2020-12-15Эрхлэгч маань тэртээ 1993 оны нэгдүгээр сарын 4-нд “ХАМ АА, ЧИ ДИВААЖИНД ОЧООРОЙ” хэмээх бүтээлээ туурвижээ.
Өгүүлэгт тодрон тодрох дүрүүд амьдралаас амилсан ч байж болно, зохиогчийн сэтгэлээс ургасан ч байж мэднэ. Алин боловч эл бүтээл хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн. Тодорхой хэлбэл, хагас жаран өнгөрсөн ч эл бичвэр мартагдаж, бүдгэрсэнгүй. Тэр ч бүү хэл өчигдрийн бичсэн үйл явдал өнөөдрийн нийгэмд өрнөөд ч байх шиг. Өнгөрсөн зуунд бичсэн уг зохиол шинэ зуунд ч утга төгөлдөр хэвээрээ аж. Ороо бусгаа энэ нийгмийг зөгнөөд, өнөө цагийнхны араншинг мэдсэн юм шиг сэтгэл ёг хийтэл нь ёжлоод үлдээж дээ. Эрхлэгч өөрөө эл бүтээлдээ гардаг “ХАМ АА, ЧИ ДИВААЖИНД ОЧООРОЙ” хэмээн хүмүүсийг сөрж алхсан хүүгийн эгэлхэн дүр шиг ийм дэврүүн, тийм гэгээн, хүний дээд байсан сан. Тиймээс тэр бас лавтай диваажинд очсон биз. Ингээд илүү үг үл нуршин, их хүмүүний хагас жарны өмнө бичсэн “ХАМ АА, ЧИ ДИВААЖИНД ОЧООРОЙ” бүтээлийг уншигч абугай танд хүргэе. Эрхлэгч маань тэнгэрийн орныг зориод, даруй 13 жил өнгөрчээ.
ХАМ АА, ЧИ ДИВААЖИНД ОЧООРОЙ
Үхэл гэдэг гагц уй гашуу хэмээн би ойлгодог байв. Гэтэл бас үйл явдал магадгүй баяр баясгалан ч юм билүү би эргэлзэх боллоо.
Ээжийн маань найз нэгэн авгай бий. /Ээж харин найз чинь гэхээр боож үхэх шахна/ Тэр эгч авгай орох гарах тоолондоо л оршуулга үхэл ярьдаг юм.
-Ямар сайн байхав, хөөрхий. Хар залуугаараа амьтан бүр хүүхдээрээ шүү. Би очсон, очилгүй яахав...
-Уржигдар гаргадаг нөгөө муу талийгаач! Раак ч хүнийг ёстой арьс махтай нь амьдаар нь хатаах юм даа. Харахын аргагүй болж. Бүр нүд нь ширгээд , чих нь дэлдийж, хамар нь ёнхоогоод...
Яг тэр мөчид аав хоёр, гурав хий ханиалгаснаа дээр доор гишгэлэн, дан цамцтай чигтээ гараад явчихна.
Ээж араас нь:
-Хөөе чи салхи авчихна дээлээ нөмрөөч гээд галынхаа хайчаар зуухны хоёр бөөр цөмлөх гэсэн юм шиг тачигнуулна.
Орой хавьд хэн нэгэн үхлээ гэж дуулбал тэр авгай гүйгээд очно.
Би хичээлээ тарчихаад Даян дээрхийн дээд доод давхраар баахан түлхэлцэж нүд хужирлаад харьж явлаа.
-Хүүе Энхжин!
Хамар хашааны туниа муутай бор охины нүдэнд нулимс мэлтэгнээд саатай юм шиг хэд цовхчсоноо:
-Хам чинь...чи мэдээгүй юм уу, хам чинь үхчихлээ шүү дээ гэж чарласнаа эхэр татан уйлав.
Би яг л сүхдүүлчихлээ. Бүх юм өнөөдөр биш гэхэд маргааш салж унана гээд бид хоёрын мөрийцдөг тэдний хашааны булан хэвээрээ, урд хүр доороос үргэлжилсээр утаа мананд шингэж ууссан хот хэвээрээ, Гандангийн урдуур сүүмийн сүүмийсээр жаргадаг нар хэвээрээ байхад миний хам, миний газар дээрх ганц хам үхчихлээ гэж үү?!
Бид хоёр өглөөхөн салсан юм. Тэр сургуулиа хаяад бараг сар болж байгаа. Гэрийнхэн нь мэдсэн ч мэдээгүй юм шиг, өөрөө явдаггүй ч явдаг юм шиг дүр үзүүлсээр өдий хүрсэн билээ.
Тэр юу эсийг хийхэв. Түүний мэдэхгүй тоглоом Улаанбаатарт ховор. Компьютерийнхэд бүр адтай. Тэр аймаар хортой. Хор шарандаа ёстой буцалдаг амьтан. Гурван төгрөг алдчихвал арав хоног санаагаар унана.
Арван төгрөг хожчихвол сар маадайна. Түүгээрээ хоёр ширхэг тамхи авч нэгийг нь надад бэлэглээд (сайхан зан нь хөдөлбөл) дүү нартаа чихэр авч, үлдсэнийг нь дараачийн тоглоомонд жоорлоно. Тэр харин хулгай хийнэ гэж ярихгүй.
-Миний хүү хулгай хийх, харамлах хоёрыг л тэвчээрэй. Арван хар нүглийн хоёр айхавтар нь энэ шүү гэж эмээ үхэхдээ захисан юм.
