2019-02-20КРЕМЛЬ МАДУРОГИЙН ДЭГЛЭМИЙН АМЬДРАХ ЧАДВАР, БАТ БЭХЭД ЭРГЭЛЗЭЖ ЭХЭЛЖЭЭ
Энэ улсад чухам юу гээч болж байна вэ? Жирийн эшлэл, маш энгийн яриа: -Жианнина Раффо гэж Венесуэлийн хүний эрхийн зүтгэлтэн бүсгүй баримт дэлгэн ярьж байна. Юу гэвэл Чавес Мадурогийн дэглэмийн үед тэрбээр 24 жил тэнд ажиллаж тэмцэж байгаа ба тус улсын хүн ард сүүлчийн 45 жил өлсгөлөнд нэрвэгдэж илт турж эцлээ, хүнс эм олдохоо болилоо. Үнэ талийж өглөө. Дунд анги өдөртөө хоёр удаа өл залгаж байна.
Гурван удаа хооллоно гэвэл маш их өртөгтэй. Хүүхдүүд бүр ч ихээр хэлмэгдлээ. Ийнхүү цөхрөнгөө бараад байтал гэнэт нэг өдөр итгэл төрүүлэх үйл явдал тохиож, Хуан Гуайдо гэж шинэ залуу удирдагч үндсэн хуулиа дээдэлсээр гарч ирлээ. Түүнийг Үндэсний Ассамблей (парламент) дэмжлээ. Хүмүүсээр хүрээлүүлж чадлаа, тэр залуу. Бид итгэл найдварын үед амьдарч эхэллээ гэжээ.
Бүрэн эрхт байдал, олон улсын эрх зүй, дотоод хэрэгт үл оролцох гэсгээд ОХУ өрнөд рүү ял тохох боловч Мадурог үл зөвшөөрөгчид автоматаар өсчээ.
Хоёр сарын өмнөх үйл явдлаас эхлэе. Николас Мадурогийн нэрлэсэн тэрхүү “Төрийн эргэлт” хэрэг дээрээ нийгмийн хувьсгал байсан болж таарлаа. Гудамжны тэмцэл дунд парламентын спикер нь түр ерөнхийлөгчөөр зарлагдсан. Тэр оройн тэмцлийг тараах гэж үндэсний гвард нь хэдэн хүн алж, шархдуулсан. Тус улс шилжилтийн түр ерөнхийлөгчтэй боллоо гэмэгц нь АНУ шууд дэмжсэн бол харин тэр нөхрийг нь Мадуро “америкийн тагнуулч”-аар зарлаад энх орноосоо урвагчид эрүүгийн хэрэг үүсгэх юм болоод явчихсан.
АНУ-тай зуузай холбон 10 улс Аргентин, Перу, Колумб, Парагвай, Канад, Бразил, Чили, КостаРика, Эквадор, Гватемал гээд лав ес нь Латин Америкийн, уг нь Мадурогийн талд байх ёстой улсууд дэмжсэн. Энэ бол Мадуро бүс нутагтаа ба хөршүүддээ хэрхэн үнэлэгдэж тоогдож байгаагийн тусгал нь. Залгуулаад Европын холбоо, хуучин СССР-ээс Украин, Гүрж, мөн Австрали, Израиль. Оросын холбоотнууд, ТУХН-ийн орнуудаас нэг нь ч таг чиг.
Бүрэн эрхт байдал, олон улсын эрх зүй, дотоод хэрэгт үл оролцох гэсгээд ОХУ өрнөд рүү ял тохох боловч Мадурог үл зөвшөөрөгчид автоматаар өсчээ. Дэмжигчид нь хязгаартай ба эргэлзээтэй. Хятад хэдийгээр дэмжсэн дүр эсгэх боловч Вашингтонд Венесуэлийн сөрөг хүчнийхэнтэй уулзаад оросуудыг эмзэглүүлээд авчээ. Мексик, Турк хоёрыг том дэмжигч мэтээр Оросын хэвлэлд уухайлан бичиж байсан боловч нөгөө хоёр нь залилан хийж байгааг сонсохыг ч хүсээгүй.
Мексик бол цаг зуурын тактикийн үүднээс АНУ-аар хилээ нээлгэж дүрвэгсдээ илгээхийн тулд хийсэн үйлдэл. Мөд нөгөө олонхтойгоо очиж нийлнэ. Тэгээд ч Чавес Мадурогийн дэглэмийг буруушаадаг “Лимагийн бүлэг”-ийн нэг идэвхтэй нөлөө бүхий улс. Хэдийгээр Эрдоган Мадурод хандан “Миний дүү, тэсээрэй, би чамтай хамт шүү!” гэж байгаа боловч цаанаа огт өөр тооцоотой. АНУ-тай наймаалцахын тулд түр тэгж жүжиглэж байгаа.
НҮБ энэ улсыг мартчихаагүй.
Хэрэв Сири дэх Курдүүдийн эсрэг байлдаж, алж устгахыг нь АНУ Туркэд зөвшөөрөх аваас турк хариуд нь Мадурог өлхөн зольж мэдэх юм. Мадурог төгстөл нь дэмжинэ гэсэн Боливи, Куба, Никарагуа гурав бол социалист нийгмийн байгууллаараа ижилсэж, анги-намын байр сууриа илэрхийлж байгааг нь ойлгож болно.
Венесуэлд төрийн эргэлт болсон ч Мадуро засгийн эрхэнд тэсч үлдлээ хэмээн их ч сурталдсан даа. Ерөнхийлөгчийн сонгууль ойр мөддөө хийхгүй, харин 2020 онд парламентаа сонгоно, бид сонгуулийн дефицитээр дутаагүй, 20 жилд 25 сонгууль явуулж байсан бол сүүлийн 18 сард зургаан сонгууль явуулсан “хур туршлага”-тай тул сонгуулийн лайнаас салмаар байна гэж ярьсаар байв.
НҮБ энэ улсыг мартчихаагүй. Аюулгүйн Зөвлөлийн хоёр ч тогтоол орж ирсэн. Оросын санаачилсан тогтоолоор бол бүс нутгийн улс орнуудыг тойруулж байгаад үндэсний яриа хэлэлцээ явуулах. Харин Америкийнхаар бол Ерөнхийлөгчийн сонгууль яаралтай явуулах. “Монтевидеогийн механизм”-аар зохицуулах боломжтой.
Тэр нь Уругвайн нийслэлээр нэрлэгдсэн Мексик, Уругвай, Карибын хамтын нийгэмлэгийн (КАРИКОМ) санал ба Венесуэлийн улс төрийн хям ралыг зохицуулах “Замын зураг”, тэр нь дөрвөн үе шаттай байх болно гэж сурталдах аж. Гэвч Хуан Гуайдо, Николас Мадуро нарыг албадаж, ятгаж хэлэл цээний ширээнд суулгах гэсэн аливаа санаачилга явдаггүй.
Ингэхэд энэ улс төрхөндөө орно, зохицуулагдана гэх хувилбар бий юү гэдэг асуулт дэлхийг ээрсээр байна.
Мадуро ч олон хувирлаа. Оросыг бараадаад даатгаад явдаггүй, цаадах нь газар зүйн хувьд дэндүү хол, бас АНУ-ыг давж ялж ажиллаж чадахгүй. Тэгэхлээр нь АНУ-тай дипломат харилцаагаа тасалснаа эерүүлээд нийслэлдээ үлдэцгээ, хэлэлцээ хийе болоод явчихсан.
НҮБ руу Гадаад хэргийн сайдаа илгээгээд Америкийн эрх баригчидтай холбогдох нүх сүв хайсан, адагт нь Трамптай шууд нүүр тулж уулзая, АНУ-д айлчлая ч гэх шиг. “Европын холбоо” руу тун уян хатан хандана. Харин Европ нь АНУ-ын байр сууринаас ялгарсан бодлого явуулах хэрэгтэй гэж ятгаж ч байх шиг.
Явж явж Мадуро улаан шугам гэдгээ бодож олоод тэр шугамыг давахгүйгээр өөртэй нь харилц гэсэн шалгуур гаргаж ирсэн. Гуайдог европын орнууд ээлж дараалан хүлээн зөвшөөрснийг “Педро Санчесын толгойлсон тэнэг галзуу явдал” гэсэн ба цаадах нь Испанийн Засгийн газрын тэргүүн, испани хэлт, латин соёлтой хамаатан улсдаа гоморхож байгаа нь тэр хэмээн европчууд элэглээд өнгөрсөн. Африк, Гаитид учирсан шиг хүмүүнлэгийн хямрал Венесуэлд нүүрлэвэл та нарт л хохиролтой хэмээн Европыг айлгаад авсан. АНУ Венесуэлд санкц тавьсны хариуд Брюсселиэс Мадурод зээлэх гэж байсан 1.6 тэрбум еврогийн сураг тасарсан.
Бүр ч дордлоо. Ингэхэд энэ улс төрхөндөө орно, зохицуулагдана гэх хувилбар бий юү гэдэг асуулт дэлхийг ээрсээр байна. Олон таамаг байвч Венесуэлийн хямралыг шийдэлд хүргэх дөрвөн хувилбар гэдгийг ВВС-гийн Латин Америкийн тоймч Кристина Оргаз гэх бүсгүй бичсэнийг сонирхуулъя.
Үүнд:
Хуучнаар нь байлгах. Гэхдээ тэгэх магадлал байхгүйтэй адил. Венесуэлийн төрийн өмчит нефтийн PDVSA компанийг АНУ хавчина, санкцаас болж тоглоомын дүрэм өөрчлөгдөнө. PDVSA нь өөр худалдан авагч хайна, харин тэр нь бэлэн байхгүй. АНУ руу Венесуэлийн бүтээгдэхүүний 40 хувь нь гарч байна. Энэ бол гүн бат хэлхээ холбоотой гэсэн үг. Харин шинэ худалдан авагч гараад ирлээ гэхэд АНУ-ын худалдаж авдгаас хямдаар авъя гэнэ, бүс нутгаас хол, тээврийн зардал нь арилж өгнө. Нефть зараад олдог ашиг багасаад явчихна.
Харин гадаадаас хүнс, эм, тэжээл импортлохоо зогсоохгүй. Гиперинфляц, хүнсний хямрал үргэлжилнэ.
Мадуро шинэ сонгууль зарлах бас нэг хувилбар байна. Шинэ сонгууль зарлабал Европын зарим орнууд Мадурог түр тэсгээхээс аргагүй болно. 2018 оны тавдугаар сарын сонгуулийг Мадуро өөрөө шударга бус хэмээн хүлээн зөв шөөрсөн тохиолдолд. Тэгэхлээр Мадурогийн шинэ мандат хүчингүй болно. Шинэ сонгуулиар Мадуро ялаад гараад ирэх итгэл байхгүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хараа хяналт дор сонгуулийн үйл явц явагдана хэмээн Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика санал болгож байна.
МАДУРОГ ҮЛ ЗӨВШӨӨРӨГЧИД АВТОМАТААР ӨСЧЭЭ
Аль аль талаасаа буулт хийх бас нэг хувилбар байна. Мадуро, Хуан Гуайдо хоёр хэлэлцээний ширээнд сууна. Дипломат зуучлал хийе хэмээн ОХУ, Мексик санал болгосон. Ингэхдээрээ тулбал яриа хэлэлцээ сунжирна, урт зам туулна. Мадуро бэлэн байна. Нөгөө тал нь хүсэхгүй байгаа. Хэлэлцээний ширээнд суулгахыг Америкийн улсуудын байгууллага, АНУ хүсэхгүй. Хэлэлцэж суух цаг дууссан гэж үзэж байна.
Цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох. Бүх хувилбарыг судалж байгаа тухайгаа Дональд Трамп мэдэгдсэн учраас цэргийн интервэнц магадлалтай хэмээн Мадуро хардсан. Трампын гол зөвлөх Жон Болтон тэмдэглэлийн дэвтэртээ “Колумб руу 5000 цэрэг” гээд биччихсэн байснаас үүдэн Венесуэл хилээ бэхжүүлээд цэргийн хээрийн сургуулиа эхлүүлсэн.
Мадуро танкчины малгай өмсөөд танканд сууж яваа дүрс дэлхийн зурагт, сайтуудаар тарсан ба Колумб нь АНУ-ын холбоотны хувиар Болтоны бичсэнийг шүүрч аваад сурталчлаад эхэлсэн. Хоёр улсын хилийн шугамын урт нь 2000 км, Мадуро түгшихгүй байхаас аргагүй гэхчлэн ВВС-д бичсэн байсан. Одоо Венесуэл-Колумбын хилийг хаагаад цэрэг танк зам дээр байрлуулан Колумбаас газраар орж ирэх хүмүүнлэгийн хүнсний тусламжийн цуваа ачаа барааг таслахыг завдаад бүтэлгүйтжээ.
Хэрэв АНУ-ын цэргийг Венесуэлд оруулах л юм бол тоглоомноос ОХУ хасагдсан хэрэг болно
Латин Америкаар мэргэжсэн Оросын профессор Виктор Хейфец The Insiderт бичсэн байна билээ. Мадурог эцсийн бүлэгтээ цэргийнхэн л торгоож тогтоож байгаа. Зэвсэгт хүчин мэдээж нэгдмэл байх үндэсгүй, мөн л хуваагдаж байна. Маргааш гэхэд 10 генерал Гуайдогийн талд оччиход гайхах зүйлгүй. Тэр дундаа бага, дунд шатны офицеруудын ар гэр мөн л Мадурод хилэгнэн суугаа.
Генералууд нь гол гол бонус авчихсан, хүнс хуваарилах, нефть олборлох зэрэгт эрх үүрэгтэй учраас нэг хэсэгтээ Мадурог дагалдана. Яг хувийн үзэл бодлыг нь уудлах аваас дэглэмд дуртай хүн байхгүй. Арми гэдэг бол тэр улсад нэг ёсны хаалттай корпорац болж хувирсан тулд дэглэм тогтоод байна. Тэр дундаа нийт хэвлэл мэдээллийн 80 хувийг Засгийн газраас хянадаг учраас ард түмэнд мэдээлэл дутмаг хэмээн Орос эрдэмтэн айлджээ.
Хейфецийн ярьсныг баяжуулж Америкийн Ерөнхийлөгчийн гол зөвлөх Жон Болтоны үгнээс эшлэе. Мадурогийн гол генералууд сөрөг хүчинтэйгээ байнгын холбоотой байгаа, яриа хэлэлцээ явуулж байна гэжээ. Түүний хэлснээр Венесуэлийн арми 2000 генералтай, генералынхаа тоогоор НАТО-гийн орнуудын армиудаас ч илүү олон. Харин ийм олон генерал байгаа нь авлигыг жинхэнэдээ дэвэргэж өгнө гэсэн нь анхаарал татлаа. Арми нь хэврэг юм байна, бас урвахад бэлэн байгаа юм гэсэн үг Болтон ярьжээ.
Бас нэг мэдээ байна. Яг одоо Мадуро, Гуайдо нарын хооронд мөргөлдөөн дэгдэх аваас армийн 80 хувь нь төвийг сахихаа зарлачихна, армийн тэн хагас нь АНУ-ын хүмүүнлэгийн цувааг таслан зогсоохын эсрэг байх болно.
Тал хувь гэдэг нь цаашаа нэмэгдээд, тэгсэн цагт Мадуро армийн хүчээр засгийн эрхэнд тогтоод байх боломжгүй болно. АНУ биш гэхэд хөрш Колумб, Бразилаас тус улс руу халдлага хийвэл армийн нэг хэсэг нь амдаж байлдана, нөгөө хэсэг нь үргэлжлэн төвийг сахина. Байлдаж дайтах дээрээ тулах аваас Мадурод бүр ч найдлага алга гээд дээр хэлээд байх шиг.
Ингэхэд манай хөрш Оросын байр суурь монголчуудад нэн хамаатай ба сонин байж болно. Венесуэлээс савраа тат хэмээн чангахан дуугарч байгаа ч Кремль Мадурогийн дэглэмийн амьдрах чадвар, бат бэхэд эргэлзэж эхэлжээ. АНУ нефтийн эмбарго тавьснаас хүмүүнлэгийн катастроф болчихсон гэдэг үлгэрт итгэхгүй болжээ.
Учир нь тийм эмбаргог сөргүүлээд алдагдлыг нь нөхөх санаатай хамаг байдгаа Орос тийш нь тавьж туужээ. Өнгөрсөн 12 жилд ОХУ Венесуэлийн эдийн засагт 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан, зээлсэн асар их мөнгийг нь төлүүлэхгүйгээр уучилж цайруулсан. Гэвч тэр нэг популист боловсролгүй гүжирмэг нөхрийг (Мадуро) засгийн эрхэнд байлгаад байх сонирхлоосоо Орос татгалзах чигтэй байна. Хүн амаасаа хангалттай дэмжлэг авч чадахгүй, эдийн засгийг хөтлөн явуулах мэдлэг чадвар мөхөс, арми нь босогчдыг дарчих сэтгэл зүйн бэлтгэлгүй.
Ийм нөхцөлд Кремль юундаа ч найдах билээ. Одоо Орост ганцхан алхам л үлдлээ. Хуан Гуайдог европынхны нэгэн адилаар хүлээн зөвшөөрч, тэндээс худалдаж аваад зөөвөрлөсөн 20 тонн алтан гулдмайгаа хууль номоор нь хадгалаад, Мадурод эргүүлж өгөхгүй байх явдал хэмээн Bloomberg үзсэн байх юм.
Тэр их алтыг Орост зарснаараа тэр мөнгөөр нь Венесуэлд тогтвортой байдлыг хангаж, АНУ -аас ирэх хүмүүнлэгийн тусламжийг орлуулчихна гэсэн итгэл орост байсан. Бэлэн мөнгөөр баахан хүнс худалдан аваад тараах, тэр нь Венесуэл иргэдийн талынх нь ходоодыг баярлуулчихна.
Тэгээд Мадуро нэр хүндээ сэргээчихнэ гэж Москвад гэнэнээр ойлгосон бололтой юм. Гэтэл нөгөө мөнгө очоогүй, дунд нь зуучилсан АНЭУ саатуулчихсан. АНУ-ын санкцанд орчихсон. Дээрээс нь Венесуэлийн төрийн мэдлийн нефтийн компанийн долоон тэрбум ам.долларын активыг царцаасан, Венесуэлээс нефть худалдан авахыг нь Америкийн компаниудад хориглосон. Ийм нөхцөлд орос тэнд ялалт хангах уу?
Тэгээд Мадуро ба түүний хүрээллийн хэн Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг зарлуулаад өөрсдөө аюул осолгүй үлдэх баталгааг АНУ-аар гаргуулна болоод явчих шиг.
Оросын тухайд одоо улс төрийн зорилгоор бус харин эдийн засгийн ашгаа эргүүлж олж авах нь л чухал боллоо. Тэрхүү 17 тэрбумын 9.5 тэрбум нь бараг төлөгдөхгүй үлдэж магад. Үүнд 3.1 тэрбум нь Засгийн газар хоорондын зээл, 2.3 тэрбум нь нефть авна гэсэн болзолтой “Роснефть”-ээс өгсөн зээл, 2.1 тэрбум нь олборлох үйлдвэрт нь оруулсан шууд хөрөнгө оруулалт хэмээн ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак тодруулж ярьсан байх ба АНУ-ын санкц улам хатуурхаж байгаа нөхцөлд Мадурогийн Засгийн газар Оросын өмнө санхүүгийн үүргээ биелүүлж ажиллана гэдэг эргэлзээтэй боллоо гэж хүлээн зөвшөөрчээ.
Сүүлдээ бүр ч үл итгэм мэдээ сайтуудаар цацагдлаа. Мадуро АНУ-д айлчилж магадгүй. Мадурогийн эхнэр нь АНУ-д байнга очиж дэлгүүр хэсдэг. Одоо Мадуро, Трамптай уулзах л үлдлээ. Тэр хоёрын хооронд Колумбын Ерөнхийлөгч гүүр болж байна гэх нь тэр. Юуны өмнө хүмүүнлэгийн тусламжийн цувааг Венесуэл руу хүргэх тухай ярилцана, тэрхүү тусламжийг “Америкийн интервэнц” хэмээн сүржин нэрлэж боож хаахаа Мадуро эцэслүүлнэ.
Тэгээд Мадуро ба түүний хүрээллийн хэн Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг зарлуулаад өөрсдөө аюул осолгүй үлдэх баталгааг АНУ-аар гаргуулна болоод явчих шиг.
Ийм мэдээ ердөө өчигдөр уржигдраас цацагдлаа. Орос шооконд орж мэдэхээр. Яг нотолгоотой мэдээлэл биш байж болох ч огтоос оргүй биш. Ямар ч атугай Каракаст Ерөнхийлөгчийн ордны хавьд яригдсаныг дэлхийд цацсан байж болох юм. Хэрэв Мадуро Вашингтон руу зүглээ л бол Орос дэмжлэгээ шууд татаж авахаас аргагүй болно. Харин цаадах нь өр төлөхөөс булзвал яах вэ гэдэгт л гол асуудал оршино. Оросыг нуман тулгуурт оруулах түнш гараад ирэх вий гэдгээс Оросын эрх баригчид үнэхээр түгшинэ.
Зөвлөлтөөс Израиль руу дүрвэж гараад цэргийн тагнуулын дарга хүртлээ дэвшиж явсан Яков Кедми (Яков Иоси фович Казакoв) гэх нөхөр Оросын нэг ТВ-ээр ярьж байхыг харлаа. Тэрбээр яг ингэж хэлсэн. Хэрэв АНУ-ын цэргийг Венесуэлд оруулах л юм бол тоглоомноос ОХУ хасагдсан хэрэг болно. Оросын ялагдал байх болно.
Тархи оюун хүчээ төвлөрүүлж байж тэсч тогтоож болно, тээр жил Кубыг СССР авч үлдэж чадсан шигээ. Гэтэл өнөөгийн Орост Венесуэлийг биш юм аа гэхэд Куба, Никарагуаг хамгаалж зогсох хүч, хүсэл, шийдвэр зориг бий бил үү? Бид харж л байна шүү дээ гэжээ.
"Засгийн газрын мэдээ" сонин