2014-12-17“Франчйзинг ба брендинг” хэмээх бизнес эрхлэгчдийн шилдэг хөтөч болсон сэтгүүл гарсантай холбогдуулан
франчайзинг хэмээх шинэ системийн талаар дагнасан судалгааг хийдэг нэгэн эрхэмтэй уулзая гэж зорилоо. Тэр бол Монголын Франчайзинг Хөгжлийн Ассоциацийн ерөнхийлөгч, Европийн бизнесийн ассамблейн удирдах зөвлөлийн гишүүн, Доктор (Ph.D) Н.Учрал юм.
Та бол франчайзингаар монголоос анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан хүн. Тиймээс франчайзингийн талаар хүмүүст ойлголт өгвөл?
Франчайзинг монголд шинэ юм шиг боловч дэлхий дахинд франчайзингийн систем нэвтрээгүй салбар гэж бараг үгүй. Манай урд хөршид хоёр жилийн өмнөөс нэвтрээгүй салбар байхгүй болсон.
Энэ нь дэлхий дахинд франчайзинг асар хурдацтайгаар тэлж байна гэсэн үг л дээ. Үгийн утгын хувьд “enfranchise” хаанаас эрх олгох гэсэн латин үгнээс гаралтай. Эртний Ромын эзэнт гүрний үед гэхэд л хаанаас бусдад эрх олгож, шилжүүлдэг байж. Тухайлбал Чингис хааны үед алтан, мөнгөн гэрэгэ хэрэглэдэг байсан шиг бусдад эрхийг шилжүүлэх харилцаа маш эрт үүссэн болох нь хэд хэдэн баримтаар нотлогддог.
Үүнээс улбаалаад АНУ-д 1940-өөд оны үед франчайзингийн хувьсгал анх өрнөжээ. Энэ цагаас хойш франчайзингийн систем маш хурдацтайгаар хөгжсөн байдаг учир орчин үеийн франчайзингийн хөгжил нь АНУ-аас гаралтай бөгөөд өөрийн бизнесийг дэлхий даяар сүлжээ болгож нэвтрүүлэх арга нь франчайзинг юм байна гэдгийг АНУ анх олж харсан байдаг. Тодруулбал зах зээл өөрөө багтаамжаа тэлээд эхлэхээр нийгэмд эрэлт бий болж эхэлдэг.
Харин тэр зах зээлийг ганц эзэн бус бүгдээрээ ашиг олох бизнесийн алтан зарчмын дагуу олуулаа үүсгэдэг. Тэгвэл тэрхүү ашгийг олж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд эрх олгох нь хамгийн зөв зам юм байна. Тэгэхгүйгээр диверсификаци гэж бидний нэрлэдэг энэ урсгал монголд хүчтэй нэвтэрсэн 10 жилийн өмнө л гэхэд бүх компани дэргэдээ нэг хэвлэлийн компани эсвэл барилгын компани нээж, бүх зүйлийг хийх гэж зүтгэсэн.
Гэтэл өнөөдөр л тэр нь тийм ч амжилттай зүйл биш юмаа гэдгийг бид олж харж эхэлж байна. Яагаад гэвэл том групп компаниуд нэг эзэнтэйгээр дэргэдээ бүх салбарыг нээж ажиллуулах нь ашиг орлого нэмэгдүүлэхээс илүүтэйгээр тухайн бизнесийг эрсдэлд оруулах магадлалтай байдаг.
Үүний жишээ нь АНУ-ын “Hilton Hotels & Resorts”зочид буудлын сүлжээ байна. “Hilton” анх дэлхий даяар зөвхөн өөрийн хүчээр зочид буудлын сүлжээ үүсгэхийг эрмэлзэж байсан. Гэтэл энэ нь ашиг орлого нэмэгдүүлэхээс илүү эрсдэлд оруулж, “Hilton”-ий нэр хүндийг унагаах болсон. Тиймээс “Hilton” хөдөлмөрийн гэрээ байгуулсан өөрийн удирдлагыг ажиллуулаа гээд бизнес ашигтай байна гэдэг ойлголтыг маркетингаасаа хасчээ.
Харин үүний оронд франчайзингийн эрхийг нь шилжүүлж, шилжүүлсэн компаниуддаа хяналт тавьж ажиллавал эрх хүлээн авагч тал нь таны бизнесийг өөрийн бизнес шиг ажиллуулж эхэлнэ гэдгийг ойлгожээ. Учир нь эрх хүлээн авагч тал франчайзингийн төлбөрийг ашиг олсон ч олоогүй ч “Hilton”-д төлөх учраас тэр хүн яг л өөрийн бизнесийг авч яваа юм шиг ажилладаг.
Энэ ч үүднээс аль аль талд хамгийн эрсдэлгүй бөгөөд шударга хандах боломж үүсдэг. АНУ-д хувийн бизнес эрхлэгчид нэмэгдэж, бидний мэддэг дэлхийн алдартай олон брэнд хурдацтайгаар тэлж, олон төрлийн бизнес ийм байдлаар 1940,50-иад оны үед хөгжиж эхэлсэн байхад манай улс 1994 онд дөнгөж дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэж бие даасан иргэний хуультай болсон шүү дээ.
Эрх шилжүүлнэ гэхээр франчайзинг нь лицензтэй аль нэг талаар холбогдох уу?
Энэ нь нэг талаас лицензийн эрхтэй холбоотой зүйл л дээ. Хүмүүс франчайзийг лицензтэй их хольж хутгадаг. Гэтэл лиценз бол сунгалт хийж үргэлжилдэг зарчимтай. Ямар нэгэн байдлаар жилийн хугацаатай лиценз олгож, үүн дээр сунгалт хийлэг. Гэхдээ лицензийн эрхийг авсан тохиолдолд барааны тэмдэгтийг ашиглах боломжгүй. Жишээ нь, би TOEFL-ийн шалгалтын төв шиг сургалтын хөтөлбөрийн лиценз эзэмшлээ гэж бодъё.
Ингэхэд би TOEFL-ийн шалгалтын төвтэй л болохоос “TOEFL Center” гэж нэрлэх эрх надад үүсэхгүй юм. Харин үүний оронд франчайзинг эрх хүлээн авсан бол тухайн сургалтын хөтөлбөрийн “TOEFL Center” гэдэг нэр, барааны тэмдэгт, ашигтай загвар, бизнесийн хэлбэр, мөн хамгийн чухал зүйл болох маркетингийг ашиглаж болно. Эндээс эрх шилжүүлэгч тал маркетингийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж ажилладаг гэдэг нь ойлгогдож байгаа байх. Ийм учраас франчайзингийн систем нь харьцангуй бие даасан, өмнө нь туршигдаад нэгэнт амжилт олсон бизнес хийх учраас харьцангуй эрсдэл багатай байдаг.
Франчайзингийн үүсэл гарлыг тодорхойлохдоо анх 1840-өөд оны үед Герман улсад үйлдвэрлэгчид шар айраг борлуулах эрхийг архины мухлагуудад олгож байсан гэж МҮХАҮТ-ын дэргэдэх Франчайзийн зөвлөл тэмдэглэжээ.Мөн үүнээс өмнө дундад зууны хаад, ноёдын үед энэ зүйл байсан ч гэж байх юм. Харин таны “Монголыг дэлхийтэй холбох гүүр Франчайзинг” номонд АНУ-д үүссэн гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр анхны франчайзингийн талаар нэгдсэн ойлголт байдаг уу?
Үүнийг судлаачид янз янзаар тайлбарладаг боловч шар айрагны мухлагаас үйл ажиллагааны хэлбэр нь үүдэлтэй, харин системийн хувьд хэрэглэх гэж оролдсон анхны тохиолдол нь “Singer” хэмээх оёдлын машин гэж ойлгож болно. Би судлаач хүний хувьд, өөрийн номон дээр эрт үеийн франчайзинг Ромын эзэнт гүрний үеэс гаралтай болохыг тэмдэглэсэн байгаа.
Тэгвэл монгол улсын хувьд анхны франчайзинг юу байсан бэ?
Монгол улсын хувьд яг бие даасан франчайзинг гэвэл “Coca Cola” брэнд үйлдвэр байна. “М-Си-Эс Кока Кола” ХХК нь анх лицензийн эрхтэйгээр энэхүү ундааг оруулж ирсэн гэж ойлгодог. Ингээд хэдэн жилийн дараа франчайзинг эрх авсан байдаг. Нэг ёсондоо кола үйлдвэрлэх бодис цаанаас орж ирж, монголд зөвхөн савлагаа л хийдэг байсан.
Харин одоо бие даасан үйлдвэр нь бий болж, технологи нь нэвтэрсний сацуу төв компанийн маркетингийг нь ашиглаж байна. Төв компаниас нь ингэж туслалцаа үзүүлж байгаа юм. Ийм учраас “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийг бие даасан, анхны франчайзинг систем нэвтрүүлсэн гэж үзэх боломжтой.
Үүний дараагаар BBQ Chicken франчайзинг оруулж ирсэн. Ерөнхийдөө франчайзинг маань үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний гэсэн гурван төрөл байдаг. Үүнээс монголд үйлчилгээний салбарт BBQ Chicken, үйлдвэрлэлийн салбарт “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийг нэрлэж болно. Гэхдээ “М-Си-Эс Кока Кола” ХХК үйлдвэрлэл үйлчилгээний хосолсон салбарыг ашиглаж байна.
Дээрх гурван төрлийн ялгаа нь юу вэ?
Үйлдвэрлэлийн франчайзинг нь технологи нэвтрүүлдэг байхад үйлчилгээ нь тухайн байгууллагын соёл, үйлчилгээний онцлогийг нэвтрүүлдэг. Харин бүтээгдэхүүний франчайзинг нь тухайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, сурталчилгаа хийх, үнэ тогтоох, идэвхижүүлэлт гэсэн маркетингийн 4 үндсэн P-г ашиглах боломжтой болдог. Гэхдээ энэ нь дистрибьютерээс ялгаатай.
Дистрибьютер зөвхөн гаднаас тухайн барааг худалдаж аваад, энд үнэ нэмж зардаг. Жишээ нь манайд “Samsung” брэндийн дистрибьютер гээд л маш олон компани энэ брэндийн бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэдий тийм боловч дистрибьютерийн эрх авсан хүн “Samsung” брэндийн бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэх, “Samsung” гэдэг нэртэй дэлгүүр байгуулах эрхгүй байна. Япон улсын гэр ахуйн цахилгаан барааны “Sony” брэнд ч мөн адил. Sony корпорацийн зар сурталчилгааг бүх зүйлдээ ашиглана гэсэн ойлголт дистрибьютерийн эрхэнд байхгүй.
Монголд тэгвэл “Samsung” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх боломж байгаа юу? Ер нь манай улсад аль аль салбарт франчайзинг хийх боломж байна гэж харж байгаа вэ?
Ер нь бол монголд бүх салбарт боломж байна. Одоо монголд “Apple” корпорацийн бие даасан дэлгүүр байхгүй ч Бодь групп тэдний дистрибьютер учир Централ Тауэрт барааг нь борлуулж байна. Энэ нь дистрибьютерийн л ажил. Дистрибьютерийн эрхийг 10, 20 компани авч болно. Харин франчайзын гэрээг нэг компанитай хийсэн бол дахиж өөр компанитай гэрээ хийх эрх төв компанид ч байдаггүй. Ийм л учраас Сингапур, Бээжин зэрэг дэлхийн хотуудад очиход “Apple” брэндийн яг өөрийн онцлогтой том дэлгүүр нь байж байдаг.
Алимны логотой, яг адил үйлчилгээтэй, үзүүлэнгийн iPad-ных нь зураг хүртэл бүх салбарт нь ижил байх жишээтэй. Ийм нарийн зүйлийг ч франчайзингаар зохицуулдаг. Худалдааны зөвлөх нь ямар хувцастай байх вэ, үйлчлүүлэгчтэй хэрхэн мэндчилэх вэ, iPad, iPhone зэрэг бүтээгдэхүүн нь хаана ямар байдлаар байрлах вэ, үнийн саналыг тухайн бүтээгдэхүүний аль талд байршуулах вэ гэх мэт бүх стандарт нь “Аpple” корпорациас нэвтрүүлсэн системийн дагуу байдаг.
Монголд үүн шиг бие даасан дэлгүүр байгуулахын тулд франчайзинг хийхээс өөр гаргалгаа байхгүй. Сургалтын хөтөлбөр шиг материаллаг бус зүйлийг лицензээр авч болох ч барааг лицензээр авч болдоггүй. Тиймээс одоогоор зөвхөн дистрибьютер маягаар оруулж ирж байна.
Нөгөө талаар дотооддоо энэ системийг нэвтрүүлэх асуудлын хувьд Монголдоо монгол брэндийг хөгжүүлэх боломж харагдаж байгаа. Жишээ нь: “Зочин бууз” сүлжээ кафе шиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ямар ч том газар монгол орны өнцөг булан бүрт 21 аймагт салбараа нээх хүндрэлтэй.
Тэр бүх салбарт хяналт тавьж, ашигтай ажиллахад анхаарал хандуулна гэдэг хэцүү шүү дээ. Харин энэ бизнесийг франчайзингийн системээр нэвтрүүлж, Увс аймагт байрладаг Хатан бууз нь Зочин бууз болох боломжтой. Ингэснээр тус хоолны газарт үйлчлүүлэхэд Зочин буузтай яг адилхан орчин, технологи, хоолны амт, үйлчилгээ угтах учир ашиг орлого нэмэгдэнэ. Гэхдээ ингэхийн тулд Зочин буузад “royalty fee” буюу ногдол ашиг өгнө. Энэ нь ойролцоогоор нийт ашгийн 5-20 хувь байдаг.
Мөн дотоодын шилдэг үйлдвэрлэлийг дэлхийн зах зээл дээр гаргаж франчайзинг хийх боломж байна. Ялангуяа үндэсний үйлдвэрлэлийн салбарт боломж харагддаг. Өнөөдөр Англи улсад Өвөрмонголд үйлдвэрлэсэн ноолууран хувцсыг борлуулдаг том том дэлгүүр байгуулагдсан байна. Түүнийг нь маш өндөр үнээр авдаг. Гэтэл тэндээс ноолууран хувцас авсан хүмүүс монголд ирээд энд ноолуур нь хямд үнэтэй байна ш дээ гэдэг.
Бид нар үүнийг одоо хүртэл нарийвчилж судалж үзээгүй. Тэгвэл Европт “Говь” ХК-ны үйлдвэрлэлийн технологийг франчайзингийн системээр байгуулах боломж байна. Гэтэл бид зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй болоод ч тэр юм уу бүх зүйлд зөвхөн өөрөө оролцох гээд байдаг. Заавал эзэн нь Англи улсад очиж, нэг удирдлага тавиад л ажиллуулъя гэж мөрөөдөөд байдаг.
Зүгээр л үүнийгээ нээлттэй байлгах юм бол бизнес хийх боломжтой хүмүүс Европ тивд асар их бий шүү дээ. Ийм учраас бид бизнесийн нээлттэй мэдэгдлүүдээ багтаас монголын шилдэг брендүүдээс мэдээллээр дэлхийг хангахаар зорьж ажиллаж байна.
Монголд франчайзингийн хөгжил сул байгаа шалтгаан нь юу вэ? KFC, BBQ Chicken гэх мэт цөөхөн хэдэн франчайзингаар хязгаарлагдаж байна. Энэ жил засгийн газар нэг их наяд төгрөгөөр импортыг орлох, экспортын төслүүдийг дэмжиж байгаа.
Тэр дундаа гар утасны үйлдвэрлэлийг дэмжих санал дэвшүүлж байна. Тэгэхээр бид “Apple”, “Samsung” корпорациас франчайзингийн эрх авах санал тавьсан тохиолдолд тухайн байгууллагууд манай зах зээлийг судлана. Ингээд судлаад үзэхэд манай зах зээлд боломж харагдах болов уу?
Зах зээлийн багтаамж багадна гэж үнэндээ байхгүй юм байна лээ. Жишээ нь: Мауритус /Mauritius/ гээд нэгхэн сая хүн амтай улс байна. Гэтэл энэ улсад Английн 10 их сургууль франчайзинг нэвтрүүлсэн, франчайзинг нэвтрээгүй салбар гэж бараг үгүй. Дэлхийн брэндүүд энэ улсыг чиглэж буй шалтгаан нь тухайн улс маань африктай ойрхон оршдог төдийгүй амьдрах бололцоо, цаг агаарын нөхцөл сайтай орон гэдэгт оршиж байна.
Ингээд бодохоор Африкийн орнуудаас /Mauritius/-г сонгосон бол манай улсыг Төв Азиас сонгож харж яагаад болохгүй гэж. Үүнд боловсролын салбарыг жишээ авч ярихад, дэлхийн бусад орны оюутнууд монголд олноор ирж суралцана гэвэл танд боломжгүй юм шиг санагдана.
Гэхдээ манай их, дээд сургуулиуд бүх хичээлээ англи хэлээр зааж олон улсын хөтөлбөр хэрэжүүлж чадах л юм бол монголд боломж байгаа. Өнөөдөр гадны оюутнууд Сингапурт сураад Английн их, дээд сургуулийн диплом өвөртөлж болж байна. Тэгвэл монголд Английн их, дээд сургуулийн дипломыг олгодог болчихвол бидэнд Төв Азийн зах зээл рүү өнгийж харах боломж нээгдэнэ.
ОХУ, Буриад зэрэг манай улстай хөрш зэргэлдээ олон улсын залууст АНУ, Англид очиж суралцаж диплом өвөртлөх нь мөрөөдөл мэт байхад манайх шиг харьцангуй нээлттэй, ардчилсан оронд тэр залуус ирж суралцаад, диплом авч болох юм. Ийм стратегийн ач холбогдолтой газар нутагтай улс учир өөрсдийгөө гуравхан сая хүнтэй улс гэж харах нь зохимжгүй гэж хэлж болох цаг үед бид амьдарч байна. Үнэхээр л зах зээлийн багтаамж тааруу байсан бол монголд “LV”, “Hugo Boss” брэндийн салбар байгуулагдахгүй байсан биз дээ.
Харин “McDonald’s”-ыг франчайз хийх асуудал бараг 10 жилийн өмнөөс хэд хэдэн компанийн дунд яригдаж эхэлсэн. Гэхдээ одоо хүртэл амжилтанд хүрээгүй, хэн нэгэн нь нэвтрүүлж эхэлсэн юм алга. KFC ч таван жилийн өмнө манай зах зээлийг сонирхдоггүй байсан мөртлөө McDonald’s манай зах зээлийг сонирхож байсан яг энэ цаг үетэй зэрэгцээд өрсөөд KFC орж ирсэн.
Өөрөөр хэлбэл ижил үйлчилгээтэй, өрсөлдөгч компаниудтай бид маш зөв бодлого гаргаж өөрсөддөө ашигтайгаар ажиллах шаардлагатай. Өрсөлдөгч нь тухайн зах зээлд нэвтэрсэн л бол тухайн зах зээлийг сонирхож эхэлдэг нь бизнесийн алтан зарчим учир одоо McDonald’s манайд орж ирэх нь дамжиггүй ш дээ.
Энэ зарчмын дагуу KFC-ийн өөдөөс хараад McDonald’s байгуулагдах ёстой. Дэлхийн аль ч улсад очоод үзсэн энэ хоёр компанийн салбар яг зэрэгцэн байрлаж байгаа. LV, Hugo Boss ч ингэж бие биенийхээ өөдөөс харж нээгддэг. Одоо манайд “Hilton”, “Shangrila” бүгд франчайзингаар ороод ирж байна шүү дээ.
Франчайзингийн эрх хүлээн авахын тулд ямар шалгууртай байдаг вэ? Мөн эрх шилжүүлэгч талаас ямар шаардлага, нөхцөл тавьдаг нь их сонирхолтой байна л даа.
Франчайз бол эрх шилжүүлэгч талд асар том бизнес. Сургалтаа шууд санал болгодог давуу эрхтэй. Эрх шилжүүлэгч тал технологи, тоног төхөөрөмжөө заавал худалдаж авахыг шаарддаг. Ингэхдээ тодорхой үнийн дүнтэй тэнцэх тоног төхөөрөмжийг эрх шижлүүлэгчийн санал болгосны дагуу худалдаж авах үүрэгтэй гэхчлэн тоног төхөөрөмжийн үнийн үзүүлэлтийг хүртэл хэлдэг.
Үүн дээрээс нь франчайзинг эрх шилжүүлэгчээс жилд хоёр удаа сургалт заавал авах ёстой. Сургалт авах бүрт эрх хүлээн авагч тал сургалтын төлбөр төлдөг. Гэхдээ франчайзинг нь аль аль талдаа л ашигтай байдаг учир жижиг дунд бизнес эрхлэгчидэд маш ашигтай систем л дээ. Тухайлбал франчайзинг эрх авахад 100 сая төгрөгөөс доош хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг маш олон компани байна. Үүнээс зөвхөн том групп бус жижиг компаниуд ч франчайзинг хийх боломжтойг харж болно.
Хамгийн сонирхолтой нь эрх шилжүүлэгч тал өөрөө бие дааж өргөжих боломж бүхий том групптэй франчайзингийн гэрээ хийх сонирхол багатай байдаг. Учир нь олон жилийн ажиглалтаас үзэхэд том группүүд эрх шилжүүлэгч талтай хоёр жил ажиллаад л гэрээгээ цуцалчихдаг. Технологийн аргыг нь мэдэж авчихаад “Domino’s pizza” биш “Somino’s pizza” үйлдвэрлэчихдэг байгаа юм.
Одоо удахгүй алдарт McDonald’s манайд орж ирэх бизнесийн нөхцөл байдал бүрдчихлээ гэж та хэлсэн. Гэхдээ McDonald’s орж ирнэ гэж олон жил ярьж байна шүү дээ.
Монголд одоо McDonald’s оруулж ирэхэд заавал АНУ-ын төвтэй ярилцах шаардлагагүй. Харин Ази тивийг хариуцсан төвтэй нь эсвэл мастер франчайзинг хийж байгаа компанитай нь харилцаж болно. Төв McDonald’s-тай харьцсанаас мастер франчайзингтай харьцвал төлбөр бага байдаг. Гэхдээ бүх зүйл нь адил. Ашигтай франчайзинг хийж, үнэнч шударга байвал мастер франчайзинг хийж болдог.
Өөрөөр хэлбэл би монголд McDonald’s-ыг оруулж ирээд, ОХУ-ын аль нэгэн компанитай гэрээ хийж бусдад шилжүүлэх боломж надад хадгалагдаж үлддэг систем юм. Манайх шиг хөгжиж буй оронд төв салбартай харилцахаас илүү мастер франчайзинг хийж байгаа компанитай харилцах нь илүү боломжтой. Тиймээс Сингапурын франчайз, лицензийн холбоо мастер франчайзингийн үйл ажиллагааг идэвхитэй явуулдаг. Жишээ нь “Domino’s pizza”-н эрхийг эзэмшиж байгаа олон компани Сингапурт байна.
Энэ талаарх мэдээллийг Сингапурын франчайз, лицензийн холбооны цахим хуудсаар дамжуулж аваад, харилцах боломжтой. Монголд ч мөн брэнд бий болгож чадвал, мастер франчайзингаар монгол улсын 21 аймагт маш хурдацтай тархаах боломж байна. Жишээлбэл, би баруун аймгийн нэг компанид эрх шилжүүлж, тухайн компани нь зөвхөн баруун аймгуудаа хариуцах болно.
Би тавхан компанитай гэрээ хийж, тэр таван компани нь цаашлаад 10 компанитай мастер франчайзинг гэрээ хийх боломжтой. Мастер франчайзингт ашиг хүртэхдээ ногдол ашгаар мөнгө олох эсвэл франчайзингийн төлбөрөө өндөр тогтоох гэсэн хоёр зам байдаг. Үүнээс гадна энэ нь хяналтын тогтолцоог ч сайжруулах боломж олгодог.
Франчайзингийн хамгийн гол уян хатан чанар нь тухайн үндэстний онцлогийг харгалзаж үздэг. McDonald’s орж ирвэл манай Монголчууд үхрийн маханд дуртай учир Монголчуудад зориулсан мах ихтэй бургер үйлдвэрлэнэ. Ингэхдээ үхрийн маханд дуртай хүмүүст зориулж орцыг бага зэргийн өөрчилж батлуулдаг. Хятадад очоод McDonald’s идэхэд халуун ногоотой тахианы бургер байдаг бол Америкт очиход бас нэг өөр бургер байдаг. Харагдах байдал нь адилхан мөртлөө амт нь өөр байдаг нь ийм учиртай. Франчайзинг энэ тал дээр нээлттэй ханддаг.
Ер нь бол системтэй хөгжүүлэх шаардлага бий нь харагдаж байна. Монголд МҮХАҮТ-ын дэргэдэх Франчайзингийн зөвлөл, Монголын Франчайзинг Хөгжлийн Ассоциаци гэсэн хоёр байгууллага байдаг. Танай МФХА 2008 онд байгуулагдсан цагаас хойш франчайзингийг хөгжүүлэхэд ямар үүрэг оролцоотой байсан бэ? Одоо ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа вэ?
МҮХАҮТ-ын дэргэдэх Франчайзингийн зөвлөл нь манай МФХА-ийг байгуулагдахаас бараг гурван жилийн өмнө байгуулагдсан. Хоёр жилийн өмнө 10 гаруй компани, солонгосоос хэд хэдэн компани оролцсон экспо МҮХАҮТ-д зохион байгуулсан. Үүнд нь бид хамтарч оролцсон. Тухайн үед олон хүн экспог сонирхож, зах зээлд эрэлт их буй нь илт мэдрэгдсэн.
Ер нь одоо манай иргэд орон сууцаа зараад ч хамаагүй бизнес хийе, мөнгө яаж эргэлдүүлэх үү гэж боддог болчихжээ. Гэтэл хүмүүсийн бодсон санаа бүр амжилттай болно гэвэл худлаа. Тиймээс Франчайзингийн зөвлөл энэ хүмүүст тусалж, монголд франчайзинг хэрхэн нэвтрүүлэх талаар консалтингийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ хугацаанд франчайзингаар брэндээ өргөжүүлэх хүсэлтэй олон компани надтай уулзлаа. Тухайлбал, “Батбайгаль” бэйкерид хүмүүс санал тавьдаг учир зарим аймгуудад салбараа нээх хүсэлтэй байна.
Мөн үл хөдлөх хөрөнгө зуучийн компани франчайзинг хийгээд эхэлчихлээ. “Мастер пропертис” ХХК өөр нэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид франчайзинг эрхээ шилжүүлэхээр хэдэн жилийн өмнө судалж байсан. Яагаад гэвэл тэр үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани үйлчлүүлэгчидэд шинэ нэрээ хэлэхэд итгэл төрөхгүй, харин “Мастер пропертис” компани байна гэвэл хүмүүс туршлагатай учир илүү итгэнэ.
Иймээс зөвлөл энэ хүмүүсийн хоорондын харилцааг сайжруулж, нэгдэж нийлэхэд анхаарах ёстой гэж боддог. Учир нь гэвэл зөвхөн франчайзинг хийх сонирхолтой бус бүх бизнес эрхлэгч нар энэ систем рүү нэвтэрч байж зөв гаргалгаагаа олно. Харин манай МФХА-ийн хувьд байгуулагдаад Азийн худалдааны франчайзингийн холбооны гишүүн байгууллагаар элсэж, салбар зөвлөл болсон.
Тус холбооны ерөнхийлөгчийн үүргийг Малайз улсын Франчайзингийн холбооны ерөнхийлөгч Дато Чин давхар гүйцэтгэдэг. Энэ хүн Монголд уулзалт хийж, нөхцөл байдалтай танилцсан. Тэгэхэд Малайзын Франчайзингийн холбоог манайхтай харьцуулахад засгийн газартайгаа хамтран зарим чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг маш том байгууллага болохыг мэдсэн.
Манай улс одоо ухаалаг төр гэж ярьж байгаа үед бүх чиг үүргийг өөрөө биш зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх хэрэгтэй. Гүүгл хайлтын системээс “smart government” буюу ухаалаг төр гэж хайж үзэхэд аливаа зүйлд шинжлэх ухаанч байдлаар ханддаг, хүмүүст ажил өгч хийлгэдэг төр гэдэг тодорхойлолт гарч ирж байна. Нэг талаар зарим чиг үүргийг шилжүүлснээр зардал хэмнэнэ шүү дээ.
Бид нар ийм байдалтай ажиллаж миний бие хэдэн жилийн судлагаандаа үндэслэн “Монголыг дэлхийтэй холбох гүүр Франчайзинг” гэдэг ном хэвлүүлсэн. Энэ номыг эрхзүйч болон эддийн засагч хүмүүст сайн гарын авлага болсон гэж би боддог. Учир нь франчайзтай холбоотой хэрэг маргаан үүсэхэд иргэний шүүх дээр энэ талаар мэддэг хүн нэг ч байхгүй байна.
Манай МУИС-ийн ХЗС-ийн иргэний эрхзүйн тэнхимийн багш, доктор, профессор Т.Мөнхжаргал гуай анх надад “Энэ франчайзын гэрээгээр дагнасан хууль эрхзүйн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс, хууль сахиулагч, шүүгч прокуроруудад франчайзингийн гэрээний талаар ойлголт хэрэгтэй байна.
Эс тэгвээс огт ойлголт алга” гэж ярьж байсан. Шинжлэх ухаанч талаас энэ асуудалд дорвитой хандахгүй бол монгол улсын иргэний хуульд багтсан 2 зүйл заалт хангалттай биш байна. Франчайзын гэрээ гээд яг бусад гэрээтэй адил хэдхэн зүйлийн хэмжээнд орсон зохицуулалттай иргэний хуулинд тулгуурлаж франчайзингийн эрхзүйн харилцааг зохицуулах нь тохиромжгүй. Тиймээс франчайзингийн бие даасан хуультай болгохоор хуульчид ажиллаж байна.
Франчайзинг нэг талаас эдийн засаг, нөгөө талаас эрхзүй, оюуны өмчийн асуудал зэрэг олон талыг хамарч байгаа учир гэрээний эрхзүй, оюуны өмчийн эрх зүйтэй холбоотой. Мөн эдийн засгийн чиглэлээр бизнес эрхэлж байгаа учир энэ чиглэлтэй холбогдоно. Тиймээс цаашдаа энэ тал дээр анхаарч, монголд байгаа брэндүүдийг азийн зах зээлд гаргахын тулд англи хэл дээр энэ бүхнийг нэвтрүүлж, монголын франчайзинг гэдэг дэлхий дахинд тархсан том сүлжээг бий болгох ёстой.
Одоо хүмүүс монголоос юм оруулж ирэхгүй гэж зовох юм байхгүй. Ерөөсөө шинэ санаа хаана, юу байна вэ түүнийг хийж байна. Зөвхөн АНУ-аас бараа авчирдаг үе улирсан байна.
Монгол хүний оюун ухаан шинэ санааг үйлдвэрлээд л байна гэж та хэлж байна л даа. Тэгвэл яагаад бидний сэтгэсэн шинэ санаа маань бодитой зүйл болж хэрэгжиж чадахгүй байна вэ?
Яагаад гэвэл бидэнд байдаг тэр олон санааг баталгаажуулж тэндээсээ мөнгө босгох арга байхгүй. Гэтэл японд шинэ санаагаа бичсэн арван хуудас төслийг хэдэн сая доллараар худалдаж авдаг болчихлоо. Учир нь шинэ санаа гэдэг зүйл дэлхий даяар дутагдаж байна. Гэтэл монголд одоо барааны тэмдэгтээ баталгаажуулж чадахгүй, бүтээгдэхүүний ашигтай загвар, аж үйлдвэрийн өмчийн талаар мэдэхээ больсон.
Ийм учраас бизнес эрхлэхэд эрсдэлтэй тулгарч байна. Ямар ч шинэ бизнес хийсэн маргааш түүнийг нь хэн нэгэн хуулдаг жишиг манайд дэлгэрчихсэн. Энэ нь бид ямарваа нэг юманд хандахдаа шинжлэх ухаанч бус муйхар хандаж буйн илрэл. Манай Оюуны өмчийн газар үүн дээр маш сайн ажиллах ёстой.Дэлхийн бусад орныг ажиглаад байхад Оюуны өмчийн газрын дэргэд хамтын удирдлагын байгууллага заавал байдаг.
Манай улсад жишээ нь “Дуу бичлэг бүтээгчдийн зөвлөл” зэрэг зарим чиг үүргийг төрийн бус байгууллага хэрэгжүүлдэг. Өнөөдөр Франчайзингийн зөвлөл нь Оюуны өмчийн газрын дэргэд ажиллах ёстой. Ийм тогтолцоотой байсны үндсэн дээр франчайзинг бат бөх оршиж, бид европ тивд зөвшөөрөгдсөн худалдаа, бизнесийн санааг бойжуулна. Би өөрт байгаа саналаараа арван хуудас төсөл бичиж, барааны тэмдэгт авч, төрөл бүрийн үзэсгэлэн дээр үүнийгээ танилцуулж, франчайзаар технологоо нэвтрүүлэхэд хүмүүс маш их сонирхоно. Мөнгө олох бизнес хийх хэцүү гэж шантарч суухын оронд үнэхээр танд шинэ санаа байвал ийм боломж байна.
- “Модерн Номадс” сүлжээ ресторанаас эхлээд монголдоо франчайзинг хийх боломжтой газрууд байгаа. Манай бизнес эрхлэгчид гадагшаа франчайзинг хийе гэтэл монгол улсын эрхзүйн зохицуулалт дутмаг байдаг учир маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг гэж ярьж байсан. Тиймээс энэ талаар хуулинд ямар зүйл заалт тусгаж, эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ?
- Би оюутан байхдаа “Франчайзийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр илтгэл бэлдэж, хэд хэдэн ЭШХ-д оролцож, түрүүлж байсан. Одоо хэрэгжиж байгаа монголын улсын иргэний хуулийн 29 дүгээр бүлэгт өөрчлөлт оруулаад нэмэр байхгүй. 2002 онд шинэчилсэн найруулгыг баталснаас хойш ямар ч өөрчлөлт ороогүй л байна. Гэхдээ бие даасан хуультай болж байж бүх талын зохицуулалт хийгдэх эрх зүйн орчин бүрдэнэ.
- Хуурамч франчайзууд байдаг. Тэднээс хэрхэн сэргийлэх вэ?
- Сайн судлах л хэрэгтэй. Аль ч компанийн сайт руу ороход “disclosure document” буюу хамгийн бага хөрөнгө оруулалтын хэмжээ гэх мэт нээлттэй мэдэгдлүүдээ дэлгэсэн байдаг. Энэхүү нээлттэй мэдэгдлийг харсны дараа судалгаанд орох хэрэгтэй. Франчайзер тал буюу эрх шилжүүлэгч талын хамгийн эхэнд шаарддаг зүйл нь зах зээлийн судалгаа.
Нэр тодруулах төдийгөөр судлагаа сайн хийлгүй бага хэмжээний хөрөнгөтэй франчайзинг бизнест нэвтрэх гээд амжилтанд хүрээгүй олон тохиолдол бий. Энэ жишээ өндөр хөгжилтэй орнуудад их ажиглагддаг.Оксфорд гэдэг нэрийг бид том сургуулийн том нэр гэж ойлгодог. Гэтэл Оксфорд коллеж, Оксфорд академи гээд ийм нэртэй олон сургалтын байгууллага байна. Тэгээд бид Оксфорд академи гэхээр мундаг юм байна гэж ойлгоод өндөр төлбөр төлж суралцах гээд байдаг.
Үнэндээ тэр академи, коллеж нь ямар ч онцлог давуу тал, амжилтын түүхгүй зөвхөн нэрэн дээр тоглолт хийдэг хуурамч франчайзинг байгаа юм. Хуурамч франчайзинг нь том брэндийн нэрийг ашиглаж, хөгжиж буй эсвэл буурай орнуудад нэвтэрч эхэлдэг. Ер нь бол хуурамч франчайзингаас сэргийлэхийн тулд брэндээ сайн судлах хэрэгтэй. Зөвхөн нэр болон бага хэмжээний мэдээлэлд хууртаж франчайзинг хийх гэж оролдож болохгүй.
- Тэгвэл Франчайзын гэрээг хэдий хугацаатай үзэглэвэл тохиромжтой вэ?
- Янз янз л байдаг. Гэрээг 10 жилийн хугацаатай ч хийж болно. Гэхдээ жил болгон төлбөрөө төлөх зарчимтай. Ерөнхийдөө 1 жилээр гэрээ хийх тохиолдол бараг байхгүй л дээ. Ихэвчлэн гурваас дээш жилийн хугацаатай, жил бүр сунгалт хийдэг. Тухайлбал, барааны тэмдэгтээ франчайзингаар авч, цаашид лицензийн сунгалт хийж үйл ажиллагаа явуулж байгаа олон компани бий.
Жишээ нь, би Пепси брэндийн эрх хүлээн авагч бол жил бүр франчайзингийн төлбөрөө төлөх ёстой. Тийм учраас эрхээ лиценз сунгах байдлаар үргэлжлүүлдэг. Гэхдээ би Пепситэй франчайзингийн гэрээ байгуулсан учир 10 жилийн хугацаанд бүх зүйл хүчинтэй байх юм.
- Гэрээний хугацаа дуусгавар болоход худалдаж авсан тоног төхөөрөмжөө эрх хүлээн авагчид буцааж өгдөг үү? Эсвэл нэвтрүүлсэн технологио цаашид ашиглаж болох уу? зэрэг асуудал их сонирхолтой байна л даа.
- Гэрээний хугацаа дуусгавар болоход худалдаж авсан тоног төхөөрөмж эрх хүлээн авагч талд үлдэх боловч тухайн салбартаа үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг. Ихэвчлэн эрх хүлээн авагч тал гэрээг хүчингүй болгох тал ажиглагддаг л даа. Гэрээ хүчингүй болох шалтгаануудыг дурдвал бараа, бүтээгдэхүүний системийн дагуу ажиллахгүй байх, эрх шилжүүлэгч талын нэр хүндийг унагаах үйл ажиллагаа явуулах, төлбөрөө цагт нь төлөхгүй байх, сургалтаа аваагүй эсвэл аттестатчлалын шалгуурт ажилчид нь тэнцэхгүй байх зэрэг зүйлс нөлөөлдөг.
Иймэрхүү зөрчил дутагдал илэрвэл сануулга өгч, арга хэмжээ авдаг. Гэхдээ хоёр талд шударга зохицуулалт хийнэ л дээ. Эрх шилжүүлэгч талаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дараагийн 5 жилд тухайн бүсийн зах зээлд өөр компанид эрх өгч, нэвтрүүлэхгүй. Ийм зохицуулалт байдаггүй бол манайхаас цуцлаад өөр компанитай гэрээ хийх эрсдэлтэй шүү дээ. Гэхдээ гэрээн дээр эдгээр зүйл, заалтыг сайн тусгаж өгдөг учир франчайзинг эрсдэл бага байдаг.
- Манайд өнөөдөр франчайзингийн эрх хүлээн авсан, мөн гадагшаа франчайзинг эрх шилжүүлсэн зэрэг дотооддоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хичнээн компани хэдэн салбарт байгаа талаар судалгаа хийж байсан уу?
- Сүүлийн үед энэ чиглэлд нэвтэрч байгаа салбарууд нэмэгдэж байгаа нь нүдэнд ил харагдаж байгаа боловч бидний хувьд нэгдмэл чанар байхгүй учраас яг хэдэн компани франчайзинг бизнес хийж байгаа талаар мэдээлэл байдаггүй. Дээр нь хоорондоо санал туршлагаа солилцож чадахгүй байдалтай л байна. Тиймээс яалт ч үгүй бид нэгдэж ажиллах нь зүйтэй.
Гэхдээ ерөнхий мэдээлэл өгөхөд, сүүлийн үед зочлох үйлчилгээний салбарт олон буудал үүд хаалгаа нээж байна. Үйлчилгээний салбарыг дагаж бүтээгдэхүүний салбар хөгжиж явдаг учир франчайзинг бүр илүү хөгжих боломжтой. Зочид буудал байгуулагдсанаараа Монголд “Starbucks” шиг кофе шоп байгуулагдах боломж бүрдэж байна. Яагаад гэвэл “Hilton” зочид буудлын нэг давхарт “Starbucks”-ийн кофе шоп байх ёстой гээд тодорхой шаардлагууд байдаг.
- Тэгэхээр гаднаас бид франчайзингийн эрх авах эсвэл бид өөрсдөө гадагшаа франчайзинг гаргах хоёр зам байна. Эдгээрийн аль нь манай эдийн засагт илүү ашигтай байх вэ?
- Ер нь бол цаашдаа гадагшаа гаргасан нь ашигтай шүү дээ. Валютын урсгал гадагшаа бус дотогшоо чиглэсэн нь ашигтай. Гэхдээ франчайзингийг туулахгүйгээр хөгжинө гэдэг бол хэцүү л дээ. Яагаад гэвэл манай улс мэдлэгт суурилсан эдийн засагт анхаарах нь чухал гэдгийг одоо ойлгож байна.
Газрын баялаг бол цаг зуурын асуудал учир ирээдүйд Монгол улсыг аялал жуулчлалын салбар л тэжээж, энэ салбараар л бид амьдрах болов уу. Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд франчайзингийг нэвтрүүлэхгүй байх боломж үгүй. Учир нь хүн болгон тогтсон хэрэглээтэй болсон. Жишээ нь “Shell oil” компанийг чанартай шатахуунтай гэж сонгодог хүмүүст дурын нэг нэр тавьсан газар найвартай санагдахгүй.
Тиймээс хэрэглэгч өөрийн итгэдэг, хүлээн зөвшөөрөгдсөн компаниар үйлчлүүлэх хүсэлтэйг ямар ч салбарынхан ойлгодог. Дэлхий дахинд даатгалын салбарын франчайзинг хийгдэж эхэллээ. Манайд одоо гадны нэг даатгалын компани орж ирэхэд зах зээлд шууд монополь болох боломжтой. Яагаад гэвэл манайд ирж буй жуулчид бүгд тэр компаниар даатгуулна.
Монголд ирээд “Shell oil”-н ШТС-аас л шатахуун авч, машинаа түрээсэлж, хоол иддэг газартаа л хооллож, үйлчлүүлдэг кофе шопоосоо л кофегоо авч ууна. “Hilton”-той адилхан 1000 зочид буудал бариад ч тэр “Hilton” болохгүй. Энэ бүхнийг монголдоо нэвтрүүлэхгүйгээр бид аялал жуулчлалын хөгжил, эдийн засгийн үр ашиг яривал инээдэм болно. Ийм учраас эхлээд франчайзинг оруулж ирээд, цаашдаа гадагшаа хэрхэн гаргахаа бодох хэрэгтэй.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Монголд франчайзингийг хөгжүүлэх үйлсэд тань амжилт хүсэе.