2014-11-13-Эмчилгээний хоол элэгний өвчинд тустай-
Элэгний “С” вирусийн өвчлөлөөр манай улс Азид нэгдүгээрт ордог. Мөн Монголд жилд элэгний хорт хавдартай 2500 гаруй хүн илэрдэг. 2006 онд хийсэн судалгаагаар элэгний хорт хавдар Монгол хүний нас баралтын шалтгааны хоёрдугаарт жагсаж байна гэх мэтчилэн хэн хүний санааг зовоож, сэтгэлийг түгшээсэн олон тоо баримтыг бид сүүлийн хэдэн жил тун идэвхтэй сонсч байгаа.
Тиймээс энэ удаагийн сурвалжлагаа хүн амын дунд идэвхтэй тархаад буй “элэгний өвчлөл”-өөр бэлтгэн хүргэж байна. Ингэхдээ хий хоосон тоо дурьдаад өнгөрөх бус, хүмүүсийн амьдралд хэрэгжүүлж болох зөвлөгөө, мэдээлэлтэй, бодит үр дүнтэй зүйлийг эрэлхийлсэн юм.
Нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн эхний эгнээнд Баянзүрх дүүрэг жагсдаг. Тодруулбал тус дүүрэг нийслэлийн хүн амын 23 хувийг бүрдүүлдэг буюу ойролцоогоор 275500 хүн амьдардаг. Тиймээс бид тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийг зорьсон юм.
Жилийн дөрвөн улиралд байнга ачаалалтай ажилладаг тус эмнэлэг хүйтэн сэрүүний улиралд бүр ч их хүнтэй угтдаг. Хүүхдээ тэвэрсэн аав, ээж, хөгшнөө дагуулсан настайчууд гээд энд бүх насныхан ирж үзүүлдэг, тэр л хэвээрээ угтав. Сүүлийн жилүүдэд манай оронд төдийгүй дэлхий дахинд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж ирсэн.
Энэ жил уг аяныг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-тай хамтран “Элэгний хорт хавдраас сэргийлье” уриан дор зохион байгуулж байгаа аж. Тиймээс “Баянзүрх” нэгдсэн эмнэлгийн Насанд хүрэгчдийн өвчин судлалын төвийнхөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын төвтэй хамтран нэгэн шинэлэг үйл ажиллагааг явуулж байна. Тус эмнэлгийн Дотрын тасгийнхан элэгний өвчтэй хүмүүс, тэр дундаа элэгний хатуурал буюу циррозтой өвчтөнүүдийнхээ дунд эмчилгээний хоолны үр дүнг туршаад эхэлжээ. Энэ нь тун үр дүнтэй байгааг эмч нар болон тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс хэлж байна.
ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ
Тус эмнэлгийн Эмчилгээний хоол, үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч Н.Мягмар-Янжин “Манай тасаг тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 300-400 өвчтөний эмчилгээний хоолыг хариуцаж хийдэг. Эмчилгээний хоол нь эмийн эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Нөгөөтэйгүүр, Монголчуудын өмнө тулгамдаад байгаа нэг чухал асуудал нь элэгний хавдар. Элэг өвчлөх хамгийн том шалтгаан нь А, В, С, Д, Е гэсэн олон төрлийн вирусийн халдвараас үүдэлтэй.
Нөгөө талаар хоол болон зохисгүй хэрэглээтэй холбоотой. Тиймээс манай эмнэлэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран өнгөрсөн есдүгээр сараас эхлэн элэгний хатуурал өвчний үед хэрэглэх эмчилгээний хоол гэсэн сэдвээр судалгааны ажил явуулж байна. Уг судалгаанд Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 40 хүнийг хамруулж, өдрийн таван хоолоор үйлчилж байна. Энэ ажил маань үр дүн сайтай байна. Үйлчлүүлэгчид ч ам сайтай байгаа” гэсэн юм.
Эмчилгээний хоол турших болсон нэг шалтгаан нь манайхны хэнэггүй зантай холбоотой юм байна. Ялангуяа, элэгний өвчтэй хүмүүс эмнэлэгт хэвтэх хугацаандаа гэрийн эргэлт их авдаг. Хуурсан, хайрсан, шарсан хоол их иддэг. Энэ нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдгийг хэлж байсан. Тиймээс судалгаанд хамрагдсан хүмүүсээ хэвтэн эмчлүүлж байх хугацаанд нь гэрийн эргэлтийн хоол идүүлэхгүй, тухайн хүний өвчинд тохирсон дан эмчилгээний хоолоор өөрийгөө давхар эмчлэхийг сануулжээ.
Үйлчлүүлэгчид нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хоол үйлдвэрлэлийн тасгийн зүгээс тусгай жор гаргаж, эмчилгээний хоолыг “Эмнэлгийн хоол” гэж цааш түлхэлгүй яаж амтархан идэх вэ. Тухайн хоолны өнгө үнэр, амт зэргийг яаж сонирхолтой, шим тэжээлтэй болгох вэ гэдэг арга ухааныг боловсруулжээ. Энэ арга барил нь иргэдэд бас таалагдсан байна. Тэднээс сэтгэл ханамжийн судалгаа авахад “Биеийн жин хасагдсан”, “даралт ихсэхээ больсон” гэсэн сайхан мэдээг дуулгаж, эмч нараа баярлуулжээ.
Мөн эмчилгээний хоолныхоо орц найрлага, жорыг нь бичиж авдаг хүн олон болсон гэдгийг Хоолны тасгийнхан хэлж байв. Түүнчлэн судалгаанд хамрагдсан иргэдийг эмнэлгээс гарахад нь нарийвчилсан шинжилгээ авч, эмчилгээний үр дүнгээ судалж үзэхэд харьцангүй сайжирсан байсан гэдгийг эмч нар нь хэлж байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийг эмнэлгээс гарахад нь нарийвчилсан шинжилгээ авч, эмчилгээний үр дүнгээ судалж үзэхэд харьцангүй сайжирчээ.УУРАГ ЭЛЭГНИЙ ЭД ЭСИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Нэгэнт эмчилгээний хоол үйлдвэрлэдэг тасгийнхантай уулзсаных элэгний өвчинд тустай хоол хүнсийг бас сонирхов. Чихэр ихтэй бүтээгдэхүүн болох будаа, талх, боов, өөх тостой хүнсийг аль болох бага хэрэглээрэй гэж байна. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, өөх тос багатай үхрийн мах зэрэг аль болох уураг ихтэй хоол хүнсийг өргөн хэрэглэх нь чухал. Уураг нь элэгний эд эсийн нөхөн сэргээлтэд үлэмж ач холбогдолтой.
Мөн ногоон болон шар өнгөт хүнсний ногоо витамин, минералаар элбэг тул өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэвэл сайн. Ялангуяа хоол, архины зохисгүй хэрэглээнээс үүдэж, элэг өөхлөх нь элгэнд муу нөлөөтэй. Тиймээс элэгний өвчтэй хүмүүс архийг бүрмөсөн хориглох нь чухал гэсэн юм. Мөн “Баянзүрх” эмнэлгийн НХӨСТ-ийн Дотрын эмчээс элэгний өвчлөлийн талаар асууж сонирхсон юм.
НАС БАРАЛТЫН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЛЭГНИЙ ӨВЧИН ЭЗЭЛЖ БАЙНА
“Баянзүрх” эмнэлгийн НХӨСТ-ийн Дотрын эмч Б.Гаачин:
-Манай улсад 10 хүний нэг нь В вирусийн халдвартай. Хүн амын 15 хувь нь С вирустэй гэсэн судалгаа байдаг. Харин танай Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд өвчлөл ямар байна вэ?
-Манай эмнэлгийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнхийг элэгний өвчтэй хүмүүс эзэлдэг. Тэр дундаа элэгний архаг өвчтэй хүмүүст В, С вирусийн халдвартэй хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна. Нэг эмчид ойролцоогоор 20-30 өвчтөн ногддог. Үүний талаас илүү хувийг элэгний вирус нь идэвхжсэн, элэгний циррозтой, элэгний өвчин хүндэрсэн, сэдэрсэн, элэгний дутмагшилд орсон хүмүүс эзэлж байна. Манай эмнэлгийн статистик мэдээллээс үзэхэд 2010 оноос хойшхи нас баралтын дийлэнх хувийн нэгдүгээрт зүрх судасны өвчлөл эзэлдэг. Хоёрдугаарт, элэгний өвчлөл ордог.
-Монголчуудын хувьд ихэвчлэн ахимаг насныхан вирустэй байна уу?
-Эрүүл мэндийн байгууллагуудаас хийсэн судалгаагаар 18-25 насныханд В вирусийн халдвар илрэх нь элбэг. Харин 30-аас дээш насны эмэгтэйчүүд С вирусийн халдвараар өвдөх нь элбэг байна гэж тогтоосон судалгаа байдаг. Эмэгтэйчүүдийн дунд С вирусийн халдварын тархалт өндөр байгаа нь төрөх болон бусад мэс ажилбарууд хийлгэх, тухайлбал, чихээ цоолуулах, гоо сайхны мэс ажилбарт орох гэх мэт эрсдэлт хүчин зүйлд эмэгтэйчүүд илүү өртдөгтэй холбоотой гэж үзэж байгаа.
-С, В вирусгүй хэрнээ элэгний өвчтэй хүмүүс байдаг гэсэн. Яагаад тэр вэ?
-Элэгний бусад төрлийн өвчин байдаг. Тухайлбал, бодисын солилцооны хямралаас болж элэгний өвчтэй болж болно. Мөн элэг өөхөлж хямарна. Цөсөнд өөрчлөлт орсноор элэг өвдөх нь ч бий. Гэхдээ эдгээр нь ялгаагүй элэгний эсийн үйл ажиллагааг алдагдуулна. Элэгний вирус бие махбодид орчихсон л бол ханиадны вирустэй адил эм угаад дарагдана гэж байхгүй. Тэгэхээр элэгний вирусийн хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь байж байгаад тэр хүнийг элэгний хавдартай, эсвэл хатууралтай болгоно. Тиймээс вирус орсон тохиолдолд идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал. Биеийнхээ дархлааг сайжруулах, халдвар хамгааллын асуудалд анхаарал хандуулах нь чухал.
-Элгийг дүлий эрхтэн гэдэг шүү дээ. Ер нь С вирусийн идэвхжлийг яаж эмчилдэг юм бэ?
-Эмчилгээ хийж байна гэдэг нь вирусийн идэвхжилийг л дарж байна гэсэн үг. Тиймээс хувь хүн өөрөө өөртөө байнга анхаарал хандуулж, хоол ундаа зөв зохистой хэрэглэдэг байх хэрэгтэй. Элэгний С вирусийг орчин үед чимээгүй үхэл гэж нэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл, вирусийн халдвартай боллоо гэхэд элгэнд хүчтэй өвдөлт мэдрэгддэггүй. Энэ нь аюулд хүргэдэг. Гэхдээ эмчилгээ нь хувь хүндээ сайн зохивол вирусийн идэвхжил багасдаг.
-Элэгний вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой бол?
-Хамгийн түрүүнд цусны аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах ёстой. Нэг удаагийн зүү, тариур заавал хэрэглэ. Мөн ээж, аав нь хүүхдээ С вирусийн халдварт өртүүлэхгүй байхын тулд хумсны хутга, шүдний сойз, сахлын хутгаа тусдаа хэрэглэж занших нь чухал. Мэс ажилбараас С вирусийн халдвар авах нь ч бий. Гоо сайхны мэс ажилбаруудыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийлгэвэл С вирусийн халдвар авах магадлал өндөр. Тиймээс вирус авсны дараа биш, урьдчилан сэргийлэх нь чухал болоод байна.
Б.Энхтуул
Зууны мэдээ