2018-05-17Хүнс болоод эмчилгээний зориулалтаар дэлхийн сая сая үндэстэн ястны хамгийн их хэрэглэдэг зэрлэг ургамал бол хааяагүй ургадаг халгай билээ. Одоогоос 3000 жилийн тэртээ буюу хүрэл зэвсгийн үеэс Их Британчууд хоол хүнсэндээ халгай хэрэглэдэг байсан талаар судар бичигт өгүүлсэн байдаг.
Тиймээс ч тэд халгай идэлтийн дэлхийн аварга шалгаруулалт хэмээх хүний санаанд багтамгүй хачин тэмцээнийг жил бүр Их Британийн Маршвуд хэмээх бяцхан тосгонд зохион байгуулдаг юм болов уу. Гараараа хүрэх төдийд л зүүнээс нарийхан түмэн жадаараа хатгаж, шээс алдтал хорсгож түлдэг энэ ургамлыг хүүхнүүд голдуу тэмцээнд оролцогсод амааараа дүүртэл чихэн зажилж залгихыг хараад нүдэндээ итгэмээргүй. Би багадаа том том халгайг шувтран идэж байгаа тэмээг л гайхшран харж зогсдог байснаас хүн халгай иднэ гэж зүүдлээ ч үгүй явж. Өдгөө Орос, Украин хүүхнүүдийн хамгийн дуртай хоол нь борщ хэмээх хүрэн манжингийн шөл байдаг бол Англи, Шотланд бүсгүйчүүдийн хувьд шинэ халгай зуурч хийсэн зутан шөл байдаг бөлгөө.
Ядаргаа тайлах чадвараараа энэ ургамал гайхалтай бөгөөд зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хаврын шинэ халгай илүү үр дүнтэй болох нь олон жилийн туршилтаар нэгэнт батлагджээ. Түүнчлэн халгайг бид биеийн эсэргүүцэл сулран бүх төрлийн ужиг хууч хөдлөх өдий цагт хэрэглэбэл эрүүл мэндэд илүү ач тустай.
Үүнээс гадна халгайнд агуулагдах түмэн бодис нь судсыг уян зөөлөн болгож, бие махбод дахь элдэв өвчин сэдрэх үйл явцыг үгүй хийдэг байна. Хорсгон түлэх чадвартай өргөст энэ ургамалд хатгуулбал цусны эргэлт муудах, мартамхай болох, үе мөчний өвчин сэдрэх зэргийг зогсоодог шидтэй гэнэ. Хэрэв та тэсээд халгайн дээр хөл нүцгэн явж чадах юм бол биеийнхээ цусыг хөлнийхөө ул руу ирэх боломжийг нэмэгдүүлээд зогсохгүй, үе мөч тань үе үе өвддөг бол түүний үрэвсэх үйл явцыг ч гэсэн эрс багасгадаг гэж эмч нар зөвлөдөг юм билээ. Нөгөө “Гарьд манлай” кинон дээр гардаг шиг бөхчүүдийг халгайн дээр барилдуулдаг байсны цаад учир ийм байсан юм болов уу.
Халгайнд А, С, К витамин , уураг, эрдэс давс арвин байдаг. Дайны үед цэргүүдийн шархан дээрээ халгай тавьж бооход түргэн эдгэрч байсныг Оросын хэвлэлүүд дээр бичдэг. Одоо халгайг цус тогтооход хэрэглэхээс гадна халгайн ханд нь чихрийн шижин, шамбарам өвчинд сайн нөлөөтэй болох нь мөн батлагджээ
Цөс, бөөр чулуужих, үе мөч, хөлдөлт, түлэгдэлт, цагаан мах гарах, ходоод, шулуун гэдэсний салстын үрэвсэл, шээс задгайрах, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өөрчлөгдөх, гэдэс гүйлгэх зэрэг олон өвчнүүдийг халгайнаас гаргаж авсан бэлдмэлүүдээр анагааж байна.
Мөн дотор хаван буулгах, шарх эдгээх, усан хаван хөөх, биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээх, хамраас цус гарах, цусан суулга, шээс цустай гарах, нойр муудах, зүрх судасны системийн үйл ажиллагаа алдагдахад өргөн хэрэглэдэг.
Гоо сайхны хувьд үс уналтыг зогсоох, үсээ урт ургуулах, үсний өнгийг гялалзсан сайхан болгох, арьсыг өнгөлөг уян хатан болгох зэрэгт нөлөөлдөг ид шидтэй гэнэ.
Та бүхний эрүүл мэндэд тус дөхөм болох үүднээс сайтнаас авсан зарим жорыг хүргэе. Халгайн хандыг ужиг, хууч, биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд дараахь хоёр аргын аль нэгийг нь сонгож хэрэглээд үзээрэй.
1. Аяга халуун усанд амны том халбагаар халгайн нунтаг навч хийж идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна.
2. 200 гр навчийг шил архинд хийж хутган харанхуй газар 8 хонуулж сайн зайлаад навчийг нь түүж авна. Уусмалыг өглөө өлөн элгэн дээрээ мөн унтахаасаа өмнө тус тус цайны халбагаар нэг ууна. 500 гр ийм уусмалыг гурван долоо хоног уухад хүний бие илт эрүүл цовоо болдог гэнэ. Ялангуяа хаврын шинэ халгайн шүүс нь зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хамгаас үр дүнтэй болох нь нэгэнт батлагдсан.
Хаврын шинэ халгайн шүүс төрөл бүрийн амин дэмээр баялаг төдийгүй доорхи өвчнүүдийг анагаахад сайн үйлчилгээтэй талаар мэргэжилтнүүд зөвлөдөг.
Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтугласан халгайг хийж найруулан хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна. Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ. Халгайны бүлээн зутангаар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Нялх халгайн ийм маскыг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.
Тархины судасны нарийсал үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно. Судасны нарийслийн үед бигнүүр тавих ба 200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 млл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэдэг гэнэ.
Халгайг бэлдэх арга. Хог хаягдалгүй газар, гуу жалга, зуслангийн орчимоос 6-р сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлэх байдлаар хадгалж бүтэн жилийн турш хэрэглэж болно.
Зөв хатаасан нунтаг халгай 1-3кг байхад хоёр хүнтэй манайх шиг өрхийн жилийн хэрэгцээг бүрэн хангаж чадна. Өөрөөр хэлбэл та бүхэн бүтэн жилийн турш С-витаминаар дутагдахгүй байх, үсээ халгайны хандаар угаагаад байх бололцоотой болно гэсэн үг. Энэ хэмжээний халгайг нөөцлөхөд 50 кг-ын шуудай халгайг дээрх хугацаанд түүж хатааж нунтаглан даавуун уутанд эсвэл ариутгасан шилэн саванд хийж хадгалж болно.
Шөлтэй, шөлгүй, бууз хуушуур ямар ч хоолонд халгайг хольж хэрэглэж болно. Аяга шөлтэй хоолондоо амны халбага хуурай халгай хийж хутгаад идэхэд ямар ч гэсэн тэр шөнөдөө сайн унтана шүү. Халгайг намар их хэмжээгээр түүж нөөшлөөд хавар турсан малд өгөхөд хурдан тэнхэрдэгийг манай хашир малчид сайн мэднэ дээ.
Халгай хэмээх энэ өргөст ургамал Монголын хангай говийн хаана ч элбэг ургана. Тариа, ногооны талбай, айл, албан газрын хашаа, гуу, жалга, хогийн цэг, голын хөндий гээд хааяагүй тааралдах халгайг бид хатгадаг болохоор нь ад үзэж “хог ургамал” хэмээн нэрлэх боловч ач холбогдлынхоо хувьд энэ бол Бурханаас бидэнд үнэгүй илгээсэн ургамлын ертөнцийн “хосгүй гайхамшиг” гэвээс зохилтой.