2020-11-25З.БАТЦЭЦЭГ
-Сергей Витальевич хоёр долоо хоногийн өмнө та 47 нас хүрсэн. Их санагдаж байна уу? Бага санагдаж байна уу?
-Юу хийж амжсан, цаашдаа юу хийх вэ гэдгээ ойлгоход хангалттай хугацаа. Долоон жилийн өмнө дөчин насандаа Москвагийн Губернийн театрын уран сайхны удирдагчаар томилогдсон. Энэ бол том хариуцлага. Чи зүгээр нэг жүжигчин биш, чамд итгэж хүлээлгэж өгсөн хамт олон, бүхэл бүтэн театр хариуцаж ажиллана. Театр одоо амаргүй байна. Хөл хорионы үеэр манай театр 80 сая рубль алдсан: жүжиг, аялан тоглолт цуцлагдан, үзэгчид байхгүй.....Бидний санхүүд хүнд цохилт болсон. Сая нээгдсэн ч шатрын хөлгөөр сууж байгаа болохоор алдагдалтай л байна. Гэхдээ жүжигчид дахиад тайзан дээр гарч байгаа нь үнэ цэнэтэй юм. Жүжигчин хүн тоглохгүй байж чадахгүй. Энэ хоёрдугаар давалгааг бид бүгд эрүүл саруул давах болтугай. Арга хэмжээ чангарч байгаа ч бид ажиллаж байгаа. Бүс нутгуудад 10 сарын 21-нээс олон нийтийн бүх ажиллагааг цуцалсан ч Москвад жүжиг тоглогдсоор байна. Хавар гэхэд байдал хөнгөрөх байх гэж найдаж байна. Ер нь бол бид энэ вирустай дасан зохицож амьдарч сурах хэрэгтэй болох нь.
-Шоубизнесийхэн хуримтлал орлоготой хэрнээ мөнгөгүй болж байна хэмээн олны дургүйг хүргэсэн, зун?
-Шоубизнесийхэн, театрын жүжигчдийн цалин тэс өөр. Би кино, телевизд их тоглодог. Энэ бүгд байхгүй, би зөвхөн театрын уран сайхны удирдаачаар ажиллавал хорио цээрийн үед 50 мянган рублийн цалин авах байлаа.
-Та энэ мөнгөөр амьдарч чадах уу?
-Хэцүү л байх. Бүр зээлээ төлнө.
-Та зээлтэй юм уу?
-Мэдээж. Бусдын л адил. Тийм ээ би ядуу хүн биш. Яагаад гэвэл би их ажиллаж байсан, ажиллаж ч байгаа. Гэхдээ надад өөр бизнес байхгүй. Би ямар нэгэн захирлын зөвлөлд ордоггүй, надад ямар ч хувьцаа байхгүй, нэмэлт орлого байхгүй.
-Википедиад бизнесмен гэж бичсэн байсан.
-Бизнесмен биш. Хувиараа хөдөлмөр эрхлэгч Сергей Безруков. Чаддаг зүйлээрээ мөнгө олдог. Миний чаддаг ажил бол тайз, кинонд тоглох, жүжиг дэглэх, кино, телевизэд дуу оруулах. Болоо. Одоо бас театр удирдаж сураад байна. Энэ амаргүй, ганцхан өөрөө биш, 500 хүнийг хариуцаж ажиллана гэдэг. Цэвэрлэгч, тасалбар таслагчийг яаж алсын зайнаас ажиллуулах уу? Насны хязгаарлалтад багтсан жүжигчдийг яах уу? “Вишневый сад” жүжигт Фирсд Виктор Дмитриевич Шутов тоглодог. Тэр 81 настай. Тэгээд хуулийн дагуу түүнийг энэ жүжигт тоглуулахгүй болж байгаа юм. Энэ хэцүү. Ядаж л жүжгийн уран сайхны гүйцэтгэл алдагдаж байгаа юм. Фирс чинь жүжгэндээ бараг 100 настай, Виктор Дмитриевич дүрээсээ залуу л даа. Гэхдээ л түүнийг тайзнаа гарч ирэхэд эргэлзээгүйгээр Фирс байна гэж мэддэг. 65-аас дээш насны жүжигчид гэртээ сууж байх ёстой гэдэг талаар ярих ч юм биш. Жүжигчин хүн тайзгүйгээр амьдарч чадахгүй. Бид Фирсийг 60 настай жүжигчнээр солихоос аргагүйд хүрсэн. Виктор Дмитриевич рүү яриад өөрийг нь хамгаалж ингэхээс өөр аргагүй гэдгийг тайлбарласан. Түүнийг жүжигтээ буцаж ирнэ гэж найдаж байна. Ер нь театр эргэж хэвэндээ хурдан ороосой.
-Губерны театрын шинэ сезоны гол жүжиг “Дядя Ваня”?
-Тийм ээ. Энэ жүжигийг Антон Павлавич Чеховын 160 жилийн ойд зориулсан юм. Хөл хорионы өмнөхөн энэ санаа орж ирсэн. Үүнээс өмнө “Маскарад” жүжиг хийн, Арбенины дүрээр би тайзнаа гарах байсан юм. Есдүгээр сард нээлтээ хийх байсан ч манайх өөр “маскарад” болсныг та харж байгаа бизээ. Жүжгийг Литвийн найруулагч Роландас Аткочюнас дэглэх байсан ч цар тахлаас болон ирж чадсангүй. Зүүм /ZOOM/-ээр ажиллахыг бид хүсээгүй юм. Жүжгийг дараа жил болгон хойшлуулсан. Манай театр бусад театруудын адил гаргах жүжгийн норм, төлөвлөгөө гэж байдаг. Тэгээд бид Арбениныг хойшлуулан, өөр зүйл хийхээр шийдсэн. Амьдрал юу вэ гэдгийu заагаад өглөө. Яг энэ жил Антон Павлович Чеховын 160 жилийн ой болж байгаа учираас “Дядя Ваня”.
-Хөл хорионы үед та зуслангийн аж ахуйгаар идэвхтэй амьсгалж байсан. Энэ нь таньд таалагддаг уу?
-Үнэхээр, би олонхийн адил зусландаа идэвхтэй ажилласан. Ногоо суулгана, улаан лооль, өргөст хэмх, тахиа гээд. Төмс суулгасан, алимны модоо шүршсэн. Манай ээж аав тариаланч гаралтай, тэд газарт хайртай, ажиллаж чаддаг. Манай эхнэр Эрхүүд ногооны талбайтай байсан, газар хөрсний ажилд дуртай. Бидэнд хэцүү байгаагүй. Хүүхдүүд бөөн баяр. Тэгээд л миний толгойд эдлэн газрын эзэн Войницкий Иван Петровичийн дүр орж ирээд. “Дядя Ваня” жүжиг хийх санаа төрөн, зураг төслийг нь гаргаад бэлтгэлдээ орсон. Гол нь тайзан дээр нэгэн зэрэг олон жүжигчин гарахгүй байх нь чухал. Бид хязгаарлагдмал баатруудтай байгаа: Астров, Ваня авга, Елена Андреева, Соня, Войницкийн ээж, асрагч. Хоёр баатар маань бэлтгэл дээр ирэхгүй байгаа. Ээжийн дүр, асрагчийн дүрд тоглож байгаа хоёр жүжигчин 65 настай. Мэдээж би санаа зовж байна. Жүжгийн нээлт 12 сард болно. 11 сарын дунд үеэс эхлэн намжих байх гэж найдаж байна. Гэхдээ төлөвлөөд яриад л байхаар.....Жишээ нь ялалтын баярын 75 жилийн ойд зориулан “Подольские курсанты” гарах ёстой байсан. Одоо л гарах гэж байна. Гэхдээ одоо гарах гэж байгаа нь бас зүгээр. Москвагийн төлөөх тулаан яг 10 сарын сүүл 11 сарын эхээр байсан. Энэ киног үгээр тайлбарлах аргагүй. Эх орноо хамгаалсан залуучууд......Тэдэнд 7 хоног тэсээрэй гэхэд тэд хоёр долоо хоног гаран тэссэн. Эх орноо амь биеэ хайрлахгүй хамгаалсан. Баатарлаг гавъяа......12 сард бид Алексей Германы “Воздух” кино зураг авалтаа үргэлжлүүлнэ. Бас дайны тухай, тэнгэрт шатаж, тэмцэж явсан бүсгүйчүүдийн тухай. Энэ бүтээлээ дуусгачихмаар л байна.
-Ойрын үед таны бүтээлүүд ар араасаа цуврах нь. Россия сувгаар Александр Велединскийн “Обитель” сериал гарна?
-Тийм ээ. Саша бид хоёр эртнээс хамтарч ажиллахыг хүсэж байсан ч болж өгөхгүй байсан юм. Тэр “Бригада” сериалд зохиогчоор ажиллаж байсан. Бид хоёулаа Волгаас гаралтай. “Обитель” их чухал, урт удаан түүх. Лагерийн дарга Эйхманисийн дүрд хувирна гэдэг хэцүү даалгавар. Тэрээр Соловков вант улсыг байгуулан, хүнийг өөрчилж болдог гэдэгт бат итгэдэг нэгэн. Тэгээд дараа нь өөрөө балардаг. Үйлийн үр бүгдийг гүйцдэг байх л даа. Тэр хүний үйлдлийг зөвтгөж, учрыг нь олох боломжгүй, тиймээс дүрдээ үнэмшилтэй хувирхыг хичээсэн. Гэхдээ ажиллахад сонирхолтой, тэгээд ч жүжигчдийн бүтэц сайхан байсан. Үүнээс гадна мөн Россия-гаар гарах “Оптимисты 2” сериалын зураг авалт дууссан. Алексей Попогребскийн бүтээл. 1960-аад оны тухай, сонирхолтой түүх байгаа.
-Та олон янзын дүрд хувирсан болохоор таньд хэцүү дүр гэж байдгүй байх аа?
-Энэ чинь туршилт. Манай хамт олныг хар даа. “Табакерк”-т хамт ажиллаж байсан Евгений Миронов, Владимир Машков надтай адил Табаковын шавь. Володя Николай || эсвэл Распутины дүрд хувиран, Женя болохоор Солженицын, Достоевский, сансрын нисэгч Леонов, Ленин, Горбачев нарын дүрд хувирахад хэн ч тэд “Энд ч тэнд ч тоглож байх юм” гэж хэлдэггүй биз дээ. Би ч бас тэднээсээ дутахгүй янз бүрийн дүрд хувирахыг хичээж байна. Миний хувьд санаанд багтамгүй дүрүүдийн нэг бол манай Анягийн надад өгсөн балетчин залуугийн дүр. (Анна Матисон-түүний эхнэр). Миний баатар тэс өөр гаригийнх байсан. Тэс өөр дүрд хувирна гэдэг жүжигчин хүний жүжиглэх урлагийн агуу утга учир гэж боддог. Нэг л явсан замаараа яваад, адил дүр бүтээхийг хэн ч хүсэхгүй. Би ч мөн ялгаагүй.
-Сергей Витальевич та ийм их завгүй байж Олон Улсын Хүүхдийн фестиваль зохиож хэдийдээ амждаг юм бэ?
-Хүсэл байвал амжина аа. Энэ жил харамсалтай нь онлайн явагдаж байгаа. Гэхдээ бүх зүйлээс давуу талыг нь олж харах хэрэгтэй. Онлайн болохоор энэ жил орон нутаг, бүсийн хүүхдүүд бүх программыг үзэж болно. 11 сар дуустал зохиогдоно. Хамгийн сайн хүүхдийн жүжиг, кино, цирк, мөсөн шоуг үнэгүй grandkidsfest.ru рүү орон үзэж болно.
-Та хүүхэд байхдаа театрт дуртай байсан уу?
-Мэдээж. Цэцэрлэг тарахаар аав намайг театр руугаа аваад явдаг байсан. Заримдаа би хувцас солих өрөөнд зураг зураад суудаг байсан. Гэхдээ ихэнхдээ зааланд суун жүжиг үздэг. Орой цагаар томчуудад зориулсан жүжиг тоглогддог ч би ааваасаа гуйгаад үздэг байсан. Та шоолох байх л даа, гэхдээ би Шиллерын “Разбойник” үзэх дуртай байсан. Энэ их эмгэнэлт жүжиг, гол дүр Карл Моорт аав тоглодог. Аав эхэр татуулан уйлахад түүний эмоци надад дамжигдан би түүнтэй хамт тэр баатрыг нь мэдрэн ойлгон уйлдаг байсан. Карл Моор дүүжлүүлэх гээд сөхрөөд суухад “Наадах чинь сайн хүн. Дээрэмчин ч гэсэн сайн хүн. Шударга” гээд хашгирмаар санагддаг байсан. Гэвч юуг ч өөрчилж чадахгүй. Жүжиг дуусахаар найруулагчийн туслах намайг тайзны араар оруулдаг, аав жаахан байж байгаад тэвэр дүүрэн цэцэгтэй ирдэг. Хоёулаа цэцгээ аваад ээжид өгөхөөр явдаг байсан. Энэ тайзны үнэний мэдрэмжийг би насан туршдаа санадаг. Чи баатартаа үнэмшихээр тоглоом биш, жижигхэн амьдрал мэт. “Аленький цветочек” жүжгийн үеэр би ангийхныгаа авчран, миний аав энд тоглож байгаа гээд их бахархдаг байж билээ. Зарим нэг охидыг тайзны ард оруулан онгирч байлаа. Энэ жүжигт гардаг модон завь ямар гээч︕заалнаас харахаар завь хөвж яваа юм шиг. Гайхалтай.
-Та хэнийг мэргэжлийн багшаа гэж боддог вэ?
-Эхлээд аавыгаа. Намайг сайн ажиглаж, жүжиг бие дааж бэлдэхэд тусалдаг байсан. Дараа нь Олег Павлович Табаков. Би аавын адил МХАТ төгссөн. Түүний цаг үед энэ их чухал байсан. Аав хэлэхдээ, тэр үед бүх театрын төгсөгчид шалгаруулалтад оролцдог. Мхатовчууд, Вахтангчууд, Щепкинчууд асар том ялгаатай. Мхатовчууд даруухан, хар өмд, цагаан цамцтай. Вахтанговчууд өндөр, өтгөн үстэй, царайлаг охид хүүхнүүд. Мхатчууд тайзан дээр гарангуут сэтгэл уртал тоглодог, комиссын гишүүдийн зүрх агшдаг байсан гэлцдэг. Яагаад гэвэл энэ үнэн, үнэмшилтэй тоглодог. Одоо бол өөр. Ямар сургуульд сурах нь хамаагүй, гол нь курсийн удирдагч л чухал болсон.
-Таны аав таньд ямар үнэтэй зөвлөгөө өгдөг вэ?
-Юунаас ч битгий ай. Зоригтой амьдрах хэрэгтэй. Тиймээс би юунаас ч айдаггүй.
-Өөрийн хүүхдүүд Маша, Степандаа юу зааж сургадаг вэ?
-Хамгийн түрүүнд ахмадаа хүндлэх. Хүн шиг биеэ авч явах. Тэдэнд бүх юм байгаа учраас тэд эрх чөлөөтэй. Хамгийн гол нь тэднийг хэтэрхий бэлэн зэлэн, шидэт ертөнцөд байгаа юм шиг сургаж болохгүй. Бодит амьдралтай нүүр тулах их чухал. Жишээ нь цэцэрлэгт чамаас илүү хөдөлгөөнтэй, хүчтэй, сэргэлэн хүүхдүүд бий. Чи тэднээс илүү байя гэж бодвол хичээх хэрэгтэй. Хүүхдүүд энгийн дадал зуршилтай болоосой гэж хүсдэг. Жишээ нь Машад жүжиглэх авъяас бий. Шүлэг уншихдаа хурц, тод, сайн уншдаг. Одоо ердөө дөрвөн настай шүү дээ. Гэхдээ жүжигчин болохын тулд өөр олон зүйл чаддаг байх ёстой. Охиноо жүжигчин болж чадах нь уу гэдгийг би удаан ажиглана. Манай аав цагтаа намайг тэгж ажиглаж байсан. Намайг Арбузовын “Хөөрхий Марат минь” жүжиг дээр би уйлахдаа чичирч, Ленинградын бүслэлтийн үеэр Леонидик ямар байсан бол гэж төсөөлөн дүрээрээ амьдарч байхыг аав хараад надтай хичээллэж эхэлсэн. Би ч мөн адил, Машад авъяас байвал цааш нь хөгжүүлнэ. Одоо л жүжигчин болно гэж яриад байдаг юм. Харж л байя.
-Таны хүүхдүүдтэйгээ тоглож байгаа Instagram дээрх зургийг хараад “хэрцгий” дүр бүтээж байсан гэхэд үнэмшмээргүй юм?
-Би одоо болтол Саша Белый байна гэж байхгүй шүү дээ. Би одоо үсээ арагш нь толийлгон самнаад, мерседес унаж байгаа бичлэгээ оруулаад байвал сонин биз дээ. Бас буутай. Заримдаа би тоглоом хийн Саша Белый стилийн зураг оруулдагаа. Би энэ дүрээ хэзээ ч гомдоохгүй. “Бригада”-н нэр хүнд надад цаашаа явах боломж олгосон. Энэ бол Алексей Сидоровын гайхалтай бүтээл. Саша Белый 90-ээд оны цаг үеийн баатар мөнөөс мөн. Тэгснээс манай эхнэр надтай суусныхаа дараа энэ сериалыг үзсэн. Гэхдээ одоо хүмүүс надад Годуновын дүр сайхан болж гэж баяр хүргэх нь ихсээд байгаа. Зарим нэгний хувьд би Есенин, Витя Сумрак, Иешуа, Высоцкий, “Участок” сериал. Одоо болтол тайзнаа “Березы” дууг дуулахад бүгд даган дуулдаг. Уг нь энэ миний дуу биш, “Любэ” хатлагийн дуу. Гэхдээ хүмүүст “Участок” сериалаар танигддаг болсон дуу.
-Хус гэснээс. Энэ жил Сергей Есенины 125 жилийн ой болно. Та энэ дүрээрээ олонд нэлээн танигдсан. Саяхан түүний төрөлх хот Константоновод очиж, хэрэглэж байсан эд зүйлсийг нь барьж үзсэн. Ямар мэдрэмж төрсөн бэ?
-Эхлээд би дандаа гараа ариутгаж байсан гэдгээ хэлье. Үнэнийг хэлэхэд ийм боломж олгосон музейн хамт олонд баярлалаа. Сергей Есенины өмсөж байсан арьсан гэрийн шаахайг өмсөж үзсэн. Малгай, хар ноосон жилетка, тухайн үедээ моод болж байсан судалтай өмд. Энэ бүгдийг гартаа барьж байхад үгээр илэрхийлхийн аргагүй. Константоновод очих бүрдээ мөнхийн зүйлд хүрч байгаа юм шиг.
-Одоо таны эхнэр Анна Матисоны тухай ярилцая. Яагаад та хоёр хамтдаа олны нүдэнд ил гардаггүй юм бэ?
-Бидэнд сонирхолтой байдаггүй. Тэгээд ч жаахон хүүхдүүдтэй. Гэр бүл, ажил төрөл гээд завгүй, үнэндээ өөрсдөө ч хүсдэггүй. Хамтдаа сайхан байдаг. Аня ямар ч гэж хоёр ч удаа жирэмсэн байлаа. Энэ чинь хүндэтгэх шалтгаан мөн биз дээ. “Кинотавр” дээр улаан хивсэн дээр хамтдаа алхсаан.
-Тэгэхэд сэтгүүлчид ангайсан шүү. Та хоёр урьд нь тийм юм үзүүлж байгаагүй учраас.
