2018-11-17М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргалын “Оны залуу” лекцэд тавьсан “25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” илтгэлээс онцлох 37 эшлэлийг хүргэж байна.
1. Манай үеийнхэнд одоогийнх шиг Facebook, Instagram байсангүй. Харин дурсгалын дэвтэр аялуулдаг байлаа. Хүүхэд бүр нэг дэвтэр нээгээд, ангийнхнаараа аялуулж, дурсгал үлдээдэг, хүүхдүүд голдуу мөрөөдлөө, ирээдүйн талаарх гоё төсөөллөө энэ дэвтэрт зурдаг байсан. Би ч бусад хүүхдийн адил мөрөөдөмтгий байсан.
Нэгэн дэвтэрт Office гээд өндөр байшин зурсан нь Central Tower ч юм шиг. Өөр нэг дэвтэрт Coca-Cola гэсэн бичигтэй байшин, бас дээрээ бараг л М-Си-Эс-ийн лого шиг харагдах таван хошуутай өндөр байшин зурсан байсан. Бүр сүүлд энэ зургуудыг олж хараад би маш их гайхсан, мөрөөдөж чадвал бүтээж болдог юм байна гэж бодох болсон.
2. Анхны оффис маань Уртцагааны урдхан талд байсан хуучин цэцэрлэгийн байшинд түрээсэлсэн жижиг өрөө байсан юм.
3. Усан цахилгаан станц барих юмсан гэсэн мөрөөдөл тээсэн залуухан инженер явахдаа зөвлөгөө өгөх бизнес гэж асуудалд шийдэл эрж хайдаг, эргэлтийн хөрөнгө шаардахгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой оюуны гоё бизнес байдаг юм байна, ийм компанитай болох юмсан гэсэн бодол анх орж ирсэн.
4. Компаниа байгуулахад эхлэлийн хөрөнгө байсангүй. Түрээсийн оффистоо 1 ширээ, 4 сандал, 1 бичгийн машин тавиад л бизнесээ эхэлсэн.
5. Шилжилтийн эхэн үед бид мөнгөгүй ч гэсэн мөрөөдөлтэй, мөрөөдлийнхөө төлөө ажиллах эрх чөлөөтэй болсон байлаа.
6. Бизнестээ оруулсан бидний анхны хөрөнгө оруулалт бол залуу нас, цаг хугацаа юм даа.
7. Цахилгаан станц барих мөрөөдлөө Ухаа худагийн цахилгаан станцыг барьснаар биелүүлсэн. Энэ бол говийн нөхцөлд тохирсон, хуурай хөргөлттэй, ус бага хэрэглэдэг технологитой, орчин үеийн шийдэлтэй цахилгаан станц юм.
8. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд хамгийн чухал салбар бол мэдээлэл, харилцаа холбооны салбар.
9. Төрөөс зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монголчууд бид дэлхийн аль ч улс орноос дутахгүй, зарим хөгжсөн улс орнуудаас ч түрүүлж алхаж байна.
10. Ухаа худаг бол монголчууд бие даан хэрэгжүүлсэн уул уурхай, дэд бүтцийн анхны том төсөл. 4-5 жил үргэлжилсэн Ухаа худагийн бүтээн байгуулалтад давхардсан тоогоор дотоодын 3,000 гаруй аж ахуйн нэгж оролцсон гэхээр хэр том далайцтай төсөл болох нь ойлгогдох болов уу.
11. Ухаа худаг төслийн гол үнэ цэнэ нь монгол хүнд хийсэн хөрөнгө оруулалт.
12. IPO хийнэ гэдэг бизнесмэн бүрийн мөрөөдөл. IPO хийнэ гэдэг асар том хариуцлага, олон зуун мянган хувь нийлүүлэгчдийн сэтгэлийг татаж, итгэлийг нь олж, хөрөнгө босгож бизнес хийнэ гэдэг компанийн засаглалын хувьд хүрч болох хамгийн дээд эрэмбэ юм.
13. Аливаа бизнесийг амжилттай авч явахад удирдлагын зүгээс тэнцвэртэй анхаарч байх хоёр үндсэн асуудал байдаг: Нэгт, бизнесээ хараатай, оновчтой удирдах, Хоёрт, тэр бизнесийг хийх сэтгэлтэй, урам зоригтой, мэдлэг чадвартай, тасралтгүй хөгжиж чаддаг хамт олныг бий болгох
14. Хамт олноо бүрдүүлэх тухайд бол ерөнхий потенциал сайтай, зөв хандлагатай, сурах, хөгжих тэмүүлэлтэй, аливаад сэтгэлээсээ ханддаг залуучуудыг ажилд авахыг эрмэлздэг.
15. Бүх л компанид байх ёстой эдгээр зүйлсээс гадна амжилтад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол хоорондын харилцаа юм.
16. Мөнгө, алдар нэрийн аль нь ч эрүүл, жаргалтай амьдралыг авчирч чаддаггүй, харин гэр бүл, найз нөхөд, хамт олны халуун дулаан харилцаа л хүнийг урт насалж, удаан жаргахад хамгийн чухал.
17. Бид түүхийн огцом өөрчлөлтийн үед тулж ирээд байна. Технологийн хөгжил хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь байгаагүй том хувьсал өөрчлөлтийг авчирч байна. Өнгөрсөн 300 жилийн түүхэнд бий болсон өөрчлөлттэй тэнцэхүйц хэмжээний өөрчлөлт зөвхөн ирэх 20 гаруй жилийн дотор болно гэж ярьж байна.
18. Бид өдөр тутамд IOT буюу Internet of Things, Big Data, AI буюу Аrtificial Intelligence, Cloud Technology гэх үгсийг сонсох боллоо. Өнөөдөр сонсож байгаа эдгээр үгс тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээ болно. Хэдэн зуунаар хэмжигддэг байсан хувьсал өөрчлөлт өнөөдөр бараг өдөр тутмын ердийн зүйл болж байна.
19. 21-р зууныг мэдээллийн технологийн зуун болно гэдгийг 20-р зуунд мэдэж байсан ч ийм хурдацтай хөгжлийг хэн ч таамаглаагүй. Өөрчлөлт бидний төсөөлснөөс асар илүү хурдтай байна.
20. Дижитал технологи дэлхийг улам бүр “хавтгай” болгож байна. Бид хамгийн чухал буюу интернэт холболтын асуудлаа шийдвэрлэсэн. Дараагийн асуудлуудыг шийдчихвэл бид даяаршлын дараагийн шатанд нэгдэж, зах зээлээ Монголынхоо 3 сая хүнээр хязгаарлах бус, 3 тэрбум хүн, улмаар дэлхийн нийт хүн ам гэж хардаг болно.
21. Нээгдэж буй боломжуудыг ашиглахад нээлттэй байдал чухал. Далай лам хэлэхдээ: “Монголчууд 20-р зууны эхэнд маш зөв сонголт хийсэн. Түвд, Монгол хоёр 20-р зууны эхэнд ижил нөхцөлд, Манжийн эзэнт гүрний хараат байсан.
Монголчууд нээлттэй бодлого явуулж, дэлхий ертөнцтэй холбогдож, улмаар тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан. Харин Түвдүүд өөрсдийн хэл, соёлоо авч үлдэнэ гээд хилээ хаасан. Тэгээд өнөөдөр, 100 жилийн дараа, 21-р зууны эхэнд эргээд хартал Түвдүүд том гүрний алслагдсан муж, харин Монголчууд та нар тусгаар улс болж, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлээд алхаж явна.
Тэгэхээр нээлттэй байж, бусдыг хүлээн зөвшөөрч, бусдад өөрийгөө таниулж, шинэ мэдээлэл авч, дэлхийтэй нээлттэй харилцана гэдэг бол жижиг улс орнуудын “амьд үлдэх”, хэл соёл, эдийн засаг, тусгаар тогтнолоо хамгаалах ганц арга юм байна” гэсэн гэдэг.
22. Тиймээс Монголчууд бид 21-р зууны эхэнд тохиож буй боломжуудаа зөв ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалт, технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд илүү нээлттэй хандаж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж байж, 20-р зуунд сэргээсэн улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулж чадна.
23. 2050 он гэхэд 500 тэрбум төхөөрөмж интернэтэд холбогдоно гэсэн тооцоо байна. Энэ бүгдийг үйлдвэрлэхэд зэс орно. Эрчимтэй дэлгэрч байгаа сэргээгдэх эрчим хүч ч гэсэн зэсийн нэг том хэрэглээ болох юм.
24. Технологийн ачаар дэлхий даяар хүмүүс бага ажиллаж, их аялах боломжтой болж байна. Бид хөрсөн доорх баялагаа ашиглахаас гадна, хөрсөн дээрх шавхагдашгүй баялаг болох онгон байгаль, нүүдлийн соёлоо түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, улмаар улсынхаа эдийн засгийн нэг том тулгуур баганыг босгох хэрэгтэй.
25. Бүх юм цахимжихын хэрээр хүн төрөлхтөн эргээд байгальдаа ойртохыг эрмэлзэж, органик хэрэглээг эрхэмлэх болжээ. Дэлхийн аль ч улсаас илүүтэй эрүүл, органик хүнс үйлдвэрлэгч орон гэсэн имиж бүрдүүлэх баялаг өгөгдөл Монголд бий.
26. 2025 онд шинээр ажилд орох залуучуудын 60 хувь нь өнөөдөр байхгүй цоо шинэ ажил мэргэжлээр ажиллах болно гэсэн таамаглал байна.
27. Хүүхдүүддээ бид ямар боловсрол олгож, аль ур чадварыг нь хөгжүүлэх вэ гэдгийг нэн даруй, нухацтай авч үзэх шаардлагатай. Ирээдүйн ажлын байрууд хүнээс бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадварыг илүүтэй шаардах нь байна.
28. Гадаад хэл, тэр дундаа Англи хэлийг сайн эзэмшиж, дэлхий ертөнцтэй харилцан холбогдож, интернэтийн далай мэт их мэдээллээс чухам хэрэгтэй мэдлэгээ шүүж, тунгааж авч сурснаар хойч үе маань дэлхийн хөгжлөөс хоцрохгүй, хөл нийлүүлэн алхах болно. Гадаад хэл сурахын хэрээр хүн эх хэл, уламжлалт соёлоо улам илүү хайрлаж, хамгаалдаг гэдэг.
29. Оюуны өндөр чадамж буюу IQ дээр нь нэмээд EQ буюу сэтгэлийн чадамж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлвэл Монгол хүний бүтээмж, үнэ цэнэ дэлхийд гайхагдах болно гэдэгт эргэлзэхгүй байна.
30. Хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч, “хайрцаглагдахгүйгээр” бүтээлчээр сэтгэж чадсан хувь хүн, компани, улс орон хожиж, хөгжих нь тодорхой байна.
31. Хэдийгээр зэс, нүүрс ирээдүйтэй гэж харагдаж байгаа ч хэний ч санаанд оромгүй технологийн нээлт гарч, эдгээр эрдэс баялаг эрэлт, хэрэгцээгүй болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй.
32. Ирээдүйд Монгол хүн, Монгол Улс даяараа эрүүл, жаргалтай аж төрөхөд мөнгөнөөс илүү харилцан хүндлэл, энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэдэг болох нь чухал байна.
33. Шилжилтийн 25 жилийн дотор манай хувийн хэвшлийнхэн улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрэх тэнхээтэй болж, хүнээр бол ид гялалзах 25 насан дээрээ явна.
34. Дижитал эрин үе даяаршлыг дараагийн шатанд гаргаж, интернэт сүлжээ бидний өмнө 3 сая биш олон тэрбум хүнтэй асар том зах зээлийг нээж өгч байна.
35. Улам бүр хурдасч буй хувьсал, өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлчээр хандаж чадна, түүнд боломж нээгдэх болно.
36. Өөрчлөлтийн үр шимийг эдийн засагтаа шингээхийн төлөө уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж чадвал өнгөрсөн 25 жилд эдийн засгаа 10 дахин өсгөж чадсан шигээ ирэх 25 жилд мөн дахиад 10 дахин өсгөх бүрэн боломж бидэнд бий.
37. Гартаа атгасан гар утсанд чинь дэлхий багтаж байгаа эрин үеийг эзэгнэж төрсөн залуус та бүхэн мэдээллийн их далайгаас мэдлэг хуримтлуулан, биднээс илүү том мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэвэл хүрэхгүй газар, гарахгүй оргил гэж үгүй шүү.