2014-12-25Терийн шагналт, ардын жүжигчин Н.СУВДТАЙ ярилцлаа. Театрынхан шинэ жилээрээ шилдгээ тодруулахад "Жинхэнэ эр хүн"-ээр
түүнийг шалгаруулсан гэж байгаа. Үнэндээ түүнтэй ярилцаж байхад "Оноод хэлчихсэн юм уу" гэх бодол орж ирээд байсан. Яагаад ч юм, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, сайн жүжигчин гэдгээрээ он цагтаа орон зайгаа тод тамгалсан түүнээс үнэнийг зугуухан хэлээд, даруухан инээмсэглэж суугаагаас нь их өөр эмоци хүлээж байсан ч юм шиг. Өдгөө тэрээр УДЭТ-ын дэд захирлын албаас гадна нийгмийн шинжтэй олон албанд сонгуульт ажил хийдэг ажээ.
-Саяхан та олон улсын чанартай нэг арга хэмжээнд оролцоод ирсэн гэсэн. Холын сонин сонсъё.
-Манай театр 1991 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх олон улсын театрын институтийн гишүүн болсон юм. Үүнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцдог, өөрсдөө арга хэмжээ зохион байгуулдаг Монголын төв гэж байгуулагдсан. Анх олон улсын судлаач шүүмжлээч нарыг авчирч, олон улсын хэмжээний сургалт зохион байгуулж эхэлсэн. Дараа нь олон улсын фестиваль хийдэг болсон. Энэ жил дөрөв дэх удаагаа хийх гээд бэлтгэж байна. Олон улсын театрын драмын хорооны дэд Ерөнхийлөгчөөр нь би гурван удаа улирч сонгогдсон. Сая Олон улсын театрын боловсролын хороонд театрын урлагийн мэргэжил олгох их дээд сургуулиудын асуудал хэлэлцэхэд оролцоод ирлээ. СУИС үүн дээр их идэвхитэй оролцдог. 2016 онд Азийн их дээд сургуулийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахаар болсон. Одоо ЮНЕСКО-гийн дэргэд их дээд сургуулиудын сүлжээ гэдэг төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ сүлжээнд манай сургуулиуд их идэвхитэй оролцоно гэж бодож байгаа.
-Таныг мэргэжлээсээ гадуур нийгмийн идэвхитэй ажиллаж байгааг сүүлийн үед эхлэв үү гэж бодсон. Үгүй юм байна. Бүр 30 наснаасаа эхэлсэн юм билээ.
-Манай ахмадууд залуусаа их эртнээс бэлтгэдэг байжээ гэж боддог юм, Ер нь, тухайн үед ажилд ороход нийгмийн ажилд их татан оролцуулдаг байсан юм. Анх би сургуулиа төсгч ирээд кино үйлдвэрт орсноосоо хойш Монголын хувьсгалт залуучуудын эвлэл буюу одоогийн МЗХ-ны ажилд идэвхитэй оролцох ёстой гээд тэнд ажиллаж эхэлсэн. Театрт ирээд бас эвлэлийн ажил хийхийн хажуугаар Монгол зөвлөлтийн найрамдлын эвлэлийн үүрийн дарга гээд сонгуульт ажил маш их байсан. Одоо ч тэр сонгуульт ажлуудаасаа салаагүй л байна. Театрт ороход намд элсүүлэх бэлтгэл хангаж байна гээд янз бүрийн даалгавар өгдөг байсан. 1980 онд театрын намын үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон. Тэгэхэд би 32 настай л байж. Мэдлэг, зохион байгуулах ур чадвар гээд хүнээс их зүйл шаардах ажил байсан л даа. Сар болгон намын үүрийн хурал хийнэ. Тэндээс гарах шийдвэрүүдийг нь бэлэн болгосон байна гээд бодохоор би хүчилж дийлэхээргүй санагдсан. Гэтэл ахмадууд "Сургуулийг нь төгсч ирсэн. Улсын мөнгийг зүгээр идсэн байж болохгүй" гээд намайг хүчээр сонгосон. Тэгтэл 1981 онд теартын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан, манай нэрт судлаач, шүүмжлэгч Хо.Нацагдорж өвдөөд, "Би энэ ажлыг Сувдад өгнө. Эргэж иртэл хий" гэхээр нь би "Чадахгүй байх" гэтэл "Чи намайг эргэж ирэхгүй, үхнэ гэж бодож байна уу" гэхээр нь айгаад авсан. Ингээд театрын уран сайхны удирдаачийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад жинхэлсэн л дээ.
-Та гэж хэлүүлэхээс ичээд театрынхаа ахмадуудаас зугтдаг байсан гэсэн.
-70, 80 нас гарсан хүмүүс "Та" гээд ярихаар нь ичээд, барааг нь харахаараа хүний өмнө намайг та гэх байх гэж айгаад зугтчихна. Цалин кассан дээр дугаарлаж зогсч авдаг байлаа. Тэд намайг харахаараа "Та өмнө ороод цалин ав" гэдэг болохоор бас ичээд цалин буух өдөр тэр хавиар явахгүй. Гэхдээ тэд намайг загнана, зөвлөнө. Тэдний хүчээр л би өдий зэрэгтэй явж байна. Ер нь театрын уран бүтээлчид гэдэг нийгмийн зүтгэлтнүүд байж л театрт ажиллана. Түүхээс харсан ч тийм байдаг. Ерөөсөө нийгмийн, хүний төлөө сэтгэл нь өвдөж, зүрх нь шаналж байдаг хүмүүс л театрт ажилладаг юм байна. Амьдралд идэвхитэй байр суурьтай, бусдын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байж л түүнээс хүнд хүрэх уран бүтээл гардаг болов уу гэж боддог юм.
-Жүжигчний ажлаа хийх цаг хугацаа бага байжээ дээ?
-Үнэхээр их цагийг жүжигчний ажлаасаа бусад зүйлд үрсэн. Уран сайхны удирдаачаар ажиллаж байхдаа би жилд нэг л удаа дүр авдаг байсан. Илүү чаддаггүй байсан. Бололцоо ч байгаагүй. Хоёрдугаарт тэр үед хааяа кинонд ажиллах боломж гарна уу гэхээс биш театрт л ажиллаж байхгүй бол мэргэжлийн төвшингөө барихад хүндрэлтэй байсан. Тиймээс өрсөлдөөн ихтэй. Миний хувьд театрын удирдах ажил хийж байгаа хүн чинь театрынхаа нийт бүрэлдэхүүний ажлын ачааллыг харж байж өөрийгөө бодно уу гэхээс биш өөрөө дүр авах гээд зүтгээд байж болохгүй. Буриадын найруулагч Кондратив манайд ирж, "Байцаагч түшмэл" жүжгийг тавихдаа Анна Андрейвнагийн дүрийг надад өгсөн. Тэгэхэд би өмнө нь "Мартагдсан аялгуу" гэж жүжигт тоглосон учраас дахин дүр авах эрх байхгүй байсан. Эрх бол надад байсан л даа. Найруулагч өгч байгаа юм чинь "За" гээд авч болох байсан. Гэхдээ би албан тушаалынхаа хувьд болохгүй учраас татгалзсан. Тэгэхэд Кондратив "Би амьдралдаа анх удаа дүр өгөхөд жүжигчин хүн битгий дүр өгөөч гэж гуйж байхыг харж байна"гэсэн. Ингээд жүжигчин Цэеннямбуу нэгдүгээр заставаар тоглож, би дублёрт тоглосон. Анна Андрейвна гэж дүрдээ би их хайртай. Тэр дүрд тоглох сонирхол асар их байсан. Яагаад гэвэл надад тийм инээдмийн, хурц дүр ховор олддог. Жүжигчин хүн аль болох ховор олддог дүрд тоглох сонирхол их байдаг. Сэтгэлд бүрэн бууж байсан дүр. Тайзан дээр жаргал эдэлж тоглох шиг сайхан юм байдаггүй л дээ.