-Өөр арга байгаагүй ээ. Киногоо танилцуулах хэрэгтэй байсан. Хүмүүс янз бүрийн юм бичихээс өмнө өөрсдөө жирэмсэн гэдгээ зарласан дээр гэж шийдсэн юм. Ер нь бол бид хувийн орон зайгаа хамгаалдаг. Зарим хүмүүс гэр дүүрэн зочинтой байхад дуртай байдаг. Бид тийм биш. Мэдээж манайд хүн ирнэ л дээ. Гэхдээ их биш.
-Амралтын өдрөө яаж өнгөрөөдөг вэ?
-Бид хөгжимд их дуртай. Консерватор их явдаг. Бидэнд мөрөөдөл бий. Амралтаараа Вена, Зальцбург, Мюнхен явж дуурь сонсох. Ер нь бол Аня бид хоёр гэр амьтай хүмүүс. Гэхдээ оройжингоо зурагт үзээд хэвтэж байдангүй. Голдуу хүүхдийн суваг л үзэцгээдэг дээ.
-Хүүхэд асрагч бий юү?
-Бид хоёр хоёулаа завгүй учраас байлгүй яахав. Гэхдээ хүүхдүүдээ өөрсдөө хүмүүжүүлэхийг хичээдэг. Аня охинтойгоо англи хэлний хичээл хийнэ, аяга тавгаа угаана, хоол хийнэ. Одоо биднийг ярилцаад сууж байхад тэр хоёр оройн хоолоо хийж байгаа.
-Ямар хоол?
-Чахохбили. Аня сая бичиж байна “Ирээд заавал Машагийн хийсэн хоолыг амсаарай. Өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө идсэн гэдгээ хэлээрэй”. Охины хувьд энэ нь чухал л даа.
-Та Машаг цэцэрлэгт явуулдаг юм уу?
-Мэдээж. Хүүхэд нийгэм дунд өсөх ёстой. Тэгэхгүй бол тасалгааны ургамал шиг болно. Бусад хүүхдүүдтэй харилцах нь их чухал. Гэхдээ бид гэртээ бас хичээллэдэг. Аня жишээ нь охинтойгоо шатар тоглодог. Машад сонирхолтой байдаг. Ер нь Аня сайн сурган хүмүүжүүлэгч. Би бодохдоо эмэгтэй хүн юу ч хийж байсан, сайн гэрийн эзэгтэй байх ёстой гэж үздэг. Миний Аня гайхалтай хоол хийдэг. Би тэр бялуу, жигнэмэгийг хараад өөртэйгөө тэмцэж л сууна.
-Гэхдээ эхнэр чинь туранхай.
-Харин тийм. Өөрөө ерөөсөө жин нэмдэггүй. Би чинь галбиртаа анхаарахгүй бол болохгүй. Орой жүжиг тараад л ийм амттай юм чинь яаж тэсэх юм бэ л гэж боддог. Аня охиндоо сайн үлгэр жишээ. Тэрээр кино зохиолч, найруулагч, хөгжим сайн мэднэ, их уншдаг, гоё хоол хийдэг. Охин минь ийм л болохын төлөө тэмүүлэх хэрэгтэй.
-Машаг цэцэрлэгт нь одын хүүхэд гэж хандана гэж айдаггүй юу?
-Үгүй. Би охиноо театрт авчраад ажилчдадаа хэлдэг “Битгий ялгаж харилцаарай. Бусад хүүхдүүдийн адил л байг” гэж. Энэ хүмүүжилд их чухал. Аав бол аав. Чи хүндлэл хүлээх зүйлийг өөрөө хийх хэрэгтэй. Гол нь сайн гэрийн эзэгтэй, сайн хүн л байх нь чухал. Хүмүүжил, хүндлэл, соёлтой зан энэ бүгдийг хүүхэд байхаас нь сургах хэрэгтэй. Маш маш чухал.
-Таны хувьд гэр бүлийн харьцаанд юу чухал вэ?
-Мэдээж хайр. Хүндлэл, хайр, бие биендээ анхаарал тавих. Энэ бүгд гэр бүлд дандаа байх ёстой. Хайртай хүнийхээ хүслийг урьдчилж таах.
-Та Аняд хайртай гэдгээ байнга хэлдэг үү?
-Мэдээж байнга. Өөрөөр яах билээ?
Эх сурвалж: www.7dn.ru