2018-12-21Монгол хүний налгар гэнэн араншинг сөргүүлээд чихэнд чимэггүй сэдэв хөндөж байгаадаа хүлцэл гуйя. Би биш, ОХУ-ын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга генерал Николай Патрушевын хэлснээс ургуулаад гарчгаа зохиочихлоо.
Монголчууд орос хүнд талтай, “ах нар” гэх цол чимэгнээс нь салгах дургүй хэрнээ яг гашуун үнэн, бодитой, санууштай яриаг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг. Найрамдал, нөхөрлөл, зээл тусламж гэвэл чихээ сортойлгоод дуртай нь аргагүй. Тэгвэл тэрийг чинь би сөрж бичиж байна.
Оросын Сибириэр дүүрэн алан хядагчид үүрлэчихэж.
Сири, Иракаас буцаж очиж байна, лалын алан хядагчдын унтаа нойрмог үүр олноороо байна, лалын террористууд Сибирийн холбооны тойрог руу дүрвэлээ.
Төвийн холбооны тойрогт төв нь хатуу хяналт тавьж буй тул дэл сул булан тохой бүр рүү нэвчлээ. Сибирь нь олон улсын террорист бүлгүүд, экстремист байгууллагын нөөц талбар боллоо. Энэ бол ОХУ-ын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын айлдвар.
Одоо л энэ асуудлыг гярхай тусган авч, иргэд, улсынхаа аюулгүй байдлыг хангахгүй бол хэцүүдлээ. Төв Азийн орнуудаас Орос руу зүглэх хөдөлмөрийн миграц идэвхжлээ, террористуудын идэвхжлийн түвшин өндөрсөх магадлалтай байна, тэр хоёр үйл явц хосоллоо хэмээн Патрушев анхааруулж байна. Дундад Азийн “стан” царайтнууд зундаа Улаанбаатарт шорлог хийгээд энд тэнд зогсож байдгаас болгоомжлоорой гээд бараг хэлчих шахжээ.
Ноцтой баримт. 2018 оны эхний есөн сарын байдлаар Сибирийн холбооны тойрогт террорист агуулга бүхий 56 гэмт хэрэгт эрүү үүсгэж, оны эхний хагаст терроризмтой тэмцэхдээ 9000 гаруй зөрчил илрүүлжээ. Цагдаа шүүх бус, “спецслужба” гэх хуучны КГБ эдэнтэй тэмцэх хэрэгтэй болжээ. Бүр албан байгууллагуудыг терроризмоос хамгаалагдсан объект мөн үү гэдэг шалгуур тавьж шалгахад 3/1 нь шалгуурт тэнцээгүй, тэдгээр нь хүн олноор цуглардаг соёл, спорт, шашин зан үйлийн байгууллага байжээ. Тээврийн хэрэгслүүд ч найдваргүй гэсэн байна. Тээврийн хэрэгсэлд видеокамер, рентген-телевизийн төхөөрөг, интроскоп байрлуулж, орж гарч буй бүх хүнээ хяна хэмээн Патрушев үүрэгджээ.
Энэ чинь манай хилийн цаахна Хиагтаас цааших, монголчууд олноороо зорчдог, суралцдаг нутгийг нэрлээд хэлээд байгаа хэрэг шүү дээ!
Ингэхэд Оросын Сибирьт хэн хэн үүрлэчихээд байгаа хэрэг вэ? Юуны өмнө “Хизб ут-Тахрир аль-Ислами” гэх нэр чих цохилоо. 1953 онд палестинд байгуулагдсан, одоо бол хуучны Зөвлөлтийн Дундад Ази тэдэнд хаалгаа нээж өгсөн.
Төв Азид лалын халифат буюу мусульманчуудын нэгдсэн төр улс буй болгох зорилготой.
Гэтэл тэнэж төөрсөөр яваад татарстанд очоод бүгчихсэн шиг, ФСБ нь До яам, Росгвардитай нийлж байгаад “Хизб уттахрир аль-Ислами” гэх террорист байгууллагын орон нутгийн даргыг арай гэж баривчилжээ.
Мөн Татарстаны Азнакаевск, Бугульминск районуудад тусгай ажиллагаа явуулсан байна. Гадаадын мөнгө цаас, зөвлөмжөөр ОХУ-ын нутагт үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, “Бүх дэлхийн халифат” байгуулахыг санаархсан, хууль ёсны засаг төрийн эсрэг террорист аргаар тэмцсэн, хаалттай нууц сүлжээ үүсгэсэн, террорист байгууллагад байнга хүн элсүүлдэг, элсүүлснээ ойрх дорнод руу боевик бүлгүүдэд нэмэлт хүч болгон илгээдэг гэх ял тохогджээ.
