2018-06-21Өмнөх засгаас өнөөдрийн засагт өвлөгдөж ирсэн цөөн хөтөлбөрүүдийн нэг нь “Алт-2”. Хоёр үе шаттай хэрэгжих энэ хөтөлбөр 2020 хүртэл үргэлжилнэ.
Ингэснээр алтны олборлолт жилд 25 тоннд хүрч, Монголбанкны валютын нөөц тэрбум орчим ам.доллараар зузаарах учиртай.
Аль, аль нь үнэхээр биелэлээ олчихвол түүхэн үзүүлэлт мөн. Ийнхүү хоёр жилийн өмнө дэвшүүлсэн цуутай хөтөлбөрийн хэрэгжилтбуух хөрсөн дээрээ даржин, далайц нь сул байна. Алтны салбартай холбогдсон хууль эрх зүйн орчин тогтворгүй, тодорхой бус хэвээр буй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тойрсон гомдол, хүсэлт улиг болтлоо энэ салбарт даамжирсаар.
Алтныхан хуулийн татварын босгыг цаг үеийн хэрэгцээ, шаардлага хангаж чадахгүй болчихоод байна гэдэг.
Гурван тэрбум төгрөгийн борлуулалт алт олборлогч компаниудын хувьд харьцангуй бага түвшний орлого. Хууль бус олборлолтоо ч манайх хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийг хүртэл цэгцэлж дийлсэнгүй.
Уг нь, хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөлгүй талбайд олборлолт явуулж байгаа хэний ч үйл ажиллагааг зогсоохоо зарласан. Гэвч уулын ам, голын хөндий хууль бус олборлолтын талбар болсоор. Тэнд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талаар яриад ч нэмэргүй. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Говь-алтай, Ховд аймаг хууль бус олборлогчдын гарт талхилагдаад удлаа. Олон нийтийн сүлжээгээр ч алтны компаниудад хаягласан эсэргүүцэл хөвөрсөөр. Монголбанк энэ он гарсаар иргэд болон аж ахуйн нэгжээс 6.3 тонн алт худалдан авсан тухайгаа мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 10 орчим хувиар өссөн дүн гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хэрэгжиж эхэлсэн 2006 онтой харьцуулахад өнгөрсөн жилүүдэд алтны салбар илүү өрсөлдөх чадвартай болж, бяр тэнхээ суусан. Тэгвэл “урт нэртэй хууль” үйлчилж эхэлснээс хойш хууль бус олборлогчдын эрин үе эхэлсэн гэж үзэж болох юм.
Малын бэлчээр, усны ай сав хууль бус олборлогчдын хөлд үрэгдсээр байгаа. Энэ болгоны ялыг тусгай зөвшөөрөлтэй, улс болон орон нутгийн төсөвт татвар төвлөрүүлдэг аж ахуйн нэгжүүд үүрч байна. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэй, уулын ажлын төлөвлөгөө нь батлагдсан компаниуд хууль бус олборлогчдын өмнөөс муу нэр хүлээж сууна. Энэ байдал алтны компаниудыг дарамтлах нэг шалтаг болдог.
Нийгэм даяар алтны компаниудыг ч үгүйсгэдэг. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг энэ болов уу. Нөгөө талаасаа тусгай зөвшөөрөлтэй атлаа хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, балаг тарьж байгаа компани ч энэ салбарт улам тэлж томорсон хэвээр байна. Гэхдээ саараасаа сайн нь их билээ. Төр холбогдох зөвшөөрлөө олгож, хяналт шалгалтаа тавьчихсан компаниудын хажуугаар дүрэмгүй тоглогчид дураараа авирлаж өдий хүрсэн тухай эхэнд дурдсан.
Хууль бус олборлогчдын хувьд хоногийн дотор ухаж, сэндийчээд явах нь их. Тэдэнд хариуцлага тооцох боломжгүй. Буух эзэн, буцах хаяггүй учраас орон нутагт эвдэрсэн талбай нэмэгдээд үлдэх нь түгээмэл. Заамарт л гэхэд эвдэрсэн, нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбай хэдэн зуун гагаар хэмжигдэнэ. “Алт2” хөтөлбөрт тусгагдсан зорилтууд бодит ажил болж чадахгүй байгаагийн нэг жишээ нь энэ.
• Тэнд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талаар яриад ч нэмэргүй.
• Монголбанк энэ он гарсаар иргэд болон аж ахуйн нэгжээс 6.3 тонн алт худалдан авсан тухайгаа мэдээллээ.
• Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компани сайн дурын буяны байгууллага биш.
Алтны шороон ордын нөөц шавхагдаж буй энэ үед үндсэн ордруу эс хүссэн ч шилжих шаардлагатай болсон. Үүнээс өмнө бэлэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц удааширч, цаг алдсаар. Гэтэл бэлэн ордууд хууль бус олборлогчдын дураараа дургих орон зай болж байна. Эндээс улсад татвар гэж төвлөрөхгүй, ажлын байр бий болохгүй. Төв аймгийн Заамарт л гэхэд алтны 20 гаруй аж ахуйн нэгж олборлолт явуулж байгаа аж.
Эдгээр компани бүгд л орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд их, бага хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг байна. Тэд ихэвчлэн орон нутгаас ажилтан авч, ханган нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгчээ аль болох тухайн аймаг, сумаас сонгохыг урьтал болгодог аж. Тухайлбал, “Платиниум Ланд” компани гэхэд Заамар суманд жилд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байна. Үүнээс гадна эмнэлэг, сургуулийн ой, багийн өдөрлөг гээд байнга л алтны компаниуд орон нутагт хандив, тусламж өргөдөг байна.
Энэ оны байдлаар нөөц нь бүртгэгдсэн алтны 127 үндсэн орд, 450 гаруй шороон орд байгаа аж.
Татвар, хураамж төлөх нь тухайн компанийн үүрэг. Түүнээс ой тэмдэглэхэд компани болгон заавал хандив, тусламж өргөх албагүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас компани гар сунгах нь зөв боловч энэ болгон орон нутгийн хөгжилд наалдсан юм алга. Ялангуяа, иргэдийн амьдралд компанийн өргөж буй хандив, тусламж ашиг тусаа өгч чадахгүй байгаа нь уул уурхайд итгэх хүмүүсийн итгэлийг улам хөсөрдүүлсээр. Уул уурхай гэгч өндөр эрсдэлтэй бизнес. Энэ салбарт гүнзгий орж, хамаг л цаг хугацаа, хөрөнгө, хүчээ зориулсан хэн боловч тийм амархан гараад явж чаддаггүй. Хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, нэр төр, үнэ цэнэ гэж байна.
Тэр болгоныг мөнгөөр хэмжиж үзвэл асар өндөр дүн гарах нь дамжиггүй. Хамгийн наад зах нь, компанийн удирдлагадаа итгэж, найдсан олон ажилтны амьдрал байна. Тэдний дийлэнх орон сууцны зээлтэй эсвэл оюутантай байх нь түгээмэл. Тэрчлэн түрээсийн тоног, төхөөрөмж, машин техник тасралтгүй ажиллаж байдаг.
Тиймээс орон нутгаа эрхлүүлж, тэднийхээ аманд өөрсдөө нэг талаар багтжээ. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компани сайн дурын буяны байгууллага биш. Үүнийг иргэд ч зөвөөр ойлгох хэрэгтэй. Тиймээс санхүүгийн үзүүлэлт нь ашигтай, өр авлага багатай байх ёстой. Мэдээж хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын дагуу цаг хугацаанд нь татвар, хураамжаа төлж, ашиг, орлогоо улсад ил тод тайлагнаж байх учиртай.
Ийм соёлд суралцаагүй компани татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс хасагдах төдийгүй тогтвортой үйл ажиллагаа явуулахад ч улам хүнд болж байгаа. Өнөөдөр уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниудад нийтлэг нэг зовлон байна. Тэд улс болон орон нутагт татвар, хураамжаа төлсөн боловч гэнэтийн “татвар”-т даруулсан хэвээр байгаа юм. Орон нутгийн хувьд дэргэдээ “саалийн үнээ”-тэй байх сонирхол их байна.
Улсын төсвөөс хөрөнгө оруулалт жил болгон авдаг атлаа сургуулийн дээвэр засна, хүндэтгэлийн өргөө байгуулна гэж уул уурхайн компаниа “ноолдог” байдал улам газар авчээ. Үүний дүнд компани ч тэлж томорсон юм байхгүй, орон нутаг ч хөгжиж гавихгүй байсаар. улсын хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 1642 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагийн 34.65 хувь нь алтны салбарт оногддог.
Энэ оны байдлаар нөөц нь бүртгэгдсэн алтны 127 үндсэн орд, 450 гаруй шороон орд байгаа аж. Монголд алтны хайгуул олборлолт тогтмол явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 150 гаруй компани дээрх зовлонг амсаж, орон нутгийн удирдлагуудыг давраасаар.
Засгийн газрын мэдээ