2014-12-11Ц.ЭНХМАА
“Марк бол үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө” гэж “Их хотын иргэн” Дэндэвийн Дашжав хэллээ. Монголын филателийн холбооноос саяхан ховор маркны дуудлага худалдаа зохин байгуулахад Монголын анхны марк буюу 1924 онд хэвлэгдсэн “Элдэв-Очир” марктай долоон дугтуйг анхны өдрийн дардас, 90 жилийн дараа тухайн өдрийн дардастайгаар жаазалсан цуглуулгыг тус холбооны Ерөнхийлөгч Сэрээтэрийн Болдхэт 4,6 сая төгрөгөөр худалдаж авчээ.
Манай улсад гарсан бүх маркны цуглуулгыг өнгөрсөн баасан гаригт болсон дуудлага худалдааны үеэр 22 саяас эхэлж дуудсан ч энэ өдөр зарагдаагүй байна. Гэсэн ч марк цуглуулагчдын сонирхлыг ихэд татжээ. “Монгол марк 90” жил маркийн үндэсний үзэсгэлэнд оролцсон Д.Дашжавыг дугаарын зочноор урилаа. Тэрбээр хотын сэдэвт шуудангийн марк бүрээр Улаанбаатарын түүхийг хүүрнэн өгүүлэх ажээ.
-Таван өдрийн цуврал арга хэмжээг Монголын филателийн холбоо амжилттай зохион байгууллаа. Маркны дуудлага худалдаа хамгийн сонирхолтой нь болсон санагдлаа.
-Энэ үеэр багцалсан 52 дугтуй зарагдсан, 1950-1960-аад онд гарсан их сайхан дугтуйнууд. 50 мянгаас эхэлж дуудахад 300 мянган төгрөг хүрлээ.
-Манай улсад гарсан бүх маркны цуглуулга буюу 8000 гаруй маркийг дуудлагаар зарна гэж сонссон, тэр ямар үнэ хүрсэн бол?
-Энэ удаад зарагдсангүй, гэхдээ хүмүүс их сонирхлоо. Их сайн эд л дээ. Анхны үнэ нь 22 сая. 11 альбом шүү дээ, мөнгөтэй хүн таарвал авчихна, Монголын маркны түүх шүү дээ.
-22 сая гэдэг өндөр үнэ үү, марк сонирхогчийн хувьд яаж үнэлж байна?
-Ингэж иж бүрэн цуглуулахад цаг хугацаа, хөрөнгө их зарна. Маркийг бүрэн болгохын тулд “Бэлчээрт” гэдэг маркийг л гэхэд сая 500 мянган төгрөгөөр авсан гэж эзэн нь хэлж байна лээ. Ингээд үзэхэд өндөр үнэ биш л дээ.
-Марк бол улсын түүх. Энэ 90 жилийн хугацаанд манай улсад 8000 гаруй марк хэвлэгджээ. Ийм иж бүрэн цуглуулгатай хүн олон байдаг болов уу?
-Үндсэн хуулийн цэцийн Жанцанд байдаг гэх юм билээ. Төрөл бүрээс хоёр ширхэг байдаг гэж сонсч байсан шүү.
-Марк сонирхдог хүмүүс дунд бэл бэнчинтэй хүн цөөн байна уу, иж бүрэн цомог яагаад зарагдсангүй вэ?
-Өө, бэлтэй чадалтай хүн олон. Монгол Улсад анхны марк бий болсон 90 жилийн ойгоор буюу өнгөрсөн арав дугаар сард “Монгол шуудан” ТӨХК, Монголын Филателийн холбоо хамтран түүхэн маркны дуудлага худалдаа хийсэн. Дуудлагаар Чингис хааны хөрөг бүхий маркны цуглуулга, 2011 онд Япон улсад болсон Дэлхийн маркны үзэсгэлэнгээс Гран При хүртсэн “The postal history of MONGOLIA 1841-1941” ном, гадаад орнуудаас манай улсад ирүүлж байсан захидлын дугтуй, маркны цуглуулга зэрэг 10 гаруй зүйлсийг дуудлагаар худалдсан. Эднээс хамгийн их үнэ хүрсэн нь Монголын анхны марк буюу 1924 онд хэвлэгдсэн “Элдэв-Очир” марктай долоон дугтуйг анхны өдрийн дардас, 90 жилийн дараа тухайн өдрийн дардастайгаар жаазалсан цуглуулга.
-Мундаг эд байжээ. Анхны үнэ нь хэд байгаад хэд хүрсэн бэ?
-Дуудлагын анхны үнэ 400 мянган төгрөг. Гурван хүн үнэ хаяж өрсөлдөөд хамгийн өндөр үнээр буюу 4,6 саятөгрөгөөр манай холбооны ерөнхийлөгч, “Нарантрейд” компанийн захирал Сэрээтэрийн Болдхэт авсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Жанцан 4 сая 500 мянга хүртэл нь түүнтэй өрсөлдсөн.
-Та хэдийнээс марк цуглуулсан юм бэ, ийм хообийд таныг хэн уруу татав?
-1960-аад оноос л сонирхсон доо.
-60-70 аад оны үед марк цуглуулдаг хүмүүс олон байсан байх аа, миний ээж л лав их сонирхон цуглуулдаг байсан юм?
-Их олон хүн сонирхон цуглуулдаг байсан шүү. Марк бол улс орны шуудан, холбооны байгууллагаас захидал, бичгийн дугтуй, илгээмж зэргийн боодол дээр үйлчилгээний үнийн төлбөрийн тэмдэгт болгон наадаг үнэт цаас. Сонирхохоос аргагүй эд л дээ. Марк цуглуулагчдын клуб ажилладаг байлаа. Намайг Сэрээтэр гуай л уруу татсан. Марк цуглуулагч нар дундаа алдартай хүн шүү дээ. Монголоос Ө.Сэрээтэр нарын есөн цуглуулагч дэлхийн маркийн 16 үзэсгэлэнд оролцож, Дэлхийн Филателийн холбооноос нийт 50 орчим медаль хүртсэн.
-Эдгээр есөн хүний нэг нь та биз?
-Би бол цуглуулдаг, сонирхон судалдаг л болохоос уралдаан тэмцээнд оролцдоггүй ээ.
-Олон марктай юу?
-Олоон олон.
-Хүмүүс сэдэвчилж, төрөлжүүлж цуглуулж харагддаг.
-Дэлхийн алдартай хүмүүс, Монголын тухай дэлхийд гарсан маркийг илүү сонирхдог. Чингис хаан, Ленин, Гитлерээс эхлээд явж өгнө. Орон бүрт марк цуглуулагчдын холбоо байдаг, би гадаадын 10 гаруй орны холбооны гишүүн. Гишүүдтэй нь захидлаар харилцдаг.
-Эртний ховор марк үнэ ихтэй. Овоо хэдэн төгрөгтэй байхгүй бол цуглуулахад амаргүй байх шүү?
-Тэгнэ ээ. Холбооны гишүүдэд Монголд шинээр гарч буй маркнаас хоёр ширхгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгдөг юм.
-Холбоонд олон хүн байх уу?
-100 гаруй хүн байна аа. Социализмын үед бол 1500 гаруй гишүүнтэй байсан гэдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ.
-Марк цуглуулахын ач холбогдол, хүнийг татдаг зүйл нь юу юм бол?
-Хэмжээ багатай уран зураг, гэрэл зураг юм даа. Түүх бичиж үлдээнэ. 1848 онд Англид анхны марк гарсан. Энэ марк одоо дэлхийд гуравхан ширхэг үлджээ. Мэдээж гуравхныг хэвлээгүй. Манайд ч адилхан. Тухайлбал, Олимпийн засвартай маркийг 3000 ширхэг хэвлэсэн, одоо нүдний гэм болжээ.
-Засвартай гэдэг чинь….
-Түүхт ой, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан анх гарсан 49 сэдвийн 197 төрөл маркийг цөөн тоогоор хэвлэн гаргасны зарим нь маш ховордсон. Ийм цөөхөн марк бол гишүүдэд, цуглуулагчдад л бий, үнэ нь ч өндөр.
