2019-08-19ТОО ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ
Хатуу мэдэгдэл, ширүүн үгсээр бүтэн жилийн турш дайтсан дэлхийн хоёр том гүрэн одоогоос яг жилийн өмнө худалдааны
маргааныг хөрсөндөө буулгаж, импортын тарифаа өсгөсөн түүхтэй. Үүнээс хойш худалдааны дайнаас үүдсэн хар дарсан зүүд шиг таамгууд ар араасаа хөвөрч, дэлхийн эдийн засаг хямралын ирмэгт ирчихээд байгааг олон улсын шинжээч, мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинжээчдийн анхааруулж байсан шиг ноцтой үр дагавар АНУ, Хятад гэлтгүй дэлхийн эдийн засагт учрав уу. Үнэхээр олон улсын эдийн засаг орвонгоороо эргэж, худалдааны дайн дэлхийн зах зээлийг хөмөрсөн тогоо шиг болгоод байна уу. Энэ асуултад тоон үзүүлэлтүүд, тооцоо статистик хэрхэн хариулж буйг хүргэе.
АНУ, БНХАУ
Одоогоор худалдааны дайнаас үүдсэн уналт дайн зарласан талууд болох АНУ, БНХАУ-д хамгийн тод ажиглагдаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдгээр зах зээлийг өсөлтөөс илүү унасан үзүүлэлтүүд ар араасаа угтах болсон юм. 2019 оны эхний хагасын байдлаар БНХАУ-ын экспорт, импорт аль аль нь буурлаа. тус улсын нийт экспорт 1.3 хувиар буурсан бол импорт нь 8.5 хувиар багассан байна. Тэгвэл Америк ч ялгаагүй уналттай нүүр тулж буй бөгөөд тус улсын эмийн үйлдвэрлэл, үнэт эдлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, авто үйлдвэрлэлийн экспорт уруудсаар байна. Ийнхүү бараа, үйлчилгээний экспортоор эдийн засгаа тэжээдэг эдгээр улсын орлого буурснаар макро түвшний үзүүлэлт ч багассан байна. Тодруулбал, жилд дунджаар гурван хувиар өсөж байсан АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.1 хувь болтлоо саарсан бол Хятадын ДНБ-ий тэлэлт 27 жилийн доод цэгт хүрч, 6.2 хувьтай тэнцэв. Хэдийгээр энэ хоёр улсын хэн нь худалдааны дайнаас ашиг хүртэхийг хэлэхэд эрт боловч одоогоор дайтагч талуудын аль аль нь хохирол хүлээгээд байна.
МОНГОЛ УЛС
Тэгвэл худалдааны дайн үүссэн нэг жилийн хугацаанд Монголоос АНУ-ыг чиглэх экспорт 5.9 дахин өссөн нь манай улсын гадаад худалдааны урсгал дахь хамгийн том ахиц гэж тооцогдож байна. Хэдийгээр Монгол Улсаас Америкийг чиглэдэг экспортын хэмжээ их биш боловч “чамлахаар чанга атга” гэдэг шиг огцом өсөлт үзүүлжээ.
Сүүлийн жилүүдийн эхний хагаст дунджаар 3.4 сая ам.долларын барааг АНУ-д импортолдог байсан Монгол Улс энэ оны долдугаар сарын байдлаар 20.8 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулсныг гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Үүний дийлэнхийг агаарын тээврийн хэрэгслийн экспорт бүрдүүлснийг албан мэдээлэлд дурджээ. Мөн АНУ-аас Монгол Улсад экспортын давуу тал олгохоор хэлэлцэж буй ноолууран бүтээгдэхүүний экспорт төрөл бүрт тодорхой хувиар өсжээ. Тухайлбал, ямааны ноолууран свитерийн нийлүүлэлт дөрөв дахин, гадуур цамцных гурав дахин өссөн байна.
Худалдааны дайны хамгийн эхний хохирогч нь АНУ, БНХАУ
Харин энэ хугацаанд Монгол Улсын экспортын 96 хувийг дангаараа бүрдүүлдэг урд хөршийг чиглэх нийлүүлэлт 10 хувиар өсөж, 4.1 тэрбум ам.долларт хүрсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нүүрс, зэсийн экспорт өнгөрсөн оны мөн үетэй дүйсэн бол төмрийн хүдрийн баяжмал, мах махан бүтээгдэхүүн, ноолуур, ноосны экспорт өссөн байна. Худалдааны дайны манай улс дахь нөлөөллийг таамагласан янз бүрийн таамаг дүгнэлтүүдийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Урт хугацаанд уг дайн хэрхэн нөлөөлөх нь одоогоор бодит болоогүй ч эхний нэг жилийн тоон мэдээллийг үндэслэн тооцвол одоогоор Монгол Улсын гадаад худалдаа тэлж, экспортын орлого нэмэгдсэн дүр зурагтай байна.
ХОЖИЖ БУЙ ОРНУУД
Том гүрнүүдийн зарласан дайнд Монгол шиг сонголтгүйгээр татагдан орсон орнууд, ялангуяа манай бүс нутгийн улсуудын худалдаа өссөн байна. Бүс нутгийн хөгжлийн томоохон жанжин болох БНХАУ тарифаар торгох дайнд орсон нь тус улсын хаялгаар хөгжиж буй орнуудад эргэлзээ дагуулсан. Тэгвэл одоогоор экспортоо хамгийн өндөр хувиар өсгөөд буй орнуудын дийлэнх нь Азийн улсууд байна. АНУ-ын Хятад дахь импорт 10 гаруй хувиар буурахад Вьетнамынх 36, Тайванийнх 23, Бангладешийнх 14, БНСУ-ын 12 хувиар тус тус өссөн байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажиллах хүч хямд, технологийн үйлдвэрлэл хөгжсөн орнуудын гарц нэмэгдэж, экспорт өссөн байна. Хятадад үйл ажиллагаа явуулдаг байсан компани АНУ-ын өндөр тарифтай нүүр тулсан тул Зүүн Азийн зарим орон руу нүүж эхэлсэн нь тэдний эдийн засгийг өсгөөд байна.
Тухайлбал, өнгөрсөн онд эдийн засгаа ч, экспортоо ч тэр илт эрчимжүүлсэн улс бол Вьетнам юм. Худалдааны дайны дараах нэг жилийн хугацаанд зургаан хувьд хэлбэлздэг байсан тус улсын ДНБ-ий өсөлт долоон хувь давж, экспортын өсөлт нь хоёр оронтой тоогоор хэмжигдэж, худалдааны дайн гэнэтийн өсөлт авчирсан. Дональд Трампын тарифаас зугтсан үйлдвэрлэгчид Хятадыг орхиж, Вьетнам руу нүүсэн нь Зүүн өмнөд Азийн энэ улсын эдийн засгийг өсгөжээ.
Нөгөө талд, Хятад улс Америкийн хүнс, хөдөө аж ахуйн түүхий эдийн тарифыг өсгөснөөр Австрали, Бразил, Аргентины экспорт өсөж байгаа. Тухайлбал, Австрали улсын Хятадыг чиглэх жимс, жимсгэний экспорт 40 хувиар өссөн бол самар, хөвөн зэрэг хөдөө аж ахуйн түүхий эдийн нийлүүлэлт ч өссөн байна.
ХУДАЛДААНЫ ХЭТ ХАМААРАЛТАЙ УЛСУУД ХОХИРЧ БАЙНА
Зүүн өмнөд Азийн орнууд бүгд ашиг хүртэж байна уу гэвэл үгүй. Энэ оны хоёрдугаар улиралд Сингапурын ДНБ төлөвлөснөөс дутаж, 3.3 хувиар өслөө. Ирэх саруудад ч удаашрал үргэлжилж, оны эцэст 0.0-1.0 хувьтай өсөх таамагтай байна. Жижиг, нээлттэй эдийн засаг бүхий Сингапур улс таагүй нөлөөг түрүүлж амсах хандлагатай байдаг хэмээн Overseas-Chinese Banking-ийн стратегийн судалгаа хариуцсан захирал Селена Лин өгүүлэв.
Үүнээс гадна АНУ, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн нягт холбоотой Европын холбооны экспорт сайнгүй байна. Ялангуяа, энэ бүсийн эдийн засгийн зүрх болдог германы худалдааны зөрчлөөс үүдэн суларч байгаа. Зургадугаар сарын байдлаар тус улсын экспорт жилийн дүнгээр найман хувиар буурсан бол импорт нь 4.4 хувиар багассан байна.
АНУ Хятадын 1 6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортын тарифыг 25 хувьд хүргэхээ анхлан мэдэгдсэнээс хойших нэг жилийн босгон дээр худалдааны дайны үр нөлөөг тоон утгаар хэмжихэд ийм дүр зурагтай байна. Дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг хоёр том улсын дунд үүссэн худалдааны зөрчил зөвхөн нэг жилээр зогсохгүй дунд болон урт хугацаанд улс орнуудад нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ бидэнд тодорхой болсон нэг жилийн үр дүнг нэгтгэн дүгнэвэл худалдааны маргааны нөлөө дайн эхлүүлсэн талуудад хэдийн мэдрэгдэж эхэлжээ. Цаашлаад АНУ, БНХАУ-ын аль алинтай нь худалдаа, эдийн засгийн нягт харилцаатай, нээлттэй эдийн засагтай Сингапур, Германы тоон үзүүлэлтүүдийг хөндөж эхэлсэн байна.
• Жилд дунджаар гурван хувиар өсөж байсан АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.1 хувь болтлоо саарсан
• Сүүлийн жилүүдийн эхний хагаст дунджаар 3.4 сая ам.долларын барааг АНУ-д импортолдог байсан Монгол Улс энэ оны долдугаар сарын байдлаар 20.8 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
• Урд хөршийг чиглэх нийлүүлэлт 10 хувиар өсөж, 4.1 тэрбум ам.долларт хүрсэн.
Гэхдээ дэлхийн худалдаанд бий болсон энэ өөрчлөлт БНХАУ-д үүссэн үйлдвэрлэлийг төвлөрлийг задалснаар бүс нутгийн өрсөлдөх чадвартай орнуудын эдийн засгийг дэмжиж зах зээлээ тэлэхээр өрссөн улсуудад боломж олгожээ. Гэхдээ энэ эерэг хандлага нь зөвхөн богино хугацааны үр дүнд үндэслэсэн дүгнэлт гэдгийг хэлэх нь зүйтэй. Хэдийгээр худалдааны дайн олон улсын эдийн засагт аюулын харанга асаагаад буй нь үнэн ч дэлхийн эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, түүнийг илтгэсэн тоонууд харьцангуй тогтвортой байна.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