Хам нь энэ хоёрын дундуур хорвоогийн тоос хөдөлгөөд явахад алзахгүй гээд нүдээ онийлгоод инээдэг сэн. Бид хоёр хулгай хийх, харамч сувдаг байхыг цээрлэж, нүгэл үйлдэхгүй, тамд унахгүй гэж андгай өргөсөн удаатай билээ.
Тэр өглөө уулзангуут:
-Хам аа, арван төгрөг байна уу? Гэлээ.
-Байна.
-Надад өгчих.
-Больё. Талхны мөнгө.
-Хам нь өчигдөр шатчихлаа. Талхныхаа мөнгийг хүртэл тавиад туучихсан. Ээж цаа чинь цамнаад, тэлээ олдвол боож үхэх шинжтэй. Дүү нар бас уйлалдаад...
Би дуугарсангүй.
-Чиний хичээл тартал зай ч байна, лай ч байна. Хам нь эхлээд талх аваачиж өгчихөөд дараа нь... чиний мөнгийг өгчихнө.
Би алхаад л байлаа. Ээжийн нь цамнах, дүү нарын уйлах надад падгүй хэрэг. Ямар үзээгүй биш. Тэр шатчихвал би бас баларна. Өчигдөр тэнэж яваад талхнаас хоцроод баллуулахыг алдсан. Өнөөдөр хоосон очвол өнгөрлөө гэсэн үг.
Бид хоёр сургууль руу дөхөөд ирлээ. Түүний алхаа нь удаашраад нэг л унхиагүй болчихов.
-Хам аа, чи харамлаж байна уу? Арай ч дээ.
Түүний нүд тийм гунигтай, өрөвдөлтэй байхыг би урьд харсангүй.
-Харамлана гэдэг арван хар нүглийн нэг биз дээ. Май.
Тэр миний гар дээрх үрчгэр аравтыг удтал ширтсэнээ санаа алдаад шүүрч авлаа. Хэд алхтал хойноос.
-Хам аа! гээд хашхирлаа. Тэр гараа зангидан дээш өргөв. Би бас өргөлөө... Хамыгаа үхчихнэ гэж би яагаад ч үнэмшсэнгүй. Хар эрчээрээ гадаа нь гүйж ирсэн намайг ээжийнх нь:
-Алаад өгөөч ээ! гэж ер бусын муухайгаар орилох дуу тогтоов. Би гадаа нь зогсоод л байлаа.
-Хөөрхий амьтан гишгүүлчихэж дээ.
-Тэгнэ ээ, тэгнэ. Энэ картын бараа, талхны дажин нэг л ингэх гээд байсан юм.
-Өрөвдмөөр юм. Арван төгрөг атгачихсан гар нь бүр хөшчихөөд арайхийн тэнийлгэсэн гэсэн шүү. Хаалга онголзож хүмүүс цувна.
“Арван төгрөг! Би яах гэж чамд өгөв өө! Тамд унахаас айгаад өгчихлөө шүү дээ... Хам аа, чи тийм өөдгүй байхдаа яадаг юм.
Чи бид хоёрын ганц сурсан юм чинь дугаар дайрах биш билүү?! Хэцүү л дээ, хэцүү. Гэхдээ чи ийм өөдгүй... Хам аа! Хам аа!...”
Босго алхангуут ээжийн аймшигтайгаар гялалзах хоёр нүд өмнө унав.
-Талх авчихсан уу?!... Ээ үйлийн үр! Тэнэхээс өөр ид шидгүй яачихсан хоолны сав бэ?!
Би орны толгойноос аавын аралтай цэрэг бүсийг авч ээжийн өмнө чулуудаад өмдөө шувталж буруу харан зогслоо. “Ээж минь ороолго. Үхтэл ороолго. Хамыгаа алчихсан өөдгүй амьтныг ороолгоод аль... Яагаад өвдөхгүй байна аа. Чангахан гуядаач дээ...”
-Ээж ээ, битгий! Ахын хам талхны оочилт дайлуулаад тэнгэлт нишчихшин. Дүү ээжийн араас зуураад авлаа.
-Юу?
-Нээлээ, нээлээ
Миний нулимс үерлэж бүлцийсэн нүдийг хараад ээж юу болсныг ойлголоо.
-Ээ бурхан сахиус минь. Ээ бурхан сахиус минь!
Өвдөг дээрээ сөхрөн унаад намайг тэврэн авсан ээжийн бие данхтай цай даргих адил салгалж байв...
Өнөө өглөө хамыг маань гаргалаа. Тэдний гадаа нэг ачааны машин ирээд зогсчихсон харуй бүрийд хэдэн хүн нааш цааш гүйлдэнэ.
-Ямар сайн байхав. Арван гуравтай гэдэг чинь хар нялхаараа амьтан байхгүй юу. Хаа очиж царай зүс нь ерөөсөө өөрчлөгдөөгүй байна шүү. Эвий, эвий... Ээжийн найз хэдийнэ ирчихжээ.
Машин хөдөллөө. Араас нь бүгд дагалаа. Бүгдийнх нь хамар шуухитнана. Толгойгоо гудайлган алхацгаана. Заримынх нь нүдэнд нулимс мэлтгэнэнэ. Хэн гашуудаж, хэн жүжиглэн, хэн ёс төрийг бодож газар ширтэн явааг бурхан тэнгэр л ялгана. Хамыг маань ачсан машин уур, утаа савсуулан гудамж тойрлоо.
“ Хам аа, чи диваажинд очоорой. Баяртай!”
-Хүүе чи чинь уй гашуу болж байхад малийтал инээсэн ямар хуншгүй лүд вэ! Зайл эндээс!
Би бусдыг сөрөн буцаж алхлаа.
1993 оны нэгдүгээр сарын 04