2019-07-05Өнгөрсөн жил Олон улсын цахилгаан автомашины үзэсгэлэнд өөрөө өөрийгөө цэнэглэдэг цахилгаан машин зохион бүтээж тэргүүн шагнал авч
байсан Шинжлэх Ухаан Үйлдвэрлэл Технологийн Билиг Төв нь агаарт нисэж байхдаа өөрөө өөрийгөө цэнэглэн удаан хугацаагаар нисэж чадах цахилгаан дрон бүтээжээ. Тус төвийн захирал Д.Дорлигжавтай ярилцлаа.
-Танай технологийн төв цахилгаан хөдөлгүүртэй дрон зохион бүтээж байгаа тухай мэдээ сонслоо. Өөрийгөө цэнэглэдэг дрон зохион бүтээж байгаа гэхээр сонирхолтой санагдаж байна л даа?
-Хүнд даацын цахилгаан дрон дээр ажиллаад үндсэндээ дуусаж байна. Ойрын өдрүүдэд туршина. Энэ дрон нь 130 кг-ийн ачаа өргөнө. Агаарт явж байхдаа өөрийгөө цэнэглэдэг байхаар туршилт хийх гэж байна. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа цахилгаан дронууд нь агаарт 40 минут нисдэг. Манай дрон нь агаарт нисэж байхдаа өөрийгөө цэнэглэн удаан хугацаагаар нисдэг дэлхийн анхны цахилгаан дрон болох юм. Дрон нь 130 кг-ийн ачаа тээвэрлэх чадалтай байна гэдэг нь том дрон. Цэвэр жингээрээ 100 кг ачаа тээвэрлэх боломжтой. Өөрийнх нь жин 35кг. Одоо ашиглагдаж байгаа ихэнх цахилгаан дрон нь 10-15 кг-ийн ачаа зөөдөг. Сүүлийн үед нэг хүн зөөх чадал бүхий цахилгаан дрон Дубайд туршигдсан нь 40 орчим минутаас илүү хугацаагаар нисэх боломжгүй юм билээ. Манай төв Улсын баяр наадмын өмнө туршилтаа хийхээр ажиллаж байна. Өөрөө өөрийгөө цэнэглэх систем маань амжилттай болох нь нотлогдвол 130кг ачаа өргөх гэдэг бол дээд хязгаар биш. Яг одоо бидний угсарч байгаа рам дээр 260 хүртэл кг ачаа даах дрон бүтээх нь бидний хувьд тийм ч хэцүү асуудал биш юм.
-Тэгвэл цаашдаа нисдэг тэрэг, нисэх онгоцыг цахилгаан болгож болох юм биш үү?
-Тийм зорилгод хүрэх гэж энэхүү дроныг туршиж байгаа юм. Тэгэхдээ цахилгаан тийрэлтэт хөдөлгүүр бүтээсэн тохиолдолд бүрэн боломжтой бөгөөд манай систем уг хөдөлгүүрийг эрчим хүчээр хангах бололцоотой.
-Танай технологиор тийрэлтэт биш ердийн цахилгаан хөдөлгүүр ашиглаад онгоц нисдэг тэрэг хийж болохгүй юу?
-Ердийн цахилгаан хөдөлгүүртэй нисдэг тэрэг онгоц хийе гэвэл уг хөлөг маань дөрөв, таван мянган метрээс илүү өндөрт нисэж чадахгүй. Энэнээс дээш өндөрт агаар сийрэгжилттэй тул заавал тийрэлтэт хөдөлгүүр хэрэгтэй болно. Одоо дэлхий дээр дан цахилгаан тийрэлтэт хөдөлгүүр бүтээгдээгүй байгаа. Нам өндөрт нисэх нисдэг тэрэг онгоц хийе гэвэл манай технологи боломжтой.
-Хэрэв энэ туршилт амжилттай болбол онгоц нисдэг тэрэг дээр хэдийд туршиж эхлэх вэ?
-Уг нь тийм ч их хугацаа шаардахгүй. Даанч манай оронд ийм төрлийн судалгаа туршилт хийхэд хэрэглэгдэх материаллаг бааз, тоног төхөөрөмж байхгүй нь бидэнд хамгийн том саад болж байгаа юм. Ядаж л бид тусгай зориулалтын хадаасаа хүртэл гаднаас авч байна.
-Тэгвэл гадаад улс оронд очоод компани байгуулаад энэ бүхнийг хийвэл илүү хурдан үр дүн, амжилт гарах юм биш үү?
-Тийм боломж байх нь байгаа. Гэхдээ л ноорхой ч гэсэн гэр минь гэдэг шиг Монголдоо юм хийчих санаатай үзээд байна. Цаашдаа бол чиний хэлдэг зөв л дөө, өөр арга байхгүй бололтой.
-Дрон нь 130 кг ачаа тээвэрлэнэ гэж байгаа. Тэгвэл ачаа тээврийн зориулалтаар ашиглаж болно гэсэн үг үү?
-Энэ дроныг олон зүйлд ашиглаж болно. Дроноор тариалангийн талбайн бордоо цацаж байна. Хортон устгадаг бодис цацаж байна. Байгаль орчны чиглэлээр харуулын үүрэг гүйцэтгэдэг. Хаана ойн түймэр гарсан байна гэдэг ч юм уу дроноор харчих боломжтой. Онцгой байдлын салбарт гал унтраах машины шаланкийг өндөрт өргөх, ачаа тээвэрлэх гээд онцгой байдлын чиглэлээр ашиглагдаж байна. Мөн дрон нь цэргийн зориулалтаар ашиглагддаг. Бид энэ дроноо цэргийн байгууллагад ашиглах хувилбараар хийж турших гэж байна. Манай технологийн төв сүүлийн зургаан сар энэ дрон дээр тасралтгүй ажиллалаа.
-Яагаад заавал цэргийн зориулалтаар гэж?
-Дроны зориулалтууд дотроос хамгийн төвөгтэй нь цэргийнх. Энэ хувилбар амжилттай болвол уг дроныг ямар ч зориулалт, хувилбараар ашиглахаар үйлдвэрлэж болно гэсэн үг.
-Олон улсын цахилгаан машины үзэсгэлэнд танай компани амжилттай оролцсон. Цахилгаан автомашин үйлдвэрлэх туршилтын ажил хэр амжилттай явж байгаа вэ?
-Дэлхий дээр хэрэглэж байгаа бүх цахилгаан машинууд нь тодорхой зайд яваад цахилгаантай газар зогсож цэнэглэдэг. Энэ нь цахилгаан машины хөгжилд их саад болж байгаа. Хаа сайгүй цэнэглэдэг станц барихгүй бол болохгүй болдог. Мөн батарей нь их хүйтэнд ажиллаж чадахгүй хөлдөнө. Манай монголд туршаад байгаа цахилгаан автобуснууд нь хасах 20 градусаас дээш ажиллахад төвөгтэй. Хасах 20 хэмээс дээш хүйтэнд батарейнууд нь хурдан сууж богинохон зайд явж ашиглалтын ач холбогдолгүй болдог. Техникийн үзүүлэлтдээ ч хүрдэггүй. Манай төвд бүтээгдсэн цахилгаан авто машины хувилбар өндөр хэмийн хүйтэнд ажиллахаас гадна өөрийгөө явцын дунд тасралтгүй цэнэглэж хэдэн ч километр замыг туулах боломжтойгоороо давуу юм.
-Тэгвэл яагаад үйлдвэрлэл хийж эхлэхгүй байгаа юм бэ?
-Юуны өмнө өөрөө өөрийгөө цэнэглэдэг энэ системийг ганцхан машин биш, дрон болон нисэх хэрэгслүүд, усан онгоц, галт тэрэг зэргийг ажиллуулахад турших шаардлагатай. Мөн энэ технологиор үнэгүй эрчим хүч үйлдвэрлэх (цахилгаан станц) бий болгох ч боломжтой. Иймд туршилтыг бүх хувилбаруудаар хийх ёстой. Мөн найдвартай ажиллаж чадах эсэхийг нь энэ бүх хувилбарууд дээр бас турших шаардлагатай. Ийнхүү туршилтаар баталгаажсан технологийг үйлдвэрлэлд оруулдаг юм. Шинжлэх ухааны болон инновацын ажлыг удаан хугацааны туршид олон талаас нь баталгаажуулсан нарийн нягт туршилт, тогтвортой найдвартай үр дүн гарч баталгаажсан үед одоо боллоо гэж үзэх ёстой. Түүнээс биш дөнгөж нэг ажлыг сэжүүр эхлүүлээд түүгээрээ хий хоосон рекламдаж шуугиан тарих явдлыг би буруу гэж үздэг. Уул нь автомашины хувьд асуудалгүй. Бусад хувилбаруудыг туршиж дуусах гээд үйлдвэрлэлийн хувьд яарахгүй байгаа.
-Өөрийгөө цэнэглэдэг төхөөрөмжийн тусламжтайгаар Эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж ярилаа. Тийм боломж бий юу?
-Тэгэлгүй яахав, өөрөө өөрийгөө цэнэглэдэг энэ систем гэдэг чинь өөрийгөө ажиллуулахад зориулсан эрчим хүчийг өөрөө гаргаад өөрийгөө тэжээгээд явна гэсэн үг. Тэгвэл энэ технологийг ашиглаад айл өрхийг болон тодорхой хэрэглэгчийг цахилгаанаар хангах боломжтой. Сүүлийн зургаан сард бид ийм төрлийн цахилгаан станц болон хүнд даацын цахилгаан дрон бүтээх төслүүд дээр ажиллаж ирсэн. Энэ хоёрыгоо ойрын үед туршиж үзэх гэж байна. Үндсэндээ 100 орчим киловаттын хүчин чадалтай цахилгаан станцын хувилбар ч бэлэн болж байгаа. Ойролцоогоор багахан сумын төвийг цахилгаанаар хангаж чадна гэсэн үг юм.
-Тэгвэл улс орон даяараа үнэгүй эрчим хүчээр хангагдах бололцоотой юм биш үү? Үүнийг ямар эрчим хүчний төрөл гэх вэ, сэргээгдэх эрчим хүч үү?
-Үгүй. Хямд эрчим хүч үйлдвэрлэх үүсгүүр гэж бид нэрлэсэн. Улс орон даяар ийм эрчим хүчээр хангах эсэх нь бидний гаргах шийдвэр биш юм.
-Цоо шинэ зүйл гэж ойлгож болох уу?
-Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд тийм. Түүнд хэрэглэгдэж байгаа арга механизм, зарим технологиуд шинэ биш. Бид шинжлэх ухаанд бий болсон олон шийдэл ололтуудыг нэгтгэн энэ үр дүнд хүрсэн юм. Эрдэмтэд нээлт хийгээд орхиод байдаг. Тэр олон нээлт бүтээлүүдийг хослуулан аливаа асуудлыг шийдэх шинэ технологи гаргахыг шинээр зохион бүтээх гэж ярьдаг.
-Тэгвэл эрчим хүчний салбарт гайхамшигтай зүйл болох нь ээ?
-Нэлээд хэдэн сарын өмнө би Ийгл телевизэд ярилцлага өгөхдөө “Манай технологи эрчим хүчний салбарт хувьсгал авчрах болно” гэж хэлж байсан. Энэ том салбарт хувьсгал болно гэдэг дүгнэлтийг сэтгэлийн хөдөлгөөнөөр хөөрч ярьдаг зүйл биш. Би хийж байгаа зүйлийнхээ ирээдүйг төсөөлж байсан учраас тийнхүү зоригтой хэлсэн юм.
-Хэрэглээнд цахилгаан станцыг нэвтрүүлэх боломж хэр харагдаж байна?
-Бүрэн боломжтой. Цэнэглэдэг цахилгаан станцыг хэрэглээнд нэвтрүүлснээр өндөр үнээр цахилгаан гаргадаг түлээ нүүрс хэрэглэх шаардлагагүй болно. Алс хол руу өндөр хүчдэлийн шугам татаж их зардал гаргах хэрэггүй болно гэсэн үг. Өндөр хүчдэлийн шугамаар дамжиж байгаа цахилгаан нь 15 хувийн алдагдалтай байдаг. Тэр алдагдлыг хэрэглэгчид хувааж төлж байдаг. Тэгэхээр цэнэглэдэг цахилгаан станцыг хэрэглээнд нэвтрүүлснээр айл, албан байгууллага болгон өөрийн цахилгаан станцтай болох боломжтой. Хувийн орон сууц байлаа гэхэд өөрийнхөө хэмжээнд таарсан цахилгаан станцтай байж болно. Эсхүл 15 давхар байшин гэхэд нийт хэчнээн хэмжээний эрчим хүч хэрэглэх шаардлагатай байна, тийм хүчин чадалтай жижиг цахилгаан станцыг подвал доороо тавиад шийтэндээ холбоод л болоо. Тэгэхээр гудамжаар, газар доогуур хэрсэн их хэмжээний шугам хоолой татах хэрэггүй болно. Хаана, хэнд хэчнээн кВт-ын хэрэглээ шаардлагатай байна. Түүнд нь таарсан цахилгаан станц суурилуулаад хэрэглэх бүрэн боломжтой.
-Гадаадын орнуудад нэвтрүүлсэн туршлага байна уу?
-Энэ технологийг нэвтрүүлсэн улс байхгүй. Дэлхий дээр манай технологийн төв анх удаа турших гэж байна. Ер нь бид цахилгаанаар ажилладаг хөдөлгүүрийг дрон, автомашин, цахилгаан станц дээр хэрэгжүүлэхээс гадна боломж олдвол усан онгоц, галт тэрэгний зүтгүүрийг цахилгаан хөдөлгүүрээр явуулж үзэх туршилт хиймээр байна. Энэ нь манай технологи бүх төрлийн хөдөлгүүрийг орлох боломжтой гэдгийг батлах гэж байгаа юм.
-Танай технологийг ашиглах асуудлаар олон сая долларын гэрээ яригдаж байгаа гэсэн үү?
-Тийм. Манай технологийг ашиглах асуудлаар гадаадын 3, 4 байгууллага, компаниас санал ирүүлсэн. Манай технологийн талаар санал солилцож судалж байгаа. Одоо гэрээ хэлэлцээрийн түвшинд яриа эхэлж байна. Эхний компанитай нь нууцлалын гэрээ байгуулаад хэлэлцээр эхэлсэн. Тийм учраас гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм.
-Ер нь гадаад улс орны ч бай, дотоодын ч бай байгууллагуудтай та бүхэн ямар хэлбэрээр хамтран ажиллах бодолтой байдаг вэ?
-Яахав дээ, хамгийн энгийн нь патентаа зарж болно. Хамтарсан компани байгуулж болно. Эсвэл патентаа тодорхой хугацаанд ашиглуулах гэрээ хийх зэрэг хувилбарууд байж болох юм.
-Танай энэ технологиуд бүгд патенттай гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Патентууд маань Монголын болон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шүүлтүүрээр орж шинэ бүтээл хэмээн гэрчлэгдсэн байгаа.
-Дээрх төслүүдийг Монголдоо хэрэгжүүлж болох уу?
-Уул нь тийм хүсэл их байна. Гэвч өмнө нь миний хэлсэнчлэн манай улсад шаардлагатай түүхий эд материаллаг баазаас эхлээд олон бэрхшээл байна. Гэхдээ манай технологийн төв одоохондоо судалгаа хийж байгаа бөгөөд үйлдвэрлэгч биш юм. Технологи боловсруулдаг компани. Тийм учраас манай патентыг ашиглаад гэрээ хийгээд бүтээгдэхүүн болгоод үйлдвэрлэх Монголын маань компани байвал дуртай зөвшөөрнө. Аль болох Монголдоо хэрэгжүүлэх, үйлдвэрлэхийг бид дэмжинэ.
-Төр засгаас танай компанитай хамтран ажиллах ямар нэгэн санал ирсэн үү?
-Үгүй. Зарим албаны хүмүүсийн амнаас Физикийн болон Шинжлэх ухааны хууль зөрчсөн үл бүтэх зүйл хэмээн ойшоохгүй байгаа бололтой яриа сонссон. Би нэгдүгээрт худлаа сенсац, шуугиан тарьж амьдардаггүй. Хоёрдугаарт огт болохгүй дутуу дулимаг юмыг амнаасаа гаргаад байдаг ч хүн биш. Гуравдугаарт миний нас бол тэгж худлаа ярьж, хөөрч явдаг үе биш.
-Монголдоо ажил хэрэг болгох боломж бүрдэхгүй бол энэ технологиудаа гадаадад зарах юм уу, тэнд хэрэгжүүлэх бодолтой байна гэж ойлгож болох уу?
-Тийм.
-Та хууль ч хүн. Техникийн салбарт таныг ажиллаж эхлэх болсонд гайхаж байна л даа.
-Миний физик, радио электроник болон техникийн сонирхол бол бүр дунд сургуулиас эхтэй. Тэр сонирхол хоббигоо орхихгүй сэтгэлдээ тээсээр орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтын тухай мэдээг шимтэн харж явсаар байгаад багын хүслээ гүйцэлдүүлж энэхүү төвийг байгуулаад ажиллаж байна. Манай төв тодорхой амжилт гаргаж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Миний эзэмшсэн хуульч, малын эмч гэх мэргэжлүүд бол миний хүссэн сонголт биш хувь заяаны л сонголтууд байсан байх гэж боддог. Дурлаж тэмүүлсэн ажилдаа хүн нойр хоол, амралт зэргийг үл умартан ядрахгүй ажилладаг гэдэг нь үнэн. Цаг хугацаатай яаран ажиллах шаардлага их байна. Учир нь дэлхийн технологийн хөгжил рүү өнгийн харах юм бол асар хол явсан бөгөөд маш хурдтайгаар цаашилж байна. Бид түүнээс хоцормооргүй байна. Үүнийг л хөгжлийн бодлого гэж би дотроо боддог. Ер нь орчин үед гадаад улс орнуудын хөгжлийн бодлогын цөм нь хэн илүү өндөр технологи боловсруулж эзэмшиж баялаг болгож чадсан нь хөгжлөөр тэргүүлнэ гэсэн үзэл баримтлалтай болоод байна. Түүнээс биш энд нэг алт ухах нь зөв үү, буруу юу гэж уран цэцнээ харуулж маргалдах бол зөвхөн нэг асуудлын шийдэл болохоос биш улс орны хөгжлийн бодлого биш гэдгийг төр засгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа бүх хүмүүс ойлгож ажиллаасай гэж бодогдох юм.
-Монгол улс технологийн орон болж чадах уу?
-Чадна. Төрөөс технологийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж хариуцах эзэнтэй болгох хэрэгтэй. Технологи бүхэн заавал дэлхийн тэргүүний байх албагүй. Тухайн улс оронд түүний аль нэг салбарт нь учирч байгаа хүндрэл өндөр зардлыг шийдэж чадах инновац технологийг хөгжүүлэх хөтөлбөр бодлого гаргаад төрөөс тодорхой зорилготой ажиллавал болно. Энд Монгол хүний толгой хүрэхгүй гэх зүйл байхгүй шүү.
Хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх том нээлтийг хийхийн тулд та заавал эрдэмтэн, суут ухаантан байх албагүй юм. Хамгийн гол нь үргэлж шинийг эрэлхийлсэн, сониуч зан чанартай л байх хэрэгтэй ажээ. Мэргэжлийн бус хүмүүсийн зохион бүтээсэн суут бүтээлүүдтэй ЭНД-ээс танилцана уу
Эх сурвалж: Өглөөний сонин