2020-10-04Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Хэдхэн хоногийн өмнө “Best of Saraa” уран бүтээлийн тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон. Энэ тоглолт нь жил бүр төрсөн өдрөөрөө хийдэг тоглолт бөгөөд энэ жилийн хувьд ихээхэн онцлог боллоо. Учир нь миний 50 насны ой тохиож байгаа юм. Уг нь 2020 оны 4 дүгээр сард товлогдсон ч "COVID-19" хэмээх айхтар өвчин гарсны улмаас цуцлагдсанаар хойшилж өдийг хүрсэн хэрэг.
Таны үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үзүүлбэр тун гайхалтай байсан. Дууны сонголт, хамтран дуулагч, хувцас хэрэглэл гээд бүгд шинэ Сарантуяаг харуулах мэт ...
-Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын бэлтгэл ажил 6 дугаар сараас эхэлсэн. “Hero” энтертайнментийн зохион байгуулсан наадмын нээлтийн үеэр эртний болон олон ястны дуунуудыг урлагийн мастерууд болох Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Т.Ариунаа, Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал, "Sweety-Еmotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай, "THE HU" зэрэг хамтлаг дуулж эхлүүлснээрээ үнэхээр онцлог болж чадсан. Миний хувьд Төв аймгийн Баянцагаан сумын харьяа Б.Алтанжаргал хэмээх авьяаслаг уртын дуучинтай хамтарч Дархад ардын “Самгалдай”, Тува ардын “Конгурэй” гэх дуунуудыг хамтарч дуулсан.
Наадмаар түмэн олондоо энэ хоёр дууны хэсгийн "попури"-г хүргэсэн нь нүдээ олсон, цаг үеэ мэдэрсэн үзүүлбэр болжээ гэж хэлж болно. Энэхүү нээлтэд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Ардын дуу бүжгийн чуулга, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын театрын 300 гаруй уран бүтээлчид хамрагдлаа.
Энэхүү нүсэр арга хэмжээний ард Батлан хамгаалах салбар байсан ...
-Би яг хэлэх гэж байлаа. Үнэхээр их ажлыг нугалж, зохион байгуулалт гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чаддаг бүрэлдэхүүн нь Батлан хамгаалах салбар. Тэр олон хүний бүрэлдэхүүний асар, майхан бүгд танайхнаас гарсан байх бөгөөд цэргийн гэрээт албаны байлдагчид оролцож байсан. Дан ганц энэ жил ч биш жил бүрийн үндэсний их баяр, наадмын нээлт, хаалтын ёслолын үеэр ачааны хүндийг үүрэлцэж байдагт нь талархал илэрхийлье.
Баярлалаа. Сониноор маань дамжин таны талархал эздэдээ саадгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Таны шинэ дуу, клип их л хүлээлттэй байдаг болж. Магадгүй энэ таны маркетинг юм болов уу?
-Тооноос илүү чанарыг эрхэмлэдэг уран бүтээлч хүний хувьд хүнд хүрсэн цөөн тооны уран бүтээл гаргахыг эрмэлзэхийн зэрэгцээ залуу уран бүтээлчдэд үлгэрлэх ёстой гэж хардаг. Тиймээс үзэгчдийн хүртээл болох уран бүтээл нь хийсвэр, богино настай байж таарахгүй. Сүүлийн үед өөрийн 1998 оны хит дуунуудыг дуучин Б.Нацагдорж (Наки)-той хамтран дуулж, клипнийх нь ажилд энэ зун орсны зэрэгцээ хэд хэдэн шинэ дууг бичүүлсэн. Мөн шинэ уран бүтээл болох "Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалангийн ая, яруу найрагч М.Эрдэнэчимэгийн шүлэг “Нүд дурлахад бэлэн байдаг уу” дууныхаа клипийг Америкийн Нэгдсэн Улсад хийлгэсэн. Цагаан сарын дараа 3 дугаар сард өөрийн 22 дахь цомог буюу “Инээмтгий хүн” цомогт орсон таван дууны цуглуулгыг хийж клипжүүлсэн. Мөн амласан ёсоор ээжийнхээ гэгээн дурсгалд зориулсан ээжийн тухай дуутай цомог болон урлагийн тайзнаа 30 жил болсон ойн ёслолын аудио хувилбарыг нь бэлэн болгоод байна.
Цар тахлын хөл хорио, онц байдлаас үүдэж уран бүтээлчид урт хугацаанд амарсан гэж хэлж болно. Харин таны хувьд маш үр дүнтэй өнгөрчээ ...
-Миний бодлоор "COVID-19" гарснаар хамгийн их хохирч байгаа нь шоу бизнесийнхэн, чөлөөт уран бүтээлчид. Гэсэн хэдий ч гараа хумхиад зүгээр суугаад байсангүй. Хойш тавьсан уран бүтээлүүдээ цэгцлэх, төлөвлөсөн уран бүтээлийнхээ бэлтгэлийг хангаж ажиллахаас гадна маш олон маркетингийн ажил хийсэн. Тухайлбал, "Queen’s med clinic" гэх гоо сайхан, мэс заслын салоны болон бусад гоо сайхны компанийн нүүр царай болж ажиллалаа.
Анх тайзан дээр гарч байсан үеэ нэг дурсахгүй юу?
-Анх "Мөнгөн харандаа" хамтлагт дуулж байсан. Улс төрийн дууны дөрөвдүгээр наадам байсан бөгөөд амжилттай оролцон түрүүлж байлаа. Мөн эстрадын хамтлаг, дуучдын уралдаанд оролцож шилдэг дуучны шагналыг авч байсан сайхан дурсамжтайгаар урлагийн алтан тайзнаа анх гарсан даа. Тиймээс тайзан дээр гарах бүрдээ би байх ёстой газраа, хийх ёстой зүйлээ хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байж жаргаж, дүүлэн нисэж уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгодог.
Таны жаргаж бүтээсэн уран бүтээл гэвэл ямар уран бүтээлүүдийг нэрлэх вэ?
-Өөрийн уран бүтээлүүдийн алийг нь ч сайн, муугаар нь ялгахгүй бүх дуунууддаа дуртай. Гэхдээ “Уучил”, “Зүүдний гоёх”,”Хонгор найз”, "Хайрын бурхан”, ”Бороо” гэх дуунууддаа хамгаас илүү хайртай. Тийм учраас эдгээр уран бүтээлээ жаргаж, хайрлаж өлгийдөн авдаг юм. Мөн "Номин талст" хамтлагтай хамтран хийсэн “Оюутан нас жаргалтай” гэж дуу бий. Журам, сахилга гэх айхтар үгтэй хэдий ч аялгуу нь маш гоё учир тэр дуундаа мөн л хайртай.
Та аль уран бүтээлчийн дууг шимтэн сонсдог вэ?
-Гаднын орнуудаас гэвэл, Adele, Sam Smith, Beyonce зэрэг уран бүтээлчдийг шимтэн сонсдог. Харин Монголын залуу уран бүтээлчдийн дуунуудыг сонсох дуртай. Тухайлбал, дуучин Х.Отгоо, С.Баярцэцэг, Наагий, А.Хишигдалай, Ж.Ариунжаргал гэх мэт.
Хуучны дууг сонсоход хэзээ ч уйдамгүй байдаг. Гэтэл орчин үеийн дууг хэд хэд сонсоод л уйдчихдаг тал бий. Орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг юу гэж боддог вэ?
-Гайхалтай аялгуутай дуу ховор болсон. Мөн дууны технологи өөрчлөгдөж байгаа байх. Өмнө нь шүлгийг нь бичээд аяыг нь зохиодог эсвэл аяыг нь зохиогоод шүлгийг нь бичдэг байсан. Одоо технологи нь өөрчлөгдсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрч бодитой хандах ёстой. Гэхдээ залуу уран бүтээлч Б.Чойжилсүрэнгийн “Хаврын ганц улиас”, ”Чамд үлдээе” зэрэг сайн уран бүтээл бий.