Маркийг 200-300 мянган ширхгээр хэвлэдэг байсан бол орчин үед их цөөхөн 10-20 мянгыг л хэвлэдэг болж. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Хятадын төрийн тэргүүн манай улсад айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүний зурагтай маркийг 10 мянган хувь гаргасан. Гэтэл одоо энэ марк олдохгүй, үнэ нь бараг 100 мянга хүрээд байна. Марк бол үнэт цаас, мөнгөн тэмдэгт шиг үнэ хүндтэй. Халхголын 75 жилийн ойд зориулж энэ намар гаргасан марк бас олдохоо больсон. Та нар захидал хэдэн төгрөгөөр “явж” байгааг мэдэх үү?
-Мэдэхгүй, ямар үнэтэй байгаа вэ?
-Гадаад руу 1300, дотоодод 600 төгрөгийн марк нааж явуулж байна.
-Монгол Хятад хоёр улсын төрийн тэргүүний зурагтай маркнаас хэд хэдийг аваад хадгалчихсан биз дээ?
-Авсаан, авсан. Марк цуглуулагчдын л гарт орно. Дугтуйд наагаад, 90 жилийнхээ ойн тамгыг даруулаад хадгалсан. Хятадын Элчин сайдын яам их олныг авсан гэж хүмүүс ярьдаг үнэн байх. Хятадад 10 сая хүн марк цуглуулдаг гэсэн баримт байдаг.
-Марк цуглуулах чинь том бизнес юм биш үү?
-Ерөөсөө л бизнес.
-Та бизнес эрхлэгч?
-Тийм, нэгдүгээрт цуглуулагч, хоёрт бизнес эрхлэгч. Марк сонирхогчдын клуб сард дөрвөн удаа буюу ням гариг бүрт ажилладаг. Нэг удаад очихдоо л 30-40 мянган төгрөг олчихно. Зарим өдөр илүү ч олно. Эхнэр хүүхдээсээ мөнгө царай алдахгүй, болж л байгаа (инээгээд) Сүүлийн үед диллерүүд гарч ирж байна, шинэ гарсан маркийг олноор нь аваад дарчихдаг.
-Та сая тамгыг нь даруулаад авсан гэсэн, юун тамга билээ?
-Анхны өдрийн тамга их чухал. Тэр өдрөө л дарагдаад дахиж ашигладаггүй, их нарийн дэгтэй. Нийслэлийн 375 жилийн ойгоор дугтуйтай марк гарсан. Дугтуйг нь ерөөсөө 150 ширхгийг л хэвлэсэн. Тэр өдөр нь оволзоод л дууссан. Анхны өдрийн тамгатай нь илүү үнэ хүндтэй.
-Улаанбаатарын сэдэвтэй шуудангийн марк олон уу, анхны марк нь хэдийд гарсан юм бол оо?
-1639 онд буюу XI жарны шаргачин туулай жилд долоон хошуу халхчуул Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарт гэгээн цол өргөж, халх дахь шашны тэргүүн болгон ширээнд залж, одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуурт өргөө засч байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл.
Энэ хот Өргөө, Хүрээ, Хүрээ хот, Нийслэл хүрээ нэртэй байсан бөгөөд 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаас БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот гэж нэрлэсэн нь манай хотын тав дахь нэр.
Улаанбаатар хотод ардын засгийн жилүүдэд боссон барилга байгууламж сонгол марканд дүрслэгдэж дэлхий дахинаа түгэн тархсан түүхтэй. Монгол Улсын ес дэх цуврал марк 1932 оны дөрөвдүгээр сард “Шинэ Монгол” нэртэйгээр 13 төрөл хэвлэгдсэн. Үүнд хувьсгалын жилүүдэд баригдсан томоохон барилгын нэг, Засгийн газар, 1931-1951 онд байрлаж байсан хоёр давхар барилга багтсан. Энэ нь одоогийн Монгол Улсын Багшийн их сургуулийн байр.
-Хорлоогийн Чойбалсан энд ажиллаж байв гэсэн түүх уг барилгад бас бий.
-Тийм ээ. Хувьсгалын өмнө “Хүрээний сайдын яам” хэмээх дотоод яам байсан газар дээр 1929-1930 оны үеэс Сангийн яамнаас эрхлэн энэ хоёр давхар барилгыг бариулсанд Засгийн газар байрласан. 1940 онд өргөтгөн давхарласан бөгөөд Х.Чойбалсан 1937-1951 онд ажиллаж байсан. 1951 оноос Улсын багшийн их сургууль байрлах болсон. Улаанбаатар хотын анхны марканд мөнхөрсөн барилгын түүх ийм юм. Энэ марк ч гэсэн өдрийн од шиг цөөхөн бий.