Нэгжлэг хийх үеэр лалын хэт даврах үзлийг номлосон ном зохиол, ажлын тайлан, юу юу ч олдсон гэнэв. Волгоградад террорист халдлага үйлдэж, Бирюлевт самуун дэгдээж, Казаньд “АльКайда”-гийн далбаа мандуулсан исламистууд мөргөлийн газрыг эзлэн, хотоор тугаа мандуулан “Буруу номтнуудад үхэл!” хэмэн хашгиралдан явжээ.
Волгоградад бөмбөг дэлбэлж байхад Дербент, Хасавюрт хотод мөргөлийн газрын гадаа лалын шашны эрх чөлөө шаардсан цуглаан буцлан байв. Саратовын ойролцоох пугачевт, мөн Ростов мужид лалынхан эмх замбараагүй байдал дэгдээжээ. Нижнекамск хотод “Орос Сирид Исламыг алж дууслаа!” гэх эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулагджээ.
Ставрополийн хязгаарт хачин хачин үйл явдал болж буй тухай мэдээ тасрахгүй. Өмнөд нутгаас нь мусульманчууд салахаа байсан ба ислам жихадаа зарлалаа, ерөнхий боловсролын сургуулийг мөргөлийн газрын дэргэд байгуулж, тэнд охид нь алчууртай явдаг боллоо.
Орон нутгийн засаг захиргаа муфтият (лалын шашны хамба захирдаг шашны байгууллага) хоёр тохиролцлоо ч гэх шиг. Шашны сургуульд ном үздэг охидын эцэг эх босоод хэл ам таталжээ. Хижаб зүүсэн охидын тоо ч олон болж байгаа юм байх. “Ислам”, “исламизм” хоёрыг ялга, бүү нэг дор ярь гэх уриа ч цуурайтжээ.
Ердийн мусульманчууд исламаа шүтэх нь нэг хэрэг. Үүнийг ОХУ-д хориогүй. Харин тэгж гэгээрэхдээ “исламизм” руу хальтирч ороод цаашаагаа гэгээрсээр исламист болчихдог нь л гол аюул, ислам бол шашин, харин исламизм бол шашинтай огт хамаагүй хэмээн орост ухуулах ажээ.
Орост хүн амын 12 хувь нь мусульман. Оросын нутгаар тэд тархан суурьшсан.
Сибирь, Алс Дорнодод ч Оросын мусульманчууд олноороо буй. Оросын мусульман хүн амын дунд төрөлт ямагт өндөр.
Одоо тэдний дотор салафит, ваххабитууд ихээхэн үзэгдэх болсон ба тэднийг Саудын Араб, Катар, Пакистанаас санхүүжүүлдэг, номлогчдыг нь сургадаг, тэтгэлэг өгдөг нь нууц биш болсон. Тэднээс радикал-исламистууд төрнө хэмээн харддаг, тэр нь ч зөв байх. Тиймдээ ч үй олон мянгуулаа Сири, Ирак руу очиж ариун дайнд оролцож, ямар сайндаа цустай хутгалдаж байхав. Ливи рүү мэр сэр явсан тохиолдол ч гарчээ.
“Ислам” yy, “Исламизм” yy гэдэг дээр маргаан дэгдээд Татарстаны прокурорын газар маргаан хагалах гэж хэлмэгдүүллээ гэх гомдол тасрахгүй. Лал судлаач Раис Сулеймановыг экстремизмд хардаад ял өгчихсөн чинь хүний эрхийн зөрчил болчихсон. Цаадах нь лалын номуудыг хөрвүүлдэг орчуулагч, нэг мэдсэн чинь ваххабит агуулгатай ном орчуулчихсан. Түүнд ял өгсөн прокурор Кафиль Амиров ажлаасаа хөөгдсөн.
Сулейманов нь сануулга өгөх зорилгоор орчуулсан, орост ваххабит холдингийн нөлөө өслөө шүү гэсэн нь буруу биш болж таарсан. Казань хотод ваххабитын нууц бүлгэм ажиллаж, тэндээс Валиулла-хазрат Якупов гэх террорист ил гарч, алуулж байсан түүх дахин сэргэх бололтой байна.
Татарстанд “исламизм” буй болсон түүх өөрөө романтик сэтгэл хөөрлөөс эхтэй. Өвөг дээдсийнхээ шашныг сэргээнэ, дээдэлнэ, лам нарт нь хүндэтгэлтэй хандана гэсэн сайхан зорилго, тэр үеийн төрийнхний авилга хоёр холилдоод лал ёстой сэргэж өгчээ. Баахан залуусыг Эмират, Египет, Катарт сургуульд явуулсан ба авилгач түшмэд нь шашнаа сэргээн хөгжүүлэх санхүүжилт Саудын Арабаас хийлгэжээ.
