2019-02-13ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАРАА САЙЖРУУЛАХГҮЙГЭЭР ЗАХ ЗЭЭЛЭЭ ТЭЛЭХ ТАЛААР ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ
Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийг хятадтай хуваан эзэмшдэг Монгол Улсын таваарын чанар сүүлийн жилүүдэд муудаж эхэлжээ.
“Мяндсын хаан” гэгддэг ноолуурын чанар чансаагаар хэзээнээсээ дэлхийд гайхагдаж ирсэн монгол малын ашиг шим буурч, чанар чансаа нь сулрах болсон. Сүүлийн 20 гаруй жил малчид малын тоо толгойн хойноос хэт хөөж, сая саяар нь өсгөх гэж улайрах зуур эрдэнэт сүргийн эрүүл мэнд, үүлдэр угсаа орхигдох болов.
Уг нь манайд ямааны шилмэл үүлдэр угсаа бий.
Мал сүргийн бүтцэд зонхилох жин дардаг ямааны тоо толгой сүүлийн жилүүдэд үржихийн хүрдээр өссөн. Тухайлбал, 1996 оноос хойш монгол ямааны тоо бараг гурав дахин өсөж, 2018 оны эцсийн байдлаар 27.3 саяд хүрсэн байна. Гэтэл 1996 оноос хойших 10 гаруй жилд монгол ямааны ноолуурын ширхэг 1.5 микроноор бүдүүссэнийг эрдэмтэд тогтоожээ. Тэд монгол орны 100 гаруй ямаан сүргийг судлан, ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Үүний шалтгаан нь малын тоо толгойн өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт гэж судлаачид үзэж байна.
Геометрийн прогрессоор өссөн малын тоо толгой нь бэлчээрийн даацаас хэд дахин давж, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж эхэлснийг дотоод, гадаадын судлаачид анхааруулсаар байгаа. Бэлчээрийн хомсдол нь малын эрүүл мэнд, чанарт нөлөөлж, эргээд мал аж ахуйн салбарын үр шим, өгөөжөөс тэмтэрч эхэлсэн байна.
Манай мал аж ахуйн салбарт чанар хэмээх ойлголт мартагдсан. Тухайлбал, ноолуурыг чанараар нь бус жингээр нь тооцож худалдан авдаг. Тиймээс малчид ноолуурын гарц сайтай нас гүйцсэн ямаа өсгөхийг илүүд үзэх болжээ. Гэтэл ямааны нас гүйцэх тусам ноолуурын ширхэг бүдүүсдэг. Мөн гурав ба түүнээс дээш настай эр ямааны тоо толгой эрс нэмэгдсэн нь монгол ноолуурын чанарт нөлөөлж эхэлжээ.
• Ноолуурыг чанараар нь бус жингээр нь тооцож худалдан авдаг учраас малчид гарц сайтай нас гүйцсэн ямаа өсгөхийг илүүд үзэх болжээ
• Судалгааны Bain and Company байгууллагын тайланд дурдсанаар дэлхийн ноолуурын зах зээлд жилд дунджаар 4.3 тэрбум ам.доллар эргэлддэг байна.
• Дэлхийн нэхмэл, сүлжмэлийн салбар дахь амьтны гаралтай нийт ширхэгтийн ердөө нэг хувийг эзэлж буй энэ үед малын гаралтай органик таваарын эрэлт хийгээд үнэ цэнэ жилээс жилд өсөхөөр байна.
Ноолуурын ширхэг нарийн байх тусам эцсийн бүтээгдэхүүн нь хөнгөн бөгөөд зөөлөн байдаг аж. Уг нь монгол ямааны ноолуурын ширхэгийн голч 13-16 микрон, урт нь 38-43 миллиметр. Эдгээр үзүүлэлтийг Хятад, Энэтхэг, Иран зэрэг оронтой харьцуулахад голч нь нарийнд тооцогддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхийд дээгүүрт бичигддэг чанарын эрэмбээ бид алдах эрсдэлтэй нүүр тулсан байна.
Гэхдээ энэ бүхний цаана монгол малын эрүүл мэнд, генетикийн нөөцийг сахин хамгаалах их ажил үлдэж буй.
Учир нь өмнөд хөрш чанар сайтай ноолуур өгдөг ямааны үүлдэр угсааг олшруулж, түүхий эдийн чансаагаар дэлхийн зах зээлд цахиур хагалаад байна. БНХАУ-ын Засгийн газар 2013 оноос энэ чиглэлд анхаарч, багагүй хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хүрээнд нарийн ширхэгт ноолуурын гарцтай ямааны үүлдэр угсааг үржүүлж, цагаан ямааг дагнан өсгөснөөр энэ зах зээлийн идэвхтэй тоглогч болоод зогсохгүй хөрөнгө оруулагчдын харааг булааж чаджээ.
Уг нь манайд ямааны шилмэл үүлдэр угсаа бий. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Баяндэлгэр” омог, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Залаа жинстийн цагаан” зэргийг шилмэл үүлдрийг нэрлэж болно. Шилмэл үүлдрийн омгийг олшруулах нь чухал.
Ялангуяа, гарц их, голч нарийн ноолууртай ямааны омгийг бий болгох шаардлагатайг хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн Б.Баасансүх хэлж байна. Мөн ноолуур нийлүүлэх болон боловсруулах сүлжээгээ ч сайжруулах хэрэгтэй. Ноолуур худалдан авахад чанарыг жанжин шугам болгох нь чухал байгааг судлаачид анхааруулж байгаа юм.
ХХААХҮЯ олон улсын байгууллагуудтай хамтран монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан “монголын хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулан сурталчлахаар зорьж байгаа. Энэ хүрээнд шилмэл үүлдрийн ямааны үүлдэр угсааг сайжруулах, монгол ноолууран бүтээгдэхүүнийг “монголын хаан ширхэгт” чанарын гэрчилгээгээр олон улсын зах зээлд гарахаар төлөвлөж буй аж.
Мэдээж олон улсын зах зээлд монгол ноолуур болохыг гэрчилсэн нотолгоо, тэмдэгтээр баталгаажуулж болно. Гэхдээ энэ бүхний цаана монгол малын эрүүл мэнд, генетикийн нөөцийг сахин хамгаалах их ажил үлдэж буй. Монгол малын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, малын тоо, сүргийн бүтцийг зохистой хадгалах гээд энэ салбарын малгай дор хөндөгддөг олон асуудлыг цогцоор нь шийдэхгүйгээр ноолуураа ногоон валют болгох бидний мөрөөдөл дорвитой урагшлахгүй л байх юм.
Ноолуур бол Монгол Улсын стратегийн түүхий эд. Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй ямаан сүргийн эрүүл мэнд, ноолуурын түүхий эдийн чанар энэ салбар төдийгүй манай эдийн засгийн ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бид түүхий эдийн чанар, чансаагаа сайжруулахгүйгээр зах зээлээ тэлэх, дэлхийн хэмжээний тоглогчийн байр сууриа хадгалах талаар яриад ч хэрэггүй. Ялангуяа, амьтны гаралтай ширхэгт нь дэлхийн нэхмэл, сүлжмэлийн салбар дахь нийт ширхэгтийн ердөө нэг хувийг эзэлж буй энэ үед малын гаралтай органик таваарын эрэлт хийгээд үнэ цэнэ жилээс жилд өсөхөөр байна. Энэ өрсөлдөөнд бид чанараар л ялгарч байж дэлхийн зах зээл дэх байр сууриа хадгалж, цаашлаад ахиулж чадна.
Судалгааны Bain and Company байгууллагын тайланд дурдсанаар дэлхийн ноолуурын зах зээлд жилд дунджаар 4.3 тэрбум ам.доллар эргэлддэг байна. Манай улсын ДНБ-ий талтай тэнцэх энэ мөнгөнөөс бид хэдийг хүртэж, Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлд хэр хүчтэй тоглогч байх нь малын тоо толгойноос гадна түүхий эдийн чанараас хамаарна гэдгийг санах нь зүйтэй болов уу.
"Засгийн газрын мэдээ" сонин