2020-12-13Өнгөрсөн ДОЛОО хоногт болж өрнөсөн ОНЦЛОХ үйл явдлыг BOLOD.MN сайт ТОЙМЛОН хүргэж байна. Эдгээр өдрүүдэд УОК болон Засгийн хуралдааны шийдвэрийн дагуу хорио цээрийн дэглэмийн хугацааг 12-р сарын 10-ны өдрөөс ахин гурав хоног сунгах шийдвэр гаргасан ба ирэх даваа гарагаас эхлэн хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар бууруулах шийдвэр гаргасан юм.
Тодруулбал, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болгон бууруулсан юм. Түүнчлэн даваа гарагаас эхлэн 34 үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах горимд шилжих болсон нь өнгөрөгч ДОЛОО ХОНОГИЙН онцлох үйл явдал байв.
- Төрийн ордонд 3 цагийн хорио тогтоолоо
Энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд 3 цагийн хорио тогтоолоо. Учир нь төрийн ордны хоёр давхрын нэгэн ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу эерэг гарсан аж. Иймд төрийн ордны зүүн жигүүрийн ажилчдыг өрөө өрөөнд нь түр тусгаарлах арга хэмжээ авчээ.
Улмаар тухайн иргэнээс PCR шинжилгээ авсан бөгөөд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Төрийн ордны ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар мэдээлсэн юм. Ингэснээр төрийн ордонд тогтоогоод байсан хөл хориог цуцалсан бөгөөд тухайн ажилтан нь төрийн ордны сантехникч байжээ.
- УОК: Амиа алдсан Архангай аймгийн иргэнд шуурхай үйлчлээгүй хүмүүст хариуцлага тооцно
Архангай аймгаас Улаанбаатар хотод ирээд хөл хорионы улмаас Нийслэл хот руу нэвтэрч чадалгүй, 22-ын товчооны орчимд 58 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарыг 8-нд гарсан. Тухайн иргэн нь 12-р сарын 7-ны өдөр Архангай аймгаас “Эмээлт” тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн бөгөөд Улаанбаатар хотод эрүүл мэндийн шалтгааныг улмаас гэх ба коронавирусийн шинжилгээний хариугаа хүлээн автомашиндаа нэг хоносон бөгөөд ирсэн өдрийнхөө маргааш өглөө нь биеийн байдал нь муудаж нас барсан аж.
УОК-оос талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Түүнчлэн тухай цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъаяабазар, Архангай аймгийн засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болгосон юм. Түүнчлэн тухайн хэргийг хууль хяналтын болон холбогдох байгууллага шалгаж байгаа ажээ.
- Ирэх даваа гарагаас Улаанбаатар хотын бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулж зарим байгууллагуудын үйл ажиллагааг нээнэ
Засгийн газрын 12-р сарын 9-ны өдрийн хуралдаанаар Даваа гарагаас буюу энэ сарын 14-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмийг сулруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болгон бууруулах шийдвэр гаргалаа.
Коронавирус шинээр илрэх, халдварын тоо харьцангуй цөөрч халдварыг хяналтдаа авсан хэмээн үзэж байгаа тул Засгийн газраас дараах шийдвэрийг гаргасан аж. Түүнчлэн гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар дагаж мөрдсөн Монголын ард иргэддээ Монгол Улсын Засгийн газраас талархлаа илэрхийлсэн юм. Харин дэглэмийг үе шаттайгаар бууруулсан ч хуучин дэглэмээр цаашид үргэлжлүүлэх бөгөөд Монгол улс түүхэндээ анх удаа улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хорио цээрийн дэглэмд оруулсан талаар онцолсон юм.
Түүнчлэн Улаанбаатар хотод Даваа гарагас эхлэн 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон бөгөөд үүнд, хувцас захиалга, дугуй засвар, хоол үйлчилгээний газрууд, ахуйн худалдааны төвүүдийг нээхээр болсон ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн журмаар явах юм. .
- Иргэдээс 25 тэрбум гаруй төгрөг залилсан Э.Оюунчимэгийн ялыг хэвээр үлдээлээ
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Э.Оюунчимэг нь “Жи-Тайм” гэх пирамид сүлжээг оруулж ирэн олон иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс таван жилийн хорих ялыг оноосон байдаг. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийлвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсанаар уг гомдлыг энэ сарын 10-ны өдөр хэлэлцсэн юм.
Улмаар давж заалдах шатны шүүхээс Э.Оюунчимэгт оноосон 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тодруулбал, зарим хохирогчийн авах төлбөрийг тогтоолд тусгаагүй байсныг нэмж бичин, шүүгдэгч Э.Оюунчимэгээс бүх төлбөрийг гаргуулах тогтоолын заалтыг өөрчлөн “Жи Тайм”-ыг Монголд оруулж ирээд өдгөө зугтаж алга болсон Маратын битүүмжилсэн хөрөнгөөс авахаар болжээ. Хэргийг сануулбал, “Жи Тайм” корпорейшн ХХК нь нийт 12,365 иргэнийг 27,965 хөтөлбөрт элсүүлж нийт 11,398 иргэнд 25,801,307,70 төгрөгийг залилсан байдаг юм.
- МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг тодрууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 12-р сарын 9-ны өдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-аас нэр дэвшүүлсэн Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн Д.Нямсамбуу
Засгийн газраас нэр дэвшүүлсэн Б.Золбаяр, З.Энхболд, нарыг чөлөөлж, тэдний оронд шинээр томилох хүмүүсийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. Улмаар Ж.Цэсэн, М.Уянга, Г.Отгонбаяр, Д.Цоодол, М.Наранбаатар, Ч.Батцэнгэл, Б.Ганболд нарыг МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонголоо.
Хуулиараа Үндэсний зөвлөлийн 15 гишүүний долоог нь УИХ-аас, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр дөрвөн хүнийг нэр дэвшүүлэхээр заасан.
Эдгээрээс Ерөнхийлөгчөөс Шашны түүх уламжлалт ёс заншил чиглэлийн, УИХ-аас Гадаад харилцаа, Байгаль орчин, Сэтгүүл зүй, Эрхзүйн чиглэлийн, Засгийн газраас Эдийн засаг, Бизнес менежмент, Техник, технологийн чиглэлийн хүмүүсийг тус тус нэр дэвшүүлэх хуультай юм.
- Инстаграм болон Фейсбүүк мэссэнжер дэлхий даяар гацлаа
Энэ сарын 9-ны өдөр фейсбүүк болон инстаграм мэссэнжерт саатал гарлаа. Хэрэглэгчид чат илгээх боломжгүй болсон бөгөөд фейсбүүкийн мэссэнжерийн аппликейшнээс чат илгээхэд хэрэглэгчдэд “сүлжээг хүлээж байна” гэх хариу гарч ирж байсан аж. Арван хоёрдугаар сарын 9-ны өглөөний 09:00 цагаас эхлэн Их Британи, Европ даяар мессенжэрийн хурд удааширч эхэлжээ.
Уг асуудлын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар гомдол гаргасан хэрэглэгчдийн 80 хувь нь зурвас хүлээж авахгүй байна гэсэн бол 20 хувь нь огт нэвтрэх боломжгүй байна хэмээжээ.
- Тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг 7 болголоо
Засгийн газрын хуралдаанаар тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг 7 хоног болгон шийдвэрлэлээ. Ингэхдээ эхний 14 хоногт хоёр удаа, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна.
Энэхүү шийдвэрийг Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн гаргажээ. Түүнчлэн цаашид эрүүл мэндийн салбарын хүчин чадал, хүний нөөцөд анхаарах, өдөрт 1000 хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болж, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөцийг 2-3 сараар бэлтгэх, ХӨСҮТ хил, гааль болон төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах, цар тахлын талаарх үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах, бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл болгосон юм.
- МҮОНРТ-ийн хоёр сэтгүүлчийг баривчиллаа
МҮОНРТ-ийн хоёр сэтгүүлчийг энэ сарын 10-ны өдөр баривчиллаа. Тус телевизийн ажилтнууд 9-ны өдрөөс эхлэн ажлын байрныхаа гадна жагсаал хийж эхэлсэн юм. Учир нь телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн 7 хүнийг сонгосон юм.
Эдгээр 7 хүний зарим нь эрх ашгийн зөрчилтэй, телевизийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй гэж МҮОНРТ-ын ажилтнууд үзжээ. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь сэтгүүлч Б.Пүрэв болон дууны найруулагч ажээ. Тэднийг цагдаагийн байгууллагаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгажээ.
- Улсын хэмжээнд 371,872 хүн COVID-19-ийн шинжилгээнд хамрагджээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн мэдээллийг өдөр бүрийн 11 цагт хүргэдэг билээ. Өчигдрийн байдлаар 24 цагийн дотор 20633 сорьцод шинжилгээ хийсэн бөгөөд долоон хүний шинжилгээнээс халдвар илэрчээ. Эдгээрийн зургаан тохиолдол нь Улаанбаатар хотод илэрсэн бөгөөд Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүгээс илэрсэн байна. Харин үлдсэн халдвар нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байсан бол үлдсэн нэг тохиолдол нь Сэлэнгэ аймгаас илэрчээ.
Ингээд Монгол улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 905 боллоо. Эдгээрээс 473 нь эдгэрсэн бол 423 нь эмчлэгдэж байгаа юм байна. Харин эмчлэгдэж буй иргэдийн биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд 5, хүндэвтэр 76, хөнгөн 341 хүн байгаа бол нутаг буцсан 9 хүн байгаа аж.
Харин гаалийн ажилтны ойрын хавьтлын 35 хүнээс халдварын шинжилгээ авахад одоогоор халдвар илрээгүй байгаа аж.