2014-11-27Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж зарим халаа сэлгээг хийлээ.
Эдгээр томилгооны эзэд хэн нь хэн бэ гэдэг асуултад тойм хариу бэлтгэлээ. Ямар ч байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ихээхэн хэл амтай, зарим талаараа “алдартай” хүмүүсийг хууль, хүчний байгууллагуудад сэлгэн томиллоо. Мөн Тагнуулын байгууллагыг өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо шиг ажиллуулж байсан гэх хатуу шүүмжлэлд өртөөд байсан Н.Ариунсанг Татварын даргаар томилсон нь шинэ Ерөнхий сайдад өөрийн гэсэн эрх мэдэл, бодол байна уу гэх асуултыг ч асуухад хүргэж байна.
Маш олон сонирхлын уулзвар Р.Чингисийг ЦЕГ-ын дарга болголоо
Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавыг албан тушаалаас нь чөлөөлж Р.Чингисийг томиллоо.
Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөнөөсөө хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, удалгүй Цагдаагийн академийн захирлаар ажиллаж байсан. Тэр мөн 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгсчээ.
Түүний аав ч соц үед Замын цагдаагийн газрын даргаар олон жил ажилласан цагдаагийн хурандаа Рэнцэндорж аж.
Бүр 2000 –аад оны дундаас хойш Цагдаагийн байгууллагад томоохон томилгоо хийх бүрт Р.Чингисийн нэр явж байдаг болсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилын хуурай дүү, түүгээрээ МСS-тэй холбоотой гэх нь бий.
-2012 оны 4 дүгээр сарын дундуур Ц.Нямдорж сайд түүнийг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилж байсан юм. Мөн “Ажнай” Бат-Эрдэнийн хүргэн гэлцэж байна. Түүнээс гадна Монголын нэр нөлөөтэй бизнесийн олон ч хүнийг түүнтэй холбоотой хэмээн бичиж байсан зүйлс тун олон ажээ.
Ямартай ч 2008 оноос эхлээд ЦЕГ-ын дарга болно гэж яригдсан Р.Чингис уг албан тушаалд очлоо. Харин түүнийг энэ албан тушаалд маш олон сонирхол нийлж байж хүргэлээ гэдэг үнэн худлыг харах цаг ирэх биз.
ЦЕГ-ын дарга асан Б.Билигт Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжинтэй таарч тохирохгүй тэмцэлдсэнээс ажлаасаа халагдсан.
Харин Х.Тэмүүжингийн цагдаагийн байгууллагад хийж байгаа гэх “шинэчлэл” энэ хүрээд зогсох уу гэдэг сонирхолтойг бас өгүүлэх хэрэгтэй байх.
Б.Билэгтгүй томилгоо алга
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Б.Билэгт томилогдсон. Б.Билэгт нь Монгол улсад ардчилал анх үүсэхээс эхлээд анхны 13-ын нэг хэмээгдэн МоАХ-нд зүтгэж явсан.
Тэрээр “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан.
2012 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад наймдугаар сард чөлөөлөгдсөн билээ.
Тэрбээр өнгөрсөн зун ажлаасаа халагдсанаасаа хойш шүүхээр явж, үндэслэлгүй халагдсан хэмээх тогтоол гаргуулаад байсан билээ. Тиймээс түүнийг энэ өдрийг хүртэл ЦЕГ-ын даргаар эргэн томилогдох нь гэлцэж байсан.
Б.Билэгтийн эдгээр томоохон албан тушаалд хүрч, хашиж байсан бүхэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогддог нь гайхалтай. Энэ удаа ч Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэгт түүнийг ажилтай болго гэсэн хэмээх яриа гарч байна. Ямартай ч Б.Билэгт ажилтай боллоо.
Б.Хурцыг томилсон нь бас л Элбэгээгийн нүүдэл гэнэ
Харин Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Ариунсанг албан үүргээс нь чөлөөлж Татварын ерөнхий газрын даргаар томиллоо. Түүний оронд ТЕГ-ын даргаар Б.Хурцыг томилохоор болжээ.
Б.Хурц нь АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Б.Хурцын хувьд Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын хэлтсийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан.
Мэргэжлийн тагнуул Б.Хурц бүр Н.Энхбаярын Засгийн газрын үед Францаас Энхбат агсаныг “хулгайлж” ирсэн гэдгээрээ алдаршсан.
Түүнийг хожим Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн дэргэд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга болоод Англид албан ажлаар очиход нь баривчлан хорьж дэлхий даяар шуугиулж байсан билээ.
Яг нэг жил хоригдсон түүнийг Элбэгээ өөрийн биеэр суллуулсан гэх нь бий. Тэгээд АТГ-ын дэд даргаар томилуулсан гэдэг.
Б.Хурцыг сүүлийн үед ихэд хөрөнгөжиж байгаа гэлцэх болсон. Тэрбээр ТЕГ болон бусад байгууллагад ч өөрийн гэсэн дайснуудтай нэгэн. Тагнуулын хурандаа Цогтбаатар хэмээгч түүнтэй тэрсэлдсэнээсээ болоод эдүгээ хоригдож байгаа.
Энэ удаа түүнийг ТЕГ-ын даргаар томилсон Засгийн газрын шийдвэр УИХ-ын эрхэнд шилжсэн тухай хуульчид ярьж байна.
Учир нь УИХ түүнийг АТГ-ын дэд даргын суудлаас буулгаж чөлөөлөөгүй байгаа билээ.
Тагнуулын даргаас буугаад татварын дарга
Шинэ томилогдсон хүмүүсээс хамгийн их шуугианд холбогдох болсон нь Б.Ариунсан.
Түүнийг ТЕГ-ын даргаар хэр дуулиан шуугиантай очиж байсныг олон хүн санаж байгаа. АН-ын “Алтангадас” фракцид харьяалагдах Б.Ариунсан Улсын нийгмийн халамжийн газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан нэгэн.
“Алтангадас”-ынх тэр дундаа Н.Алтанхуягийн хармааны хүн болохоор байнга албан тушаал авч ирсэн. Мөн Говь-Алтайд АН-аас сонгууль бүрд нэр дэвшээд ялагдаж ирсэн түүхтэй.
2008-2012 онд дэд сайдаар ажиллаж байхдаа шатахууны үнэ нэмсэн хэрэгт орж байсан. Түүнийг Н.Алтанхуяг эхлээд ТЕГ-ын дэд даргаар томилсон ч Үндсэн хуулийн Цэц дээр унаж байсан.
Тэгээд хэдэн сарын дараа бүр жинхэнэ даргаар нь томилж олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байсан. Б.Ариунсан нь ТЕГ-ын дарга болчихоод Солонгост казинодоод явж байсан дуулианы эзэн.
Мөн сүүлийн хэдэн сар түүнийг Монгол улсын ТЕГ-ын дарга гэхэд Н.Алтанхуяг гэдэг хүний хувийн мөрдөх товчооны дарга шиг ажиллаж байна гэсэн шүүмжлэл ч салсангүй дагалаа. Ийнхүү даргын суудлыг нөгөө даргын суудлаар сольж жаалдаг энэ мэтийн хүмүүс Монгол төрийн нэр хүндийг өргөж, эдийн засгийн хямралтай тэмцэхэд нь Ч.Сайханбилэгт тус болж чадах болов уу.
Эднээс гадна Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбааг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.
О.Хуяг
gereg.mn