2020-09-07Сансрын бизнес, сансрын технологи гэхээр зөвхөн “SpaceX”, Элон Маск төсөөлөгддөг цаг ард хоцорчээ. Энэ салбарт жил ирэх
бүр олон старт- апп компаниуд мэндэлж, хөрөнгө оруулалт татан, хэрэглэгчдэдээ янз бүрийн үйлчилгээ санал болгож байна.
“Statista”-гийн мэдээлснээс үзвэл, арилжааны зорилготой сансрын нислэг гэх ойлголт 1980-аад он, Францын “Arianespace” компаниас эхтэй аж. Франц, Герман, Итали тэргүүтэй Европын 10 улс хувь эзэмшдэг тус компани 2004 оны байдлаар дэлхийн арилжааны нийт нислэгийн (сансрын) 50 хувийг хянаж байв. 1984 оны тавдугаар сарын 24- нөөс хойш тус компани 240 гаруй удаа арилжааны нислэг үйлдсэн аж. Харин одоо “Arianespace”-тэй ижил төрлийн үйлчилгээ санал болгодог компаниуд эрс олширчээ. Зах зээл нь сансрын аялал жуулчлалаас гадна хиймэл дагуул зохион бүтээх чиглэлд хөгжиж байна.
Space News-д мэдээлснээр, зөвхөн дэлхийн гадаргын зураг авдаг хиймэл дагуул бүтээх чиглэлд гэхэд л хэдэн зуун гарааны компани хөгжүүлэлт хийж байгаа аж. Эдгээр компаниуд хоорондоо онцын ялгарах зүйлгүй. Гэсэн ч дөнгөж эхэлж буй, маш ирээдүйтэй салбар тул хөрөнгө оруулагчид олдож байгаа юм. Жишээ нь, Британийн “Open cosmos” гэж компани 2015 онд байгуулагдаж, 4-30 кг жинтэй хиймэл дагуул үйлдвэрлэжээ. Нэг хиймэл дагуул зориулалт, овор хэмжээнээсээ хамаараад 100 000- 10 000 000 ам.долларын үнэ хүрдэг. Байгалийн баялаг эрэн хайх, хөдөө аж ахуй хөгжүүлэх, усны бохирдлын тандалт судалгаа, харилцаа холбоо гэх мэт янз бүрийн зориулалттай хиймэл дагуулуудыг хувийн хэвшлийнхэн ч хийлгэж болно. Тус компани долоон сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байна. “DFJ” венч капиталын сангийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Журветсон 2014 онд “Форчун” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа сансрын бизнест өрсөлдөхөөр дэгэж дэрвэж буй гарааны компаниудын талаар “Сансрын бизнесийг бусадтай харьцуулахад асар их ирээдүйтэй. Би өмнө нь хэзээ ч ийм их боломжийг олж харж байгаагүй. ” тун ч оновчтой тодорхойлолт хэлжээ. Гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийгээд 10 дахин өсгөж авах нь сайн бизнест тооцогдоно. Хааяа 100 нушгалж авах нь бий. Тэгвэл сансрын бизнест бид 1000, 10 000 дахин өсөлтийг харж байна” хэмээн ярьж байв. Венч капиталын сан гэдэг нь урт хугацаандаа өсөх боломжтой, өндөр эрсдэлтэй гарааны компанид хөрөнгө оруулалт хийж тухайн компанийн үнэлгээг нэмэгдүүлэх зарчмаар хөрөнгө оруулалтаа олдог сан юм. Стив Журветосоныг ярилцлага өгч байх үед буюу 2014 онд сансрын чиглэлээр ажиллах гарааны компаниуд 101 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж байсан бол ердөө жилийн дараа 2.31 тэрум болж огцом өсжээ. Энэ тоо жил ирэх бүр өсөн нэмэгдсээр байна.
Их наядын зах зээлийг нээлцсэн “Анхны долоо”
Сансрын аялал жуулчлал гэх ойлголт хүмүүст зөгнөл шиг сонсогддог байсан цаг саяхан. Тэгвэл өдгөө тийм байхаа больж аялал жуулчлалын салбарын ашиглагдаагүй нэг нөөц бололцоо эргэлтэд орон тэсрэлт хийхээр зэхэж байна. Дэлхийн хүн амын нэг хувь нь нийт баялгийн 82 хувийг эзэмшиж байгаа гэсэн судалгааг “Oxfam” институт Давосын эдийн засгийн чуулганаар танилцуулж байсан. Сансрын аялал жуулчлалын зорилтот зах зээл нь хүсэл сонирхлынхоо төлөө өндөр үнэ төлж чадах энэхүү нэг хувь юм. Дэлхийн нийт баялгийг 82 хувийг онилсон том зах зээл гэж ч хэлж болох юм.
Ашиглагдаагүй энэ нөөцийг Оросын сансрын агентлаг, АНУ-ын “Space adventures” компанитай хамтран 2001 онд анх нээж, 2012 он хүртэл долоон жуулчныг сансарт амжилттай аялуулсан юм. ОХУ-ын эрх баригчид уг хамтын ажиллагааг 2012 онд цуцалснаас хойш сансарт жуулчилсан хүн дахиж гараагүй л байна. Гэсэн ч баячууд сансарт нисэхээр ар, араасаа дугаарлаж, шинэ зах зээл ирээдүйтэй гэдгээ хангалттай харуулсан тул түүнээс хойш технологийн олон компаниуд энэ салбарт өрсөлдөхөөр бэлтгэж эхэлсэн юм. Анхны долоон жуулчнаас хойш дахин нэг ч жуулчин сансарт аялаагүй ч үнэ өртөг нь хүртэл хямдарсан нь энэ салбарын өрсөлдөөн ширүүссэнийг илтгэнэ. Мөнөөх Оросын сансрын агентлаг, “Space adventures” ч нөхцөл байдлыг зөв үнэлэн 2021 онд багтааж хоёр жуулчныг аялуулах гэрээг өнгөрсөн онд байгуулжээ.
Сансрын анхны жуулчин Денис Тито 2001 оны дөрөвдүгээр сарын 28-нд түүхт нислэгтээ оролцохдоо 20 сая ам.доллар төлсөн байдаг. 2005 онд Английн дуучин Сара Брайтманы цуцлагдсан нислэг 35 сая фунт стерлингээр үнэлэгдэж байлаа. Иран гаралтай АНУ-ын иргэн Ануш Ансари 2006 онд сансрын анхны эмэгтэй жуулчин болсон, Унгар гаралтай АНУ-ын бизнесмэн, Чарльз Симони хоёр удаа аялсан анхны жуулчин болсон гэх мэтээр түүх бичигдэж л байна. Сарны тойрог замаар аялах, саран дээр буух, гурван сая ам.доллар төлөөд задгай сансарт гарч үзэх гэх мэтээр бүтээгдэхүүний нэр төрлөө ч нэмэгдүүлж буй. Гэхдээ дээрх зорилтыг хэрэгжүүлэх бүх төслүүд хөгжүүлэлтийн шатандаа яваа юм.
Хэрэгжиж буй төслүүд
- ОХУ-ын “Энергия” компани тойрог замын станцыг арилжааны зорилгоор байгуулах төсөл хэрэгжүүлж байна.
- “Роскосмос”, “Space Adventures” компани мэргэжлийн бус хүнийг сар руу аялуулах арилжааны төсөл хэрэгжүүлэх гэрээг 2005 онд байгуулсан. Төслийн маркетингийг АНУ-ын компани хийж, Оросын тал аялалд ашиглагдах “Союз” хөлгийн хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Ойрын таван жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй.
- Хагас тойрог замын буюу далайн төвшнөөс дээш 100 км дотор жинхэнэ сансрын нислэгээс маш бага үнээр аялуулах зорилго тавьсан олон компани байна. Тэдгээрээс Virgin Galactic компанийн SpaceShipOne, SpaceShipTwo хөлөг Карманы бүс буюу 100 км-ийн хязгаарыг амжилттай давсан юм. Гэхдээ аль аль нь одоогоор жуулчин нисгэж амжаагүй байгаа. Харин amazon. com цахим дэлгүүрийг үндэслэгч Жефф Безосын “Blue Origin” компани “New Shepard” хөлгөө 2019 оны есдүгээр сараас хойш 12 удаа амжилттай туршиж, бусдаасаа түрүүлэн зорчигчтой аяллыг эхлүүлэх магадлалтай байна.
Сансрын жуулчид
Сансрын аялал жуулчлалын зорилтот зах зээл
2019 оны байдлаар дэлхийд жилд нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 46.8 сая хүн (нийт хүн амын 0.9 хувь) байна. 158.3 триллион доллар бүхий дэлхийн нийт баялагийн 44 хувь нь энэ 46.8 сая хүн эзэмшиж байгаа юм. Саятнуудын тоо 2024 онд 62.9 саяд хүрэх хандлагатай байна. Саятнуудын тоогоороо АНУ тэргүүлж, Хятад удаалж байна.