-Уран сайхны удирдаач гэхээр жүжгийн бэлтгэлийг хөндлөнгөөс харж байдаг гэсэн үгүү?
-Театрын ажил сургуулилтыг харж байх функцтэй. Зохион байгуулах ажлыг нь хийдэг гэх үү дээ. Миний тоглосон дүрүүд дотор найруулагчтай биечлэн суугаад ажилласан гэхээсээ илүү хажуугаас нь харж байгаад гардаг дүр нэлээд байдаг юм шүү дээ. Би хүүхэд байхын л зааланд сууж харах их дуртай байсан. Л.Ванган гуайгаас эхлээд жүжиг найруулж байгааг хажуугаас нь харж л байдаг байлаа. Тэр дадлаараа театрт анх орон тооны жүжигчин болж очоод Д.Мягмарын "Нандин эрдэнэ" жүжгийг Хо. Нацагдорж гуай найруулж байхыг харж суусан юм. Жүжгийн дөрөвдүгээр үзэгдэл дээр Цэцэгээ гэж дүр байсан юм. Жүжигчин нь нэг л болж өгөхгүй байсан чинь Хо.Нацагдорж намайг гарч ирээд хийгээд үз гэсэн. Тэгээд үзээд болж байна. Энэ дүрд чи тоглоно шүү гэсэн. Энэ мэтчилэн хажуугаас нь харж байгаад тоглосон дүр цөөнгүй.
-Тэгэхээр та тайзан дээр байсан ч нөгөө талаар хажуугаас нь харж байжээ?
-Тайзан дээрх жүжгийг харахаас гадна амьдрал дээр байгаа жүжгийг би бүх насаараа харж байна шүү дээ. Энэ ч миний үг биш л дээ. Агуу хүмүүс хэдийнэ хэлсэн. Сүүлийн үед жүжгээс илүү жүжиглэх хүмүүс таарах юм байна шүү дээ.
-Хажуугаас нь хараад сууж байхад энэ дүрд тоглохсон гэх хорхой байнга төрнө биз?
-Хорхой бол байнга байна л даа. Гэхдээ жүжигчний мэргэжил бусдаас харьцангуй хамааралтай. Ер нь бие биеэсээ хамааралгүй амьдрал гэж юу байхав. Тухайн жүжиг тавьж байгаа найруулагч тэр дүрийг өгөхгүй бол тоглох боломж ховор. Жүжигчин өөрөө ажиллаад, тоглох санал тавьдаг туршлага ч бий. Би тийм туршилтыг театртаа байнга байлгах дуртай. Учир нь жүжигчин хүний тоглохыг хүсч байгаа тэр боломжийг нь хангаж өгөх нь зөв юм шиг санагддаг юм. Жишээ нь миний багш Борис Анрейвич Бабушкин гэж Оросын гавьяат жүжигчин, хөдөлмөрийн баатар хүн байсан л даа. Яагаав Чепаевт тоглосон. Чепаевт уг нь тоглуулна гээгүй л юм билээ. Би тогломоор байна гээд үзүүлэхэд л энэ хүн нээрээ л Чепаев болох юм байна гэж авч байсан. Тэгээд энэ кино дэлхийн шилдэг уран бүтээл болсон түүхтэй. Энэ мэтчилэн жүжигчдийн өөрсдөө тоглох гэж адгасан дүр сайн болдог тал бий. Тиймээс тэр боломжийг нь жүжигчдэд нээлттэй байлгахыг хичээдэг.
-Та олон сайхан хатад, өөр бусад дүрээрээ олны танил болсон. Цэвэр жүжигчнээрээ явсан бол одоо байгаа карьераасаа илүүд хүрэх байсан болов уу гэж бодогдох үе байдаг уу?
-Залуу цагт харамсмаар үе байсан л даа. Жүжигчний амьдрал их богино байдаг. Нас ахихаар уг нь туршлага суудаг. Гэвч жүжигчин хүний хувьд тоглох дүр нь хомсдоод эхэлдэг юм. Залуу насны дүрүүд илүү олон байдаг юм шүү дээ. Хоёрдугаарт, нас ахихаар оюун санаа, арга барил, туршлагын хувьд тэлээд ирдэг ч дотоод эрч хүч залуу үеийнх шигээ дандаа буцалж байж чаддаггүй юм шиг санагддаг. Ч.Найдандоржийн найруулсан "Сарны цагаан цус" жүжигт манай О.Энхтуул тоглож байгаад гадагшаа явах болчихоод би хэдхэн хоногийн дотор бэлдээд тоглох хэрэг гарсан л даа. Жүжигчний хувьд найруулагч үүрэг өгөхөд гүйцэтгэхээс аргагүй. Тэгээд бэлдээд гарсан. Яг тайзан дээр тоглож байхад тэр үнэхээр хүнд дүр байсан. Тэгэхэд би "За тайзан дээр л унахгүй юм шүү" гэж бодсон. Чих шуугиад, нүд харанхуйлаад эхлэхэд би "Ийм хүчтэй тоглолт шаардах дүрд их бэлтгэлтэй гарч байхгүй бол залуугийнх шигээ санаж болохгүй юм байна" гэдгийг ойлгосон. Одоо ядрах тооцоогоо бодох цаг болсон байна лээ.
-Б.Лхагвасүрэн гуай "Надад бүх зүйл жижигхэн харагдаж байсан цаг бий" гэж хэлсэн. Түүн шиг бардам явсан үе гэвэл хэзээг хэлэх вэ?
-Одоо ч бардам байх дуртай. Өөрийнхөө мэдэх чадах зүйлээ хийж байгаа цагт бардам байдаг. Чадахгүй гэж эргэлзэж байгаа үед хүмүүсийн итгэл их хүч өгдөг. "Мандухай" дээр л гэхэд хүмүүсийн итгэлийн хүчээр би тоглосон. "Цахлай" жүжгийг манай театрт тавих болоход найруулагч намайг Аркадина гэж гол дүрд нь хуваарилсан. Би тэр дүрийг бүтээнэ гэхэд толгойд буухгүй байсан. Тэр болгон хүн тоглочихдог дүр биш байхгүй юу. Үе үеийн жүжигчид олон удаа бүдэрч хамраа халцалж байсан. Нэгдүгээрт найруулагчийн итгэлээр, хоёрдугаарт бараг тулган шаардлагаар үзээд алдахаар шийдсэн юм. Энэ дүрээр Чеховын нэрэмжит олон улсын уралдаанд шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан. Үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Би өөрийгөө тэр хэмжээнд ажиллаж чадна гэж тэр үедээ бардам байж чадаагүй. Тиймээс хүмүүсийн итгэл гэдэг хүнд асар их хүчийг өгдөг юм байна гэж боддог. Тэр итгэлийг дааж явахын тулд байгаа бүх боломжоо дайчилж ажиллах ёстой юм шиг санагддаг.
-Та их сайхан биеэ авч явжээ. Уг нь халгиж цалгиж явмаар гадаад гоо үзэсгэлэн, дотоод хүч чадал танд бий шүү дээ?
-Би бол халгиж цалгиж л энэ насыг барж байгаа гэж боддог шүү дээ. Хүссэнээрээ байж чаддаг. Гэхдээ хүссэнээрээ байна гэдэг маань хил хязгааргүй байна гэсэн биш шүү дээ. Хүсэл гэдэг хязгаартай байдаг хойно. Надад боломж байна, би хүсч байна гээд сансарт нисч чадахгүй шүү дээ. Яаж ч халгиж цалгих гээд. Тиймээс монголчууд хөнжлийнхеө хэрээр хөлөө жий. Тэгэхгүй бол хөл чинь хөлдөнө шүү гэдэг биз дээ. Намайг их хаалттай гэдэг юм гэнэ лээ. Миний хувьд хаалт тавиад байсан зүйл ер байдаггүй. Би байгаагаараа л байдаг.
-Тайзан дээр хамгийн их өөрийгөө үрж бүтээсэн дүр гэвэл?
-Ажиллаад ажиллаад болдоггүй дүр гэж байдаг юм. "Сувдан сондор" . гэж жүжигт Вьетнамд ажиллаж байхдаа бөмбөгдүүлээд тахир дутуу болсон америк эмэгтэй Мэригийн дүрд тоглосон. Би тэр дүрийг сайн болсон гэж яагаад ч хэлж чаддаггүй юм. Яагаад гэвэл би тэр эмэгтэйн дотор орж чадаагүй. Үзэгчид бол намайг муулаагүй, магтсан. Гэхдээ тоглолтоосоо сэтгэл ханамж авах ёстой байтал би "ёох" гэж дуусгасан. Гэтэл тайзан дээр үхээд хэвтэж байхдаа хүртэл жүжигчин хүн тоглолтоосоо сэтгэл ханамж авдаг байхгүй юу. Театрт ажиллахын ямар сайхныг "Инжгүй хүүхэн" жүжгээс анх мэдэрсэн. Тэр жүжигт миний тоглосон дүр үхэж дуусдаг юм. Би тайзан дээр үхээд хэвтэж байхдаа "Театр чинь ийм сайхан юм уу" гэж бодохоор л нулимс урсаад байсан. Тэгтлээ мэдэрч байсан. Харин Мэри дээр би яагаад ч сэтгэл ханамж аваагүй. Дүр маань надад гомддог л байх. Уг нь би их хичээсэн.
-Дүрүүдийнхээ дотор орно гэж байна. Дүрд орох гэдэг бодит амьдрал дээр сэтгэлзүйд хэр нөлөөлдөг бол. Эсвэл тухайн дүрийнхээ шаналал зовлонг тайзан дээрээ тайлаад хаячихдаг юмуу?
-Миний хувьд дүрд тоглосны дараа түүнээсээ гарна гэдэг нэг их бэрхшээлтэй байдаггүй. Цагийн өмнө бэлтгэлдээ орсон байх ёстой, тайзан дээр гарахын өмнө дүрдээ орсон байх ёстой гэдэг ерөнхий зарчим бий. Жүжиг дуусаад ёсолж байх үед хийсэн ажлын үр дүнгээ үзэгчдийн алга ташилтаас аваад ямар ч эмгэнэлтэй, ямар ч тэнэг дүрд тоглосон бай эргээд Сувдаараа болчихдог шүү дээ.
-Жүжигчнийхээ хувиар ээж ааваасаа авч байсан магтаал юу байв?
-Намайг барагтай магтдаг хүн байгаагүй шүү дээ. Ээжийн хамгийн мундаг магтаал нь "За яахав ээ, гайгүй" гэдэг юм. Түүнээс биш чиний явж байгаа чинь, харж байгаа чинь болохгүй байна гээд зэмлэж эхэлнэ шүү дээ. Манай дүү нар ч гэсэн их шүүмжилнэ.
-Аавын хувьд?
-Аав бол бидний мэргэжилд нэг их ордоггүй. "Миний хүүхэд болж байна" л гэнэ. Ерөөсөө л нэг дүн нуруу хардаг хүн байсан. Багаас л биднийг эрхлүүлдэг, гэрийн хамгийн дулаан уур амьсгалыг бий болгодог хүн байсан. Ээж бол биднийг гол барьдаг хүн нь.
-Таныг нэг мэргэжилтэй болохоор ээжтэй тань хамт их ярьдаг. Харин танд ааваас дуурайсан зүйл юу байдаг вэ?
-Зан ааш бол аавтайгаа төстэй гэдэг. Аав маань хэнэггүй, гүдэс хүн байсан. Намайг уржнангийн шинэ жилээр "жинхэнэ эр хүн"-ээр намайг шалгаруулсан шүү дээ. Би хүнтэй хэрэлдэж муудаад байдаггүй. Тэгэхдээ их дургүй хүргэвэл цохиод л унагаачихна. Олон юм ярьдаггүй. Дуугаа хураачихна. Хүн өөрөө ойлгох ёстой гэж боддог.
-Гэхдээ урлагийн хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй. Танд ч байдаг л биз дээ?
-Мэдэхгүй юм. Тэр талаараа бол би энэ мэргэжлийн хүн биш байж магадгүй гэж боддог шүү дээ. Урлагийн хүнийг сэтгэл хөөрөлтэй байх ёстой гэдгийг нэг их үнэмшдэггүй. Хүний темперамент мэргэжил харгалзахгүй байдаг учраас жүжигчид гэлтгүй бусад хүнд ч сэтгэл хөдлөл их байдаг. Жүжигчид нийтийн дунд ил байдаг учраас тэгж харагддаг юм болов уу даа.
-Сүүлийн үед орчин үеийн урсгал чиглэлийн жүжиг нэлээд тавих болсон. Жишээ нь black box-т гарч байгаа жүжгийг та үздэг үү?
-Би үзэж чадахгүй л байгаа. Хамгийн сүүлийн нэг жүжгийг нь үзсэн. Ийм жүжгүүд тавьж байгаад их баярлаж байгаа. Учир нь эрэл хайгуул, шинэчлэлгүйгээр театр оршин тогтнохгүй. Ер нь амьдрал урагшаа явахгүй шүү дээ. Тиймээс эрэл хайгуул, туршилт амин чухал хэрэгтэй зүйл гэж боддог. Гэхдээ худлаа маяг биш. Тэр эрэл хайгуул үндсэн зорилгодоо нийцэж байх ёстой гэж боддог. black box-ийнхон бүгдээрээ мэргэжлийн хүмүүс л дээ. Сүүлийн жүжиг их аятайхан санагдсан. Мэргэжлийн олон жүжигчин төгсч гарч байгаа энэ үед өөрсдийгөө харуулах боломж олгох ийм театртай болсон нь их сайн. Драмын ганц театрт хүүхдийн, түүхийн, сонгодог гээд бүх төрлийн үзэгчдэд зориулж гаргах хэцүү шүү дээ. Тэр хэмжээний урын сантай байх ёстой. Гэхдээ үүнийг нэг театр үүрэх ачаа биш. Ямар ч гэсэн нийгмийн болон хүний оюун санааны эрэлт хэрэгцээг харгалзахгүй манайх зөвхөн үндэсний сонгодог жүжиг тавина гээд суугаад байж болохгүй. Бүх нийтийн эрэлтийг судалж, урлагаар дамжуулж нийгмийг ойлгоход замчлах ёстой. Хэчнээн театрын үүрэх ачааг манайх үүрч байгаа шүү дээ. Үүнийг black box-хон үүрэлцэж байгаад баярлаж байна.
-Ер нь та абсурд жүжгийн талаар юу гэж боддог вэ?
-Заавал хүн ойлгохооргүй зүйл байх ёстой гэх маягаар хийж байгаа жүжгүүд байдаг л юм. Түүнийг би маягийн нэмэр гэж бодоод орхиод л гарчихдаг. Амьдрал дээр абсурд зүйл их байна шүү дээ. Бидний ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй зүйл их байна. Түүний тухай ярьж чадаж байвал абсурд жүжиг гэж ойлгодог.
Д.ПҮРЭВСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/