-Хичээлийн байр болсноос хойш дахин өргөтгөж дөрвөн давхар болгосон, хэдэн он юм бэ?
-1958-1959 онд өргөтгөхдөө баруун хойд хэсгийг нэмж барьсан, 1970-1971 онд дахин өргөтгөж хичээлийн дөрвөн давхар барилгыг хойд хэсэгт нь залган барьсан. “Шинэ Монгол” нэртэй энэ цувралд Сүхбаатарын хөшөө, хажуу талд нь соёмботой маркийг гаргасан. Үүнээс хойш Сүхбаатарын хөшөө хэд хэдэн удаа монгол марканд дүрслэгдсэн юм.
-Та марк танилцуулахдаа түүхийг ч харин хүүрнэн өгүүлэх юм биш үү?
-Цуглуулга бол хүмүүсийн дур сонирхлыг үргэлж татдаг боловч зорилгодоо хэзээ ч хүршгүй байдгаараа онцлог юм гэж Оросын эрдэмтэн үнэн хэлсэн юм шүү.
-Хотын сэдэвтэй хэчнээн марк гарсан байх юм?
-1932 оноос хойш 67 цувралын 114 төрөл шуудангийн марк хэвлэгдэж дэлхийд тархан, Орост гурван цуврал дөрвөн төрөл, Хятадад нэг цуврал нэг төрөл марк гарсан байдаг. Хятадад гарсан Улаанбаатарын тухай марк их ховор, Хятадад 3000 юань хүрч байна гэсэн, надад цоо шинээрээ байгаа даа.
-Ийм үнэд хүрэх марк танд олон бий юү?
-Хонгконг Хятадад нийлсэн 1967 он үхэр жил байсан, энэ үйл явдлын гэрч болгож хэвлүүлсэн үхрийн дүрстэй алтан марк ерөөсөө 50 мянган хувь хэвлэгдсэний нэг нь надад ирсэн. Хятад хүн үзчихээд их гайхаж байсан. Марк сонирхогч найздаа захидал бичихэд надад ийм марктай дугтуйд хариу ирсэн юм.
Маркийг хилээр авч гарахыг зөвшөөрдөггүй, хориотой бараа байлаа. Гаалийн мэдүүлэгт асуудаг байсан гэвэл одоо хүмүүс итгэх болов уу. Марк гэдэг ийм л чухал эд, үл хөдлөх хөрөнгө шүү дээ.
-Та цуглуулгаа зарах тухай бодож байв уу?
-Мөнгөний хэрэг болбол, ядарсан үед зарах л байх.
-Марк цуглуулахын ашиг тус юу вэ?
-Тэр чигээрээ түүх. Мэдлэг боловсрол олж авахад хэрэгтэй. Түүхээ авч үлдэж байна, хоёрт зарж борлуулж болно, үр хүүхэддээ өв болгож үлдээнэ.
-Монголын сэдвээр гадаадад гарсан марк элбэг үү, та энэ төрлөөр цуглуулдаг гэсэн шүү дээ?
-Байна байна. Бид мэддэггүй, олж авч чадахгүй л байгаа юм. Энэ сэдвээр цуглуулдаг, үзэсгэлэн гаргадаг хэд хэдэн хүн манайд бий.
Саяхан надад Францаас нэг ил захидал ирлээ. Тэгсэн Гүррагчаа, Жанибеков хоёрын зурагтай ил захидал 1983 онд Францад гарчээ. Надад ирсэн шүү, бүр анхны өдрийнхөө тамгатай. Тэгэхээр марк сонирхогч тухайн сэдвээрээ уйгагүй эрэл хайгуул хийж чадвал ийм ховор, эртний марк олж чадна.
-Энэ маркаа та яаж үнэлэх вэ?
-Сая гаргаж л хэлнэ. Гэхдээ зарахгүй ээ.
Би марк цуглуулагчдын клубээр дамжуулаад 177 орны хүмүүстэй харилцсан, ил захидал, дугтуй нь надад бий. Ийм олон оронд миний дугтуй очсон, тэр хэрээр би эх орноо сурталчилсан.