Ам.долларын саятнуудыг хөрөнгийн хэмжээгээр нь бүлэглэвэл:
1-5 сая хөрөнгөтэй
41 104 793 хүн
5-10 сая хөрөнгөтэй
3 682 140 хүн
10-50 сая хөрөнгөтэй
1 837 250 хүн
50-100 сая хөрөнгөтэй хүн
168 030 хүн
100 саяас дээш хөрөнгөтэй
55 920 хүн
500 саяас дээш хөрөнгөтэй
4 830 хүн байна.
50 сая доллараас дээш хөрөнгөтэй буюу ultra wealthy иргэдийг улсаар бүлэглэвэл:
- АНУ-д 80510
- Хятадад 18130
- Герман 6800
- Их Британид 4640
- Энэтхэгт 4460
- Францад 3700
- Канадад 3530
- Орост 3120
- Хонконгод 3100 хүн
байгаа бөгөөд 10 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй иргэдийн тоо 2023 он гэхэд 2 378 000-д хүрэх төлөвтэй.
Хөгжлийн хаалга нээгдсэн нь
Гэхдээ дээрх нислэгүүд бүгд ОХУ-ын сансрын станцыг ашиглаж байсан учир цэвэр бизнесийн зарчмаар хөгжихөд хүндрэлтэй байсан. ОХУ 2012 онд сансрын жуулчин аваа больсноос үүнийг харж болно. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн сансрын аялал жуулчлалаар тууштай дагная гэвэл дэлхийн тойрог замд сансрын станцтай байх шаардлага тулгарсан. Зүйрлэвэл хөгжилд хүрэх гол хаалга нь энэ. Гэтэл хөрөнгө гаргаад хийе гэхээр улстөртэй холбоотой, одоохондоо боломжгүй байгаад байдаг.
Гэхдээ улс орнууд энэ тал дээр нааштай хандаж эхэлж байна. АНУ-ын Конгресст 2018 оны тавдугаар сард яг энэ асуудлаар сонсгол болсон. Сонсголд 2025 оноос хувийн компаниуд задгай сансарт өөрийн гэсэн станц байгуулах хууль эрхзүйн орчинг бүрдүүлж өгөх тухай сэдвийг хөндсөн юм. Улмаар боломж бололцоо нь бүрдээд байна.
Өнгөрсөн жил НАСА сансарт өөрийн гэсэн бизнесээ цэцэглүүлэхийг хувийн хэвшлийнхэнд хандаж уриалсан. Дэлхийн тойрог замд байгаа Олон улсын сансрын станцын санхүүжилтээ НАСА 2025 он хүртэл зогсоож, хувийн компаниудад боломж олгохоор болсон юм. Олгосон боломж нь зөвхөн сансрын станцыг аялал жуулчлалын зорилгоор ашиглуулахаар хязгаарлагдахгүй. Гэхдээ 5-6 жилийн дотор эхлүүлэх, төслийн нийт өртөг 11 сая ам.доллараас хэтрэхгүй байх, тусгайлсан гэрээ нэг бүрийн үнэ нэг сая ам.доллараас илүүгүй байх гэсэн гурван л шаардлага тавьсан юм. НАСА- гийн уриалгын дараа хувийн 12 компани сансарт бизнесээ хэрэгжүүлэхээр төслөө ирүүлсний дотор энэ салбарт эртнээс хөрөнгө оруулж, өрсөлдөхөөр зэхсэн Blue Origin, Lockheed Martin, Boeing зэрэг компаниуд байсан. Эдгээр компаниудын зарим сансрын станц байгуулах төслөө танилцуулсан ч НАСА-гаас тавьсан шаардлагаас болоод хэрэгжих эсэх нь тодорхойгүй байна. Төслийн санхүүжилтэд хязгаар тогтоосон нь НАСА одоохондоо хувийн сансрын станц бариулах гэхээсээ Олон улсын сансрын станцыг хувийн компаниудаар засаж шинэчлүүлэх хүсэлтэй байгаагаас болж байж ч мэдэх юм. НАСА ОУСС руу ачаа тээвэрлэх ажлаа 2014 оноос “SpaceX”, “Boeing” компанид даатгах болсон. Нислэг амжилтгүй болбол эрсдлийг хувийн компани үүрэх учир ашигтай байсан хэрэг. Энэ хамтын ажиллагаа нь одоо тойрог замын сансрын станцыг ашиглуулах хэмжээнд хүрсэн гэж ч хэлж болох юм. Магадгүй, цаг нь ирэхээр (Эрх баригчид 2025 онд төсвийг сэргээсний дараа ч юм уу) НАСА 11 сая ам.долларын хязгаараа өргөж, хувийн сансрын станц байгуулагдан, сансрын аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжих биз ээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл