2014-11-17Бизнесийн ертөнцөд Фордизм гэгдэх нэг ойлголт бий. Тэр нь хямд үнэтэй бүтээгдэхүүнийг олноор нь, алдагдал багатай
үйлдвэрлэхийн хамт ажилчдад өндөр цалин олгох явдал юм. 100 хүрэхгүй жилийн өмнө олон улсад, өнөө ч зарим газарт бүтэшгүй мөрөөдөл мэт сонсогдох энэ аргыг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн хүн бол Америкийн үйлдвэрлэгч, автомашины салбарын Загалмайлсан эцэг Хенри Форд (1863-1947).
Тэрбээр 1899 онд анхны машинаа туршиж, дөрвөн жилийн дараа “Форд Мотор” компаниа байгуулжээ. Харин тэр цагаас хойших түүний шинэлэг ажлууд, 1908 онд анх олны өмнө ил гарсан “Т.Модель” загварын суудлын тэрэг, автомашины эд анги угсрах үйлдвэрлэлийн шугам зэрэг нь зөвхөн түүний бус дэлхийн түүх болон үлдсэн юм.
Хенри Форд дэлхий нийтийг шидэт унаатай болгож, өмнө нь зөвхөн дээдсийн хэрэглээ гэгдэж байсан авто хөсгийг нийтийн тээврийн хэрэгсэл болгосон гавьяатан.
Нийгмийн бүхий л анги давхаргад хүмүүсийн хэрэглээ төстэй байж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хүртээмжтэй, чанартай, хямд болсон цагт л даян дэлхийд энхтайван тогтоно гэж тэрбээр үздэг байв. Дайныг эсэргүүцэх үзлийнхээ талаар болон өөрийн амжилт, ирээдүй хойчийн талаар яриа дэлгэсэн Фордын нэгэн ховор ярилцлагыг онцолж байна.
Уг ярилцлага-нийтлэл 1942 оны есдүгээр сарын 5-нд “Liberty” сэтгүүлд хэвлэгджээ. 79 настай байсан Фордтой зохиолч Дональд Вильгелм ярилцсан байна.
Эдлэн газарт нь очиход Вермонт нутгийн хүн шиг харагдах, эрүүл чийрэг биетэй, цэвэрхэн арьстай Хенри Форд намайг угтлаа. 80 шүргэж яваа гэхэд гар нь дунд эргэм насны хүнийх шиг харагдана. Айхтар нарийн ажил биш л бол ойрын харааны шил зүүдэггүй хэмээн бахархан ярих тэрбээр хэзээ ч их иддэггүй, амттанд дургүй, ширхэг янжуур ч татаж үзээгүйгээ хэллээ.
Ноён Форд спортоор ч хичээллэдэггүй юм байна. Гэхдээ гэрийнхээ ойролцоо дугуй унаж, эхнэртэйгээ үдшийн сэрүүнд алхах дуртай гэнэ.
Тэд хоёр биедээ ном, сонин уншиж өгдөг, нарлаг өдөр сүүдрэвчинд сууж, дугхийдэг, тэр нь сайхан амралт болоод зогсохгүй эмчилгээ болдог гэхчилэн Форд гуай ярьсан юм. Тэрбээр хэнтэй ч муудалцдаггүй, боломж гарвал л жаахан хүүхдүүдтэй бужигнах дуртай гэсэн.
“Хүүхэд, залуус л ирээдүй хойчийг маань авч явна шүү дээ” гэсэн түүний үгээр бидний ярилцлага эхэллээ. “Хүүхэд гэдэг хэчнээн цагаан амьтан гэж санана. Шударга, хэлэх гэснээ юу ч бодолгүй хэлнэ. Тэднийг хүмүүжүүлэх л хэрэгтэй. Хүүхдэд хар бор ажил зааж өгч байж л хүмүүжилтэй, боловсролтой болгоно доо.
Сурах эрмэлзэлгүй, ажил хийх хүсэлгүй болчихвол 20-той ч байна уу, 80-тай ч байна уу тэр хүнийг хөгшинд тооцож болно” хэмээн өнөө цагийн хамгийн баян хүн болох Хенри Форд ярилаа.
Түүнийхээр үйлдвэрлэл гэдэг хүн төрөлхтний аврал юм. Үйлдвэрлэлийн буянаар дэлхий нийт радио, кино, автомашин зэрэг олон гайхамшигтай “боловсрол олгогч”-той болжээ. Ноён Фордын хэлснээр машин гэдэг ердийн уналга, хөсөг биш. Харин түүхэн дэх өөр ямар ч эд зүйлтэй харьцуулшгүй их хүчээр хүмүүст нөлөө үзүүлж, өөр зэрэг зиндааныхныг ойртон нөхөрлүүлсэн ачтан.
Түүний хувьд мөнгө гэдэг онц чухал зүйл биш.
Тиймдээ ч өөрийгөө хэр хөрөнгөтэйг ч тэрбээр сайн мэддэггүй. “Хүмүүс мөнгийг хөрөнгө гэж андуурах нь бий. Зогсолтгүй ажиллах, ажлын амтыг мэдрэх нь л хөрөнгө юм. Харин мөнгөөр зөвхөн гэр орноо төвхнүүлж, аж ахуйгаа залгуулж, хоол хүнс л базааж болно” гэж ноёнтон ярилаа. Сул орж ирсэн юм уу, дэмий хадгалдаг мөнгө хэнд ч, хэзээ ч сайн юм авчирдаггүй гэдгийг тэрбээр сануулав.
Ноён Форд хөрөнгө мөнгөө арвижуулна гэж мөрөөдөж байсан удаагүй. Гэхдээ туйлын хүслээ биелүүлж, үйлдвэрлэлээ тасралтгүй явуулахад нь байнгын орлого хэрэгтэй тул шинийг санаачлан, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч иржээ. Тэрбээр автомашин зохион бүтээгээгүй. Харин хүн бүрт мэдрүүлбэл зохих үйлдвэрлэлийн ололт амжилтыг түмэнд хүртээж, бугуйн цагнаас эхлээд авто хөсгийг хүртэл тансаг “тоглоом”-оос нийтийн хэрэглээ болгож чадсан нь түүний бүтээл. Амжилтад хүрэхийн тулд тэрбээр нэг л “жор”-той байсаар ирж.
Тэр нь бүтээгдэхүүнээ үй олноор нь маш хямд үйлдвэрлэх, тэгж байж бүтээгдэхүүнээ хямд борлуулах, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмж ашиглан нэг удаадаа олон зуун ширхэг ижил эд анги үйлдвэрлэх, эцсийн дүндээ бүгдэд хүртээмжтэй, хэн ч худалдан авч болох чанартай, хямд бүтээгдэхүүн гаргах юм.
Автомашин зохион бүтээгээгүйнхээ адилаар ноён Форд үйлдвэрлэлийн ийм шат дамжлагыг ч анхлан санаачлаагүй. Гэхдээ яахын аргагүй анх удаа ажил хэрэг болгож, үйлдвэрлэлд угсралтын дамжлага гээч зүйлийг нэвтрүүлжээ. Өдгөө 79 наслаад байгаа гэхээр Хенри Форд өөрийнхөө эхлүүлсэн шинэ үйлдвэрлэлийн аргыг бусад олон салбарт нэвтэрч, үйлдвэрлэгчдийн төдийгүй худалдан авагчдын амьдрал нүднийх нь өмнө өөдлөн дэвжихийг харах хувьтай байж.
Тэрбээр хийж бүтээхээс гадна хөрс шороо сонирхон судалдаг, газар дэлхийтэй ойр байхыг эрхэмлэдэг. Үйлдвэрлэлийн тухай ярих зуураа дайны талаар дурдсан минь түүнд таалагдаагүй учир газар тариалангийн талаар ярьж эхлэхэд тэрбээр инээмсэглэн яриагаа үргэлжлүүлсэн юм.
“Бид энд шар буурцгийн шош тарьж байгаа. Алга дарамхан газар ч, ширхэг тариа, атга үр ч үнэ цэнэтэй юм шүү” гэж ноён Форд хэлэв. Тэрбээр төрсөн нутаг болох Мичиган мужийн Дирборн хотынхоо захад Гринфильд хэмээх эдлэн газартай. Эндээ эхнэртэйгээ тариа тарьж, залууст газрын үр шимийг таниулахаар ажилладаг гэнэ.
Мичиган мужийн хамгийн том хот болох Детройтод байх улсын нэртэй буяны байгууллагуудад Фордын сан болон “Форд Мотор” компани ширхэг доллар ч хялайлгадаггүй нь ноён Фордын энэ зантай холбоотой аж. Тэрбээр хандив, туслалцаа, тэр бүү хэл нийгмийн халамжийг хүртэл “хараал” гэж үздэг.
“Гараа хөдөлгөхгүй амьдарна гэж юу байх вэ. Залууст мөнгө тараахаар тэд яаж анжис барьж сурах юм. Яваандаа тэд хоолоо ч халбагадаж чадахаа болино. Хүмүүст тусалъя гэвэл ажилд сургах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнөөс би үйлдвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах болсон. Сохор, доголон, дүлий, хэлгүй, нэг гар, хөлгүй гээд олон хүн бидний дунд бий. Тэд маш сайн ажилладаг” гэж тэрбээр ярилаа.
Намайг дайны тухай дахин ярих гэтэл ноён Форд тэсгэл алдав. “Би дайныг үзэн яддаг. Сүүлд болсон дайн соёл иргэншлийг бараг хагас зуунаар ухраачихсан. Орчин цагт дайн дажин хэнд ч тусгүй. Хэдэн улстөрч л хөлждөг байх. Дайн самуун гэнэтхэн л үүд тогшиж, ар гэрээ тэжээх үүрэгтэй эрчүүдийг туугаад явдаг.
Тэгэхдээ ард үлдэх хүмүүсийнх нь амьдралыг хүртэл бусниулдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах ёстой хөрөнгө мөнгийг үгүй хийж, сүйдсэн хот сууринг сэргээх гэж иргэдийн халаасыг хоосолдог. Дайнд ямар сайн тал байна? Магадгүй сургамж, сэрэмжлүүлэг болдог нь л дайны ганц сайн тал байх. Харамсалтай нь хүн гэдэг амьтан хэзээ ч хашрахгүй юм” хэмээн тэрбээр нэг амьсгаагаар дуржигнууллаа.
Дайн дажин, үхэл, хагацлыг талаар ярьж байгаад “Үхлийн дараах амьдралд та итгэдэг үү? Бид эргэж ирдэг болов уу?” гэж намайг асуухад агуу үйлдвэрлэгч маань тэрхэн зуур гэнэн, итгэмтгий төрхтэй болж “Тэгвэл эхнэрээ л дахиад миний дэргэд ирээсэй гэж хүснэ дээ” гэв. Бид Гринфильдээс хөдөлж түүний хүү Эдсел тэргүүтэй зуу гаруй эрчүүд ажиллах “Форд Мотор” компанийн анхан шатны үйлдвэрлэлийн дамжлага дээр ирлээ.
Биднийг орохтой хамт тэнд байсан бүх хүн ноён Форд руу хандаж, зөвлөгөө, магтаал хүссэн, эсвэл юунд ч юм хариулт эрсэн аятай түүнийг хүндэтгэн харав. Үйлдвэрийнхээ дундуур алхахдаа тэрбээр бараг хүн бүртэй гар барин, заримтай нь “Яагаад болохгүй байна?”, “Өөр аргаар оролдоод үзээч”, “Бүтэхгүй байсан ч үзээд алдахад гэмгүй. Шинэ юм мэдэж авна” гэхчилэн зөвлөлдлөө.
Насны наран хэвийсэн энэ үед ч түүнд сурч мэднэ гэдэг эрхэм аж. Энэ нь түүний ирээдүйд итгэх итгэл, алсын хараатай холбоотой. “Дайны дараа хямрал болох нь зайлшгүй. Гэхдээ санхүүгийн хямрал түр зуурын л юм. Бид байгаль дэлхийгээ, хамгийн гол нь энэ хүртэл олж авсан үнэт бүхнээ хойч үедээ үлдээх нь чухал.
Түүний нэг нь үйлдвэрлэл. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон нь бидний ололт. Үйлдвэрлэл биднийг хөгжилд хөтөлнө гэж би 40 жилийн турш хэлж байна. Энэ үнэн болох нь батлагдсан. Хойшид ч үнэн байна” хэмээн Форд ярилаа. Үйлдвэрлэлийг шинжлэх ухааны салбарынхан дэмжих нь чухал гэнэ. Америк орон зохиогчийн эрхийн тал дээр дэлхийн хамгийн энэрэнгүй улс гэдгийг ч тэрбээр онцлов.
Дэлхийн I дайны дараа үйлдвэрлэлийн салбарт судалгаа хийх 200 орчим эрдэмтэн байсан бол 20 гаруйхан жилийн дотор энэ тоо 2000 давжээ. “Энэ маш сайн мэдээ” гэж хэлэхдээ тэрбээр инээмсэглэж байлаа.
Бараг хоёр цаг ярилцсаны эцэст Хенри Форд намайг “тоож” ажлын өрөөндөө оруулав. Өрөөнд дорнын маягийн аравч, тансаг хийцийн ширээ, шүүгээ байх ба гял цал болсон, бүжгийн танхимд илүү тохиромжтой болов уу гэмээр гэрлийн бүрхүүл өлгөжээ. Ноён Форд эргэн тойрны бүх юмаа цэвэр цэмцгэр байхад дуртай гэнэ. Гэхдээ энэ өрөөнд тогтож сууж чаддаггүй аж. “Мөнгө гэдэг өв хөрөнгө биш. Үнэхээр юу ч биш шүү. Ийм орчинд байхдаа хүртэл би малын саравчинд байхсан гэж боддог” гэж тэрбээр санаа алдан хэлэв ээ.
Г.Лхагвадулам
gereg.mn