Ингээд Арабын ч юм шиг, лалын ч юм шиг менталитет татар-мусульманчууд тархинд суух нь тэр. “Аль-Жазира”, “Арабиа” гэх сувгууд Оросын төвийн сувгуудыг айлын хоймроос шахаж гаргав. Лалын шашинтан аж төрдөг Оросын муж хязгаарт яг ийм үйл явдал давтагджээ.
Мөнгө л өгч байвал залуусаа лалын ямар ч орон руу хяналтгүй илгээж суралцуулна.
Ялангуяа итгэл үнэмшил гэхээсээ амьдрал ахуй нь ядуу дорой, олон хүүхэдтэй, төвөөс зайдуу аж төрдөг, хөдөөгийн айлууд хөвгүүдээ мулла, имам болгох аянд гарчээ. Тэд нь оросын “дээд боловсрол”-д хувь нэмрээ оруулж, ямар нэг үнэмлэх диплом өвөртлөөд ирэх нь ирнэ.
Ингээд хөдөөгийн эсвэл хотын захын хэд хэдэн хот айл дор бүрнээ муллатай болж авлаа. Орц, байр, давхраараа ч зохион байгуулалтад орж, мөргөлийн өдөр судартай, цагийн хуваарьтай боллоо. Тэдэнд Оросын хууль дүрэм, реформ, Путин, Крым ... ямар ч хүртээлгүй.
Байдал иймдээ тулсан ба тоолж эмхэлж хүчрэхгүй олон муллатай, мөргөлчидтэй болсон тул 2013 онд зохион байгуулалтад оруулж, “Ваххабит интернационал” гэдгийг Оросын хэмжээнд төр оролцолгүй байгуулжээ.
Тэднээс нааштай гэхээсээ тун эвгүй юм дуулдах нь элбэг. Ямар ч гэсэн оросын бүх муж, хот, хязгаар, БНУ “Ваххабит интернационал”-д хамрагдсан ба хилийн хаалттай бүс гэдгээр ганц Чукотка тэнд нь бүртгэлгүй. Тэгэхээр Буриад, Эрхүү мужид байх нь ээ? Хачин хачин мэдээ тэндээс цувна.
Тюмень, Астрахань, Красноярск, Казань, Сургут, Бирюлев, Волгоград, Салехард, Омск, Ямало-Ненецкийн тойрогт салбар хороодоос нь зэвсгийн том агуулах илрүүлсэн ч гэх шиг. Ханты-Мансийск, доод Новгород, Ставрополь, Дагестан, Ингушет нууц хороодоор бялхаж байна. Кисловодск, Тюмень, Хабаровск хотод мусульманы лидерүүд нь мөргөлийн барилга бариулахаар эрх баригчдаа шантаажлаад сүйд. Тюмень дэх Ембаевскийн медрессургуульд имам-ваххабитуудыг 10 гаруй жил бэлтгэсэн туршлагатай.
Орост нефть, байгалийн хий хаана байна, тэнд нь исламистууд суурьшдаг болжээ.
Номлолд нь бүр хачин логик буй. Оросын исламистууд ил ярьдаг. Юу гэвэл нефть бол даян дэлхийн мусульманчуудад зориулагдсан эд, аллахаас мусульманчуудад хайрласан хишиг. Жүүд нарт нефть заяагаагүй. Яагаад? энэ бол тэдний шийтгэл.
Бурхан тэдэнд хайргүй байна. Бидэнд хайртай байна. Мусульман хаана байна, тэнд нефть байна. Нефть бол мусульманы бүтээгдэхүүн. Тэгэхээр нефть ихтэй Тюмень, Казань, Урал, цаашлаад Сибирь гэдэг чинь тэр чигтээ Сибирийн хаант улс болж таарна. Чечень ба Апшерон бол шууд наашаа нэгдэж таарна.
Сибирийн хаант улс байгуулаад авбал цаашаа “Халифат всея Руси” (Аль-Русси гэх лалын халифат) руу шилжинэ, Ваххабитын номлолд нь ингэж заажээ.
Тэд стратегийн хувьд сэтгэж байгаа нь тэр. Ваххабит холдинг гэх нэр алдрыг ч хүртлээ. Крипто-ваххабит гэдэг нь энэ холдингийн гол нуруу нь. Тэд итгэл үнэмшилдээ үнэнч. Оросын төр рүү шууд дайрахгүй, гэхдээ Оросын төрд сүсэглэхгүй. Шийтүүдийг шүүмжлэх хөдөлгөөн өрнүүлдэг. Оросын исламистууд “Евроислам”-ын үзэл санааг тэр бүр хуваалцахгүй. Салафит, Ваххабит нь Европт тийм хүчтэй биш учраас нялцаганахгүй.
Чечень, Дагестанд “ойн ахан дүүс” гэх нэршил одоо ч байсаар байна. Тэд уул хад, ойд тэмцэхээсээ гадна газпром мэтэд хүүхдүүдээ оруулж, эсвэл Махачкала дахь банкны салбарт ажиллуулах ёстой. Хижаб, сахал, араб өмд, хар нөмрөгөө түр орхиж болно. Тэгэхийн оронд мөнгөөр зодоод хөвгүүдээ Оксфорд, Йель рүү илгээнэ. Бостоны марафоны үеэр аллага үйлдсэн террорист Царнаев бол Кембрижэд суралцдаг, ямар нэгэн баян муфтийн харшид аж төрж асан оросын иргэн. тэгээд аллагын махны машинд өөрийгөө золиосолсон.
• Төв Азийн орнуудаас Орос руу зүглэх хөдөлмөрийн миграц идэвхжиж, террористуудын идэвхжлийн түвшин өндөрсөх магадлалтай байна хэмээн Патрушев анхааруулж байна.
• Тэдэнд Оросын хууль дүрэм, реформ, Путин, Крым... ямар ч хүртээлгүй.
• Манай хилийн цаахна Хиагтаас цааших, монголчууд олноороо зорчдог, суралцдаг нутгийг нэрлээд хэлээд байгаа хэрэг.
Баруунд явуулсан нь ийм дээрээ тулчихдаг юм бол Арабын орнууд руу оюутан илгээхээ бүр больё хэмээн Оросын төртэй үгсээд Оросын мусульманы оюун санааны төв газрын дарга Талгат-Хазрат Тажуддин шийдвэр гаргажээ. Оросын төрийн сан ба зөвшөөрлөөр Араб руу зүглэдэг Орос залуус байхгүй.
Харин төрөөс дэмжлэггүй болсон ч хувиараа яаж ийгээд шашны сургуульд явуулахыг нь таслан зогсоож чадаагүй байна. Бүр хяналтаа алдах дээрээ тулсан учраас ОХУ-ын ҮАБЗ энэ сургалт дээр анхаарч байгаа бололтой юм. Суралцахаар явагсдаас олон залуус Сирид жихадад явж байлдаад, олон сайхан охид итгэл үнэмшлээрээ секс-жихадист (ISIL-ийн дайчдын гэргий болох хүсэл) болцгоож байгаа нь маш том гарз гэдгийг оросын төр ойлгох нь ойлгож байна.
Оросын иргэд гуравдагч улсад очиж байлдахыг хориглосон хууль батлаагүйг далимдуулсан тэр цоорхойгоор Оросын залуус хуучин Югослав, мөн Абхаз, одоо Сири, Афганистан руу мэр сэр цувсаар л.
Сирид оросынхоо цэрэгтэй тулалдахаар яваа нь бүр том эмгэнэл.
Эргэж ирсэнүүдэд нь ч хяналт тавьж хүчрэхгүй байна. Тэд тэнд юу сурсан, хэрхэн байлдсан нь чухал биш, эргэж ирээд Орост “нийгмийн антисистем” гэдгийг буй болгодог. Жишээ нь Сириэс баахан эрчүүд Ханты-Мансийскийн өөртөө засах тойрог, Сургут хотдоо иржээ. Тэдэн дотор Гуантанамогийн шоронд ял эдэлж байгаад суллагдаад Сирийг зорьсон хүн ч байх аж.
Тэд Башкир, Татарстан, улмаар Сибирь, Кавказад аж төрөхөөр тархан оджээ. “Антисистем”-ээ түгээх ариун үйлсэд морджээ. Энэ нь иргэншийн өөр нэг систем буй болгохыг хэлж байна. Тэд одоогоор Оросын төртэй шууд дайсагнаагүй байна. Гэвч Оросын төр тэдэнтэй “соёл-шашин хоорондын яриа хэлэлцээ” хийх дээрээ тулжээ.
Тэдний өнцгөөс бол Орос хүмүүс, том утгаар ОХУ өөрөө соёл ч үгүй, шашин ч үгүй, харин цаадуулд нь аугаа их Бурхан ба лал нь байна. Хэрэв дургүй хүргэвэл Ваххабизмын тугаа гаргаж тавиад исламизмаа номлочихно, харин Оросуудад номлох юм юу ч байдаггүй. Исламофоби, Русофоби хоёр мөргөлдөхөд Орос л ялагдана.
“Ерөөсөө лалын ертөнц халифат руу явна гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн лалжсан Орос вадим Сидоров уриалан байна. Тэрээр Харун ар-Русси буюу Оросын мусульманы үндэсний байгууллагын эмир хэмээх цол гуншинтай.
–Халифатаас бүү ай. Халифат гэхлээр Чеченийн хоёр дайн, Сомали дахь хүн худалдах гэмт хэрэг харагдаад байна уу? Үгүй шүү. Энэ чинь мусульманчуудад бол итгэл үнэмшил нэгт ахан дүүсийн эв нэгдэл, Европын холбоо гэдэг шиг интеграц юм.
Даян дэлхийг бүрхэнэ гэж лалын дайснууд л сурталдаад байгаа юм.
Тэгвэл түүхэн залгамжийн тухай ярь л даа. Сүүлчийн халифат болох оттоманы эзэнт гүрэн байна. Энэ чинь мусульманчуудын сонгодог жишээ бус уу? Би Ататюркийн Туркийг хэлээгүй байна. Энэ бол лалын эсрэг юм, учир нь мусульманчуудыг үндэс угсаагаар нь тусгаарласан.
Оттоманы Стамбул бол итгэл үнэмшлээр нь бүгдийг нь нэгтгэж чадаж байсан гэжээ. Сидоровын үзэж байгаагаар “Орос халифат”-ын ирээдүй бол “Мусульманы Европын холбоо” болох аж. Их л гэгээлгээр ярьж байна.
Харун Сидоров ОХУ-аас зугтааж гарчээ. Харин Петербургийн салбарын лидер Максим Байдак (Салман Север), Григорий Мавров (Амир Хамдани аль-Малики) нар баривчлагджээ.
Тэд интернэтимам гэж өөрсдийгөө нэрлээд таван жилийн турш оросуудыг лалд элсэхийг Орос даяар уриалан дуудаж байжээ. Алексей Пашинцев, Валерий Двораковский, Шамиль Басаев нарыг л сурталдаад байсан юм байна.
Нөгөөдүүл нь зартай террористууд. Гастарбайтер гэх Дундад Азийн хөлсний мигрант ажилчид тэдэнд сүсэглэдэг. Тэднээс л “исламын гварди” үүсгэх санаатай байсан байх. Ерөөсөө Оросын төрийн цагаачлалын бодлого падгүй. Аль болох олон цагаач Төв Ази, Казахстанаас ирж, Ваххабитуудын нөлөөнд орж байх нь чухал, тэдэнд исламизмаа сурталчлах нь “үгэнд ордоггүй оросууд”-аас хамаагүй хялбар.
Фарход Халиков гэж Тажикистанаас Петербургт мөнгө олох гэж хөлсөөр ирсэн тажик нөхөр оросын интернэт-имамын шавь болоод гэгээрсээр, эцэст нь нутагтаа буцаж очоод тосгондоо ваххабит “Жамаат Файзабад” гэх үүр байгуулсан жишээ байна.
Оросын шоронгууд гэж лалын нэг ёсны “парламент” шиг ажилладаг болсон.
Сонгодог жишээ нь чуваш үндэстэн Валерий Ильмендеев байна. Исламын Ваххабит урсгалд автсан тэр нөхөр “Ульяновскийн жамаат”-д элсэж Ульяновск муждаа гянданд байхдаа хорих газраа элсүүлдэг лагерь болгожээ.
“Байтулмал” гэх шүүхтэй, элссэн “ахан дүүс”-ээрээ “Шура” зөвлөл бүрдүүлчихсэн, тэр нь нэг ёсны лалын шоронгийн парламент.
Ингээд тус шорон “Имарат Кавказ” гэдэгт хөлсний цэрэг элсүүлэх төв болж хувирсан. Ваххабизмын онолоор бол шорон гэдэг “кяфируудын ял эдлэх газар” (буруу номтнуудыг цээрлүүлэх газар). Буруу номтонд “мужахед болох зам” өмнө нь дурайж байна. Гэмээ цагаатгах ганцхан зөв зам!
Оросын мусульманчуудын төв байгууллагын албан ёсны мэдээгээр ОХУ-д 100 мянга давсан Ваххабит байдаг ба тэдний 35 хувь нь нууц байдалд ажилладаг ажээ. Оросын “ваххабит интернационал” Монголын хаяанд байна шүү!
"Засгийн газрын мэдээ" сонин