Монголд ирсэн гадаадын жуулчдыг та нар хараарай. Төв шуудангаас ил захидал авч, илгээдэг. Манайхан бол гадаадад эд хөрөнгө, хувцас хайгаад явчихдаг биз, тухайн орны танилцуулга бүхий ил захидал явуулдаг хүн цөөн дөө. Гэтэл манайд ирсэн жуулчид “Би Монголд ирлээ” гээд гэр бүл, ойр дотныхондоо Монголын зурагтай ил захидал явуулдаг. Үр хүүхдэд нь үлдэнэ. Эх орны минь том сурталчилгаа болно.
-Ийм соёлд суралцах, энэ соёлыг үр хүүхэддээ хэлж өгөх ёстой юм байна шүү.
-Боловсролын байгууллагууд, үйлдвэр аж ахуйн нэгж, компанийн дэргэд түүхийн ач холбогдол бүхий эртний үнэт ном судар, ховор нандин эд зүйлс, шуудангийн марк, захидлын дугтуй, ил захидлын хуудас зэргийг сонирхон цуглуулагчдын бүлгэм, дугуйлан хичээллүүлж, үе үеийнхний сонирхлыг нэгтгэдэг байгаасай гэж боддог юм. Харин сүүлийн үед марк сонирхох хүүхэд залуучууд олширч байна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ, тэд таны цуглуулгыг сонирхож байна уу?
-Японд байгаа хүү минь илүү сонирхдог. Япончууд ч манай маркийг их үнэлдэг. Манай марк үндэсний онцлог, агуулгаа хадгалсан, зохиомж хэлбэр хийц, өнгө будгийн зохицол, уран сайхны өндөр түвшинд хүрсэн гэдгээрээ алдартай, сайхан марктай эхний 10 орны нэгд манайх ордог.
-Та Улаанбаатар хотын Захиргаанд ажиллаж байсан гэсэн байх аа?
-Тийм ээ, Нийслэлийн статистикийн хэлтэст 23 жил ажилласан. 1981 онд ажилд орж, 2004 онд тэтгэвэрт суусан.
-Та Сүхбаатар аймгийнх юм байна. Улаанбаатарт хэдийд ирсэн бэ?
-1962 онд Эдийн засгийн сургуульд оюутан болж ирж байлаа.
-Статистикийн хэлтэст ямар асуудал хариуцсан мэргэжилтэн байв?
-Хүн амын асуудал хариуцаж байлаа. Ажиллах хугацаандаа хүн амын гурван том тооллогод оролцож, удирдан зохион байгуулсан. 1989, 2000, 2010 оны тооллогод ажилласан. 2000 оны тооллогоор орон сууцыг маш сайн тоолсон. Өнөөдөр Монголд есөн давхар байшин хэд болж байгааг мэдэх газар, хүн байна уу.
-Таныг ажилд орсон 1981 онд нийслэлийн маань хүн ам хэд байсан бэ?
-381 мянган хүн амтай байсан даа.
-Ажлаа өгөхөд нь...
-23 жилд 600 гаруй мянгаар нэмэгдэж 900 гаруй мянган хүн амтай болсон байсан. Өнөөдөр сая 300 мянга гэж байна уу даа. Миний үед Улаанбаатарт жилд 4000 хүн нас барж, 12 мянган хүн шинээр мэндэлдэг байжээ. Одоо 12 мянган хүн нас барж, 40-50 мянган хүн шинээр мэндэлж байна. Социализмын үед шилжилт хөдөлгөөн маш хязгаартай байлаа, барагтай шилжүүлдэггүй байв. Шинэ Үндсэн хууль батлаад л бүх зүйл задарсан. Хүн бүр хот руу зүтгэх болсон. Хөдөө амьдрал хүнд, ядуу байна. Ер нь буурай хөгжилтэй орны ихэнх хүн ам нийслэлдээ төвлөрдөг, буурай орны гол шинж тэмдэг нь энэ л дээ.
-Одоо хотыг татвартай болгоё гэж их ярьж байна.
-Зөв шүү дээ, хязгаарлалт хэрэгтэй. Хийх ёстой. Москва хот татвартай, социализмын үеэсээ л ийм байсан, тэр чигээрээ. Энэ бол зөв.
“Улаанбаатарын сонин” 2014.12.08 №10 /098/