Миний бодлоор эдгээрээс илүү уран бүтээл одоогоор төрөхгүй л байна. Хөгжмийн ертөнцөд яг юу болж байгааг цаг тухайд нь сонсоод, танилцаад дунд нь сэлж байх хэрэгтэй. Бүр ёроолд нь живчихээд хөвөөн дээр нар хаана тусаж байна, бороо хаана дусалж байгааг мэдэхгүй байх нь надад хайран санагддаг.
Таны дуунуудын үг, ая дэндүү тансаг байдаг. Хамтран ажилладаг уран бүтээлчид уусан нэгдэж чадсаных байх даа ...
-Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар, Х.Булган, Р.Эмүжин, Ц.Хулан, Д.Ган-Очир, П.Хэрлэн, Б.Лхагвасүрэн гэх мэт нэрт яруу найрагчидтай хамтарч ажилладаг. Хөгжмийн зохиолчдоос Л.Балхжав, Д.Пүрэвдорж, Ц.Өлзий-Орших ая зохиогч Б.Ангирмаа, том Жагаа ах, залуу уран бүтээлч Б.Чойжилсүрэнтэй хамтрахад сайхан байдаг. Би хөгжмийн зохиолч Ц.Чинзориг гуайг амьд сэрүүн үед дууг нь дуулж байлаа. Мөн Б.Шарав, Д.Лувсаншарав гуайн дууг ч дуулж байснаараа бахархдаг. Эдгээр уран бүтээлчид бол цаг үеэ, орчноо мэдэрч чаддаг, яг чиний хэлснээр үнэхээр тансаг мэдрэмжтэй хүмүүс. Энэ шүлэг, ая хэнд тохирохыг мэддэг байж.
Та анх дуучин болж байсан үеэ санагалзвал. Сарантуяа гэх хүний мөрөөдөл хэрхэн биеллээ олж байна вэ?
-Монголын урлагийг дэлхийд түгээх үйлсэд хичээн зүтгэнэ гэж боддог байсан. Тэр ч утгаараа “Аргагүй амраг” гэх монгол попыг 1996 онд босголцож явлаа. Язгуур урлагийн “Олонх" хамтлагийг 2015 онд байгуулж байв. Тус хамтлагийн уран бүтээлчдийн хамт 2015, 2016, 2018 онд гадаад, дотоодын олон тоглолтод оролцож байсан. Би багадаа алдартай дуучин болно гэж боддоггүй байж. Дуулах дуртай байсан минь намайг алдар нэрд хүргэсэн.
Шавь нарынхаа тухай ...
-Манай “Sara’s music production”-тай хамтарч, дадлагын хувьд сургалт авсан дуучин бол Монгол Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян. 2007 оноос хойш манай продакшны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2016 онд миний 30 жилийн ойн тоглолт хүртэлх хугацааанд хамтран ажилласан. Есөн жилийн хугацаанд хамтран ажиллахад “Universe best songs” тэмцээний дэд байрын шагналыг хүртэж багштайгаа хамтран Англи, Бельги, Швед зэрэг орнуудаар “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтыг хийсэн. Мөн АНУ-ын Сан-Франциско, Лос Анжелес, Чикаго, Вашингтон зэрэг хотуудад аялан тоглолтод оролцож байлаа.
Таны уран бүтээл болон амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Өөрт таалагдсан уран бүтээл дээр ажиллах. Түүнээс биш олон нийтэд таалагдах гэж уран бүтээл хийдэггүй. Гэхдээ цаг үеэ мэдэрч уран бүтээлээ хийх нь чухал. Мөн өөрийнхөө эргэн тойрон дахь урлагийн ертөнцийг мэдэрч хамгийн оновчтой шийдвэрийг гаргах хэрэгтэй. Өөрөөсөө эерэг энерги ялгаруулж, үлгэр жишээ байж чадвал нэр хүндээ өндөрт авч явахад нэмэртэй. Аливаа бүхэнд сонирхолтой, мартагдахгүй байх зэрэг зарчмуудыг баримталдаг.
