2014-11-07Х.МОНГОЛХАТАН
Бид Монголд хар тамхины хэрэглээ хяналтаас гарчихаад байгаа талаар асуудал хөндсөн цуврал нийтлэлүүд бичиж байгаа билээ. Энэ удаагийн зочноор “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн, доктор, профессор Ш.Лхагвасүрэнг урьж ярилцлаа.
-Монголд хар тамхи хэрэглэгчид байгааг анх гаргаж ирсэн нь танай байгууллага. 15 жилийн хугацаанд ямар ажил хийж ирэв?
-Манай нийгэмлэг 15 жилийн хугацаанд 10 гаруй судалгаа хийжээ. 1999 онд анх хар тамхины хэрэглээ хэр байгааг мэдэхээр өсвөр үеийн 1000 хүүхдийн дунд судалгаа хийсэн юм. Тэр судалгааны явцад хар тамхи хэрэглэгч 45 хүүхэдтэй уулзаж байлаа.
Түүнээс хойш Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотод судалгаа хийхэд жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь харагддаг. Сүүлийн арван жилд хар тамхины хэрэглээ 10 дахин нэмэгдсэн. Өнөөдөр манайд 561 хэрэглэгч бүртгэлтэй байна. Үүний цаана судалгаанд хамрагдаагүй, далд хэрэглээтэй хэдэн ч хүн байж болно. Нэг хэрэглэгч цаанаа дөрвөн хүнийг хорт зуршилд оруулж байдаг гэж үздэг.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нэг ч хар тамхи хэрэглэгчийг улсаас эмчлээгүй. Харин манайхыг анх байгуулагдсан цагаас л хар тамхи хэрэглэдэг хүмүүс энэ хорт зуршлаасаа гармаар байна, туслаач гэж хандсан. Бид зан үйлийг өөрчлөх сургалтыг урт удаан хугацааны турш хийсний дүнд 10 хүнийг хорт зуршлаас нь ангижруулж чадлаа. Хар тамхины донтолтыг 1, 2, 3 дугаар шат гэж хуваадаг. Эхний шатанд яваа хүмүүсийг зан үйл өөрчлөх сургалтад хамруулснаар хар тамхинаас гаргаж болдог. Гэвч өмнө нь хэрэглэгч байсан, ял шийтгэл эдлээд гарч ирсэн хүмүүс орон гэргүй, ажилгүй, найз нөхөдгүй болчихдог учраас нийгмийн харилцаанд орж чаддаггүй. Энэ хүмүүсийг дэмжиж мэргэжил олгох, ажилд оруулах, гэр бүлд нь нийгэмшүүлэх зэрэг ажил маш чухал байна.
-Хар тамхинаас гарсан хүмүүстэйгээ холбоотой байдаг уу?
-Бид “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөлтэй хамтран хар тамхи тарьж хэрэглэдэг хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч, хор хөнөөлийг нь маш сайн ойлгуулдаг. Өнгөрсөн долдугаар сард манай сургалтад хүүхдээ дагуулсан хоёр хүн ирсэн. Тэд манай байгууллагын сургалтад сууж байхдаа танилцаж, хар тамхинаас гарч, гэр бүл болон үр хүүхэдтэй болсон юм билээ. Амьдралыг нь аварсан бидэнд баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Энэ бол манай байгууллагын хувьд том амжилт юм. Хар тамхинаас гарсан хүмүүстэйгээ бид байнга холбоотой байдаг. Тэд мөнгө төгрөгөө хэмнэж, ажил төрөлтэй, гэр бүлтэй болсондоо баяртай байдаг.
Мөн анхны судалгаагаар илэрсэн 45 хүүхдэд сургалт явуулаад 25-ыг нь хар тамхинаас гаргасан. Тэдгээр хүүхдэд донтолт үүсээгүй байсан учраас хурдан гарч чадсан. Бид жил бүр илтгэл, зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлахад хүүхдүүд хар тамхины хор хөнөөлийг мэдэхийн тулд холбоотой ном, товхимол уншиж, мэдээлэл авахаар ханддаг. Ийм маягаар бид 15 мянган өсвөр үеийнхэнд хүрч ажиллажээ.
-Та хар тамхи хэрэглэдэг хүмүүстэй хамгийн ойр ажилладаг. Эрүүл мэнд, амьдралаа алдаж байгааг харах хэцүү байх?
-Хамгийн эхэнд эрүүл мэндээрээ хохирно. Хар тамхи хэрэглэхэд нүдний хүүхэн хараа томорно, хамар салст гэмтэнэ, үнэрлэх шинж чанараа алдаж, сонсох эрхтэн муудаж, мэдрэхүй муудаж, ууртай, мартамхай болж сэтгэцэд нөлөөлдөг. Архи, тамхинаас 60 дахин хортой учир таван цул эрхтэн өвчилнө. Бөөр, түрүү булчирхайд нөлөөлж, үргүйдэл хүргэх, удмын санд нөлөөлж, тахир дутуу хүүхэд төрнө. Хар тамхинд донтсон хүний нас богиносч, ДОХ тусах өндөр магадлалтай байдаг.
Хар тамхи үнэтэй учир эдийн засгийн хувьд шууд ядууралд хүргэдэг. Хэрэглэгчид бусад хүмүүсийг уруу татна, мөнгө олохын тулд худлаа ярина, хулгай, дээрэм хийнэ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 133 хэрэгт 480 гаруй хүн холбогдсон нь энэ төрлийн гэмт хэрэг 4,6 дахин өссөн байгаа юм.
Монголд ургадаг ургамал жил бүр нэмэгдсээр байна. Хот руу орж ирэх боломж ч нээгдсэн. Байгалиас үнэгүй ургамал түүж хэрэглэх боломж их байгаа нь нийгмийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байна.
Гадаадад 61 хүн хар тамхины хэрэгт холбогдсоноос таван хүн цаазаар авахуулж, 2-3 хүн насаараа хорих ялтай, 18-аас дээш жилийн ялтай олон хүн байна. Энэ бол манай нөхцөлд маш өндөр үзүүлэлт. Энэ бүхнээс харахад монголчуудын хар тамхины хэрэглээ хяналтаа алдаж байна.
-Яг өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд хийсэн бодит судалгаа, тоо баримт байна уу?
-Монголд Үндэсний хэмжээнд хийсэн судалгаа байдаггүй юм. Хууль зүйн яамнаас 2011 онд Нямдаваа, “архины“ Баяраа нарын хийсэн судалгаагаар 16 мянган хүн хэрэглэж байна гэж гаргасан байдаг. Энэ судалгаанд мэргэжлийн байгууллагууд оролцоогүй, хар тамхи хэрэглэгчидтэй уулзаагүй болохоор бодит тоо биш. Гэхдээ хар тамхинд донтсон хэрэглэгч гэвэл дунджаар 2000 гаруй хүн бий. Харин сонирхож, дөнгөж хэрэглэж эхэлж байгаа хүмүүс гэвэл тоогоо алдсан. Үндэсний хэмжээний судалгаа хийхгүйгээр бодит тоог мэдэх боломжгүй.
Хамгийн сүүлд 2012 онд НЭМГ, ЭМЯ, ЭМДС, СЭМҮТ болон манай байгууллага хамтран хар тамхи хэрэглэгч 100 хүний дунд судалгаа явуулахад эдгээр хүмүүсийн ихэнх нь донтолтын эцсийн шатанд орсон байсан. 1999 онд зөвхөн татдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо тарьдаг, сордог, уудаг, үнэрлэдэг, хэлэн доороо тавьдаг гээд бүх хэрэглээ байгаагаас гадна бүх төрлийн хар тамхи орж иржээ. Нэг хүн найман төрлийн хар тамхи хэрэглэж үзсэн байсан. Хамгийн аюултай нь мөнгө л байвал хар тамхи олддог гэсэн хариултууд өгсөн нь хар тамхи оруулж ирдэг, худалддаг сүлжээ байгаа нь харагдаж байгаа юм.
-Нэг удаа сонирхож үзээд хар тамхинд орох тохиолдол байх уу. Хэдэн удаа хэрэглээд донтогч болдог бол?
-Донтох нь хүн бүрт харилцан адилгүй. Ганц удаа хэрэглээд сэтгэц, биед нь ямар хамаарал, өөрчлөлт өгөхийг мэдэхгүй шүү дээ. Ер нь давтамж их байвал донтой гэж үздэг. Нэг удаа хэрэглээд ухаан алдаж унадаг, татдаг болсон хүн бий. Бидний судалгаагаар 1000 хүүхдээс 465-д нь хэрэглэж үзэх санал ирсэн байдаг. Тиймээс хэрэглэгч хүн насан туршдаа зовдог хорт зүйлд татагдахгүй, санал ирсэн тохиолдол бүрт “Үгүй” гэж хэлдэг байгаарай гэж өсвөр насны хүүхдүүдэд зөвлөмөөр байна.
-Хар тамхийг баян чинээлэг хүмүүс хэрэглэдэг гэсэн ойлголт нийгэмд түгээмэл байна. Бодит байдалд дээр ямар байна вэ?
-10 жилийн өмнө баячуудын хүүхдүүд хэрэглэдэг нь харагдаж байсан. Өнөөдөр тийм биш болсон. Ангиараа хэрэглэж байсан тохиолдол хүртэл бий. Яагаад гэвэл манайд ургамал нь ургаж, түүнийг үнэгүй авч хэрэглэх боломж их. Хүүхдүүдэд мэдээллийн суваг их байгаатай холбогдуулан хэрэглээ нь өссөөр байна. Сүүлийн үед гадаадад сурч байгаад ирсэн хүүхдүүд их хэрэглэж байгаа нь ажиглагдсан.
-Одоо манайд хар тамхитай холбоотой ямар хууль үйлчилж байгаа юм бэ?
-1999 онд манай байгууллагыг байгуулагдаж байхад хар тамхитай холбоотой хууль байгаагүй. Харин 2002 онд “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль” гэсэн хуультай болсон. Энэ нь мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлэгдээгүй учир урьдчилан сэргийлэх болон ялын бодлогогүй, ганцхан эмийн хэрэглээ талаа барьсан өрөөсгөл хууль болсон. Энэ хуулиар хар тамхи биедээ авч яваа болон бусдад дамжуулсан хүнийг 250 төгрөгөөр торгоно. Ийм хууль үйлчилснээс байхгүй нь дээр шүү дээ.
Өнөөдөр Монголд 15 жил хар тамхины асуудлаар дагнан ажилласан мэргэжлийн байгууллага манайхаас өөр алга. Гэтэл манайхыг Хууль зүйн яам огт дэмждэггүй. Хар тамхины эсрэг хуулийн төсөл маань Хууль зүйн яаманд ирээд хоёр жил дарагдсан. Тэгснээ өнөөдөр болохоор бид шинэ хууль гаргана гэж ярьж сууна. Нэг ч төсөл хөтөлбөр өгдөггүй. Олон улсын өдөр болоход ч анхаардаггүй. Үндэсний хэмжээний чуулган хийе гээд ч тоодоггүй юм. Хууль зүйн яам ямар шалтгаанаар тусламж үзүүлдэггүйг би ойлгодоггүй юм. Хар тамхины дэлхийн өдрөөр онол практикийн бага хурлыг маань нээж үг хэлээч гэж хүсэлт тавихад Х.Тэмүүжин сайд чадахгүй гэсэн хариу өгсөн. Харин Эрүүл мэндийн дэд сайд ирж хурлыг нээж, үг хэлсэн. Бидний үйл ажиллагааг ганц дэмжиж, санхүүжилт өгдөг нь Эрүүл мэндийн яам. Зарим байгууллага хар тамхичидтай ажилладаг гэж гадуурхана шүү дээ.
-Бусад улс орны туршлагыг судалж үзсэн үү?
-Бид Хятад руу явж судалж үзлээ. Хятадад хар тамхитай тэмцдэг төрийн бус байгууллага байдаггүй юм байна. Өндөр эрсдэлтэй, аюултай зан үйл учраас төр нь өөрөө энэ асуудалд анхаарч ажилладаг. ОХУ-д төрийн бус ганц хоёр байгууллага ажилладаг. Тайландад бол хар тамхитай тэмцдэг үндэсний хорооныхоо дэргэд төрийн бус байгууллага нь ажилладаг юм байна. Тэнд хэрэглэгчидтэйгээ ажиллаад тэднийгээ нийгэмшүүлээд, эмчилгээ хийж, мэргэжил олгож, ажилтай болгодог юм билээ. Энэ хувилбар манайд хэрэгтэй санагдсан.
Монголчууд хар тамхинд живлээ гэж 15 жил ярьж, ажиллаж байхад тоодоггүй яам, төр засаг гэж юу байх вэ дээ. Би энэ хугацаад 300 гаруй удаа хар тамхины талаар телевизээр ярьсан байдаг шүү. Сайд, яам, тамгын газар, холбогдох байгууллагуудад байнга л албан бичиг явуулдаг. Х.Тэмүүжин сайдаас би нэг ч хариу авч үзээгүй. Хар тамхинд живсэн хойно татаж авах гэж ажиллах юм уу, эсвэл бүр тэр чигт нь живүүлж орхих гээд байгаа юм уу. Монгол үндэс угсааг устгах бодлого ч яваад байгаа юм шиг санагдах юм.
Одоо энэ сарын 18-нд “Глобаль сан”-ийн ДОХ, Сүрьеэгийн төслийн санхүүжилтээр Нээлттэй нийгмийн форум дээр шийдвэр гаргагчид болон оролцогч талууд оролцсон нөлөөллийн хурал хийнэ. Энэ хурлаар шинэ хуулийн талаар хэлэлцүүлэг явуулах юм. Яаралтай хуулиа гаргах шаардлага байна. Хуулиа гаргавал Засгийн газрын хөтөлбөр нь гарна, бодлого нь явагдана, Үндэсний хороо байгуулагдана.
-Ер нь таны бодлоор хар тамхичидтай яаж тэмцэх ёстой юм бэ. Тэднийг эмчлэх боломж байна уу?
-Хар тамхи хэрэглэгч хүнийг эмчлэхгүй байна гэдэг хүний эрхийг зөрчиж буй том асуудал. Эмчлэх мэргэжилтэнг бэлдэх хэрэгтэй байна. Одоо бол хордлого л тайлах эмчилгээ хийдэг. Манайд хандаад ирсэн хүмүүсийг өөрсдийн боломжоор зөвлөгөө тусламж үзүүлээд явуулдаг. Боломжийн амьдралтай хүмүүсийг гадагшаа явж эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Бие сэтгэцийн хамааралтай учраас хүнийг шууд хорьж болдоггүй. Сургалт хийгээд дөрвөн цаг суулгахад л хэд хэдэн хүн ухаан алдаж унадаг. Гэтэл мансуурсан хүн байна гээд эмнэлэг, эмч хүлээн авдаггүй. Донтой хүмүүсээ эмчлэхгүй бол улам ихэснэ. Нийгэмд маш их хор хөнөөлтэй. Энэ маягаараа тоохгүй орхивол хүмүүс гудамжаар ч явж чадахгүй болно. Хар тамхичид хяналтаа алдвал мансуурсан солиорсон хүмүүс юу ч хийж мэднэ. Амгалан сайхан монгол орон минь сүйдэх гээд байна шүү.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин