2014-11-19“Мираж продакшн”-ыг үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхий менежер Н.Эрдэнэбаярыг “Бизнес, хөгжил”
булангийнхаа энэ удаагийн зочноор урьсан юм. Тэрээр энтертаймент бизнесийн талаар ийм яриа дэлгэлээ.
-“Мираж продакшн”-ыг хүмүүс нөгөө тоглолт зохион байгуулдаг компани гэж ярьдаг юм билээ. Ингэхэд танайх хэзээ байгуулагдсан юм бэ?
-Хүмүүст анх хүрсэн ажил нь тоглолт учраас ингэж ярьдаг болов уу. Манай продакшн Бээжингийн олимпийн дараахан буюу 2008 оны есдүгээр сарын сүүлчээр байгуулагдсан.
Бид тоглолтоос гадна реклам сурталчилгаа, маркетингийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хурим найр, байгууллагын баяр ёслол, цэнгүүнийг зохион байгуулдаг юм. Одоо бол байгууллагуудын шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах сезон эхэлчихлээ.
-Ийм төрлийн бизнес эрхлэх санаагаа анх хаанаас олсон юм бол?
-Манай хэдэн найзууд зарим нь зоогийн газрын бизнес эрхэлдэг байлаа. Одоо ч зоогийн газар ажиллуулж байгаа. Бид уулзахаараа заримдаа ажил төрлөө ярина шүү дээ. Зарим нэг зүйлийг нь ингэчихгүй яасан юм бэ, тэгвэл болох байсан юм биш үү гэж бие биетэйгээ санал хуваалцах үе зөндөө. Ингэж яваад л хамтраад ийм бизнес хийхээр болцгоосон. Анх олуулаа байлаа. Одоо цаг хугацааны шалгуур, сонирхол хоббигоороо 10-аад хүн л үлдэж дээ. Үнэндээ нэг их нүсэр бүтэц бас хэрэггүй л дээ, ийм төрлийн бизнест. Хамгийн гол нь ур чадвар чухал, тэгээд нэг баг болж ажиллах чадвар л амжилтад хүргэнэ.
-Энтертаймент бизнес гэдэг бол Монголын хувьд шинэ зүйл л дээ. Ийм бизнесийн онцлог нь юу байдаг юм бол?
-Хамгийн сайхан нь хүн баярлуулах юм. Хэцүү тал нь тэгж их сэтгэл нь хөөрч хөдөлсөн хүмүүс дараа нь гомдохдоо амархан байдаг. Тиймээс их хариуцлагатай ажил л даа. Зарим шөнө санаа зовсондоо нойр ч хүрдэггүй юм. Янз бүрийн характертэй янз үрийн хүмүүс, янз бүрийн байгууллагууд ийм үйлчилгээг үзүүлж байна. Хамгийн гол нь энэ үйлчилгээ маань эргээд асар том хариуцлага хүлээдэг гэдгийг хэн хэн нь санахад илүүдэхгүй болов уу. Нэг продакшн муу зүйл хийсэн байхад л дараа нь бусдынхаа нэр хүнд, ажил үйлст сөргөөр нөлөөлөх тал бий.
-Хурим найр, баяр ёслолын аливаа арга хэмжээ нэг хайрцагт орчихсон. Эхлээд дарга нар үг хэлдэг. Дараа нь нэг хүн дуулна. Тэгээд хоол ундаа хүртчихээд тойроод бүжиглэдэг?
-Ийм учраас л бид үйлчлүүлэгч байгууллагуудаасаа эхлээд судалгааг нь сайн авдаг. Дундаж нас нь хэд вэ. Хэдэн хувь нь эмэгтэй хүн бэ. Хүйсийн харьцааг нь харж байгаад зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрөө зохиодог. Сүүлийн үеийн үйлчлүүлэгчид ч гэсэн баригдмал хэв загвараас татгалздаг болсон. Бид ч үйлчилгээндээ аль болох шинэлэг зүйл оруулахыг хичээдэг.
-Танхимд 100 хүн уригдсан байлаа гэхэд тэд бүгдээрээ нэг зүйлд дуртай байхгүй. Товчхондоо 100 өөр хүсэл мөрөөдөл, 100 өөр таашаал мэдрэмжтэй шүү дээ. Тэгэхээр аль алийг нь уйдааж залхаагүй байх дозыг яаж барьдаг юм бэ?
-Танхимд байгаа бүх хүнд таалагдана, санаанд нь нийцнэ гэдэг хэцүү. Хэвшмэл, баригдмал арга хэмжээ хүнийг их залхааж ядраадаг. Үг нь ихдэхээрээ хурал болох гээд, хоол нь ихэдвэл гуанз болчих гээд, дуу хуур олширвол концерт болчих гээд зовлонтой. Гэтэл үйлчлүүлэгч өөрийгөө л баярлуулах гэж ирсэн шүү дээ. Үүний нэг жишээ нь сүүлийн үед хуримыг америк маягаар хийдэг болжээ. Өмнө нь хойморт нь хөшөө шиг хэдэн хүн суугаад, нэг хэсэг нь хүмүүс дуугүй дөмбийж суугаад нөгөө хэсэг нь уугаад л байдаг. Иймэрхүү байдалд цаг нөхцөөсөн, үүнийг яаж нэг дуусгаад явах уу гэсэн хандлага хүмүүсээс гарна шүү дээ. Ийм л зүйлийг бид өөрчилж, мэргэжлийн төвшинд зохион байгуулж ажилладаг. Уур амьсгалыг цаг алдалгүй мэдэрдэг болохоор манайхаар үйлчлүүлсэн байгууллага, хүмүүс эргээд бидэнд ханддаг. Тийм учраас “Мираж продакшн” энтертаймент бизнесийн зах зээлд багагүй хугацаанд оршин тогтнолоо.
-Хамгийн гол нь үйлчлүүлэгчээ татах зүйлтэй байж л зах зээлдээ удаан оршин тогтоно шүү дээ. Танай продакшны үйлчлүүлэгчдээ татдаг тэр зүйл чинь чухам юу вэ?
-Ямар ч хүн өөртөө л хайртай байдаг. Тиймээс тэр хүнд өөрт нь эргээд дурсамж болж үлдэх үйлчилгээг хүсдэг л дээ. Тухайлбал, алдартай дуучныг зурагтаар харах, дэргэдээс нь харах хоёрт онцын ялгаа байхгүй. Харин өөртөө нь хамтраад дуэт дуулбал түүнийг бүтэн жилийн турш буюу дараа жил нь он солигдоход хүртэл ярьж, сэтгэлийн цэнгэл эдэлдэг. Ийм үйлчилгээгээрээ манайх давуу. Мөн манайх цогц үйлчилгээтэй. Угтахаас эхлээд үдэх хүртэл үйлчлүүлэгчдээ анхаарал тавьдаг. Хүмүүс ууж идэхээсээ илүү зураг, бичлэг авч үлдэхийг хүсдэг. Бид тоног төхөөрөмж, техник технологи сайтай учраас ийм төрлийн үйлчилгээг тухайн арга хэмжээн дээр нь түргэн шуурхай үзүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, зураг хөрөг, бичлэгийг сүүлд, хэзээ хойно биш арга хэмжээ дуусахтай нь зэрэгцүүлээд флаш, дискэн дээр хуулж өгдөг.
-Эдийн засгийн хямрал болж санхүү хүндэрлээ л гэнэ. Тэгсэн хэр нь монголчууд баяр ёслол тэмдэглэхээс цааргалахгүй юм даа?
-Монголчууд баярлаж цэнгэх дуртай, наргианч, наадамч хүмүүс. Монголын нууц товчоонд хүртэл “Өвдөг газрыг өлцөртөл, хавирга газрын халцартал тойрон бүжиглэв” гэж бичсэн байдаг шүү дээ. Эдийн засгийн хүндрэл хүмүүсийн хэтэвч рүү өнгийгөөд эхэлсэн нь илт мэдрэгддэг. Наад зах нь аливаа арга хэмжээг зохион байгуулахад гарч байгаа төсөв нь хүртэл багасаад л явчихдаг. Энэ жил гэхэд зарим байгууллага “Шинэ жил тэмдэглэхгүй” гэж ярьж байна. Эдийн засаг хямарлаа ч ингэж болохгүй л дээ. Ажилчид нь үүнийг хэмнэлт гэж хүлээж авахаасаа илүү “Манай байгууллага дампуурч байгаа юм байна” гээд ойлгочихдог. Ийм байгууллагын уур амьсгал нь нэг л саарал болчихсон байдаг юм билээ. Ялангуяа, шинэ жил монголчуудын төдийгүй дэлхий даяараа хамгийн дуртай баяр нь. Өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, ирээдүйгээ төлөвлөдөг. Хоёр оны зааг дээр хэр ажилласнаа дүгнүүлж урам зориг авдаг. Шинэ жилийн үдэш л захирал, ажилтнууд хамгийн ойр дотно болж, алдаа оноогоо үнэн сэтгэлээ үнэлж дүгнэж чаддаг. Ийм учраас монголчууд шинэ жилд их хүндэтгэлтэй ханддаг. Ялангуяа, орос школтой хүмүүсийн хувьд хамгийн дуртай баяр нь шүү дээ.
-Шинэ жил хаяанд ирлээ. Танайх бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас ямар ялгаатай хөтөлбөрийг санал болгох вэ?
-Ажиглаад байхад энэ жил төсөвтэй холбоотой асуудлыг л үйлчлүүлэгчид маань их хөндөж байна. Эдийн засгийн хүндрэлийн үед баяр ёслолыг бага зардлаар тэмдэглэх нь ойлгомжтой. Гэтэл бас “амны бэлгээс ашдын бэлэг” гэж ганц баярынхаа өдрөөр “Амьдрал хүнд байна” гэж хямрал ярьж стресстмээргүй л байгаа шүү дээ. Ингээд цоглог, сайхан байцгаая гэтэл төсөв хүрэхгүйн зовлон бий. Энэ бүх асуудлын алтан дундажийг олж, бид зохицуулчихна. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага нэр хүндтэй одыг урих гэж зовохгүй бидэнд захиалгаа өгөхөд л хүсэл биелнэ гэсэн үг.
-Өндөр орлоготой үедээ тансаг зэрэглэлийн үйлчилгээ аваад сурчихсан хүмүүс сэхүүн, хямсгар зан суучихдаг байх. Харин одоо төсөв мөнгөнд нь тааруулаад үйлчилгээний зэрэглэл буураад ирэхэд тэднийг баярлуулах хэцүү болов уу?
-Харин ч үгүй. Магадгүй өмнө нь илүү том тавган дээр амттай хоол иддэг байсныг үгүйсгэхүй. Бид ийм хоол хийдэг хүмүүс биш. Ямар ч уран бүтээлч хөтөлбөрийнхөө дагуу эв, донжийг нь олоод бүтээлээ хүргэчихдэг. Тиймээс тухайн үйлчлүүлэгч өнгөрсөн жилийн шинэ жилээр би гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дууг сонссон. Харин энэ жил шинэ залуу, хүрээ нь бага дуучны дууг сонслоо гэж гомдоллодоггүй юм. Гэхдээ төсөв мөнгөнд нь тааруулаад эв, донжийг нь олсон үйлчилгээг хүргэнэ гэдэг тийм ч амархан бүтэх ажил бас биш шүү дээ. Одоо жил бүрээр хуримтлуулсан туршлага маань их хэрэг болж байгаа.
-Эдийн засгийн хүндрэлтэй үед байгууллагууд төсвөө хэмнэж баяр тэмдэглэхийг л хүсч байгаа. Одоо энэ үед яг хэдэн төгрөгөөр боломжийн баярлаж болох вэ?
-Манайх үйлчилгээний байгууллага учраас хэн юу хүснэ түүнийг л биелүүлнэ. Гэхдээ манай бүх хөтөлбөр дөрвөн цагт багтдаг. Үйлчилгээний хэлбэр л өөр болохоос биш нэг сая төгрөг ч төлсөн бай, 100 мянган төгрөг ч төлсөн бай дөрвөн цагийн л хөтөлбөртэй.
-Мэдээж бүх зүйл шулуун дардан байдаггүй. Ялангуяа бизнесийн замд бартаа саад зөндөө тулгарна. Туршлага гэдэг аймшигтай том алдааны нэг л байдаг. Энэ зүйлийг ингэж өөрчлөхгүй бол болохгүй нь. Ингэж байж л бизнес маань хөл дээрээ босох юм байна гэж ухаарал авсан үе нь хэзээ байсан бол?
-Ажлыг дадлагаар, ачааг татлагаар гэгчээр хамгийн гол нь бэлтгэл чухал. Үүнийг манай хамт олон бүгдээрээ сайн ойлгож, нэг командаар биелүүлдэг. Бэлтгэл муутай бол бид өөрсдөө сандарна шүү дээ. Ийм алдаа гаргахгүйн тулд эртнээс ажлаа төлөвлөдөг онцлогтой, манайхан. Харилцагч байгууллагууддаа ч “Аливаа зүйлийн цагийг нь тулгахгүй” байхыг зөвлөдөг.
-Монголчуудын сул талын нэг нь энэ яалт ч үгүй мөн л дөө. Цагийг нь тулгадаг муу зуршилтай. Шинэ жил болох нь ойлгомжтой. Баяраа тэмдэглэх нь тодорхой. Гэхдээ хаана, яаж гэдгээ мэддэггүй. Ингээд л долоо хоногийн өмнө Шинэ жилийн комисс гаргах жишээний л байдаг шүү дээ?
-Энэ нь дараа нь нөгөө комисст ажилласан хүмүүсээ шүүмжлэлийн бай болгочихдог. Комисст ажилласан хүмүүс маань нөгөө нэг баригдмал маягаараа хэвшмэл сэтгэдэг. Дарга нээж үг хэлнэ. Өвлийн өвгөн, цасан охин, тэгээд дуучин байвал болно доо гэх маягтай. Гэтэл цагийг нь тулгаж хэлэхээр нөгөө дуучин нь ирэх ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Ингээд л эцэст нь “Өнгөрсөн жилийн хэд олигтой дуучин ч авчраагүй. Аргаа барахдаа өөрсдөө ээлжлээд дуулсан. Дараа нь бид “халаад” тэднийгээ баясгасан” гэж ярьдаг. Ингэж баярлавал жирийн үед шоудсанаас ялгаагүй шүү дээ.
-Нэг иймэрхүү асуудал гардаг л даа. Аливаа нэг арга хэмжээнд оролцож байхад зөвшөөрөлгүйгээр зураг дарчихаад дараа нь “Та зургаа худалдаж аваач” гэж шалдаг. Гэтэл үйлчлүүлэгч маань аль хэдийнэ тохироод мөнгөө өгчихсөн байдаг. Иймэрхүү “нинжа” маягийн хулгайн үйлчилгээ аль алиндаа таагүй сэтгэгдэл төрүүлдэг?
-Бид иймэрхүү зохисгүй байдлын эсрэг тэмцдэг л дээ. Эхлээд тэднийг үйлчлүүлэгч маань анзаардаггүй. Манай хүмүүсийг л явж байна гээд буруу ойлгочихдог. Ингээд эцэст нь эвгүй байдал үүсэх жишээний. Гэхдээ үүн дээр хэдхэн зоогийн газар л нууцлал алдаад байдаг. Зурагчдад “Манайд тэдний өдөр тийм арга хэмжээтэй” гээд хэлчихдэг юм шиг байна билээ. Үүнээс гадна хүмүүсийн зураг, бичлэг алдагдах зэрэг зүй бус үйлдэл мэр сэр гарлаа гэж сонсогддог. Гэхдээ энэ нь манай продашкнд тохиолдож байгаагүй зүйл л дээ. Бид үүнээс урьдчилан сэргийлж, гэрээ хийдэг. Тиймээс ч арга хэмжээ дуусав уу, үгүй картаа зургийн аппартнаасаа гаргаад үйлчлүүлэгчийнхээ гарт шууд хүлээлгэн өгдөг юм. Энэ нь видео бичлэгт ч хамаатай. Харин үүнээс хойшхи хариуцлагыг үйлчлүүлэгч өөрөө хүлээх ёстой.
-Орчин үед тэрбумтан гэхээр л заавал алтны уурхайн эзэн эсвэл барилгын компанийн захирал байх шаардлагагүй болжээ. Энтертаймент бизнесээс ч мөнгө босгох боломжтой. Монголоос энэ чиглэлийн хүчирхэг компаниуд хөл дээрээ босч ирэх цаг хэзээ бол?
-Улс орны эдийн засаг сайжрахын хэрээр энтертаймент бизнес рүү орох санхүүжилт өсдөг. Монголд өнгөрсөн хэдэн жилд эдийн засаг өсөлттэй байсан учраас ийм үйлчилгээг сонирхож, авах хүмүүс олон байлаа. Бүр бидний ур чадварыг илүү сорихуйц санал хүсэлтийг хүртэл тавьдаг болсон. Энэ нь эргээд бидэнд гадаад хэлний мэдлэгээс эхлээд боловсрол, ур чадвараа сайжруулах шаардлага болж хувирч байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидэнд боломж бий. Гадаад зах зээлд нэвтрэх хаалга ч нээлттэй. Гагцхүү манай продакшнууд хэтэрхий жижиг байна. Том зах зээл дээр бүгдээрээ хамтарч, бүхэл бүтэн цул болж ажиллавал амжилтад хүрнэ. Шинэ төрлийн бизнесийн орон зайд нэвтрэхийн тулд залуучууд энэ чиглэлийн мэргэжлийг өндөр хөгжилтэй оронд эзэмших хэрэгтэй. Ингэж байж л мэргэжлийн төвшинд ажиллаж чадна.
Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин