2020-11-29Өнгөрсөн ДОЛОО хоногт болж өрнөсөн үйл явдлыг BOLOD.MN сайт тоймлон хүргэж байна. Энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсвийн тухай хууль болон бусад дагалдан батлагдсан хуулиудыг бүхэлд нь хориг тавьсан юм. Түүнчлэн Монгол банкнаас бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулсан бол банкны төгрөгний заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгжээр бууруулж 6 хувь болголоо.
Мөн хатуу хөл хорион дунд Монгол Улс тунхагласны 96 жилийн ойн баяр энэ сарын 26-ны өдөр тохиолсон зэрэг үйл явдлууд эдгээр өдрүүдэд болж өрнөлөө.
- Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 24-ны өдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа.
Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлуулах тухай, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай, Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн хугацааны үндсэн чиглэлийг батлах тухай, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг батлах тухай нийт таван бодлогын бичиг баримтыг өргөн барьж байна. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төсвийн тухай хуульд заасан хугацаанд ирэх оны төсвийг өргөн барилаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арван нэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байдаг. Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал, улс орон ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх, эгзэгтэй хүнд үе тулгараад буй юм.
Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор нь дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн нийт хөрөнгийг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлж дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглаж нэн даруй хэрэгжүүлэх, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавирусийн халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өдрийн орлоготой иргэдийг онцгой анхаар тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг зохих өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж үзжээ.
Иймд эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн хэд хэдэн зүйлийг үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.
- Монгол банк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо
Монгол банкны мөнгөний бодлогын хороо энэ сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа. Ковид-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтээр бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монгол банк бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулан 6 хувь болгон, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувь болголоо. Түүнчлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долоо дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэрийг гаргалаа.
“КОВИД-19” цар тахлын сѳрѳг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ. Монголбанк нь өрхийн болон аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн юм.
- Монгол улс тунхагласны 96 жилийн ойн баяр ХӨЛ ХОРИО-нд тэмдэглэгдлээ
Монгол Улсыг тунхагласны 96 жилийн ойн баяр арван нэгдүгээр сарын 26-ны өдөр болдог билээ. Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголчууд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цар тахал дотоодод бүртгэгдэж хатуу хөл хорион дунд, хүчит бөхийн барилдаангүй бүх нийтээрээ гэр гэртээ энэ өдрийг өнгөрүүллээ.
Эдүгээ Улсын анхдугаар Их хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар их хурлаар олон чухал зүйл хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар үндсэн хуулийг 1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэйгээр баталсан юм.
- Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-ээс 10-ны хооронд явуулна
Улсын хэмжээнд хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй 85 мянга гаруй иргэд байгаа хэмээн УОК-оос мэдээлсэн юм. Харин Улаанбаатар хот руу нэвтрэх 5300 гаруй иргэд байгаа аж. Иймд арван нэгдүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн коронавирусийн шинжилгээ авч эхлэх бөгөөд шинжилгээг авахын тулд 20 цэг нэмж ажиллуулах аж. Түүнчлэн тээвэрлэлтийг хоёр янзаар шийдэх бөгөөд хувийн тэрэгтэй иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчих бол үлдсэн иргэдийг нийтийн тээврээр нутаг буцаах аж. УОК-н зүгээс иргэдэд цахим системд бүртгүүлэхийг сануулж байсан ба явах иргэд 119.мн сайтад бүртгүүлэх юм. Бүртгүүлэхэд асуумжын дагуу асуултад үнэн зөв хариулж, хаашаа явах маршрутаа байршуулснаар систем өөрөө шинжилгээ өгөх байршил, цагийг зааж өгөх аж. Ингэснээр шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд Авто тээврийн үндэсний төвийн ticket.mn сайтаар орон нутгийн унааны захиалга өгөх боломж нээгдэх юм. Харин орон нутгийн онцгой комиссоос нийт иргэдийг хүлээн авч, иргэд өөрсдөө 14 хоног тусгаарлагдаад дахин шинжилгээ өгөх болно хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдээлсэн юм.
- ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг суллажээ
ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц нарын зургаан хүн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон. Харин тэднийг энэ сарын 23-ны өдөр суллажээ. Нийслэлийн прокурорын газраас 2020 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байсан юм.
Тэгвэл 461-р ангид хоригдож байсан Б.Хурц нарыг суллахдаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шүүх хурал хийлгүйгээр, шүүгдэгч талын хүсэлтэд прокурор эсэргүүцэл бичээгүй тохиолдолд шүүх хурал зарлалгүйгээр шүүгч захирамж гаргаж болох зохицуулалтын хүрээнд ийнхүү суллажээ. Тодруулбал, Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 11-р сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хувийны баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
- Нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, 250 мянган төгрөгөөр зардаг байсан этгээдүүдийг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн алба Цахим ажил гэх хуурамч фейсбүүк хаягаар дамжуулан “Орон нутгаас нийслэлд ирээд гацсан иргэд холбоо барина уу” гэх зарыг цахим хуудаст байршуулж, нас барсны бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн хяналт шалгалтын постоор иргэдийг нэвтрүүлсэн зургаан үйлдлийг илрүүлжээ.
Энэ хэргийг 35 болон 33 настай иргэд үйлдсэн бөгөөд уг хоёр этгээдийн нэг нь өмнө нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэд нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдээс 250 мянган төгрөг авч байжээ.
- Ах нь төрсөн дүүгийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөжээ
Төрсөн ах нь охин дүүгээ мөчилж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, арван нэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ яваад өнөөдрийг хүртэл сураггүй алга болоод байсан охины цогцсыг энэ сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олсон байна. Тухайн дүүргийн оршин суугчаас жалганд байгаа хоёр шуудайнаас муухай үнэр гарч байна хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгч, дуудлагын дагуу шалгахад сураггүй алга болоод байсан 14 настай охины цогцос мөн болохыг тогтоожээ.
Ингээд гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж шалгахад, 18 настай охины төрсөн ах нь дүүгийнхээ аминд хүрсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Охин дээрээ гурван ахтай байсны хамгийн бага ах нь ийнхүү түүний аминд хүрсэн байна.
- Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан "COVID-19"-ийн цар тахлын хөл хорионы үед нийслэлд болон хөдөө орон нутгуудад архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ. Гэвч цахим орчинд зар нийтлэн согтууруулах ундаа худалдан борлуулах, мөн гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зэрэг зөрчлүүд гарсаар байна.
Тодруулбал, 2020 оны 11-р сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хамтарсан шалгалтаар цахим сүлжээгээр согтууруулах ундааг худалдан борлуулж байсан долоон зөрчил илрүүлжээ. Албаныхан хууль бусаар худалдаалах гэж байсан 252 литр архи, 1200 литр пиво зэргийг хураан авчээ.
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед гаргасан дээрх зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйлийн 2 дах хэсгээр зүйлчлэн иргэнийг 500 нэгжээр, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгох эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэлийг оногдуулах хуультай.