2018-08-21Үс авах ёсон: Хүүхдийн үс авах ёс нь нутаг нутагт өөр заншилтай. Хүүхдийг бага насанд нь багтаан үсэнд нь хүрдэг. Эрэгтэй хүүхдийг гурав, тав буюу сондгой насанд буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийг хоёр, дөрөв гэсэн тэгш насанд нь хөхөөн дуугарах цагаар үс (даахь)-ийг нь авдаг.
Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм. Эрт цагт энхрий (эхнэр) хүүхдийн даахийг долоо, эсвэл есөн насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь үргээнэ, дараачийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч монгол нутагт бий. Үүнээс гадна хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгодог.
Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгийг нь үргээх ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй заншилтай байжээ. Энэ нь эл өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой юм. Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан төрөл, найз нөхдөө цуглуулан ширээ засч, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан ширээний тэргүүнд суулгаж ёслолыг гүйцэтгэнэ.
Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулдаг. Мөн гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог. Ингээд эцэг юм уу өвөө, эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэж хэлснээр даахь үргээх найр эхэлдэг. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь, мөн хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрэх ба ингэхдээ модон хутгаар үс хусч буй мэт дүр үзүүлэн толгойн баруун талаас эхэлж гар хүрнэ.
Дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно (үүнийг монголчууд эмчилгээнд хэрэг болно гэж эртнээс үздэг байжээ). Дараа нь аягатай сүүнээс хүүхдэд амсуулж “Урт насалж, удаан жарга”, “Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай” гэж ерөөнө. Үүний дараа хүүхдийг эцэг эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), хадганд боож хадгалдаг аж.
Даахиа үргээлгэж буй хүүхдэд бэлэг өгөх уламжлал ч бас эртний тогтсон заншилтай байжээ. Хүүхдийн толгойг мялааж халзан цагаан хонь, эсвэл хурга амладаг байсан бол орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг зэргийг өгдөг болсон. Хүүхдийн үс авах үеэр багахан хэмжээний найр хийдэг. Энэ найранд заавал байх ёстой идээний зүйл нь цагаалга юм.
Цагаалганаас хүн бүгд амсаж, ирсэн хүүхэд бүгдэд аяга, аягаар өгч будаалдаг уламжлалтай. Дээр нь зочинд идээ цагаа барьж, дуу хуур үүсгэдэг. Найрын үеэр хүүхдүүдийг барилдуулж, даага уралдуулдаг уламжлал ч бас бий. Мөн өрөвлөгийн ерөөл хэлдэг ёсон гэж буй. Монголчууд үс гэзгийг задгай тавьж ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авахуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж, үзүүрт нь тэмээний ноосон утас, сур, цацгаар боодог. Манай өвөг дээдэс эртнээс зөвхөн уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ.
Эртний монголчууд хүүхдийн эвэр үсийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байсан байна. Нялх үсийг авахын учир: Нялх үсийг авахгүй бол хүүхэд ууртай, ухаан муутай болно гэж үздэг байж. Зарим газар үр хүүхдээ өхөөрдөж, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим нь хүүхдийн үсэнд эвэр тавихыг тухайн айлын дурын асуудал ч гэж үздэг байж. Эвэр тавих ёсон: Унаган сэвлэг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эвэр тавих нь ч бас тус тусын утгатай.
Хүүхдийн эврийг ч бас нутаг нутагт харилцан адилгүй нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Одоо цагт энэ ёс бараг орхигдож, мартагдсаныг хэлэх хэрэгтэй. Ингэж үс үлдээдгийн учрыг хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юм уу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж хэсэг үс (эвэр) үлдээдэг хэмээн тайлбарладаг юм.
Хүүхдийн үс үргээхэд хэлэх ерөөл:
Эрхэм дүү …………………. –ний Энхрий бяцхан хүүгийхээ
Олон жилээр ургуулсан
Он удаанаар энхрийлсэн
Онгон хонгор даахийг нь
Одод баясган авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээний дээжийг өргөөд
Найрын олны өмнө
Намайг бэлэг барь гэлээ.
Энхрий бяцхан хүүгийн
Оройн сэв нь
Онгон буурал болж
Хөхлийн сэв нь
Цал буурал болж
Үүрдийн мөнх настай
Үгүйршгүй баян амьдралтай
Өргөжин дэлгэрч
Өрнөн хөгжиж явахын
Өлзийтэй сайхан ерөөлийг
Өргөн дэвшүүлье.
Мөн зарим нутагт үүнээс арай өөрөөр:
Эрхэм хайрт танайх болвол
Түмэн өлзий бүрдсэн
Түгээмэл жилийн төвшин сайн өдөр
Эрхэм хайрт хүүгийнхээ
Алтан хонгор даахийг үргээж байгаа учир болбоос
Ивээл жилтэй хүнийг
Эрхлэн залж
Эрхэм олон түмнээ
Урьдчилан хэлж
Ган цагаан хайч
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтан хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай, алтан бариултай хайчаа
Гар мутар бүхийдээ дамжуулан үргээж
Гарсан төрсөн насыг Уртатгаж өргөөд
Баруун талын шанаанаас нь
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцдаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт
Ар шилэн дээрээс нь авч үргээхэд
Агуу хүч нь төгөлдөр байгаа мэт
Эрхэм хайртай хонгор хүүгийнхээ
Эрдэм билгийг ярихад
Номонд мэргэн
Нойронд сэргэг
Үйлэнд уран
Үгэнд сэцэн
Хуулинд шударга
Дайнд баатар
Далайд усч
Элгээрээ энх сайхан жаргаж
Төрлөөрөө төв сайхан оршиж
Төв их нутгийнхаа дунд
Үрээ танихгүй өнөр баян
Үрээгээ танихгүй хурдтай баян
Суух заяа Сурах эрдэм
Баярлах наадам
Бахтай жаргал
Нас сүүдрээр урт
Найр цэнгэлээр их
Үүрд номын ёсоор
Баярын магнайгаар
Баясан жаргахын
Билэг ерөөлийг дэвшүүлэн өргөе.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин