ярилцлаа.
-Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид10 төрөлд өрсөлдсөн. Та ямар төрөлд нь өрсөлдөв?
-Хараа болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлийн дунд насны ангиллын гурван төрөлд оролцож хоёр алт, нэг хүрэл медаль авсан. Тэмцээний хурдны тооны төрөлд алтан медаль хүртсэн. Энэ төрөлд тамирчин таван минутын дотор өөрийн боломжит цифрийг цээжилдэг. Үүнд би таван минутад 320 цифрийг дарааллаар нь цээжилж, дунд насны ангилалд түрүүлсэн. Мөн хурдны хөзөр төрөлд алтан медаль хүртсэн. Энэ нь тамирчдын дуртай, сэтгэл догдлуулсан төрөл байдаг. Энэ төрөлд 28.33 секундэд хөзөр цээжилж, насныхаа ангилалд алтан медаль авснаас гадна 184 тамирчнаас нэгдүгээр байрт шалгарсан. Энэхүү амжилтаараа ой тогтоолт хөгжсөнөөс хойш анх удаа дунд насны ангиллын тамирчин түрүүлсэн үйл явдал болсон. Үүгээрээ бас алтан медаль хүртсэн юм. Хүрэл медалийг цагийн тооны марафон төрөлд оролцож авсан. Энэ төрөлд тамирчин цагийн дотор хэчнээн цифр тогтоож байгаагаар нь оноогоо авдаг. Нэг эгнээнд 40 цифртэй. Хоёр цифр алдах л юм бол оноог нь тэглэдэг тэмцээний хатуу төрлийн нэг л дээ. Би энэ төрөлд 1680 цифр цээжилж, хүрэл медаль авсан. Ийнхүү нийтдээ 5292 оноо авч дунд насны ангилалдаа аваргын цомын эзэн болсон юм. Мөн тэмцээнд оролцсон тамирчдаас наймдугаарт эрэмбэлэгдлээ.
-Тэмцээний үеэр дэлхийн ой тогтоолтын спортын холбооны ерөнхийлөгч таны гаргасан амжилтын талаар тусгайлан мэдэгдэл хийсэн гэсэн. Ямар төрөлд гаргасан амжилт тань тэр хүний сэтгэлийг хөдөлгөв өө?
-Нейрологичид хүний тархи 30 секундээс доош хугацаанд хөзөр цээжлэх боломжгүй гэдэг байсан. Харин би хурдны хөзрийн ангилалд оролцохдоо энэ хугацаанд хөзөр цээжилж болно гэдгийг баталсан. Тиймээс л дэлхийн ой тогтоолтын спортын холбооны ерөнхийлөгч Тони Бузан миний талаар “Дунд насны ангилалд өрсөлдөж буй энэ авьяастай монгол хүү насанд хүрэгчид болон нийт 183 тамирчныг ардаа орхиж түрүүлсэн нь энэ спорт үүсч хөгжсөнөөс хойш анх удаа болж байгаа гайхалтай үйл явдал юм. Хүний тархи нэг багц хөзрийг 30 секундээс бага хугацаанд цээжлэн алдаагүй хэлэх боломжгүй гэж байсан нейрологичдыг буруу байжээ гэдгийг харууллаа. Баяр хүргэе” хэмээн онцолсон.
-Ой тогтоолтын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Яг жил болж байна. Анх Х.Хатанбаатар багш манай сургууль дээр ирж танилцуулга хийж байсан юм. Тэр үеэс ой тогтоолтын спортыг сонирхсон. Тэгээд энэ спортоор хичээллэвэл хичээл хийхэд дөхөм болох болов уу гэж бодсон.
-Энэ спортоор хичээллэснээр танд ямар давуу тал бий болж байна?
-Ой тогтоолтын спортоор хичээллэснээс хойш хичээлээ сайн ойлгож, аливаа зүйлийг өөр талаас нь хардаг болсон. Ялангуяа физикийн хичээлийн томъёо, химийн үелэх систем цээжлэхэд дөхөм байдаг. Монголын оюун ухааны академид химийн үелэх систем цээжлэх тусгай арга заадаг. Хурдан унших аргыг ч мөн сурж болно. Гадаад хэлний шинэ үгийг цээжлэхэд ч хялбар болсон.
-Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахаас өмнө хэдэн сар бэлтгэл хийсэн бэ?
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд сайн оролцсоноор олон улсын тэмцээнд өрсөлдөх эрх авсан. Би Филиппинд өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан олон улсын тэмцээнд оролцсон. Тэгэхээр тэр үеэс хойш долоо хоногт 2-3 удаа бэлтгэл хийсэн гэж ойлгож болно. Филиппинд зохион байгуулсан тэмцээний 10 төрлийн есөд нь медаль авч чадсан. Түүний дараа Энэхтэг улсад зохион байгуулсан ой тогтоолтын олон улсын тэмцээнд оролцон багаараа түрүүлсэн. Харин ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо сарын хугацаанд бэлтгэсэн юм байна.
-Богино хугацаанд олон цифр цээжилдэг аргачлалаасаа сонирхуулна уу?
-Тусгай аргачлал бий. Хөзрийг гурав гурваар нь цээжилнэ. Ингэж цээжлэхдээ эхний хөзрийг хүний нэрээр, дараагийнхыг нь эд зүйлээр, сүүлийнхийг нь үйл үгээр орлон цээжилдэг. Тэгэхдээ дотроо ямар нэгэн орчныг төсөөлж байгаад цээжилдэг. Тэгж цээжлэхэд орчин маш их хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө төсөөлсөн 1000 орчинг дарааллаар нь дотроо төсөөлнө гэсэн үг юм.
-Ингэж цээжлээд сурчихаар машины дугаар, утасны дугаарыг хэдийг ч хамаагүй цээжлэх боломжтой гэдэг. Тэгэхээр ой тогтоолын спортыг хүмүүс энгийн нөхцөлд нь амьдралдаа хэрэгжүүлж болно гэсэн үг үү?
-Нэр, зүс царай цээжлэх арга техник гэж бий. Тиймээс хэрвээ дээрх зүйлийг цээжлэхээр бол жишээлбэл, утасны дугаарыг нь зүс царайтай хамтатган цээжилж болно.
-Ой тогтоолтын тэмцээний 10 төрлөөс аль нь цээжлэхэд хэцүү байдаг вэ?
-Секунд тутамд англиар нэг цифр хэлдэг төрөл байдаг. Энэ төрөл бусдаасаа арай хэцүү юм шиг санагддаг. Шүүлтийн хувьд хэрвээ тамирчин эхний30 цифрийг цээжлээд 31 дэхийг нь алдчихвал тэгээд л тэмцээнээ дуусгана гэсэн үг. Мөн хурдны хөзрийн төрөлд хоёрхон хөзрийн байрлалыг сольчихвол оноог нь тооцдоггүй.
-Тэмцээн зохион байгуулж буй орчинд хамаагүй чанга ярихыг хориглодог гэсэн. Мөн ямар нэгэн булхай хийх боломжгүй гэдэг юм билээ. Энэ талаар сонирхуулна уу?
-Ил, нууц олон камер ажиллаж байгаа болохоор дүрэм зөрчих, булхайцах ямар ч боломжгүй. Гэсэн хэдий ч өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Хятадын тамирчин хуулж байгаад баригдсан. Тэмцээн болж байгаа орчин маш чимээгүй байдаг. Тамирчдыг юм цээжилж байхад ялаа ч дуугарч болохгүй. Өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нүүр, зүс царай цээжлэх төрөлд Шведийн тамирчныг ажиллаж байх үеэр зураг авснаас болоод анхаарал нь сарнисан гэсэн. Тэмцээний үеэр тэр тамирчин дэлхийн рекорд эвдэж чадах байсан гэсэн. Тиймээс л бидний хувьд анхаарал маш чухал байдаг.
-Ой тогтоолтоо хөгжүүлж, үгийн сангаа нэмэгдүүлэхийн тулд ямар зүйл ашигладаг бол?
-Ном унших маш чухал. Үгийн сангаа нэмэхээс гадна оноосон нэрийн нөөцтэй болдог.
-Дараа жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөх юм байна. Мэргэжлээ сонгосон уу?
-Хараахан сонгоогүй л байна. Гэхдээ би хүнтэй харилцдаг хичээлүүдээ илүү сонирхдог. Цаашдаа өмгөөлөгч, сэтгэл зүйч гэсэн хүнтэй харилцдаг мэргэжил эзэмших хүсэлтэй байгаа.
-Одоо ямар рекордын эзэн гэж явдаг билээ?
-Хурдны хөзрийн төрлийн рекордын эзэн гэж явдаг. Ямар ч тэмцээний хамгийн сүүлд болдог төрөл л дөө.
-Ойрын үед оролцох тэмцээн бий юү?
-Байхгүй. Гэхдээ ой тогтоолтын спортын арга техникээ улам сайжруулж, дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилтаа бататгая гэж бодож байна. Ирэх оны гуравдугаар сард ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцож, түрүүлэх нь миний ойрын зорилго болчихоод байна.
-Ой тогтоолтын спортоор хичээллэх сонирхолтой хүмүүст хандаж зөвлөгөө өгнө үү?
-Ер нь ой тогтоолтын спорт хүний өдөр тутмын амьдралд ч маш их хэрэгтэй. Ой тогтоолтын спортоор хичээллэхээс өмнө хэцүү санагддаг байсан хичээлүүдийг сурахад, ойлгоход хялбар болдог. Тийм болохоор ой тогтоолтын спортоор хичээллэх нь сайн шүү гэж зөвлөе.
-Бас дүү нартаа хичээл заахад хялбар болсон болов уу?
-Би айлын том хүүхэд. Нэг настай дүүтэй. Дүү маань одоогоор нас нь бага байгаа болохоор тэр талаар бодоогүй л явна. Ер нь би олон хүнтэй газар байх дургүй. Магадгүй энэ нь хичээллэж байгаа спорттой маань ч холбоотой байж магадгүй. Хичээлээс гадуур чөлөөт цаг гарахаар ой тогтоолын спортоо заавал давтдаг. Өдөртөө заавал нэг удаа хөзөр цээжилчихдэг юм.
Б.Сэлэнгэ