2015-05-08Түүнийг жүжигчин гэдгээс илүүтэй кино найруулагчаар нь хүмүүс сайн мэддэг. Гэхдээ тоглосон цөөн хэдхэнтуслах дүр нь түүнийг
ямархуу чадвартай, дотортой жүжигчин гэдгийг нь харуулж чадсан. “Ийм нэгэндурлал”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав”, “Худалч залуу”, “Дэлхийд дурласансар”, “Жексон амьд” зэрэг уран сайхны кино, “Гурван найз”,
“Хөгжилтэй гэр бүл” олон ангит кино, богинохэмжээний кинонууд гээд түүний нэрээр овоглосон бүтээлүүдийн жагсаалт хөвөрнө. “Өөр мэдээ” энэ дугаарынзочноороо “Herub” интертайментын найруулагч, жүжигчин С.Баттулгыг онцолж байна. Монголын киноурлагийн гол тогоонд зүтгэж яваа
түүний үзэл бодол, хүсэл мөрөөдөл, зорилго танд нэгийг бодогдуулах биз.
-Таны найруулсан олон киног мэдэх юм. Харин та ямар мэргэжилтэй билээ?
-СУИС-ийг жүжигчнээр төгссөн ч найруулагчийн ажилд урвасан. Студи байгуулаад найруулагчаар нь ажилласан. Энэ хугацаанд найман кино, олон ангит хоёр кинон дээр ажилласан байна. Сургуулиа төгсөөд жүжигчнээр ажиллахгүй, над шиг царай муутай хүн жүжигчин хийхгүй байх гэж боддог байсан. Харин “Зөрлөг” киноны найруулагч Ганзориг ах надад итгэл өгсөн. Миний дүү чаднаа, тоглоод үз гэж зориг өгсөн. Хүний итгэлийг алдахгүй юмсан гэж хичээгээд анхны дүрдээ тоглосон.
Зөрлөг киноны дүр бол киноны хөдөлгөгч хүч юм. Тиймээс тоглох юмтай, хүчтэй, характерны дүр учраас би нэлээд ажилласан.
-Найруулагчаар ажилласан ихэнхкиноныхоо зохиолыг өөрөө бичсэнбайх аа?
-Би дангаараа ч биччихсэн юм байхгүй л дээ. Хамт ажилладаг найз нөхөдтэйгөө ярьж хөөрөөд нийлээд бичдэг. Би залуу хүн, дөнгөж кино хийж эхэлж байсан учраас санхүүгийн боломжгүй. Тиймээс мундаг зохиолчдоос зохиол авна гэхээр үнэ хөлсийг нь дийлэхгүй. Зарим зохиол нь миний санаанд хүрэхгүй. Тэгээд таалагдсан зохиолоо авч чадахгүй, хүний зохиол голж суухаар хүссэн хүсээгүй л үзэг цааг барьж толгойд эргэлдэх санаагаа буулгасан. Түүнийгээ найз нөхдөдөө уншуулж үзтэл дажгүй байна, ингэвэл тэгвэл яасан юм гэж санаа оноогоо нэмэрлээд л анхны кино зохиолоо бичсэн. Үүндээ урамшаад дараагийн зохиолуудаа ч бичсэн. Гэхдээ би өөрийгөө зохиолч гэж хэлэхгүй. Ямартаа ч өөртөө бодогдоод байгаа санаагаа л цаасан дээр буулгасан төдий. Түүнийг зохиол гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Кино бол дүрслэлийн урлаг. Тиймээс л цаасан дээрхийг үзэгчид үзэхгүй учраас кино зохиол бичиж галзуурч байхгүй юу.
/Инээв/
-Ер нь жүжиг, киноны сайн зохиол ховор байна гэсэн яриа байдаг. Найруулагч хүний хувьд бариад авчихаарсайн
зохиол таарч байна уу?
-Энэ бол ганцхан Монголд тохиолдоод байгаа юм биш. Дэлхий ертөнц угаасаа санааны, зохиолын хомсдолд орчихоод байна. Найруулагч, продюссерт таалагдаж байж тэр зохиол уран бүтээл болно. Гэтэл шинэ санаа гаргаж ирнэ гэдэг байхгүй, олон давтагдсан санааг шинэчилж бичих гэдэг маш том асуудал. Нөгөө талаас манай улс 70-80 жил явсан социалист нийгмээс зах зээл рүү шилжсэн шилжилт дуусаагүй л байна. Урлаг энэ шилжилтээр хэлмэгдсэн. Кино урлагийн залгамж чанар хэсэг тасарсан шүү дээ. Соц нийгмийн үед киноны маш том бааз, чадалтай жүжигчид уран бүтээлчидтэй залгамж халаатай байсан. Норжмаагийн замаас эхлээд бие биедээ зааж сургаж явснаа нийгэм солигдоход урлаг шууд хаягдсан. Одоо сэргээх гээд залуучууд хичээж бүтээж л явна. Кино зохиол руу орж буй хүмүүс хэр их байна гэдэг ч асуултын тэмдэгтэй байна. Сайн зохиол байлаа гэхэд түүнийг нь сайн кино болгоход хөрөнгө мөнгөнөөс эхлээд асуудал олон бий.
-Монгол кино борооны дараах мөөг шиг олширлоо. Ямар ч өгөөжгүй бүтээлүүд гарч байна гэсэн шүүмжлэлолон.
Тогоон дотор нь чанагдаж яваа хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Олон кино гарах ёстой. Кино хийж л байх хэрэгтэй шүү дээ. Хийхгүйгээр дууссан түүх зөндөө бий. Швед, Швейцарь зэрэг Баруун Европийн улсуудын түүхийг давтах вий гэхээс айдаг. Тэнд Америк, Англи, Герман, Францын кинонууд зах зээлийг нь эзэлчихсэн. Уран бүтээлчид нь өөрсдөө уран сайхны кино хийдэггүй, хийсэн ч үзэгчгүй болчихсон. Одоо тэнд зөвхөн баримтат кино л хийж байгаа гэж Швед найруулагч ярьж байсан. Даяарчлалын хор уршиг энэ. Би монгол хүн учраас даяарчлалын эсрэг зогсдог. Энэ хил хязгаар нутаг дотор гуравхан сая хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дэлхийн зургаан тэрбум хүнд уусан алга болох өндөр эрсдэлтэй. Алга болохгүйн тулд бид үндэсний өв, урлаг соёлоо маш сайн хөгжүүлэх ёстой. Үүнд кино урлаг ч чухал үүрэгтэй. Муу сайн гэлтгүй бид уран бүтээлээ хийж л байх ёстой. Хийх тусам, өрсөлдөөн ихсэх тусам сайжирна.
-Таны найруулсан кинонд үндэснийсоёлоо тусгасан, Монгол гэж “хашгирсан” кино хэр олон байна?
-Байхгүй. Яг үнэнийг хэлэхэд хиймээр л байна шүү дээ.
-Та өөрөө өв соёлоо авч үлдэх ёстойгэж боддог хүн байж уран бүтээлдээяагаад тусгахгүй байна вэ?
-Гэхдээ найруулагчаар ажилласан кино болгондоо залууст хандаж ямар нэгэн байдлаар бид монгол хүн шүү гэсэн мессеж үлдээхийг хичээдэг. Надад Монголоо гэсэн үзэл санааг шингээсэн уран сайхны киноны гурван зохиол байна. Зөвхөн хувьсгалын тохироо бүрдэх, мөнгө санхүү шийдэх л асуудал үлдсэн. Тэр болтол би бүрэн хэмжээний уран сайхны кино хийхгүй.
-Тэгвэл таны дараагийн шинэ уранбүтээл нэлээд удаан бодсон,хадгалсан сайн кино гарч ирэх нь гэжхүлээх нь ээ?
-Сайн л болгох хэрэгтэй байна. Өөрөө өөрийгөө хуурмааргүй байна. Уран сайхны киног хийсэн шиг хиймээр байна. Тэр болтол олон ангит кинотойгоо зодолдоод байж байя.
-Олон ангит кино руу яагаад оров. Нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх хүчтэй зэвсэг юм шиг санагддаг?
-Кино урлаг хүнийг хүмүүжүүлдэг, ухааруулдаг. “Бүх урлагийн дотроос кино урлаг агуу” гэж хэлсэн байдаг биз дээ. Дэлхий ертөнц хөгжөөд цахимжаад ирж буй энэ цаг үед номын сан, сонин бүгд устаад зөвхөн телевиз үлдэнэ гэдэг. Энэ зүг рүү одоо бид явж байна шүү дээ. Телевиз дотроо мэдээ, кино, интертаймент нэвтрүүлэг үлдэх болно. Энд нэг ангит бус олон ангит кино орж байгаа юм. Олон ангит кинонд найруулагч өөрийн үзэл бодлоо шигтгэж, бизнесийн байгууллагууд ч энэ чиглэл рүү хошуурч байна. Олон ангит кино бол ажиллах маш том талбар юм. Энэ талбарт ажилласнаар монголоороо өвчлөх, монголоороо үлдэх, даяаршлал дунд зогсох боломжтой. Хэдийгээр би солонгос зохиолоор албан ёсны эрхтэй олон ангит хоёр кино хийсэн ч яг миний дотор цохилж буй зүрх бол монголоороо л өвчилж байдаг. Хүмүүс интертаймент юм үзэх дуртай байна. Зах зээлийн шаардлага юм даа.
-Хүмүүсийн санаа бодолд уран бүтээлээрээ дамжуулан хүрч чадах хүмүүс бол найруулагчид. Та нар зөвүзэл санааг
уран бүтээлдээ шингээж байвал залууст хэрэгтэй юм бишүү?
-Тиймээ. Гэхдээ ардчилсан нийгэмд амьдарч байгаа найруулагчид заавал зөв юм дуугарах албагүй.
-Гэхдээ л үүрэгтэй юм биш үү?
-Мэдээж хариуцлага байгаа. Гэхдээ найруулагчид гэхээр заавал зөв зүйл дуугарах албагүй. Тэрслүү үзлийг ч тунхаглаж болно. Яагаад гэвэл тухайн цаг үедээ тэрслүү мэт харагдавч он цаг улирахад зөв зүйтэй байх боломжтой. Энэ нь уран бүтээлч хүний өөрийн гэсэн үзэл, характертай холбоотой. Заавал олонхид таалагдах албагүй, цөөнхөд таалагдаж болно. Үзэгчид олон янз. Манай киночид олон уран бүтээл хийж байна. Олонход таалагдаагүй ч сайн болсон кинонуудыг би нэрлэж чадна.
-Шинээр гарч байгаа кинонуудыг үздэг үү. Хамгийн их хүмүүсийн анхаарлыг татсан “Чонон сүлд”, “Содура”зэрэг киног үзээд юу гэж дүгнэв?
-Сайн кинонууд олон гарч байна. “Чонон сүлд” кино номноосоо бол хэд дахин муу болсон. Гэхдээ киноныхоо хувьд сайн гэж дүгнэсэн.
Содураг манай найзууд хийсэн. Би киноны зураг авалт эхлэхээс өмнө зохиолыг нь уншиж байсан. Дажгүй сайн зохиолтой юм билээ. Киноны гүйцэтгэл ч сайн болсон байна лээ. Ний нуугүй хэлэхэд би Содураг хүссэнээрээ хийж чадсан найзууддаа атаархсан. Ер нь манай үеийнхэн Холливудын киноноос дутахааргүй сайн кинонууд хийсэн шүү.
