2014-12-15Эхлэлтэй бүхэн төгсгөлтэйн хуулиар хүн төрөлхтөн үүсэж бий болсон шигээ удаанаар мөхөж байгаа. Гэхдээ мөхөж үгүй
болохоосоо өмнө гариг дэлхий дээрх амьтай бүхнийг устгаж мэднэ гэж Америкийн сэтгүүлч, зохиолч Элизабет Колберт үзэж байна.
Тэрбээр “The New Yorker” сэтгүүлийн экологийн нэрд гарсан сэтгүүлч бөгөөд салбартаа ихээхэн үнэлэгдсэн “Гайгамшгийн тэмдэглэлүүд”, “Ертөнцийн төгсгөл”, “Уур амьсгалын дулаарлын түүх” зэрэг ном бичжээ. Түүний сүүлчийн бүтээл болох “Зургаа дахь мөхөл: Байгалийн бус түүх” ном өнгөрсөн сард худалдаанд гарч багагүй шуугиан дэгдээв.
Хүн төрөлхтөн дэлхий ертөнц болоод бусад амьд биетэд хэчнээн хор хөнөөлтэй талаар, өөрийнх нь тарьсан гай гамшиг хүнийг хэрхэн мөхөөж буй тухай, тэр нь 66 сая жилийн тэртээ үлэг гүрвэл устсантай дүйх их мөхлийг эхлүүлсэн талаар Э.Колберт шинэ номондоо бичжээ. “Mother Jones” сэтгүүлд түүний өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.
-Олон нийтийн үл тоомсорлол, эрх баригч, албаныхны өгдөг зөрүүтэй мэдээллүүд мөхөл сүйрлийн асуудлыг бодит байдлаас хөндийрүүлдэг гэж та бичжээ. Дэлхий нийт их мөхлийн талаар нэгдмэл ойлголттой байх ёстойг энэ нь сануулж байна уу?
-Маргаангүй тийм. Өнөө цагийн хариуцлагатай, боловсролтой хүмүүс хүртэл дэлхий ертөнцөд мөхөл нүүрлээд байгаа гэхэд итгэхгүй байна шүү дээ.
Маш урт удаан хугацааны турш бид өөрсдийгөө нэг төрлийн амьтан гэж үзэж ирсэн. Бусад амьтан шиг л үүсэж, хөгжиж, тэдэнтэй зэрэгцэн амьдарсан гэж боддог байсан.
Гэтэл бид л гариг ертөнцийг бүхлээр нь өөрчилж, бүхний хариуцлагыг дангаараа үүрэх болчихоод байна. Үүнтэй зарим хүн санал нийлэхгүй байгаа юм. Тэд, ер нь бидний дийлэнх нь мөхөл сүйрэл гээчийг сансар огторгуйгаас ирэх аюул мэтээр ойлгодог. Харин солир дэлхий дээр унах, эсвэл хүн төрөлхтнийг устгах хэмжээний байгалийн гамшиг болох магадлал тун бага.
-Та шинэ номондоо салбар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг тусгасан. Тэдэнтэй ярилцахад юу мэдрэгдэж байв. Айдас, сэрэмж үү. Уур цухал, ичгүүр үү?
-Сэрэмж гэдэг оносон үг байна. Бас уй гуниг мэдрэгдсэн.
Өнөө цагт байгалийн ухааны салбарт ажиллаж байгаа хүн бүр судалгааны субъект нь нүднийх нь өмнө үгүй болж байгааг харж байна.
Тэдэнд болон надад төрсөн өөр нэг мэдрэмж бол цөхрөл. Хийх ёстой ажлуудыг хийхгүй байгаад тэд аргаа барж буй нь надад мэдрэгдсэн. Өөр нэг хачирхалтай зүйл анзаарагдсан нь эрдэмтэн, судлаачдын гайхашрал юм.
Гэхдээ урам хугарч, баргар царайлахад л ажиглагддаг гайхашрал шүү. Олон мянган жилийн явцтай хувьсал өөрчлөлтүүд хэдхэн арван жилийн дотор болж байгаад тэд гайхаж балмагдаж байгаа.
-Олноор нь устгах гэх үзэгдлийг та бүх мөхлийн эхлэл гэж үзсэн. Таныхаар бид эхлээд том амьтдыг, дараа нь неандерталиудыг хөнөөснөөр бүх хэрэг эхэлжээ.
Тэгэхээр бид эдгээрийн мөхлийн шалтгаан болохын хувьд зургаа дахь мөхөл орчин цагийн хүн үүссэнээс хойш эхэлсэн гэж үзэж болох уу?
-Өөрөөр байж болно гэж үү. Бид 200 орчим мянган жилийн өмнө үүссэн.
Дээд өвгийн маань нэг хэсэг Африкт тохиосон их мөхлөөр устаж үгүй болсон гэж зарим эрдэмтэн үздэг ч Австралийн мегафауна буюу үлэмж биетэй амьтдыг 40 мянган жилийн өмнө хүн л устгасан шүү дээ.
Гэтэл хэдэн мянган жилийн өмнөх байтугай ганц зуун жилийн өмнөх амьтан, ургамлын мөхлийг өөрсдөдөө хамаагүй гэж хүмүүс үздэг. Бидний олонх нь байгаль орчноос хол хөндий амьдрах болсон учраас энэ нь ч аргагүй юм.
Гэхдээ бага, залуу байхад элбэг таардаг байсан ан амьтан цөөрсөн тухай ярих хүн олон. Энэ нь дэлхийн хаа ч хэвийн үзэгдэл болсон бол байдал үнэхээр бишидсэн гэсэн үг.
-Хүн ан амьтдыг нэгээс илүү замаар мөхөл рүү нь хөтөлж байгааг та дурдсан. Ховордсон төрөл зүйлүүдийг унаган нутгаас нь дайжааж, нүүдэллэхээс өөр аргагүй болгодог атлаа замыг нь бас хаадаг тухай та жишээ татжээ.
Устаж болзошгүй амьтдад ер нь амь мултрах гарц байна уу?
-Энэ талаар бид хараахан ам гарч чадахгүй. Харин эсрэгээрээ “Тэдэнд гарц үлдээхгүй байх талаар бид юу хийж чадах вэ” гэвэл хариулт олдох байх. Уур амьсгалын дулаарлаас болж одоо бүх зүйл хөдөлгөөнд орчихлоо.
Байгалийн, жам ёсны гэж нэрлэгдэж байсан бүхнийг бид өөрчилчихлөө. Тэгэхээр дайжиж, дүрвээд ч тэдэнд очих газар байхгүй. Далайн хадыг бүрдүүлэгч бүх шүрний гуравны нэг, цэнгэг усны бүх нялцгай биетний гуравны хоёр, аварга болон дэвүүрт загасны гуравны нэг, бүх хөхтөн амьтны дөрөвний нэг, хэвлээр явагчдын тавны нэг, бүх жигүүртний зургааны нэг нь зөвхөн хүнээс болж мөхлийн ирмэгт туллаа.
Товчхондоо, бид л өсөж үржээд байна.
Нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 800 мянган жилд байгаагүй дээд хэмжээнд хүрээд байгаа бол дэлхийн дундаж температур өмнөх хэд хэдэн мөстлөг хоорондын үеийнхээс даруй 10 дахин хурдаар нэмэгдэж байна. Энэ нь шинэ орчинд дасан зохицох хангалттай хугацааг байгаль өөрөө ихэнх амьд организмд олгохгүй байгаа гэсэн үг.
Дулаарлын “ихэр” гэж нэрлэж болох өөр нэг аюултай үзэгдэл бол далай тэнгисийн хүчилшилт буюу хүчиллэг чанар нь хурдтай нэмэгдэж байгаа үзэгдэл юм.
Одоо бүх далайн хүчлийн хэмжээ 1800 оныхтой харьцуулахад дунджаар 30 хувиар өсөөд байгаа. Зарим хэсэгт бүр 50 хувь хол давсан.
Энэ эрчээрээ нэмэгдвэл энэ зууны сүүлч гэхэд бүр 150 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий. Тэгэхээр далайн гүний амьтанд ч аврал алга. Магадгүй бүгд үгүй болж байж, эсвэл огт өөр биетэн болж байж амьд үлдэж мэдэх юм. Гэхдээ амьтан гэж нэрлэгдэх үгүй нь бас л эргэлзээтэй.
-Байгалийн гажуудлаас болж аялал жуулчлал, дэлхий дахины худалдаа арилжаа, ер нь хүний нийгэм үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай гэж та үзсэн. Хүн төрөлхтнийг ямар ирээдүй хүлээж байгаа бол?
-Хүн ч гэсэн мөхнө. Үүнийг байж боломгүй, хэтийдсэн таамаг гэж олон хүн үздэг.
Гэхдээ үүсэн бүрэлдсэн бүхэн устаж үгүй болдгийг эртний чулуужсан үлдэгдлүүд харуулдаг.
Одоогоос хэдэн сая жилийн дараа юу, эсвэл хэдхэн зууны дараа юу л гэдэг сонин болохоос хэзээ нэгэн цагт хүн үгүй болох нь гарцаагүй. Бидний үр хойч хүн бус төрхтэй байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Тэр талаар таамаг дэвшүүлэхэд эрт байна. Гэвч нэг зүйлийг би баттай хэлж чадна.
Одоо эрчээ аваад байгаа зургаа дахь мөхөл бол хүн төрөлхтний сүйрлийн эхлэл.
Сүүлийн хагас тэрбум жилийн хугацаанд манай дэлхий дээр таван их мөхөл болсон. 450 сая жилийн өмнө болсон эхний мөхөл мөстлөгөөс болсон бол удаах нь дулаарлаас, гурав дахь нь буюу 250 сая жилийн өмнө тохиосон хамгийн их гамшиг тарьсан мөхөл мөн л хэт дулаарал, далайн тэнгисийн өөрчлөлтөөс болсон гэдэг.
Тэр үед бүх төрөл зүйлийн 90 хувь нь газрын хөрснөөс арчигдсан.
Дөрөв дэх нь үндсэндээ үүний үргэлжлэл байсан бол сүүлийн тав дахь их мөхөл одоогийн Юкатаны хойгт унасан солироос болж, жигүүртнүүдийг эс тооцвол үлэг гүрвэлийн эринийхнийг бараг бүгдийг нь устгасныг бид мэднэ.
Харин одоо бид Антропоцен буюу хүний эринд амьдарч байна.
Энэ эрин яг хэзээ эхэлсэн талаар мэргэжилтнүүд маргалддаг ч орчин цагийн хүн бий болж, байгаль орчинд нөлөөлж эхэлсэн үеэс тооцох нь зөв гэдэгтэй би санал нийлдэг.
Байгаль дэлхий одоо бүрэн хүний мэдэлд орчихлоо. Тэгэхээр био массын мөхөл сүйрлийн тухай ярих нь үндсэндээ бид оршин байх уу гэдэг л асуудал юм.
Гэвч хэдэн сая, хэдэн тэрбумаараа устаж байгаа амьтан, ургамал, дахин хэзээ ч сэргэхгүй байгальтай харьцуулахад хүний нийгэм хэр үнэ цэнэтэй вэ. Энэ асуултыг л уншигчид өөрсдөөсөө асуугаасай.
Г.Лхагвадулам
gereg.mn