Гурван жилийн өмнөх Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг санацгаая. Тус сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд сонгогчдын олонх гол анхаарлаа хандуулдаг учир намууд бэлтгэлээ чамгүй базаадаг бололтой юм билээ.
Тэр үеэр МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд тус нэвтрүүлэгт хэрхэн бэлтгэж байгаа талаар нэгэн бичлэг олонд ил болсон юм. Бичлэгт дүрс нь үл харагдах нэгэн эмэгтэй “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч зурж болно” гэсэн утгатай үг хэлэхэд тэнд байсан УИХ-ын гишүүд инээлдэн хүлээж авч буй бичлэг цацагдсан. Энэ нь эрх баригчид иргэд, сонгогчдоо хэрхэн үнэлдэг, тэдний талаар юу бодож явдгийг олон нийтэд элдэв “давс хужиргүйгээр” дэлгэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөхөөр хайр зарлан өвөрт орох нь холгүй гүйдэг улс төрчид маань “хуурмаг дүр” бүтээж яваа жүжигчин гэдгийг тэр бичлэгийг харсан хүн бүхэнд ил болсон юм.
Тиймээс сонгогч бид улс төрийн сонголт хийхдээ няхуур байж, эрхэм дарга, даамлуудын элдэв яриа, башир аргын цаана чухам юу нуугдаж байдгийг гадарладаг, ядахдаа ойлгохыг хичээдэг байх учиртай. УИХ-ын гишүүд, сайд нар камерын өмнө гармагцаа мэргэн цэцний дүрд хувирахдаа гаргууд. Амнаас нь гарах үг нь ч бэлэн.
Тухайлбал, эдийн засгийн холбогдолтой сэдвээр ярихдаа дэлхийн нийтэд огт байдаггүй өвөрмөц хэллэг, өвөрмөц хэмжүүр ашиглана. Намын даргынхаа урд өмнө хэлсэн үг, хэллэгийг тоть мэт давтах нь тэдэнд асар их “сэтгэл ханамж” авчирч байгаа нь хөндлөнгийн нүдэнд илхэн. Энэ нь тэдний хувьд бусдаасаа тодорч даргадаа үнэлэгдэх өвөрмөц арга барил байхыг үгүйсгэхгүй. Ингээд эрх баригчдын “ид шидтэй” зарим хэллэгийн талаар сонирхож үзье.
Сэхээний тасгийн өвчтэй “эдийн засаг”...
Ерөнхий сайд У. Хүрэлсүх 2019 оны 2 сард Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзах үеэрээ “2016 онд эдийн засаг гэдэг хүн сэхээн амьдруулах тасагт орчихсон байсан. 2017 онд энгийн тасагт гаргасан. 2018 онд гэрт нь гаргалаа. 2019 онд ажилд нь орууллаа” гэж хэлэв. Тэрээр байнга шахам ийм зүйл ярьж явдаг. Энэ нь эдийн засгийг өвчтэй хүнтэй зүйрлэж, өөрийгөө эмч мэтээр нийтэд ойлгуулах гэсэн царай юм болов уу.
Дэлхийн улс орнуудын удирдлага иймэрхүү үг унагаж байсныг огт сонсож явсангүй. Ийм марзан зүйрлэл ярих нь ч Засгийн тэргүүн хүний хувьд утгагүй юм. Зах дээр ундаа зарж буй хүүхдүүд ийм зүйл ярьж болох юм. Гэвч Монгол улсын ерөнхий сайдын хамгийн сайн цээжилсэн, хамгийн их ярьдаг эдийн засгийн хэмжүүр нэг иймэрхүү.
Дэлхий нийтэд улс орны эдийн засгийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гэдэг хэмжүүрээр хэмжээд бүтэн зууныг ардаа орхижээ. ДНБ (GDP) нь тухайн жилд тус улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний зах зээлийн үнийн дүнгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл, улс орны шинээр бий болгосон баялгийг тооцох эдийн засгийн хэмжүүр л дээ. ДНБ өсөлттэй байх нь тухайн улсын эдийн засаг өсч, сэргэж буйг харуулдаг бол, эсрэгээрээ бууралтай байгаа тохиолдолд эдийн засаг уналттай байгааг илэрхийлнэ.
Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд манай улсын эдийн засаг 1990-1994 болон 2009 онд хасах үзүүлэлттэй буюу эдийн засгийн уналттай гарч байсан юм. Монголчууд “Амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг. Тиймээс муу ёрлох, хар амлах, амны билэггүй аливаа зүйл ярих дургүй.
Гэвч өнөөгийн эрх баригчид 2016 оны 2-р улиралд 1.4 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж авсан мөртөө өнгөрсөн дөрвөн жилийн турш "элгээрээ хэвтсэн эдийн засаг" байсан талаар амтай бүхэн нь цуурсан. Гэтэл энэ оны эхний улиралд эдийн засаг хасах 10.7 хувьд хүрч, Монгол улсын сүүлийн хорин таван жилийн түүхэнд байгаагүй огцом уналт хийжээ. Энэ жил эдийн засаг уналттай гарах нь маш тодорхой боллоо. ОУВС-ийн гаргасан таамаглал ч ийм байгаа.
Харин манай Ерөнхий сайдын нийтэд хэлэх дуртай хэмжүүрээр хэмжвэл хасах арван пунктаар буурсан эдийн засгийг ямар өвчтөнтэй зүйрлэх нь сонин байна? 2016 оны эдийн засгийн 1.4 хувийн өсөлтийг сэхээнд буй өвчтөнтэй зүйрлэж байсан түүнд навсайтал унасан эдийн засгаа харьцуулж оношлох “өвчин” олдох уу? Үгүй л болов уу.
Гэвч буруугаа бусад руу бухах дуртай хүн ямар нэгэн инээдтэй сэдэв сэдэх биз. Учир нь түүнийг тойрон хүрээлэгчид дотор нь эдийн засгийн боловсролтой хүн лав алга. Улс орны эдийн засгийн жолоог У. Хүрэлсүх гээч хүн атгаад гурван жил өнгөрч байна.
Хүснэгт 1. Дотоодын нийт бүтээгдэхүүн, улирлаар
Он, улирал |
2009-I |
2009-II |
2009-III |
2009-IV |
2016-II |
2016-III |
2016-IV |
2020-I |
ДНБ |
- 2.3 |
- 1.3 |
- 1.9 |
- 1.3 |
1.4 |
- 1.4 |
1.2 |
- 10.7 |
Эх сурвалж: ҮСХ
“Элгээрээ хэвтдэг эдийн засаг”
“2016 онд Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн” талаар МАН-хан дээр доргүй ярьдаг. Энэ асуудалд хариу өгөхийн тулд эхлээд, Монгол улсын эдийн засгийн өсөлт, бууралтад ямар хүчин зүйл нөлөөлдгийг мэдэх шаардлага гарна. Манай улсын гадаад худалдааны 90 орчим хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70-75 хувь, ДНБ-ий 23-25 хувь, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг уул уурхай дангаараа бүрдүүлдэг.
Түүнчлэн шууд бусаар буюу дам нөлөөллөөр дэд бүтэц, түлш, эрчим хүчний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн сацуу бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлтэд асар их нөлөө үзүүлдэг. Эрдэс баялгийн салбараас 2016 онд 930.8 тэрбум төгрөг, 2017 онд 1,831.1 тэрбум, 2018 онд 2,329.4 тэрбум, 2019 онд 2,920 тэрбум төгрөгийн орлогыг тус тус улсын төсөвт төвлөрүүлжээ.
Эндээс дүгнэлт хийж үзвэл дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өсөхөд манай эдийн засаг дагаад өсдөг бөгөөд буурахад мөн ялгаагүй буурдаг болохыг анзаарч болно. “Эдийн засаг элгээрээ хэвтсэн” гэх жилүүдэд манай экспортын түүхий эдийн ханш дэлхийн зах зээл дээр унасан үе бөгөөд 2017 оны эхнээс аажмаар өсч эхэлсэн тул эдийн засаг сэргэсэн болохыг ОУВС-ын гаргасан хүснэгт-2 илтгэн харуулж байна.
Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкнаас манай эдийн засгийн өсөлтийг уул уурхайн бүтээгдэхүүний өсөлттэй холбосон дүгнэлт, тайлан олон байдгийг өнөө цагт интернетээс олоод уншчих боломж хүн бүрт бий. Олон улсын байгууллагуудын гаргадаг дүгнэлтэд МАН гэдэг эдийн засгийг сэргээдэг илбэтэй хүчин байдаг талаар ганц ширхэг үг ч байхгүй. Ийм энгийн гаргалгааг ард иргэддээ ойлгуулахын оронд өөрсдийгөө дөвийлгөж, өрсөлдөгч хүчнээ харлуулах гэж оролдох нь туйлын болхи хоцрогдсон улс төр юм.
Хүснэгт 2. Түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ ханш Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөө
2013-16 онуудын эдийн засгийн өсөлтийн нийлбэрийг гаргавал 24.8 хувь байна (Хүснэгт 3). Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өсч, ОУВС-аас 5 орчим тэрбум ам.доллар урсаж буй эдийн засгийн нэн таатай үед буюу 2017-2019 онуудад эдийн засаг ердөө 18.7 хувийн өсөлттэй байна. Хэрэв 24.8 хувийн эдийн засгийн өсөлтийг “элгээр нь хэвтсэн” гэж оношилж байгаа бол нийлбэр дүнгээрээ 18.7 хувиас доошоо орох нь тодорхой болчихсон эдийн засгийг яасан гэж оношлох нь сонин байгаа биз?
Хүснэгт 3. Монгол улсын эдийн засгийн өсөлт
Ийнхүү дээр дурдсан хэдэн жишээнд дүгнэлт хийвэл эрх баригчид маань ард түмнээс бодит үнэнийг нууж, гажуудуулж иржээ. Тэд иргэдээ “...цагаан цаас. Түүн дээр юу ч зурж болно” гэсэн Хятадын Мао даргын афоризмд өнөө хүртэл үнэнч яваа аж.
Гэвч тэд нэг зүйлийг олж харахгүй мунгинаж явна. Иргэд, сонгогчид хэрсүүжсэн. Тэд уншдаг, судалдаг, сонсдог болсон. Эрх баригчдын амаар сонголтоо хийж хулхидуулсан он жилүүд тэднийг ийм хариуцлагатай болгосон. Тиймээс дэлхий нийтийн зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааг саарал, хар жагсаалтад оруулж дүгнэсэн шиг энэ жилийн сонгууль эдийн засгийг “элгээр нь хэвтүүлсэн” улс төрийн хүчинд “МУУ” дүн тавих нь гарцаагүй.
Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж /2020.05.24/