-Найруулагч хүнд жүжигчнээ сонгох, тоглуулах гэдэг чухал ажил байх. Та ямар жүжигчидтэй ажиллахдуртай вэ?
- Манай жүжигчид үнэхээр авьяастай. Манай Р.Анхням хоёр тэрбум хүн амтай улсын хийсэн кино пробонд тэнцээд тоглож чадлаа. Мундаг гэхээс өөр юу гэх юм бэ. Бид цөөхүүлээ хэр нь ийм том байна гэдэг сайхан. Монгол ген онцгой шүү. Зөв л гарцаа олчихвол манай жүжигчид хаана ч гологдохгүй. Одоо бол ядуугийн зовлон байна. Гадагшаа гарах нь цаг хугацааны л асуудал. Монгол Улс маань хүчирхэг болоод ирэхэд манай киночид хаана ч дуугарахаар бүтээл хийнэ.
-Та богино хэмжээний кинон дээр бас ажилласан. Нэг ангит, олон ангит, богино хэмжээний гээд бүх төрөлдээр
өөрийгөө сорьж байна уу?
-Би уран бүтээлч хүн болохоор бүх л төрөл жанраар хийж үзмээр байгаа юм. Өөрийнхөө арга барилыг олж авч байна. Богино кино бас их гоё юм билээ. Богино хугацаанд бүх санаагаа базаж гаргана гэдэг чадвар. Би 15 минутын кино хийсэн. Гэтэл дэлхийд 15 минут уртдаад байдаг боллоо. Тэгэхээр бүр богинохон кино хийх санаа байна.
-Таныг тоглосон туслах дүрээ гол дүр мэт “тултал” нь бүтээдэг гэж үнэлдэг юм билээ. Дүрийнхээсонголтод яаж ханддаг вэ?
-Хүн надад итгэж байхад би яагаад өөрөө өөртөө итгэж болохгүй гэж бодоод хэд хэдэн уран бүтээлд оролцсон. Би киночин хүн учраас маркетингаа мэднэ шүү дээ. Олонход таалагдах царайлаг хүнийг гол дүрд нь тоглуулах ёстой. Мэдээж зохиолоосоо хамаарна л даа. Гэхдээ л би царай муутай болохоор гол дүрд тохирдоггүй юм.
-Та яагаад өөрийгөө гол дүрд тоглохооргүй царай муутай гэж дүгнээд байдаг юм бэ. Энэ таны бодол ууэсвэл,
найруулагчдын үг үү?
-Кино бол дүрслэлийн урлаг учир зөв төрх, хүмүүсийг татах дүр чухал. Би өөрөө өөрийгөө эерэг, зөв төрхтэйд орохгүй гэж боддог юм. /инээв/ Уран бүтээлч хүн өөртөө үнэнч, хариуцлагатай, шүүмжлэлтэй хандах ёстой. Тиймээс би киноны гол дүрийн cool залуугийн дүрд яагаад ч тэнцэхгүй гэдгээ мэддэг. Харин характерны дүрд бол тоглочих байх.
-Дөрвөн жил суралцаж жүжигчин мэргэжил эзэмшсэн хүний хувьд тоглохсон гэсэн мөрөөдлийн дүр байдагбиз дээ?
-Жүжигчин болгонд дүрийн мөрөөдөл бий. Надад энэ характерийг гаргачих юмсан гэсэн олон дүр бий. Би чамд нууцаа дэлгэхэд нөгөө бэлэн байгаа гурван зохиолын нэг нь түүхэн кино юм. Тэр киноныхоо нэг дүрд өөрөө тоглочих юмсан гэж бодож байна. Би өөрөө хийнэ гэж зүрхэлдэггүй юм. Манай найруулагчид ахиад Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” зохиолоос кино хийвэл Жамухын дүрд тоглох юмсан гэж мөрөөддөг. Энэ зохиолоос “Үхэж үл болно Чингис хаан” киног хийсэн шүү дээ. Үнэхээр мөлжүүртэй сайн зохиол доо.
Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин