2019-10-09Одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оны 10дугаар сарын 6-ны өдөр Монгол үндэстний асар их үнэ цэнэтэй өмч баялаг болох
Оюутолгойн алт, зэс, мөнгө, молибдений ордыг ашиглах Хөрөнгө Оруулалтын Гэрээ болон Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ гэгчийг гаднынхантай сүр дуулиантайгаар байгуулсан билээ.
Дашням,Балжиннямтай сайн өдрийг шилж сонгон авч энэ баярт үйл явдлыг зохион байгуулж байна хэмээн манай эрх баригчид ихэд хөөрцөглөж байв. Тэдний энэ хоосон сүржигнэл, хэлбэрдэл,элдэв мэргэ төлөг, ялангуяа учир зүйд үл нийцэх муйхар тэнэг үйлдлүүд сайн юманд хүргэхгүй нь бүр тэр үед тодорхой байсан юм.
Үндэсний эмгэнэл, гашуудал, харуусал, харамслын өдөр болж Монголын түүхэнд тод хар өнгөөр тэмдэглэгдэх нь ч нэн ойлгомжтой байсан. Одоо бодит байдал үүнийг хөдөлшгүйгээр гэрчилж буй. Бараг хүн болгон үүнийг гадарладаг болжээ.
Монгол Улс, үндэстний хувьд асар их хор хөнөөлтэй эдгээр гэрээг байгуулахын эсрэг тухайн үед тун цөөн хүн үндэслэлтэйгээр шүүмжлэн эсэргүүцэж, гадаад,дотоодынхон нийлсэн “бөөн хар хүч”-ний өөдөөс эрс шийдэмгий сөрөн зогсож байсныг хэлэх ёстой. Юмны наад, цаад учир начрыг шинжлэх ухааны үндэс сууриар нь ойлгож мэддэг, иргэний эр зоригтой, нийгмийн идэвхтэй, эх оронч сэтгэлгээ, ёс суртахуунтай эрдэмтэн,мэргэжилтнүүд, иргэд энэ улсад дэндүү цөөн боловч байсан юм. Гэвч захиргаадалтын үеийн хоцрогдсон сэтгэлгээ, арга барилаасаа салж чадаагүй төдийгүй эрдэм мэдлэгээр маруухан эрх баригчид тэдний үгийг сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй. Энэ бол бас түүхэн үнэн.
Ерөнхий сайд С.Баяр, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нараар толгойлуулсан МА(Х)Н, АН-ын Засгийн газар тэр үед маш сайхан хөгжил,ирээдүйг монголчуудад амлаж, хууран мэхлэх ажиллагаагаа зохион байгуулалттайгаар хийж хүмүүсийн “тархийг угааж” байсан юм. Оюутолгойн гэрээг байгуулах гэж хамтарсан Засгийн газрыг байгуулсан хэмээн өөрсдийнхөө “хөшигний цаанах хуйвалдаан”, эрх мэдэл, албан тушаалын хэнээ хийрхлээ зөвтгөн тайлбарлаж байв.
Цаг хугацаа амьдралын хатуу шалгуурууд өнгөрсөн хугацаанд бүхнийг байх ёстой байранд нь тавиад өгөв. Оюутолгойг тойрсон үнэн худал, зөв буруу, буян нүгэл аяндаа ялгагдаж салгагдав. Бидний урьдчилан харж, сэрэмжлүүлэн анхааруулж ирсэн олон зүйл үнэнд их ойр байсныг үйл явдлын бүхий л өрнөлт харуулав.
Эдүгээ үүсээд буй нөхцөл байдлын заримаас тоймлон дурдвал:
- Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ гэгч нь үнэн чанартаа Монголоос хөрөнгө,баялаг сорох хэлцэл байсан нь илэрхий болов.
- Энэ адгийн луйврыг гоё нэртэй гэрээ,мэдэгдэл, хууран мэхэлсэн ухуулга сурталчилгаагаар нуун халхавчилж иржээ.
- Луйвар, дээрмийн шинжтэй гэрээнүүд нь Монголчуудын өмч баялгийг цөлмөхөөс гадна өнөөгийн монголчууд биднийг болон хойч үеийг өрийн ангалд унагаж, ”өтөнд идүүлэх” гамшигт уршгийг тарьж эхлэв.
- Эдгээр гэрээ нь Монголчууд санхүү, хуримтлалын эх үүсвэрээр ямагт гачигдаж дутагдаж байх дахин нэг “чөтгөрийн тойрог”-ийг үүсгэх үндэс суурь болов.
- Мөн эрх мэдэлтнүүдийг авлига, хээл хахуулийн гүн намагт улам лав шигдээх нэг томоохон эх үүсвэр болж хувирав.
- Түүгээр ч үл барам манай төр, засгийн өндөр албан тушаалтнуудыг элдвээр урьхидах, барьцаалах, дарамтлах, шантаажлах хэрэгсэл, хөшүүрэг болжээ.
- Эдгээр болон бусад хүчин зүйлийн улмаас Монгол Улс, үндэстэн гаднын компаниуд, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын дарамт, эрхшээлд хялбархан ордог, бусдад багалзуурдуулсан улс орон болж хувираад байна.
- Гэхдээ хамгийн гол нь Оюутолгойн гэрээнүүд хууль зүйд харш үйлдлүүдээр хийгдсэн төдийгүй хууль тогтоомж зөрчсөн агуулгатайгаар байгуулагдсан тул анхнаасаа хууль бус, тиймээс анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлүүд болох нь улам бүр тодорхой болж нотлогдох болов.
Анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус гэрээнүүд гэдэг нь баялагтаа эзэн байх онцгой чухал асуудал дээр монголчуудыг заяа буян нь хаяагүй, харин түшсэн хэвээр байгааг гэрчилсэн туйлын өөдрөг, гэгээлэг, баяртай мэдээ яах аргагүй мөн юм.
Харин Оюутолгойн баялагт эзэн сууж, дураараа тонгочихыг санаархсан этгээдүүдийн хувьд хамгийн аюултай мэдээ, сүйрлийн цохилт болж таарч байна.
Энэ нэн чухал учир холбогдлыг Оюутолгойн гутамшигт бөгөөд гамшгийн гэрээнүүд байгуулагдсан түүхийн хар өдөр 10 дахь удаагаа тохиож буй энэ цаг үед бид нийт монголчууддаа хандан дахин (2009 оны 9дүгээр сараас хойш лав л 10 гаруй дахь удаагаа) таниулан сонордуулж байна.
“(X)ууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэх Үндсэн хуулийнхаа заалт, шаардлага, үүрэг даалгаврыг ягштал хэрэгжүүлэн ажиллавал Оюутолгойн гэрээнүүд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлүүд гарцаагүй мөн юм. Энэ байдлыг монголчууд бид “тэнгэрээс заяагдсан” аврал,гарц хэмээн ойлгож хүлээн авах ёстой. Оюутолгойг тойрсон бүхий л заваарсан хэрэг явдлыг үндэс сууриар нь засч залруулах боломж гэж ухаарах ёстой.
Манай үе үеийн эрх мэдэлтнүүд үүнийг санаатайгаар тас дарж, нүдэн балай,чихэн дүлий явж ирцгээсэн. Ямар учраас ингэдэг нь ч маш тодорхой юм. Ноцтой алдаатай үйлдэл,эс үйлдлээрээ бусдад барьцаалагдсан, мөн бузар булай нь илчлэгдэхээс айж эмээсэн тэд өөрсдийгөө хамгаалах үүднээс энэхүү гарц,боломжийг анхааран үзэх нь байтугай сонсохыг ч хүсэхгүй явж ирэв. Ингээд оронд нь Монгол Улс,үндэстнийхээ эрх ашгийг хөсөр хаясан. Энэ хариуцлагагүй үйлдлийнх нь эдийн засгийн хор уршиг бүр одоо тэрбум тэрбум доллараар хэмжигдэж буй.
Нөгөөтэйгүүр мэдлэг,чадвар нь үнэхээр дутмагаас болоод асуудлын мөн чанар,ач холбогдлыг ойлгохгүй явдаг цөөнгүй албан тушаалтан бий. Гол чухал асуудлыг хоёр-гуравдугаар зэргийн зүйлүүдээс ялгаж салгаж чадахгүй будилж бантагнах нь түгээмэл тохиолддог үзэгдэл.
Яг нэг иймэрхүү шалтгааны улмаас бололтой дог (эсвэл өөр учир шалтгаан,зорилго байв уу?) Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсэг, юуны түрүүнд холбогдох дэд ажлын хэсгийнхэн (“Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээ, түүний хэрэгжилт, үр дүнг тооцох дэд ажлын хэсэг”) гэрээнүүдийн эрх зүйн чадамжийн асуудалд хангалттай бус анхаарч ажиллаж дээ гэж ойлгогдохоор байгааг энд хэлэх нь зүйтэй санагдана. Олон нийтэд ил болгосон (45 хуудас) Нэгдсэн дүгнэлтийг нь уншихад, ийм сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж буй юм.
Тэнд тухайлбал “1.12. Дубай хотноо байгуулсан ДУББСТ, ДУББСНТ, Менежментийн гэрээ нь Монгол улсын хууль тогтоомж болон ХөОГ, ХНГ-ний зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна” гэсэн атлаа суурь гэрээнүүд болох Хөрөнгө Оруулалтын Гэрээ болон Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ хууль тогтоомжид хэр нийцэж буй талаар олигтой юу ч цохож дурдалгүй өнгөрсөн байх нь гайхшрал төрүүлж буй юм.
Гэтэл эдгээр гэрээ нь хууль тогтоомжийн олон зүйл заалтыг зөрчсөн болох нь бүр 2009 оноос буюу гэрээ байгуулагдах үеэс олон нийтэд ил болж эхэлсэн билээ. Ямар учраас ийм илэрхий, баримт нотолгоотой зүйлүүдийг олж харалгүй, Нэгдсэн дүгнэлтдээ дурдалгүй, тусгалгүй орхисныг ойлгоход бэрх. Ихээхэн мээдээлэл ба эрх мэдэлтэйгээр бүтэн жил орчим ажиллахдаа Оюутолгойн хэрэг явдлыг засч залруулахад шийдвэрлэх ач холбогдолтой зүйлд тун хангалтгүй анхаарсныг юу гэж үзвэл зохилтой вэ? Энэ тухайд Ажлын хэсгийнхэн ард түмэндээ ямар тайлбар өгөхийг сонсох цаг нэг их удахгүй ирэх биз ээ.
Харин саяхан (2019 оны 9дүгээр сарын эхээр) УИХ-ын Аюулгүй Байдал,Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ, Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээг хууль зөрчиж байгуулсан байна гэдгийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас дүгнээд танилцуулга материал хийчихсэн байна гэж олон нийтэд мэдээлсэн нь учир мэдэх хүмүүсийн анхаарлыг соронзо мэт татав. Энэ нь манай төрийн байгууллагаас Оюутолгойн үндсэн гэрээний эрх зүйн чадамжийн талаар миний мэдэхээр анх удаагаа гаргаж буй үнэн зөв дүгнэлт болж таарч байна.
Нэн олзуурхууштай нь АТГ-ын материал одоо УИХ-ын нийт гишүүдэд тараагдсанаар тэд үнэн байдалтай танилцаж, асуудлыг улам лавшруулан тодруулах, улмаар улс үндэстнийхээ эрх ашигт нийцсэн зөв бөгөөд зангарагтай шийдвэр гаргах боломжтой болж байна. Мэдээгүй гэж мэлзэх, асуудлыг таг дарах, мөн булзайруулах боломж ч хаагдав. Ийнхүү Оюутолгойн асуудлыг хамгийн чухал сэжүүр шижмээс нь барьж авч уг үндсээр нь хэлэлцэж шийдвэрлэх боломж анх удаагаа бүрдэж эхлээд байна.
Манайхан нэг зүйлийг сайтар ухаардаггүй нь өнгөрсөн 10 гаруй жилийн туршлагаас маш тодорхой харагдаж буй. Юу вэ гэвэл,гаднынхантай хүчин төгөлдөр гэрээ хэлцэл хийсэн л бол дараа нь “бид алдаа гаргажээ, хохирчихлоо, бидний ашиг,орлого бага байна, гэрээгээ өөрчилье” гэж янз бүрийн юм ярьж, нэр нүүрээ барж, элдвээр улиглан гоншигнох нь утга учир багатай, гаднынханд бол бүр ойлгомжгүй, тэр ч бүү хэл огт сонирхолгүй, харин ч бүр түншүүдийнхээ гайхшрал,эгдүүцлийг төрүүлсэн, тэвчээрийг нь барсан, инээд доог тохууг нь хүргэсэн, түрэмгий дээрэнгүй зангийг нь өөгшүүлсэн зүйл байдаг гэдгийг манай хүмүүсийн сэтгэлгээ, ухамсрын байж байгаа төвшин зохих ёсоор тусган авахгүй байгаа нь анзаарагддаг юм.
Үүнээс болоод ч тэр үү манай үе үеийн эрх мэдэлтнүүд Оюутолгойн гэрээг өөрчилье, сайжруулъя гэж баахан гуйж гувшсан, гуйланчилсан хөөрхийлэлтэй нөхдүүд явсаар өнөөг хүрэв. Гарсан үр дүн гэж үнэндээ байхгүй. Гэтэл цаг хугацаа өнгөрсөөр, байдал улам дордож ужгирсаар.
Өөр нэг заавал анхаарч байх ёстой зүйл бол манай эрх баригчид тулга тойрсон, явуур муутай ажил,үйлдлээрээ өөрсдийгөө “жижигрүүлэн” шившигтэй байдалд оруулахаас гадна нэн ялангуяа Монголынхоо нэр хүндийг дэлхий нийтийн өмнө шороотой хутгаж байгаагаа мэдэж буй эсэх нь тодорхойгүй үлддэг явдал юм.
Ямартай ч нэг ийм муу ёрын гэхээр тойрогт эрх баригчид өөрсдийгөө оруулчихаад түүнээсээ гарч чадахгүй хий дэмий тийчигнэсээр олон жилийн нүүрийг барж байна. Ийм хөгийн хандлага,арга барилаар Оюутолгойн ноцтой асуудлыг нааштай шийднэ гэж ер байхгүй. Ёстой санасны гарз.
Барууныхантай, тэгэх тусмаа үндэстэн дамнасан корпораци, дэлхийн хэмжээний санхүү,эдийн засгийн байгууллагуудтай ажил хэрэгчээр, найдвартай харилцах үр нөлөөтэй ганц л арга зам, хэрэгсэл байдаг. Тэр бол хууль зүй, нарийвчилбал гэрээний эрх зүй.
Учир иймд Оюутолгойг тойрсон олон асуудлыг шийдвэрлэхэд хууль зүйн, түүний дотор гэрээ эрхийн үндэслэл, гаргалгаа,хөшүүргүүд хамгаас чухал. Бусад төрлийн элдэв тайлбар, үндэслэл, учирлал, гуйлга, гоншигнол гаднынхныг хөдөлгөж чадахгүй. Тийм ч учраас тэд гэрээний зүйл, заалтыг байтугай цэг, таслалыг нь ч өөрчлөхгүй гээд гэдийж,пээдийж чадаад байгаа билээ.
Бодит байдал ийм байдаг тул бид эрх зүйн асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, бүр анхнаасаа буруу замаар явчихсан Оюутолгойн асуудлыг Монгол Улс, үндэстэндээ нэн ээлтэйгээр шийдвэрлэх гарц,гаргалгааг энэ талбараас эрэлхийлэн хайсан билээ. Ингээд маш барьцтай бөгөөд даацтай үндэслэл, шийдлүүдийг нэлээн эрт олж тогтоосон.
Тиймээс ч 2009 оны 9дүгээр сард буюу Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө эрх зүйн хувьд үүссэн ноцтой нөхцөл байдал,түүнээс гарах балагт үр дагаврын талаар эрх баригчдад болон гадаадын хөрөнгө оруулагчдад тусгай Мэдэгдлээр сэрэмжлүүлэн анхааруулсан. Тэнд тухайлбал “Энэхүү гэрээ нь анхнаасаа хууль бус,тиймээс хүчин төгөлдөр бус байх болно гэдэгт бид огт эргэлзэхгүй байна” хэмээн бичээстэй бий (Мэдэгдэл,“Зууны мэдээ” сонин, 2009.09.28.,№ 226).
Энэ мэтчилэн бид зарим чухал санаа, үндэслэлээ төр, засгийн удирдлагуудад болон олон нийтэд удаа дараа хүргэсээр ирсэн билээ (Жишээ нь:
http://www.sonin.mn/news/gemt-hereg/101584). Гэвч харамсалтай нь манай эрх баригчид бидний санал,санаачилгыг огт ойшоолгүй, бодит ажил, үйлдэл болголгүй явсаар 10 жилийг өнгөрүүлэв. Улмаар цаг хугацаа алдаж, өмнөх алдаа, завхралууддаа улам бүр ороогдон туугдаж, дээр нь нэмж буруу шийдвэр гаргасаар байдлыг тартагт нь тултал муутгаж орхив.
Одоо харин бидний санаа,үндэслэлүүд төрийн зарим байгууллага,түшээдийн анхаарлын төвд орсон бололтой юм. Тодотгож хэлэхэд, Оюутолгойн асуудал 2015 оны “Дубайн гэрээ”-ний хар гайгаар 2009 оны үндсэн гэрээнүүдийн үеэс хэмжээлшгүй ихээр хүндэрч, монголчуудаас улам их арга ухаан, хүчин чармайлт, тэвчээр хатуужлыг шаардах болчихоод байна.
Монгол Улсад хуульт ёс, эрх зүйт төр оршиж буй цагт Монголчууд бид Оюутолгойн гайхамшигт баялгаа гаднынханд алдахгүй гэж бид үзсээр ирсэн. Ийм ч учраас хуулийн засаглалыг боловсронгуй болгож бэхжүүлэхийн төлөөх монголчуудын аливаа хүчин чармайлт, тэмцэл бол угтаа мөн Оюутолгойгоо аврахын төлөөх тэмцэл юм.
Нөгөөтэйгүүр Монгол Улсад Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж хэлбэрэлтгүй хэрэгжихээс хэн хамгийн их айж эмээж, хуулийг гууль болгон завхрууулахын тулд хамаг байдгаа хийж ирсэн бэ гэвэл Оюутолгойн баялгаас үндэслэлгүйгээр ашиг шим сорж хүртэж буй гадаад, дотоодын явцуу ашиг сонирхлын бүлэглэл, этгээдүүд гэх хариулт гарна.
Хэн Оюутолгойн асуудлыг зүй зохистой шийдэхгүй, мөн шийдүүлэхгүй явсаар өнөөгийн хүнд байдалд оруулав гэдэг нь эндээс мөн тодорхой болно. Хууль бус гэрээнүүдийг хууль ёсных мэтээр үзэж аашилсаар байгаа явдал ч үүнтэй шууд холбоотой.
Өнөөгийн эрх баригчид Оюутолгойн асуудлыг цэгцлэх хүнд зорилттой тулгараад байна.
Энэ эгзэгтэй үед 10 жилийн турш дэвшүүлэн тавьж ирсэн бидний гаргалгаа,үндэслэлүүд үнэтэй санаа, санал болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Бүр анхнаасаа мордохын хазгай болсон Оюутолгойн гэрээнүүд нь эрх зүйн чадамжгүй,тиймээс хүчин төгөлдөр бус болох нь эцэслэн тогтоогдвол уг орд газрын эргэн тойрон дахь бүх нөхцөл байдал эрх зүйн хувьд цоо шинээр яригдахаас өөр аргагүй болно.
Эцсийн дүнд Оюутолгойн гэрээнүүдийг нэг бол цоо шинээр хийж таарна, эсвэл хамтрагч талууд хоёр тийш яс салах тийм л шаардлага үүснэ.Гэхдээ Оюутолгойн нөөц баялаг дэндүү гайхамшигтай тул өнөөгийн түншүүд орхиод гараад явах нь юу л бол гэж үзэж байна.
Бүх зүйл хамгийн муугаар эргэх тохиолдолд маргаан Лондонгийн Арбитрын шүүх дээр эцэслэн шийдэгдэх өндөр магадлалтай. Тэрхүү шүүх Монголын хуулиар асуудлыг шүүн хэлэлцэнэ гэх боловч бодит байдал дээр өөрийн орны компанийн (Рио Тинто-гийн) эрх ашгийг илүүд үзэж шүүн таслахыг бүрэн үгүйсгэх аргагүй. Ийм ч учраас бид гэрээнд ямар нэгэн байдлаар хамааралгүй, төвийг сахисан гэж үзэж болохуйц өөр оронд байршилтай Арбитрын шүүхийг сонгож авах нь олон улсын эрх зүйн зарчим,практикт нийцнэ хэмээн 2007 оноос эхлэн шаардсан боловч манай эрх мэдэлтнүүд гэрээ эрхийн энэхүү наад захын хэм хэмжээг үл хайхарч,улмаар үндэснийхээ эрх ашгийг хөсөрдүүлснийг энд дурдах нь зүйд нийцнэ.
Оюутолгой бол бүр 2002-2003 оны үеэс эхлэн манай улстөрчдийн жинхэнэ чанар чансааны шалгуур,хэмжүүр байсан юм. Өнгөрсөн 15 гаруй жилийн хугацаанд энэ босгыг нэр төртэйгээр давсан улстөрч дэндүү цөөн гарав. Тэдгээрийн тоо бараг л гарын арван хуруунд багтана. Бусад нь буюу 99 хувь нь тун амархан бүдэрсэн бөгөөд зарим нь үеийн үед хараалгаж зүхүүлэх бузар нүглийг үйлдээд одоо төр,түмнийхээ өмнө хариуцлагаа хүлээх гээд байцгааж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна.Ганцхан юмнаас айж байна. Энэ бол ард түмний маань итгэл,найдвар алдрах вий гэдгээс би айж байна”, ”Оюутолгой,Дубайн гэрээний асуудлыг шалгаж үзнэ ээ. Шалгагдсан асуудлууд байгаа. Үнэхээр Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, үнэхээр Монгол Улсын эрх ашигт үл нийцсэн ийм асуудал гарсан бол бид нар Монгол Улсын хуулийн хүрээнд,олон улсын гэрээ конвенцийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой л гэж бодож байна” хэмээн ард түмэндээ амлаж, итгэл найдварын очийг сэтгэл зүрхэнд нь бадраасан. Эдгээр үгийг монголчууд бид маш сайн санаж яваа.
Оюутолгойн гэрээнүүд хууль тогтоомж зөрчсөн болох нь төрийн байгууллагуудын төвшинд одоо нотлогдож,тогтоогдож эхэлсэн нь сайн цаг айсуйн шинж гэлтэй. Одоо асуудлыг улам лавшруулан нягтлах ёстой. Ингэвэл бидний үзэж ирсэнчлэн анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс хүчин төгөлдөр бус гэрээнүүд гэдэг нь улам тодорхой болох болно. Ийм нөхцөлд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ард түмэндээ өгсөн амлалт, тангаргаа хэрхэн биелүүлэх нь онцгой анхаарал татна. Үүнийг харах л үлдлээ. Тэвчээр,хүлээц нь барагдаж буй ард түмнээ нэг их удаан хүлээлгэхгүй биз ээ.
Бидний ойлгож байгаагаар, одоо Оюутолгойтой холбоотой бүхий л асуудал УИХ-аас гарах шийдвэрийн зүйл,заалт,үг үсгээс шууд хамаарна. Шийдвэр дутуу дулимаг гарвал, жишээ нь гол зангилаа асуудлыг орхигдуулж, хариуцлагыг өөрөөсөө түлхэж, бөөрөнхийлж, эрс шийдэмгий бус, олон салаа утгатай томъёологдвол байдал цаашид улам л хүндрэх замыг тавьж өгнө.
Шийдвэрийн төслийг боловсруулж буй Ажлын хэсгийн гишүүд, цаашилбал УИХ-ын нийт гишүүд үүнийг эрхбиш ухамсарлаж байгаа биз гэж найдъя. Ард түмнийхээ асар их хүлээлт, хүсэл,шаардлагыг биелүүлж чадахааргүй хэн нэгэн байвал монголчуудынхаа урагшлах хөдөлгөөнд саад тотгор болохгүй байх үүднээс, мөн өөрийгөө нэхэл,дагал нь хатуу хэрэг түвэгт орооцолдуулахгүй байх үүднээс зайгаа тавьж өгөх нь зүйтэй.
Оюутолгойн асуудал нь баялгийн эзэн хэн бэ гэх асуултыг хурцаар тавихаас гадна Монгол Улсад засгийн бүх эрх бодитойгоор ард түмний мэдэлд байх уу, аль эсвэл гадаад,дотоодын бүлэглэлүүдийн гарт байх уу гэдгийг шийдвэрлэх онцгой чухал асуудал болтлоо даамжирчээ гэхэд хэтрүүлэг болохгүй. Үүнийг УИХ-ын эрхэм гишүүд шийдвэрээ гаргахдаа бас бодолцох байлгүй. Ард түмэн дараа нь дүнгээ тавьж, шийдвэрээ гаргах нь зайлшгүй.
Р.Эрхэмбаяр