуультай төстэй “экологид чиглэсэн” улсын хөтөлбөрөөс бүрдэх ёстой ажээ.
Энэхүү “Шинэ Ногоон бодлого” нь их гүн утгатай, алсын үр дагавартай учраас түүний агуулгыг товч дурдах нь зүйтэй.
“Шинэ Ногоон бодлого” нь одоохондоо багц хуулийн төсөл агаад яг хууль болж амжаагүй. “Шинэ Ногоон Бодлого” бол даяар дулаарлаас сэргийлэх, хүн амын нийгмийн хамгаалалт муу давхаргад түүний үзүүлэх боломжит сөрөг үр дагаврыг дээд зэргээр багасгах гэх мэт арга хэмжээг багтаасан ойрын 10 жилд АНУ-ын баримтлах бодлогын зорилтуудыг тусгасан баримт бичиг юм. Товчоор хэлбэл Гретт Тунберг гэгчийн хүсэл эрмэлзлийг багтаасан баримт бичиг болно.
Нийгмийг өөрчлөн байгуулах энэ ажлыг Дэлхийн Эдийн засгийн Форум “Агуу Их Дахин Ачаалал” гэж нэрлэж буй. Агуу Их Дахин Ачааллын зорилго нь баялгийн дахин хуваарилалтад хүргэдэг жирийн нэг том бодлого биш, харин дэлхий дахины даяар бүтэц, институтуудыг иж бүрэн өөрчлөн байгуулах явдал юм.
Ийм том цар хүрээтэй, ийм зоримог, ийм даяар зорилтыг лавтайяа сүүлийн 50 жил дэвшүүлж байгаагүй. Дэлхий дээр анх удаагаа “оршин буй нийгмийн байгууллыг иж бүрэн өөрчлөх” буюу шууд хэлбэл “капитализмыг уг сууриар нь өөрчлөх” санал санаачлага гарч байгааг Та анзаарсан байх.
Клаус Шваб францын зохиолч Тьерри Маллертай хамтран энэ онд бичиж, эдүгээ дэлхийг шуугиулж буй “Говид-19: Агуу Их Дахин Ачаалал” (Covid-19: The Great Reset) номдоо ийн бичиж байна:
“Маш олон хүн бид хуучин байдалдаа хэзээ эргэж орох вэ ? гэж асууж байгаа. Товч хариулахад ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ.”
“Хямралаас өмнө зонхилж байж байгаад одоо “алдагдсан” хэвийн байдал хэнд ч, юугаар ч эргэж ирэхгүй, яагаад гэвэл коронавирусын цар тахал манай даяар замналыг (траектор) уг сууриар нь эвдэж байгаад оршино.”
“Зарим аналитикууд үүнийг маш ноцтой салаалал (бифуркаци), зарим нь “Библийн” цар хүрээний гүнзгий хямрал гэж үзэж байгаа ч мөн чанар нь хувиршгүй: 2020 оны эхний сарууд хүртэл бидний мэддэг Дэлхий байхгүй болсон ба цар тахлын дуулианд уусан алга болсон.”
Ноцтой санал.
Клаус Шваб “Агуу Их Дахин Ачаалал” ойрын үед болох ёстой гэж зөгнөж байна:
“Илүү шударга, тогтвортой, бат бөх ирээдүй”-д хүрэх зам тавихын тулд эдийн засаг, нийгмийн системийн суурь үндсийг хамтран, хойшлуулалгүй байгуулах ёстой.”
“Дэлхийн лидерүүд хэрэв дараагийн 50 жилийн проблемуудыг шийдэнэ гэж бодож байгаа бол “ажилладаг систем”-ийг сэргээн тогтоох ёстой, “Агуу Их Дахин Ачаалал” амжилтад хүргэхийн тулд АНУ-аас эхлээд Хятад хүртэлх бүх улс гүрэн, мөн нефть, хийнээс эхлээд технолог хүртэлх бүх салбар оролцох ёстой бөгөөд ингэж баймаажин өөрчилж чадна.”
Товчоор хэлбэл Клаус Шваб “Капитализмын Агуу Их Дахин Ачааллын” тухай ярьж эхлэв. Урд өмнө нь “капитализмыг өөрчлөх” саналыг зөвхөн коммунист, социалистууд гаргадаг байсан бол энэ удаад “жинхэнэ хөрөнгөтнүүдээс” гарах болов. Энэ нь зүгээр нэг санал биш, харин “капитализмыг өөрчлөх” тов тодорхой төлөвлөгөө юм.
“Боловсролоос эхлээд нийгмийн гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн нөхцөл хүртэлх манай нийгэм, эдийн засгийн бүх талуудыг (аспект) шинэчлэхийн тулд дэлхий дахинаараа хамтран, хурдан шуурхай ажиллах ёстой” гэж Клаус Шваб уриалж байна.
“Бид ганцхан гаригтай. Цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтний хувьд улам бүр эмгэнэлт үр дагавартай даяар хямралд хүргэж ч болно. Бид үлдсэн богинохон хугацаанд эдийн засгаа хувирган өөрчилж байгальтай зохирон нийцсэн сэтгэлгээ, үйлдэлтэй болох ёстой.”
Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Шаран Берроу энэ арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлээд хүмүүс болон хүрээлэн буй орчинд хөрөнгө оруулах зарчмуудыг тусгасан улс төрийн бодлого боловсруулах нэн чухал шаардлага бий гэв. Цааш нь тэр манай эдийн засгийг Говид-19-ын дараа “дахин тэнцвэржүүлэх” хүсч байна. ОУВС-гийн дүгнэснээр эдийн засаг Их Хямралаас хойшхи санхүүгийн хамгийн адгийн хямрал руу явж байна.
Шаран Барроу: “Бид дурын үнээр ашиг олох менталитетийг үгүй болгохгүй бол тогтвортой хүрээ хязгаарын дотор эдийн засгийн засгийн ирээдүйг байгуулж чадахгүй. Манай гаригийн хил зааг, эрчим хүчний болон технологийн системийг өөрчилж чадахгүй бол бид хүмүүст зориулсан амьд гариггүй болно” гэж дүгнэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Мануэль де Оливейра Гутерриш “Агуу Их Дахин ачааллыг” эсрэгээр үнэлж:
“Бид бүхэн тулгаран буй цар тахал, цаг уурын өөрчлөлт, өөр олон даяар өөрчлөлтүүдийг сөрөн зогсож чадах илүү тэгш эрхтэй, харилцан ойлголцдог, тогтвортой эдийн засаг хийгээд нийгмийг байгуулах ёстой” гэж мэдэгдэв.
Эсэргүүцэгчид
Одоо дэвшүүлж буй асуудал их ноцтой хэлбэртэй болж байна. Америк болон аж үйлдвэрийн хувьд хөгжилтэй том орнуудын иргэдэд үүнийг итгүүлж, үнэмшүүлнэ гэдэг бол ёрын ажил болох нь ойлгомжтой.
Асуудал зөвхөн корона вирусыг нэг удаа ялах тухай биш, харин түүний дараа дэлхийд нүүрлэн ирсэн дараагийн аварга хямралыг хөндөж байгаа юм. Энэ шинэ хямралыг “цаг уурын өөрчлөлт” гэж үзэх болжээ.
Мэдээж хэрэг “Агуу Их Дахин Ачааллыг” эсэргүүцэгчид тэр дорхноо гараад ирж.
Мэдээллийн “SkyNews” платформын редактор Жек Хоутан: “Шваб болон түүний талынхан, Дэлхийн Эдийн засгийн Форумын дэвшүүлж буй “капитализмыг шинэчлэх” гэсэн “Агуу Их Дахин Ачаалал” нь ХХ зууны хамгийн их үхэл дагуулсан нийгмийн туршилт руу буцаж орсон хэрэг мөн. Хэрэв энэ нь хэзээ нэгэн цагт биелдэг юмаа гэхэд улам олон хүн улам их нэрвэгдэх болно”.
“Капитализм үнэхээр тэгш бус байдлыг бүтээдэг, гэхдээ үүний хамт тэгш байдлыг бүтээж байдаг хүн төрөлхтний мэдэх цорын ганц систем юм. Яагаад гэвэл баялаг бүтээнэ гэдэг бол тэг нийлбэртэй тоглолт биш юм. Мөнгө болон баялгийн эцсийн тоо хэмжээ гэж байхгүй. Хүмүүсийн капитализмын эмгэнэл, арга тасарсан байдлаас татан гаргах мөнгө бүтээж болно, ажлын байр бий болгож болно” гэж дүгнэж байна.
Консерватив аналитик “Heartland Institute” Төвийн захирал Жастин Хаскинс: Дэлхийн Эдийн засгийн Форум хүн төрөлхтнийг төрийн хяналтыг хүчтэй болгоход түлхэж, өнөөдөр хүмүүсийн тулгараад буй асуудлуудыг улам гүнзгийрүүлж байна гэж эсэргүүцжээ.
“Агуу Их Дахин Ачаалал” бол бүхий л даяар эдийн засгийг капитализмаас хамтач ёсны зүгт бүрэн шилжүүлэх гэсэн санал бөгөөд энэ нь капитализмд өөрт нь болон хагас зуу илүү жил тогтсон хувийн эрх чөлөөнд хамгийн ноцтой аюул учруулж байна” гэж Жастин Хаскинс дүгнэжээ.
Мөн консерватив тайлбарлагч Алекс Ньюман гэгч: Дахин ачаалал нь эдийн засгийг өөрчлөхийн оронд түүнийг сүйрүүлэх бөгөөд чөлөөт зах зээлийн үзэл баримтлалыг үгүйсгэн, капиталистууд болон бизнес эрхлэгчдийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байна гэж дүгнэжээ.
Алекс Ньюман: “Дэлхийн Эдийн засгийн Форум хэрэглэгчдэд шаардлагатай бараа таваар үйлдвэрлэх болможийг үйлдвэрүүдэд олгохын оронд нийгмийн шударга ёс нэрийдлээр “цагираг дундуух харайх”-ыг шаардаж байна” гэж буруутгав.
Алекс Ньюман:”Бизнес засгийн газрын зааж өгсөн цагираг дундуур харайж гарах ёстой болж байна. Нийгмийн цагираг дундуур гарахын тулд Та бүхэн “Black Lives Matter” болон нийгмийн шударга ёс гэж тунхагласан зүсэн бүрийн марксист байгууллагуудад ихээхэн мөн өгөх ёстой” гэж дүгнэжээ.
х х х
Эндээс дүгнэлт хийх боломж одоохондоо байхгүй. Ямар ч гэсэн эдүгээ оршин буй эдийн засаг, нийгмийн байгуулал, дэлхий нийтийн хэвшиж тогтсон дэг журам мухардалд орж, түүнийг өөрчлөх бодит шаардлага түүхэн хөгжлийн явцад бий болсон гэдэг нь ойлгомжтой байна.
Энэ талаарх маргаан ид өрнөж, маш олон эрдэмтэн мэргэд татагдан орж байна. Харин энэ удаад онолын маргаанаас гадна “капитализмыг өөрчлөх” янз бүрийн практик төлөвлөгөө дэвшүүлж байгаад гол онцлог нь оршино.
Дэлхий даяараа энэ асуудлыг шүүн хэлэлцж байна. Харин манай Монголын эрдэмтэн мэргэд л оролцохгүй байна. Сэтгэлгээний хувьд ийм үхээнц дорой байж боломгүй санагдана. Учир нь энэ бол хаа хамаагүй холын асуудал биш, харин бид бүхний хувь заяаны асуудал юм.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2020 оны 12 дугаар сарын 30
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?