Таны эрхэмлэдэг зан чанарын хувьд ...
-Худлаа ярихыг ерөөсөө тэвчдэггүй. Надад худлаа хэлбэл маш их гомддог. Миний хүүхдүүд ч худлаа хэлдэггүй. Үнэнээ хэлэхэд загнуулах айдас байдаггүй, харин ч ойлгуулж хэлээд том асуудал гарахаас галыг нь унтраах магадлал өндөр гэж хүүхдүүддээ зааж сургадаг. Худлаа хэлнэ гэдэг цаашдаа хулгайч болно гэсэн үг.
Эх оронч үзлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Эх оронч үзэл бол үндэсний брэндээ болон Засгийн газраас явуулж байгаа бодлогыг дэмжих, улс оронд болж байгаа үйл явдалд сэтгэл зүрхнээсээ хандах хэрэгтэй гэж хардаг. Гадаадад амьдардаг зарим иргэд маань улс орныхоо дутагдалтай талыг нь цахим орчинд гоочилж бичдэг. Миний бодлоор гоочлохын оронд тэр дутагдлыг нь хэрхэн яаж засах вэ гэдэг талаас нь нийтлэх нь зүйтэй болов уу. Сайн шүүмжлэлийн хэрээр хүмүүс алдаагаа засахад дөхөм болдог. Хамгийн чухал зүйл бол эх оронч үзэл нь байгаль дэлхийгээ хайрлах, эрдэнэт монгол хүнээ хамгаалахаас эхэлнэ.
Эх оронч үзэл гэдэг хилийн чанадад зовж байгаа монгол хүндээ хариу нэхэлгүй тусалж, монгол хэмээх нэрийг гадаадын иргэдэд сайнаар сурталчлан алдаршуулахыг хэлнэ. Жишээ нь, "THE HU" хамтлаг юм. Тэднийг би эх орончид гэж хардаг.
Таны хувьд Батлан хамгаалах салбартай хэр ойр байдаг вэ?
-“Эх орны төлөө” шоуг хурандаа Б.Батсайхантай хамтран санаачилж, продюсероор нь ажилласан. Зэвсэгт хүчний дүрэмт хувцсыг нь өмсөж сурталчлах ажилд оролцож байлаа. Мөн бидний аюулгүй байдлын төлөө цаг нартай уралдан ажилладаг Онцгой байдлын алба хаагчдаараа бахархсан ярилцлагуудыг өгч байлаа. Хилийн цэргийн ойн баярт зориулж "Хязгаараа баталсан цэрэг эрсийн дуу"-г дуулж байсан юм. Ингээд бодохоор мөрдэстэй алба хаагчидтайгаа тогтмол биш ч хамтран ажиллах тохиолдол цөөнгүй.
Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг болоод удаж байна. Энхийг сахиулагчдын талаарх таны бодол ...
-Бие бялдар, сэтгэл зүйн өндөр шалгуурыг давсан залуус энхийг сахиулахаар явдаг бөгөөд тэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буйд уран бүтээлч хүний хувьд үргэлж бахархаж явдаг. Энхийг сахиулах ажиллагаанд манай улс цэрэг эрсээ явуулж байгаа нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг илрэл гэж хардаг. Тиймээс Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин бол жигдэрсэн, нэгдсэн удирдлага болон маркетинг маш сайтай салбар гэж боддог.
Ярилцлагын сүүлийн хормыг танд үлдээе ...
-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд алба хааж байгаа офицер, ахлагч, алба хаагчдадаа хандаж хэлэхэд, атгасан гар шиг нэг зорилгын төлөө, эх орныхоо аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж яваа та бүхний цаашдын албанд чин сэтгэлээсээ амжилт хүсье. Монгол Улсынхаа төлөө өөр өөрсдийн хүлээсэн үүрэг, хийж байгаа ажил мэргэжлээрээ тууштай зүтгэе.
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин