2020-01-31Эрхэм хүндэт УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрхэм хүндэт УИХ-ын гишүүд ээ, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Дэлхий дахинд үүсээд байгаа шинэ коронавирусийн өнөөгийн байдал, уг халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаар танилцуулья.
Дэлхий дахинд:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 23.00 цагийн мэдээллээр шинэ коронавируст халдвар дэлхийн 18 оронд тохиолдол бүртгэгдэж, 7711 хүн өвчлөн, 170 хүн нас барж, 124 хүн эдгэрсэн байна.
Харин уг халдвар БНХАУ-ын бүх мужид өвчлөл гарч байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн мэдээллээр 7826 хүн өвчилж, 170 хүн нас барсан бөгөөд 131 хүн эдгэрсэн байна.
Монголд:
Монгол улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Шинэ коронавирусийн халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 58 хүнд тандалт судалгаа, вирус судлалын шинжилгээг хийж, 38 хүнийг тусгаарлан хянасан. Үүнээс: ХӨСҮТ-д 28, Дорноговьд 3, Дорнодод 2, Архангайд 1, Хэнтийд 1, Булганд 1, Ховдод 1, Өмнөговьд 1 тохиолдол байна. Лабораторийн шинжилгээгээр 10 хүнд ямар ч вирус илрээгүй, 12 хүнд А(H3N2), A(H1N1), рино, адено зэрэг улирлын томуугийн вирус илэрсэн. Одоо ХӨСҮТ-д 16 хүн тусгаарлагдан, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
Дэлхийн улс орнуудад гарч байгаа шинэ коронавирусийн халдварын тархалт нь дэлхийн бөмбөрцийн бүх оронд дэгдээд байгаа улирлын томуу томуу төст өвчинтэй давхардаж байгаа тул бид энэ чиглэлд онцгой анхаарч, ажиллаж байна.
Халдвар гарсан улс оронд зорчсон иргэнд халуурсан, ханиалгасан зовиур илэрсэн, халдвартай гадаадын иргэний ойрын хавьтагчид лабораторийн шинжилгээг хийж байна.
Тодруулбал,
- ОУЭМД-ийн дагуу Австрали улсаас мэдээлсэн шинэ коронавирусийн халдвар илэрсэн БНХАУ-ын иргэнтэй нэг онгоцонд зорчиж байсан монгол улсын иргэнд тандалт судалгаа хийсэн бөгөөд түүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
- Мөн Булган, Хэнтий, Говьсүмбэр аймагт шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан 3 тохиолдолд шинэ коронавирусийн халдвар илрээгүй.
- Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд, Өмнөговь аймгийн БОЭТөвд уушгины хатгалгаа өвчтэй эмчлэгдэж байгаа иргэд, мөн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 3 иргэдээс авсан сорьцын шинжилгээнд шинэ коронавирус илрээгүй.
- Үхань хотод зохиогдсон хөл бөмбөгийн тэмцээнд 3 дасгалжуулагч, 11 хүүхэд, 1 дүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд оролцсон бөгөөд хоолой нь өвдсөн нэг хүүхдийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийхэд, ямар нэгэн вирус илрээгүй.
- Үхань хотод суралцаж байсан, халуурах, бөөлжих зовиуртай 2 оюутныг, хамт сурдаг 2 оюутан нийт 4 оюутныг тусгаарлаж шинжилгээ хийсэн.
- Замын-Үүдийн боомтоор ирсэн 1 нас 7 сартай хүүхэд салхин цэцэг өвчинтэй байсан тул сумын ЭМТ-д шилжүүлсэн. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор ирсэн нэг иргэн халуурч байсан өгүүлэмжтэй, үзлэгээр ямар нэгэн өөрчлөлт илрээгүй боловч тусгаарлан хянасан.
- Мөн 01 дүгээр сарын 29-ны 15.00 цагийн байдлаар монгол улсын хилээр орж ирсэн 1233 иргэн, гарсан 315 иргэдээс тандалт судалгааны асуумжийг авч, биеийн халууныг хэмжихэд шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй.
- Харин 2020 оны 01 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 36 настай, эрэгтэй халуурсан, ханиалгасан, хоолой хөндүүрлэсэн, толгой өвдсөн зовиуртай байсан тул тусгаарласан бөгөөд лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Энэ хүн 01 сарын 02-оос 20-нд шувуу судлалын судалгааны ажлаар Хөх мөрөн дагуу Хубэй мужийн бүх гол дагаж, шувуу дурандаж явсан боловч шувуу болон зэрлэг амьтантай шууд хүрэлцээгүй гэсэн өгүүлэмжтэй байна.
Анхааруулах асуудал,
- Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор нэвтэрсэн 1 хятад иргэнтэй хэл нэвтрэлцээгүй тул асуумж судалгааг авч чадаагүй, биеийн ерөнхий байдалд ямар нэгэн өөрчлөлт мэдэгдээгүй бөгөөд тэрээр “Сүхбаатар аймагт 2 хоноод буцна” гэж тайлбар хэлсэн байна.
- Хилээр гарч байгаа Монгол улсын иргэд нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор БНХАУ-д үлдээсэн автомашинаа авахаар зорчиж байгаа жолооч нар байна.
Эрхэм УИХ-ын гишүүд ээ, дэлхий улс орнуудад гарч байгаа шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгааг үйл ажиллагааны талаар мэдээлье.
- ЭМЯ, ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдварын талаарх анхны мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр авмагц ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу “Шинэ коронавирусийн халдварын тандалт, оношилгоо, эмчилгээний заавар, зөвлөмж”-ийг боловсруулж, эрүүл мэндийн байгууллагуудад хүргэлээ.
- Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гарч, эрүүл мэндийн байгууллагуудад бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
- “Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хянаж, хяналт тавих” ажлын хэсгийг томилон, албан даалгаврын хэрэгжилтийн шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна.
- Эрүүл мэндийн сайдын 2020 оны 32 дугаар тушаалаар эмнэлзүйн зөвлөх эмч нарын багийг томилж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад цахимаар зөвлөгөө өгч ажиллаж байгаа бөгөөд шаардлага гарсан тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллуулах бэлтгэлийг хангасан болно.
- Шинэ коронавирусийн оношилгооны оношлуурыг Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй ярилцаж, Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яамтай хамтран шуурхай нийлүүлсэн нь оношилгоог баталгаажуулахад чухал ач холбогдолтой болсон.
- ДЭМБ-ын НДББ-ээс 3000 ширхэг оношлуур, Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс 1000 ширхэг оношлуурыг нийлүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Мөн ОХУ-д уг халдварыг 2-4 цагийн дотор илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг гаргасан мэдээллийн дагуу оношлуурыг авах хүсэлтийг тавьсан.
- ЭМЯ-аас Улсын онцгой комиссын хуралд 2020 оны 01-р сарын 24-ний өдөр мэдээлэл хийж, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг 3 сарын 02-ны өдрийг хүртэл тусгаарлан, олон нийтийг хамарсан урлаг спортын нэгдсэн арга хэмжээг түр хугацаагаар зогсоолоо.
- Мөн амьсгалын замын цочмог халдвар томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа эцэг эхчүүдэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох шийдзвэрийг гаргууллаа.
- БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтоор тээврийн хэрэгслээр болон явганаар нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнд түр хугцаагаар хязгаарлалт хийлээ.
- “Шинэ коронавирусийн халдварын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж байна.
- Мөн Улсын онцгой комиссын 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралд “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар дахин мэдээлэл хийж, УОК-ийн дэргэд Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар дундын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ.
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанд “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, шийдвэрлүүлэх асуудал”-ыг хэлэлцүүлж, Засгийн газрын 30 дугаар тогтоолыг батлуулан, хэрэгжүүлж байна.
- Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 8-р тушаалын дагуу эрсдлийн үнэлгээг 3 удаа хийсэн бөгөөд 3 дахь удаагийн үнэлгээгээр манай улс “ӨНДӨР” эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тул шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч байна.
- Лавлагаа төвүүд, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдэд зориулан “Шинэ коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт танхимын болон цахим сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж, эмч, мэргэжилтнүүдээ сургаж мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байна.
- 103-ийн дуудлага, хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг нэгжүүдэд ажилладаг эмч, мэргэжилтнүүдэд “Нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслийн иж бүрдэл, түүнд тавигдах шаардлага, уг хувцсыг өмсөх тайлах дараалал” сэдвээр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
- Эмнэлгийн тусламж үйлчилгээнд дайчлагдан ажиллах хүний нөөцийн судалгааг гаргаж, гавьяаны амралтанд байгаа дотор хүүхдийн мэргэжлийн эмч болон үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж буй дадлагажигч эмч нарыг сургалтад хамруулж, одоогоор 903 дадлагажигч эмчийг сургаад байна.
- Лавлагаа төвүүд, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа өвчтний тоо, мэдээ, тэдний биеийн байдлын талаарх мэдээллийг өдөр бүр авч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
- БНХАУ-ын Үхань хотод байгаа 31 монгол иргэнийг авчрах нислэгийн багт ажиллах эмч, тархвар судлаачийг томилон, эдгээр иргэдийг ирэхэд ХӨСҮТ-д тусгаарлан хянах бэлтгэл ажлыг хангалаа.
- ЭМЯ-аас шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодисын хэрэгцээ болон сургалт сурталчилгааны ажилд шаардагдах санхүүгийн тооцооллыг хийж, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ОУБ, Монгол улсад суугаа элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүдийг урьж уулзалтыг өнөөдөр зохион байгуулж, тэднээс техникийн болон санхүүгийн дэмжлэг авах саналаа тавихаар төлөвлөн ажиллаж байна.
- Эмнэлгийн орны нөөц. Одоогоор эрүүл мэндийн салбарын төрийн өмчийн эмнэлгүүдэд 12792 ор, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2342 ор, улсын хэмжээнд нийт 15134 ор ажиллаж байгаа бөгөөд шаардлага тулгарсан тохиолдолд төрийн өмчит эмнэлгийн уламжлалт, мэдрэл, эмэгтэйчүүдийн эмчилгээний орыг шилжүүлэх зохицуулалтыг хийж, нийт 2195 орыг нэмэлтээр ажиллуулах тооцооллыг гарган, эмнэлгүүдэд чиглэл өгч бэлтгэлийг ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын төрөх, мэс засал, гэмтэл, хүүхдийн болон эрчимт эмчилгээний орыг өөр зориулалтаар шилжүүлэн ашиглах боломжгүй байдаг юм. Иймд бид хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй уулзалт хийж, нэн шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр хэлэлцэж байна.
Мөн УОК-ийн 1 дүгээр сарын 30ны өдрийн хурлаас өгсөн чиглэлийн дагуу шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлыг тусгай эмнэлэг дэлгэх асуудлыг судалж, шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэгцээ, тооцооллыг гаргаж байна.
21. Тоног төхөөрөмж: Шинэ коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн байгууллагуудын хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт ашиглагдаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлын судалгааг гаргаж, нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэгцээг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу 2020 оны улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт хуваарилагдсан хөрөнгө оруулалтын 4.2 тэрбум төгрөгөөр амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тарианы автомат шахуурга, дуслын автомат шахуурга, утлагын аппарат, пульсоксиметр, чихний лазер халууны шил, дижитал зөөврийн рентген аппарат худалдан авахаар төлөвлөж, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороог байгуулан, үнэлгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Гэвч энэхүү тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээр эрүүл мэндийн байгууллагуудын дээрх гурван тасгийн хэрэгцээ л хангагдана.
22. Эмийн нөөц: Эмийн нөөцийг “Шинэ коронавирусийн халдварын үеийн тандалт, оношилгоо эмчилгээний заавар”-т тусгагдсан нэн шаардлагатай эмийн хэрэгцээг нэр төрөл, тун хэмжээнд тулгуурлан тооцооллоо.
ДЭМБ-ын “онош батлагдсан тохиолдлын 30 орчим хувь нь хүндрэх магадлалтай, нэг халдвартай хүний цаана 10-14 хавьтагч байна” гэсэн тооцоололд үндэслэн шаардагдах эмийн хэрэгцээг нэр төрөл, тун хэмжээгээр дэлгэрэнгүй тооцон гаргав.
Дээрх аргачлалаар тооцоолоход, 100 хүнийг 50-100 хоног, 250 хүнийг 20-40 хоног, 500 хүнийг 10-20 хоног, 1000 хүнийг 5-10 хоног эмчлэх эмийн нөөц дотоодын зах зээл дээр байна.
Жишээлбэл: Уг халдвараар өвчилж хүндэрсэн 300 хүнийг цефотаксим антибиотик хоногт 4 удаа тарьж, нийт 5 хоног эмчилнэ гэж үзвэл нэг хүнд 20 флакон, 300 хүнд 6000 флакон цефотаксим шаардлагатай. Өнөөдрийн байдлаар дотоодын зах зээл дээр 275,962 флакон цефотаксим эмийн нөөц байна. Энэ нь уг эмийн 45-46 хоногийн нөөц байна гэсэн үг.
Эдгээр эмийн нөөц нь дотоодын зах зээлд буюу эм ханган нийлүүлэх байгууллагад байгаа юм.
24. Хувийн хамгаалах хэрэгслийн нөөц: Сэжигтэй тохиолдол бүрт эмч, тархвар судлаач, лабораторийн эмч мэргэжилтэн, сувилагч зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй баг нэг удаа, онош батлагдсан тохиолдолд хоногт 5 удаа эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ гэж тооцон, хувийн хамгаалах хэрэгслийн судалгааг гаргалаа.
ДЭМБ-ын мэдээллээр шинэ коронавирусийн халдварын нас баралт 2.5 хувьтай байгаа бөгөөд хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээг тооцохдоо нас баралтыг 3 хувиар тооцсон.
Энэхүү аргачлалаар тооцоолоход, одоогоор бидэнд 100 хүнд 10 хоног хэрэглэх нэг удаагийн халад, хормогч; 1000 хүнд 10 хоног нэг удаагийн үзлэгийн бээлий, малгай, улавч, усны гутал, ахуйн бээлий байна.
Харин N95 амны хаалт, нүдний шил, нүүрний хамгаалалт, нүүрний хаалттай малгай, малгайтай комбинзон, цогцос хадгалах уут зэрэг хамгаалах хэрэгслийн нөөц 100 хүрэхгүй тоотой байна.
Хувийн хамгаалах хэрэгслийн хангамж нэн хангалтгүй байгаа тул Засгийн газрын нөөц хөрөнгөөр 100.000 ширхэг багцыг худалдан авахаар төлөвлөсөн. Иймд 200.000-аас доошгүй хамгаалах хэрэгслийн багцыг худалдан авах шаардлагатай байна.
Амны хаалтын нөөцийн мэдээллийг эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагуудаас авч ажиллав. Одоогоор “Мөнхийн тун” үйлдвэр хоногт 35000 ширхгийг үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж байна.
“Соёмбот оргил” үйлдвэр хоногт 500-700 ширхэг ЕМ9501 загварын амны хаалтыг үйлдвэрлэж эмийн сангуудаар борлуулж байна. Энэ үйлдвэрт 30000 ширхэг маск үйлдвэрлэх түүхий эдийн нөөц байна.
“Монхимо” компаний 30000 ширхгийг /хоногт/ үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэг удаагийн маск үйлдвэрлэж эхэлнэ.
Ариутгал, халдваргүйтгэлийн бодис:
Эрүүл мэндийн байгууллагуудад:
- гар халдваргүйтгэлд хэрэглэх 12 төрлийн бодис 2,964 л,
- гадаргуу халдваргүйжүүлэх 6 төрлийн бодис 669 л,
- агаарын цацлагад перкес 161 л,
- цэвэрлэгээ үйлчилгээнд 3 төрлийн бодис 684 фл, 1492 кг байна. Энэ нь улсын хэмжээнд 3-7 хоног л хэрэглэгдэх нөөц юм.
Мөн Зоонозын халдварт өвчний үед халдварын голомт цомхотгох, эцсийн халдваргүйтгэлд хэрэглэхэд 400 кг, 285 фл, 42 л нийт 9 төрлийн бодис байгаа нь 10-15 хоног л нөөц байна.
Үндэсний 7 үйлдвэрт хоногтоо 3250 литр ариутгалын спирт, 2634 литр гар халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэх боломжтой байна.
Мэдээлэл, сурталчилгаа, зөвлөмж:
Шинэ коронавирусийн халдварын талаар иргэдэд үнэн, зөв, бодитой мэдээлэл хүргэх зорилгоор ЭМЯ-ны удирдлагууд өдөр бүрийн 11:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, олон нийтийн телевизүүдэд ярилцлага, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.
Мөн ЭМЯ-ны цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үүрэн холбооны хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тухай бүр шуурхай хүргэж байна.
Эрүүл мэндийн яам 323002 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, УОК, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, МХЕГ, эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл өгч, ажиллаж байна.
ХӨСҮТөвд 80086829 утсыг 24 цагийн туршид ажиллуулж, иргэдийн асуусан асуултад хариулан, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллага, удирдлагуудад мэдээлэл өгч байна.
Эрсдэлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр 39 төрлийн цуврал инфографик, 6 төрлийн видео шторкийг бэлтгэн Эрүүл мэндийн яам болон Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтэс фэйсбүүк хуудсанд байршуулан, 126,000 иргэдэд мэдээлэл хүргэн, 3402 хүнийг мэдээллээр хангасан бөгөөд мэдээллийг 25,400 гаруй хүн хуваалцжээ.
Түүнчлэн ЭМЯ-ны фейсбүүк хаягаар бичлэгийг шууд (Live) дамжуулахад 532,500 хүн хандалт хийж, 1540 хүн мэдээллийг хуваалцсан байна.
Нийгмийн сүлжээ, цахим хуудсаар иргэдээс ирүүлж байгаа санал, хүсэлт, сэтгэгдлүүдэд мониторинг хийж үзэхэд нийт хандалтын 41% нь “Монгол улсад өвчлөл нуун дарагдуулж байна”, 59% нь “Амны хаалт хомсдолтой, үнэ нэмэгдсэн” талаар нуун дарагдуулж байна”, 59% нь “Амны хаалт олдохгүй байна, үнэ нэмэгдсэн байна” гэсэн сэтгэгдэл бичсэн байсан тул бид тухай бүрт үнэн бодит мэдээллийг өгч, тайлбар, залруулга хийж ажилласан.
Олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк пейж, жиргээ (twiterr) хуудсыг шинээр нээж ажиллууллаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
“Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаар товч мэдээллийг хийлээ.
Анхаарал тавьсанд баярлалаа,
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам