2018-11-08
Усны эргүүлэг мэт эрчлэн мушгирах оддын хуйлралыг галактик гэнэ. Цэлмэг шөнө огторгуйд гялалзах тэнгэрийн заадас бол манай “Сүүн Зам” галактик юм. Сүүн зам галактикийн цөмийг Хас тэмдэг шиг мушгирсан 200-400 тэрбум од, гариг тойрон эргэдэг байна.
Гэтэл сансар огторгуйн уудамд Сүүн зам галактикаас гадна 100 тэрбум галактик бие биеэсээ холдон тэлж байгаа ажээ.
Ийм зах хязгааргүй мэт Орчлон ертөнцийн орон зайг шинжлэх ухаанд “Гэрлийн жил” хэмээх цаг хугацааны хэрчмээр хэмждэг. Гэрлийн цацраг секундэд 300,000 мянган км зайд тархдаг бөгөөд 1 жилийн хугацаанд 9 их наяд километр зам туулна. Энэхүү 9 их наяд километрийг “Нэг гэрлийн жил” гэж тооцдог байна.
Зөвхөн манай Сүүн зам гэхэд 100 мянган гэрлийн жилийн урт, 10-30 мянган гэрлийн жилийн өргөн удган эрүүл шиг хэлбэр бүхий галактик юм.
Ийм аварга галактикийн цөмөөс 25-30 мянган гэрлийн жилийн зайд манай Нарны аймаг оршдог.
Нарны аймаг Нар төвтэй, найман дагуул гаригаас бүрдэнэ. Нарнаас 150 сая километрийн алсад Манай Дэлхийн тойрог зам бий.
Нарнаас төөнөх халуун, сансрын хүйтэн хоёр Дэлхийн тойрог зам дээр тэнцдэг учир манай гариг дээр амьдрал үүсэх зохирол бүрджээ.
Гэтэл хүн төрөлхтөн Дэлхий Нарны дагуул гариг гэдгийг дөнгөж 16-р зуунд мэддэг болсон бол, Орчлон ертөнцийн уудамд тэрбум тэрбум галактик байгаа тухай 20-р зуунд л анх сонсон билээ.
Тун саяхныг хүртэл хүмүүс манай Дэлхий бол орчлон ертөнцийн төв гэж итгэж, үнэмшиж байсан юм.
Орчин үеийн шинжлэх ухаан хөгжихөөс өмнө орчлон ертөнцийн тухай хүн төрөлхтний мэдлэг домгийн төсөөлөл, шашны номлолоос хальж байсангүй.
Аливаа засаглал үзэл суртлын хүчээр оршин тогтдог учир Сүм Хийдийн зүгээс шашны сургаалыг шүүмжилсэн хүн бүрийг эр, эм гэлгүй хуйгаар нь чөтгөр шулмын элчээр зарлаж, харгис хэрцгийгээр шийтгэдэг байжээ.
1600 оны 2 сарын 17-нд Шашны номлолыг эсэргүүцсэн хэмээн Филиппо Бруног Ром хотын Цэцэгт талбайд шатаасан үйл явдал бол тухайн нийгэмдээ ердийн үзэгдэл байсан гэдэг.
Хүн төрөлхтний түүхэнд Филиппо Бруно шиг олонхын үзэл бодлыг мухар сохроор дагадаггүй “тэрс” хүмүүс цөөнгүй байсан боловч тэр бүр тухайн нийгмийнхээ нийтээр тогтсон үзэл бодлыг сөрж, өөрчлөх боломж байсангүй.
Тухайлбал, МТӨ 310–230 онд Эртний Грекийн одон оронч Аристарх Самос анх нар төвтэй гариг эрхсийн тухай таамаглалыг дэвшүүлж байжээ.
Харин Аристарх Самосоос хойш 1,800 гаруй жилийн дараа 1543 онд Польшийн одон орон судлаач Николай Коперник Дэлхий болон бусад Нарны аймгийн гаригууд Нарыг тойрч эргэдгийг тайлбарласан “Тэнгэрийн эрхсийн эргэлтийн тухай” номоо хэвлүүлжээ.
Коперникийн энэ бүтээл бол ертөнцийн тухай Дэлхий төвт шашны үзэл, номлол өнгөц ажиглалтад тулгуурласан “хуурмаг” төсөөлөл болохыг илчилсэн анхны цэгцтэй судалгаа байсан юм.
Юмс үзэгдлийн цаад мөн чанар бидэнд харагдах хэлбэр, дүрс шигээ өнгөцхөн байдаггүй юмсанж. Хүний түүхэнд шууд ажиглалтаар тогтсон буруу төсөөлөл, уламжлалыг өөрчилж зөв чиг, зам руу хөтлөх зүтгэл, оролдлого мянга мянган жил үргэлжилсэн байдаг.
Коперникийг залгамжлан Германы одон оронч Иоганн Кеплер тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнд нарийвчилсан ажиглалт тооцоо хийн, Дэлхий Нарыг тойрдог гэдгийг дахин баталж, дэлхийн тойрог зам зөв тойрог биш, зууван дугуй хэлбэртэйг тогтоон, гаригуудын хөдөлгөөний хурд нарнаас хол ойр байхаас хамаардгийг нээжээ.
Кеплертэй нэгэн үе амьдарч байсан Италийн одон оронч Галилео Галилей сансар огторгуйн юмсыг 30 дахин томруулж харах боломжтой дуран авай бүтээлээ.
Галилей тэнгэрийн заадсыг судлаад энэ бол манан будан биш, харин маш олон одод болох тухай, Наран дээр ер бусын толбонууд байгаа тухай, Саран дээр олон өндөр уулс, галт уулын цар байгаа тухай, Бархасбадь гарагийг тойрон түүний дөрвөн дагуул эргэлддэг тухай дэлхий нийтэд танилцууллаа.
Ийнхүү Коперникийн дэвшүүлсэн онолыг Кеплер математик тооцооллоор баталгаажуулсан бол Галилей дурангийн ажиглалтаар нотолсон юм.
Кеплер, Галилей нар хоёулаа ажиглалтаа гүнзгийрүүлэн ямар учраас гаригууд Нарыг тойрон эргэдгийг судалж байжээ. Гэвч тухайн цаг үед Нар биш, эсрэгээрээ Дэлхий Нарыг тойрон эргэдгийг олон нийтэд баталж, нотлох нь тэргүүн зэргийн ач холбогдолтой байв.
Иймээс гаригууд яагаад, ямар учраас нарыг тойрон эргэдэг учир шалтгааныг нээх үүргийг хойч үедээ үлдээжээ.
Тэрхүү буухиаг түүчээлсэн хүн бол Английн физикч Исаак Ньютон билээ. Ньютон 1687 онд механикийн болон газрын татах хүчний тухай хуулиудаа томьёолсон “Байгалийн гүн ухааны математик эхлэл” номоо бичжээ.
Ньютоны ажигласнаар амтат алимаас аварга гариг эрхэс хүртэл орчлонгийн бүх юмс өөр хоорондоо хүндийн хүчний үйлчлэлээр таталцдаг ажээ. Ойр орчимдоо хөвөх гаригууд дундаас Нар илүү масстай учир бусад гаригууд түүний татах хүчинд баригдаж тойрон эргэдэг байна. Ийнхүү Ньютон хүндийн хүчний үйлчлэлийг тайлбарлав. Харин түүний мөн чанарыг 20 дугаар зууны агуу физикч Эйнштейн нээсэн юм.
Эйнштейн 1905 онд хэвлэгдсэн харьцангуйн тусгай онол, 1920 онд хэвлэгдсэн харьцангуйн ерөнхий онолоор орон зай, цаг хугацаанд хүндийн хүч хэрхэн нөлөөлдгийг нээв. Масс ихтэй биетийн ойролцоо орон зай, цаг хугацааны хэмжээснүүд мурийдаг байна. Энэ мурийлт нь хүндийн хүчний тайлал болжээ.
Коперник, Кеплер, Галилей, Ньютон, Эйнштейн нарын нөр их зүтгэлээр хүн төрөлхтөн бид олон мянган жил “оюун сэтгэлгээний” буруу жимээр явж байснаа мэдсэн юм.
Гэтэл дахиад л 20 дугаар зууны эхэн гэхэд цуутай эрдэмтэд хүртэл шинжлэх ухаанд цаашид судлах зүйл үлдээгүй, бид бүгдийг мэддэг, чаддаг болов гэж хөөрцөглөж байв. Харин ч эсрэгээрээ дөнгөж шинжлэх ухааны үүр цайж байжээ.
Ийнхүү дэлхий төвтэй “уламжлалт” үзэл нуран унамагц “Орчлон ертөнц хэрхэн үүссэн вэ?” гэдэг асуулт хар аяндаа урган гарав.
Гэтэл түүх давтагддаг гэдэг шиг сонин тохиолдлууд хөвөрлөө.
Коперникийн намтрыг давтах мэт Бельгийн одон оронч Жорж Лиметр 1927 онд урьд өмнөх судлаачдын бүтээлийг нягтлан судлах явцдаа Эйнштейний харьцангуйн ерөнхий онолоос ургуулан Их тэсрэлтийн онолын санааг олжээ. Түүний дүгнэлтээр орчлон ертөнц тэлж байгаа болж таарав. Лиметрийн таамаглалаар бол тэлж буй орчлонгийн цаг хугацааг ухраавал орчлон ертөнц буцаад агшиж, маш халуун, нягттай цэг шиг болох ёстой юм.
Улмаар цааш нягтрах хязгаарт хүрмэгц буцаж тэсэрсний үр дүнд энэ шинэ ертөнц үүссэн гэсэн санаа байлаа. Энэ гайхамшигт таамаглалаа батлахын тулд Коперникийн нэгэн адил өөрийнхөө үеийн Галилей, Кеплер нарыг хүлээхээс аргагүй болсон юм.
1929 онд Эдвин Хаббл тухай үеийн хамгийн хүчтэй дурангаар Лос Анжелесын Маунт-Вилсон одон орны оргилоос хийсэн ажиглалтаараа дэлхий дахиныг шуугиуллаа. Сүүн зам галактик дотор тод цайрах мананцар бол манай галактикаас 1 сая гэрлийн жилийн алсад байдаг Адаг Чуулганы галактик болохыг зарлав. Нэмээд бүр олон галактик ч оллоо. Түүний хийсэн хамгийн гол ажиглалт бол галактикууд бие биеэсээ алслан холдож, тэлж байгаа гэсэн дүгнэлт байв. Анхны тэсрэлтээс авсан хүч саарсан ч гэсэн галактикууд тэлсээр байгаа. Зогсолтгүй үлээж байгаа шаарны гадаргуу шиг бүх зүгт тэлсээр байгаа гэж тогтоосон юм.
Одоо 20 дугаар зууны Кеплерүүдийн ээлж ирэв. Одон орны долгион судлаач Роберт Вильсон, Арнольд Пензиас хоёр галактикийн орон зайн үүлнээс цацрах долгионыг судлах явцдаа сансрын богино долгионы үлдэгдэл цацрагийг санамсаргүй илрүүлжээ. Их тэсрэлтийн эхлэлээс үлдсэн энэ цацрагийг судалснаар их тэсрэлт 13.7 тэрбум жилийн өмнө болж, түүний үр дүнд орчлон ертөнц үүссэн хэмээн тооцсон юм.
Ийнхүү “Их тэсрэлт” орчлонгийн үүслийг тайлбарлах хамгийн үнэн зөв онолд тооцогдох боллоо.
Энэ зүй тогтол зөвхөн сансар огторгуйд байдаг бус, мөн хүний нийгэмд ч мөн адил үйлчилдэг байж мэдэх юм. Эртний иргэншлүүд, эзэнт гүрнүүдийн үүсэл хөгжил, мандал дэвшил, уналт мөхлийн түүх үүнийг батлах мэт.
Хүний түүхэнд Гүн ухаантнуудын сургууль-Грек, Урчуудын галерей-Египет, Гладиаторуудын ринг-Ром, Математикчдын дугуйлан-Араб, Эрдэм мэдлэг,соёлын гүүр-Нүүдэлчид, Худалдаачдын арал-Английн эзэнт улсууд оргүй хоосноос хэт аварга гүрэн болтлоо өссөн дэвжиж, хүчирхгийн ид хаваараа дэлхийг ширвэн байснаа, ёстой л сансар огторгуйн их тэсрэлт лугаа гэнэт төвөөс зугтах хүчний төлөвт шилжин, тархан намжсан билээ.
Нэн ялангуяа Төв Азийн өндөрлөгөөс 40 мянган жилийн өмнөх Деносовийн хүнээс Тэмүүжин хүртэл их тэсрэлт лугаа олон давалгаа, цунами хүн төрөлхтнийг хуучирч ялзарсан ёс заншил, элдэв гав, дөнгө, хог новшноос нь хуу цэвэрлэж, бүтээлч сүйтгэл хийсэн тохиолдол өнгөрсөн түүхэнд цөөн биш байжээ.
Нүүдэлчид хүчирхэг үедээ Евро-азийг дамнасан гүрэн улсаа байгуулж, түүхэнд Өрнө, Дорныг соёлоор холбогчийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
Хамгийн сүүлийн нүүдэлчдийн их давалгааны үр нөлөөг Английн гүн ухаантан, Лорд Канцлер Фрэнсис Бэкон тэмдэглэхдээ “Их Монгол улс бол өрнө, дорныг холбосон гүүрний үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ гүүрээр зөвхөн эд бараа солилцож байсангүй. Эд бараанаас гадна соёл, эрдэм мэдлэг өрнийн орнуудад түгэн дэлгэрсэн юм” гэжээ. Монголчуудын байгуулсан “конвейер”-оор дамжин дарь, ном хэвлэх технологи, луужин ашиглах арга ухаан европт дэлгэрснээр өрнө дахин мянган жилийн таг харанхуй, гүн ялзралаас гарах урьдач нөхцөл бүрдсэн байна. Луужин ашиглах арга ухаан өрнийн орнуудад далайн их аялалд гаргах боломж олгожээ. Харин ном хэвлэх технологи нь энгийн ард олонд мэдлэг боловсрол олох цоо шинэ үүд хаалга нээж, шашны хүчийг сулруулан, шинжлэх ухаан хөгжих суурь хөрсийг бүрдүүлсэн байна. Эцэст нь дарь хийх технологи дайн тулаанд ялах шинэ давуу тал бүтээжээ.
Фрэнсис Бэконы цохон тэмдэглэсэн дээр нэмэхэд, монголчуудын хаялгаар бүх шашинд адил тэгш хандах шашны эрх чөлөө, төр шашныг тусгаарлах, тодорхой хэлбэл төрийг шашнаас дээгүүр эрэмбэлэх, цаасан мөнгөний хэрэглээ, чанартай буудай зэрэг одон орны мэдлэгээс эхлээд аж ахуйн үр тариа хүртэлх мэдлэг, соёл түгэн дэлгэрчээ.
Тэгвэл АНУ-ын зохиолч Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийн Үндэслэгч”гэж тодотгосон нүүдэлчдийн давуу тал, тэдний чин зориг, мөн чанар юу байсан вэ гэдэг гаднын судлаачид сонирхолтой сэдэв төдий асуудал бол нүүдэлчдийн үр удам монголчуудад зүг чиг заах алтан гадас шиг хөгжлийн “луужин” юм.
Аливаа овог, аймаг, үндэстний сүлд шүтээн бол тэр ард түмний хүсэл эрмэлзэл, тэмүүллийн бэлгэдэл байдаг учиртай.
Тэгэхээр нүүдэлчдийн сүлд, шүтээн юу билээ!?
“Монголын нууц товчоо”-ны 63 дугаар бүлэгт Хонгирадын Дэй Сэцэн “Есүхэй худ аа! Хиад боржигоны сүлд цагаан шонхор шувуу нар, сарыг атгаж ирээд миний гар дээр буулаа гэж урьд шөнө би зүүдэллээ. Есүхэй худ та хүүтэйгээ морилж ирэх учиртай байж. Хиад боржигон овгийн сүлд тань миний зүүдэнд ирсэн байж...” хэмээсэн байдаг.
Түүхийн хуудсыг сөхөж үзвэл Мөн Хүннүчүүд Шонхор шүтээнтэй байжээ.
1972 онд Өвөр Монголын Хангин аймгийн Ар Цайдам гэдэг газраас Орой дээрээ алтан шонхортой Хүннүгийн шаньюйн алтан титэм олджээ. Энэ титэм одоо Өвөр Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа.
Ийнхүү нүүдэлчид ямар учраас шонхор шувууг үеийн үед сүлдлэн дээдэлдэг байсан юм бол!?
Шонхор шувууны онцлог бол өнөөдөр олон улс орны сүлдэнд залагдсан хүчирхэг жигүүртэн бүргэдээс ч хурдан билээ. Бүргэдийн дээд хурд 320 км цаг байдаг бол Шонхор чөлөөт уналтын үедээ 400 км цаг хүртэл хурдлах чадвартай юм.
Эндээс л нүүдэлчдийн “хүсэл тэмүүлэл, мөн чанар” -ын чанад нууцад нэвтрэх оньс нээгдэх болно. Нүүдэлчдийн хувьд “хурд” гэдэг байгалийн хүнд нөхцөлд шалгарч үлдэх үндсэн арга байжээ. Цөөн тоотой хэдий ч гаднын довтолгооноос хамгаалах хамгийн шилдэг арга нь хурдаар давамгайлах тактик гэдэг.
Хурд гэдэг амьдрах, эс оршихыг шийдвэрлэх гол хүчин зүйл болдог тул нүүдэлчид орон зайг одон орны “гэрлийн жил” гэдэг шиг өдрийн, хоногийн газар гэх мэт цаг хугацааны хэрчмээр хэмждэг эртний уламжлалтай.
Нүүдэлчдийг ойлгохын тулд байгалийг ойлгох хэрэгтэй. Байгалийн хатуу ширүүн өрсөлдөөн дунд аливаа амьтан тэсэж үлдэх, үр удмаа үлдээхийн тул зайлшгүй хоёр чухал онцлогтой байх ёстой. Нэгд, тухайн амьтан довтлох юм уу хамгаалах, эсвэл хоол тэжээлээ олж идэх онцгой, өвөрмөц давуу талтай байх, Хоёрт сүрэг бүл дотроо үүргийн хуваарилалттай байж хэмээн байгалийн хайр найргүй шалгарлыг даван үлдэг байна.
Тэгэхээр хөдөлмөрийн хуваарь гэдэг байгалийн угшилтай юмсанж. Нийгэмд бол хөдөлмөрийн хуваарийн дагуу төрөлжих тусам хүн, байгууллага, улс гүрэн хүчирхэг давуу талтай болдог байна.
16 дугаар зуунаас Европт худалдаа үйлдвэрлэлийн өрсөлдөөнд давуу тал олохын тулд хөдөлмөрийн хуваарийг төрөлжүүлж, бүтээмжийг тусгайлан сонирхон судлах болжээ. Шинэ техник, технологи ашиглаж ширүүн өрсөлдөөнд бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах, давуу тал олох ганц зам байв. Ийм шалтгаанаар шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлст хөрөнгө оруулалт цутгаж эхэлсэн юм.
Анх Европт Бүтээмжийн арга, ухааныг цэрэг армид хэрэглэн тухай үедээ 2 дугаар зэргийн Вант улс байсан Прусс эхлээд Данийн, дараа нь Австрийн, Эцэст нь Наполеон III-ын армийг бут цохиж байв. Энэ бүх ялалтыг Пруссийн Вангийн зөвлөх Бисмарк, Молтьке нар зохион байгуулсан түүхтэй.
Энэ үйл явдлаас хойш дэлхий нийтээр Германчуудын зохион байгуулалтыг шагших болов. Германчуудаас Азийн Япон орон суралцаж, удаж түдэлгүй феодлын орноос үйлдвэрлэгч орон болсон билээ. Япон улсын ололтод эгдүүцсэн өрнийхөн тэднийг “сармагчин” улс буюу хуулбарлагч орон гэж гоочилж байсан гэдэг.
Бүтээмжийн арга ухааныг дэлгэрүүлэх хөдөлгөөн цэрэг армиас гадна үйлдвэр худалдааны салбарт өрнөж эхлэв. Мөн улсын болон олон нийтийн ашгийн бус байгууллагууд ч хоцорсонгүй.
Бүтээмжийн хөдөлгөөнд хүмүүсийн анхаарлыг татахын тул Ф. Тейлор “шинжлэх ухааны менежмент” гэдэг нэр анх хэрэглэжээ.
20 дугаар зуунд хэн бүтээмжээр тэргүүлж байна тэр улс гүрэн түүхийн хүрдийг залах нь тодорхой болов. Тиймээс улс орнууд ялгарах чиглэл, хандлагаа өөр өөрөөр харж, төлөвшүүлж байлаа.
АНУ бол 20 дугаар зуунд бүтээмжийн хөдөлгөөнийг хамгийн далайцтай бүх салбарт өрнүүлсэн орон юм. Хэдхэн жилийн дотор үр дүн нь гарч 1940 он гэхэд АНУ дэлхийн Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 4-ны 3-г дангаараа үйлдвэрлэдэг хүчирхэг эдийн засаг болсон юм. Энэ үеэс л дэлхийд АНУ-н давамгайлал эхэлсэн билээ.
Өнөөдөр хүн төрөлхтөн АНУ-г юугаар нь илүү мэдэх вэ? Мэдээж хамгийн түрүүнд Алдартай Брэнд бараа, үйлчилгээгээр нь мэдэх биз ээ.
Тэгвэл Дэлхийн улс орнуудыг хөгжлийн үе шатаар нь Нэгд брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнууд, Хоёрт масс үйлдвэрлэл эрхэлдэг орнууд, Гуравт үйлдвэрлэл хөгжиж буй орнууд гэсэн 3 бүлэгт хуваадаг. АНУ-н брэндүүд бол өнөө цагийн эдийн засгийн ширүүн өрсөлдөөнд АНУ-ын тэсэж үлдэх давуу тал юм. АНУ-г арслан, акул юм хэмээн зүйрлэвэл араа шүд нь шинжлэх ухаан юм аа.
Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны салбарын ололт амжилтыг хэдий хир үйлдвэрлэлд түлхүү ашиглаж чадна бүтээмж төдий чинээ өссөн нэмэгддэг байна. Иймээс Инноваци гэдэг нэр энэ үеийн тренд үг боллоо.
Хэн бүтээмжтэй байна, тэр хүчирхэг байдаг. Иймээс тэр хүчирхэг төр улс эрин үеийнхээ стандартыг тогтоодог бичигдээгүй хууль бий. Энэ л жамаар 2002 онд Америкийн Тайм (Time) сэтгүүлээс “Хоёр дахь мянганы суут хүн” -г тодруулах санал асуулга зохион байгууллаа.
Гэтэл бүтэн Мянганы Суут хүнээр Төв Азийн эгэл нүүдэлчин Чингис хаан тасархай шалгарав.
Чингис хааныг дэлхийн түүхчид, эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд янз бүрээр үнэлдэг, дүгнэдэг. Гэвч Чингис Хаан өөрийгөө хэрхэн үнэлж, дүгнэдэг байсан бол гэдэг асуулт бас байна аа?!
Энэ тухай бид Чингис хааны Чань Чунь бумбад илгээсэн захидлаас тодорхой мэдэх боломжтой юм. Чингис Хаан захидалдаа ...
“Цзун Гоаны (Хятад улсыг хэлж байна) хаад жаргал цэнгэлд шунасан учир мөнх тэнгэр тэднийг эс таалжээ. Хаан миний бие ар газар төрж хурга тугалын хамт өсөж хүчир бэрхшээлийн дунд бойжин (1) идэж уух, өмсөж эдлэх минь эгэл шулуун хүсэл тачаалд үл шунана(2). Ард иргэдийг үр хөвүүнээр үзэж, цэрэг дайчдад ах дүү мэт ханддаг(3). Тэднийг зааж сургахдаа эелдэг энэрч өршөөхдөө өгөөмөр байдаг(4). Харьяат нараа цэргийн эрдэмд сургахад дэргэд нь байдаг(5). Хатгалдах байлдаанд тэдний манлайд явдаг(6). Тийнхүү долоон жилийн дотор их үйлийг бүтээж таван өнгө, дөрвөн харийг нэг жолоонд оруулав. Энэ бол хаан миний эрдэм чадал төдий биш, харин Алтан хааны төр доройтсоны үр болно(7).
Энэ нь манай Шаньюйгийн улсаас нааш олон зуун жил ер гараагүй хэрэг билээ. Гэвч улс гүрнийг жолоодон засахад эс хүрэлцэх газар байх тул бэрхшээнэ. Гол мөрнийг гатлахын тулд онгоц салыг үйлддэг. Дэлхий дахиныг илбэн засахын тулд эрдэмтэн мэргэдийг урин сонгодог билээ(8).” хэмээжээ.
Дээрх захианаас Чингис хааны хувь хүний шинж чанарыг тодорхойлбол нэгд: Тэвчээр, хоёрд: Энгийн аж амьдрах соёл, гуравт: Нөхөрсөг, дөрөвт: Өгөөмөр, тавд: Сурган хүмүүжүүлэгч, зургаад: Удирдан манлайлагч, долоод: Даруу төлөв, наймд: Шинжлэх ухаанч гэсэн зураглал төрж байнам.
Чингис хааныг “Хоёр дахь мянганы суут хүн” -ээр сонгохдоо Япон тэнгисээс Газрын дундад тэнгис хүртэлх улс үндэстнүүдийг захирсанд биш, Өнөөгийн ертөнцийн үнэт зүйл болох худалдаа арилжаанд суурилсан, харилцан хамтран хөгжих дэвшилтэд замд хүн төрөлхтнийг түүчээлсэн түүхэн гавьяаг нь үнэлсэн билээ.
Ерөөс хамгийн суут хүн бол хамгийн бүтээмжтэй хүн байдаг ажээ.
Зуун жилийн түүхтэй дэлхий алдарт Форбес сэтгүүл 2017 онд Чингис хааны амжилт, ялалтаас суралцах 9 зарчмыг нэрлэсэн байдаг.
Чингис хааны 9 зарчимд:
1. Төгс гүйцэтгэл (ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал)
2. Өөрийн биеэр манлайлах (удирдах)
3. Ард түмний эрх ашгийг тэргүүнд эрэмбэлэх (алд бие минь алжааваас алжаа, ахуй төр минь бүү алдартугай)
4. Өмнөө тавьсан зорилгодоо төвлөрөх (өглөө бүр Тангуд улс буйг сануул)
5. Өөртөө найд (хариуцлагатай)
6. Даруу төлөв зан суртахуун
7. Энгийн амьдрах ёс
8. Бусдын эрх ашгийг хүндэтгэх (бүх шашинд адил тэгш хандах)
9. Өөрчлөлт сайжруулалтыг зогсолтгүй үргэлжлүүлэх
хэмээн нэрлэсэн байна.
Нүүдэлчид байгалийн хууль жамаар амьдарч ирсэн ард түмэн. Өөрийн энэ жам ёсны онцлог давуу талаа орчин үеийн бүтээмжийн шинжлэх ухааны ололттой нэгэн тэнхлэгт холбож, өөрчлөгдөн буй шинэ дэлхий ертөнцөд амьдрах чадвартай шинэ дүр төрхөө бүтээхийг эрин зуун шаардаж байна.
Монголчууд “Монгол Ухаан” гэж ярих дуртай хүмүүс билээ. Хэрэв зээ “Монгол Ухаан” гэж байдаг бол “Бүтээмжийн ухаан”-ыг л нэрлэж болно оо. Бүтээмжийн ухаанд л үндэслэсэн ёс суртахууны модноос үнэ цэнэ хэмээх үр жимс хураадаг жамтай.
Бүтээмжийн ухаан гэдгийг маш товчоор хэлбэл аливаа асуудалд шинжлэх ухааны арга зүйгээр хандахыг хэлдэг юм.
Монголчууд бид Парламентын гишүүдээ “Чингис хааныхаа зарчмаар” дэнсэлж, сонгодог болсон цагт Монгол Улс өөдлөн дэвжих эхлэл тавигдана.
Б.Өлзийбаяр