2014-11-05ЦАУЗБУК-ын Судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтан, Доктор Д.ХОРОЛДАМБА
d.horoldamba@yahoo.com
1937 оны үхэр жилийн намрын сүүл сард Сайн ноён хан аймгийн найман тамгатай хутагтын нэг, Монголын 13 тамгатай том хутагтын нэг, Эрдэнэ мэргэн ноён хутагтын сүүлчийн хувилгаан Б.Содномцэрэнг 19 хоногийн дотор 5 удаа мэдүүлэг авч, улс төрийн хилс хэрэгт мөрдөн байцаажээ. Мөн оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Онцгой Бүрэн эрхт Комиссын тавдугаар хурлын тогтоолоор хувьсгалын эсэргүү бүлэгт оролцсон, цуурхал тараасан гэх хэрэгт холбогдуулан Шүүх Цаазны Бичгийн 43, 47 дугаар зүйлээр буудан алахаар шийтгэж, оноосон ялыг гүйцэтгэжээ.
Тийнхүү XX зууны Монголын говь, тал нутагт бурхны шашин хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж асан эрдэмт хутагт, сүсэгтэн олондоо ач тусаа үзүүлж шүтэгдсэн ачит багш Б.Содномцэрэн Сталинизмын их хядлагад өртөн амь үрэгдсний дараахан түүний 25 настай хөвгүүн Чимидбазарыг Дотоод яамны “ногоон малгайтнууд” мөн л барьж аваачаад хилс хэрэг тулган байцаажээ.
Түүнийг Ноён Хутагтын хүү төдийгүй авралч, гүрэмч, хувьсгалд тэрсэлсэн хэмээн шоронд цагдан хорьж байгаад шүүхээс гадуур, хууль бусаар бий болгон Х.Чойбалсанаар удирдуулсан Онцгой Бүрэн Эрхт Комисс гэгчийн 1938 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор 10 жил хорих ялаар хилс шийтгэсэн байна.
Хэдэн жилийн турш шоронд хоригдон, нэр төр, бие сэтгэлээрээ хохирч хэлмэгдсэн Чимидбазарыг 1941 оны долдугаар сарын 23-нд ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 5 тоот магадлалаар цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн байна. Төрийн цагаатгалын зэрэгцээ түмний хүндлэл, дурсамж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэртэй билээ. Түүнийг хоригдож байхдаа төмөр замд оросуудтай хамт ажиллаж байсан, юм оёж сурсан сайн оёдолчин байсан. “Аавтай хамт шоронд хоригдсон хүмүүсийг цуваргаж аваачаад бууддаг байжээ. Харин Аав л нэг хүний хамт хоёулахнаа амьд үлдсэн. Ноён хутагтын аврал байсан байх аа” хэмээн түүний хүү, Монгол Улсын Ардын багш Ч.Насантогтох дурсдаг.
Одоогоос 101 жилийн тэртээ 1913 оны үхэр жил Монголын говь нутгийн нэгэн айлд Чимидбазар хэмээх хөвгүүн мэндэлсэн нь алс хэтдээ “амьд бурхан Амбаа” хэмээн олон түмэнд хүндлэгдэн ёстой л “далдыг мэддэг Далай ламтан” болно гэж хэн мэдэх аж. Халхын 13 тамгатай хутагтын нэг Эрдэнэ Бишрэлт мэргэн ноён хутагт Б.Содномцэрэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн егүүтгэгдэхийн өмнө нутгийнхандаа хандаж хэлэхдээ “жинхэнэ хувилгаан чинь манай энэ хүү юм шүү дээ. Надаас хойш манай энэнтэй уулзаж, юмаа асууж байгаарай” хэмээн хүү Чимидбазарыг зааж хэлсэн юм гэнэ лээ хэмээн Өвөрхангай нутгийнхан ярьдаг.
Ноён хутагт Б.Содномцэрэн 1937 оны арваннэгдүгээр сарын 1-нд Өвөрхангай аймгийн Дотоодыг Хамгаалах хэлтсийн мөрдөн байцаагч Гомбосүрэн, Мажиг нарт байцаагдаж байхдаа, “Өөрийн дансны ам хэн хэн, хэд хэчнээн, тэд нар хөрөнгө хогшилтой болох “ гэсэн асуултад дараахь хариултыг өгсөн байдаг. Түүнд: “Ам бүл 4. Эхнэр Насантогтох, хүүхэд Чимидбазар, Даваадорж нартай бид нар нэг хөрөнгөтэй” гэж мэдүүлсэн баримт ТЕГ-ын Тусгай архивт байна.
Чимидбазар абугай мөн л нутаг орондоо хүндлэн бишрэгдсэн, хүний зам мөрийг засаж, заяа төөргийг тэгшилдэг, эгэлгүй ид шидтэй, зөн билэгтэн, гэгээн чанарын хүн байв. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт 1982 онд насанөөд болтлоо амьдарч байсан бөгөөд нутгийнхан түүнийг “Амбаа” хэмээн нэрий нь хэлэхээс цээрлэн авгайлж, гайхамшигт зөн билэг, ид шид, ач тусыг нь одоо болтол бахархан дурссаар байдаг билээ. Тухайлбал, Хайрхандулаан сумын уугуул Чойваанчигийн Дамдинсүрэн дурсахдаа:
“1967 оны хавар аав минь муудаж тамир тэнхээ ч үгүй болов. Би аавыгаа нэг өдөр түшээд сууж байлаа. Гэтэл үдээс хойш гаднаас Амбаа нутгийн бас нэг номтой лам Жанцандорж гуайтай ороод ирлээ. Жанцандорж гуай хэлж байна: “Намайг Амбаа яаруулаад, нөгөө өвгөн (Хан Хөгшний хүрээний умзад лам явсан Ш.Чойваанчиг гэлэнг хэлжээ) чинь явах нь, одоохон очихгүй бол болохоо байлаа” гээд сандаргаад яаран ирлээ” гэж байсан юм. Аав ч нар хананаас мултрах нуу (гэрт туссан нараар цагийг баримжаалжээ) гэж надаас асуугаад байлаа. Ингээд аав минь сүүлийн тамираа шавхан байж ирсэн хоёр өвгөнтэй хамт гурвуулаа нэг ном уншиж гүйцээд, нээрээ л нар хананы толгойгоос мултрахад (үдээс хойш) бие нь сулраад, нас барсан юм” гэж ярьдаг билээ.
Тийнхүү хоорондоо дотно сайн холбоотой, номтой гурван буурал нэгийгээ ертөнцийн мөнх бусыг үзүүлэхийг зөн билгээрээ урьдчилан мэдээд амжиж уулзаж, хойд насандаа эргэн уулзах ерөөл тавьсан ажээ. Хамтарч уншсан энэ номны учрыг аавд “гурван өвгөн эргэж учрахын барилдлага, ерөөл тавьлаа” гэж ээж нь тайлбарлаж хэлжээ.
Үүний маргааш “Амбаа дээрээ очиж хаана оршуулахыг асуугаад ир” гэсэн ээжийнхээ даалгавраар миний аав Дамдинсүрэн Амбаагийнд очиход “Чамд бүгээн зүсмийн нэг морь байна. Тэр чинь газрыг нь зааж өгнө. Газарт явах замд чинь халуун хошуутай мал дайралдна. Түүнийг барьж аваад зүүн чихэнд нь амийг чинь дархаллаа, хишиг буянаа хайрла гэж хэлээд энэ шар тос аманд нь хийгээд явуулаарай” гэхчилэн хэлжээ.
Аав “Судар ном ч үзэхгүй, зоос ч гүйлгэлгүй шууд л үлгэр шиг юм хэлэхээр юу ч мэдэхгүй залуу гайхалгүй яахав. Дэмий ч ирэв үү дээ. Жанцандорж гуайдаа л очдог байж” гэж бодож суутал Амбаа ”хүүминь тэгж болдоггүй юм. Би чам шиг залуу явсан” хэмээн бодлыг нь “уншиж” хэлсэн гэдэг.
Амбаа өвөөгийн хэлсэн ёсоор аав нь эцгийнхээ шарилыг оршуулах газар гуйхаар Тойн ламын мухар гэдэг газар луу 20 гаруй хүний хамт морь унаад явжээ. Энэ тухай аав цааш нь: “Үүрийн харанхуйгаар Ширүүн богочийн хөтөл дээгүүр дөнгөж өнгийтөл хар нүдэн зүсмийн ганцхан эр хонь гараад ирлээ. Тэр дор нь Амбаагийн хэлснээр хавар цагийн муу эр хонийг морин дээрээс дор нь шүүрч бариад авлаа. Гэхдээ тэрхэн зуур, энэ Ширүүн богочийг чөтгөртэй гэдэг. Энэ чинь арай нөгөө чөтгөр нь биш байгаа, чөтгөр бол хошуу нь хүйтэн байдаг юм гэсэн гэж бодоод амруу нь хуруугаа хийж үзтэл халуун байдаг юм байна. Тэгээд Амбаагийн хэлснээр түүний өгсөн шар тосыг аманд нь хийгээд хэлснээр нь хийсэн юм. Ингээд газар дээрээ ирж, яг тавих газраа сонгох гээд улсууд хэд хэдэн овоо тавиад байлаа. Би хайртай шарга морио хэд хазуулах гээд хазаарыг нь амгайвчлан хөтлөөд явж байтал морь зулгараад шээлээ шүү. Тэгээд л заа Амбаагийн хэлсэн газар мөн байна. Наана чинь овоогоо тавья гэцгээгээд цугларлаа. Гэтэл яг морь шээсэн газрын дээхэн цагаан шар өнгийн дөрвөлжиндүү дэрний чулуу нь байж байна. Доохно нь хөлийг нь өшиглүүлж тавих хэдэн дэрстэй. Хоорондоо хонхордуу газар юм. Ингэж л Амбаагийн хэлсэн бүхэн яг үнэн болсон юм” гэж дурсдаг.
Гэхдээ аав хожим болтол үүрийн харанхуйд ганц хонь явна гэдэг ямар учиртай юм бол, чөтгөр нь л байсан байх гэж дахин эргэлзээд тэр хавийнхныг тандаж үзэхэд Батжанцангийнх гэдэг айл хаваржиж байсан бөгөөд тэдний хар нүдэн зүсмийн хонь яагаад ч юм ганцаархнаа тэгж тааралдсан болохыг мэдээд сая үнэмшсэн гэдэг.
Амбаагийн талаар сонин сайхан дурсамж өгүүлдэг нутгийн бас нэг хүн бол Хайрхандулаан сумын уугуул, миний ээж Бат-Өлзийн Мягмар билээ. Ээж 20 гаруйхан настайдаа Амбаад үе, үе бараалхан, уулздаг байснаа өгүүлдэг. Ээж Төв аймагт суралцаж байсан аав Дамдинсүрэнгийн талаар ”Амбаа, манай нөхөр ямар явна? Та хэлж өгөөч гэхэд Амбаа “танай хүн зодолдоод л явж байна. Зүгээрээ, айх аюулгүй сайн явна” гэдэг, тэр нь үнэн л байдаг байжээ. Бас нэг удаа, “Амбаа! манайх хэдэн хүүхэдтэй болох бол? гэж асуухад Амбаа хариу айлдахдаа “Танайх 10 хүүхэдтэй болно” гэж хэлсэн. Нээрээ л үнэн хэлсэн дээ” гэж ярьдаг юм.
Амбаагийн тухай энэ мэтийн сонирхолтой дурсамжийг Г.Ринчингүндээ, Т.Түмэнжаргал, Б.Сономдорж, В.Лхамсүрэн, С.Ганбаатар, С.Мөнгөнморь, Ц.Юнгэргиймаа зэрэг олон хүн бахархан ярьсаар байдаг билээ.
1968 оны намар манайхтай Амбаагийнх Хайрхандулаан сумын төвийн дээхэн саахалт намаржиж байлаа. Нэг өдөр Амбаа хөгшин Цэгмидийн хамт манайд будаатай цай ууж, энгүүн хөөрөлдөж байснаа гэнэтхэн “Баяр, баяр, баяр ирлээ” гэж дуу алдан өндөлзсөн гэдэг.
Хөгшин нь “За, за! манай энэ ингээд хэлэх, хэлэхгүй юм яриад байдаг юм шүү” гэж байтал гаднаас Амбаагийн баз хүргэний охин Мягмар гэдэг жаахан охин баярын цахилгаан барьсаар ороод иржээ. Үзтэл танай хүү Дамдиншарав олимпод сайн барилдаж хүрэл медаль авлаа” гэсэн цахилгаан байж.
Чимидбазар абугайн том хүү Ч.Дамдиншарав хүн төрөлхтний олимпийн бөхийн дансанд Монгол бөхийн алдрыг хамгийн анх оруулсан бол түүнээс хойш яг 40 жилийн дараа 2008 оны Бээжингийн олимпийн дэвжээнээс удаахь хүү Ч.Насантогтох нь бөхөд хайртай монголчуудын олон жилийн турш хүсэн хүлээсэн олимпийн анхны аваргыг төрүүлж, мөнхөд дуурсагдах алдар гавьяаны эзэд болсныг олон түмэн мэдэх билээ.
Ах дүү гавьяатууд, ах дүү Ардын багш нар. Юутай их бахархал, ямар их хувь заяа вэ?
Тийнхүү 1968 оны Мехикогийн олимпоос Монголын олимпийн түүхэн дэх анхны медалийг хүүЧ.Дамдиншарав нь эх орондоо авчирсан тухай баярт мэдээг хөдөө нутгийнхан Чойваанчигийн Дамдинсүрэнгийнд цай ууж суухдаа сонсож, энэ баярыг Амбаа урьдчилж мэдээд бөөн баяр хөөр болжээ. Монголын олимпийн түүхэн дэх анхны медалийг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хэдэн хүүхэд, хөгшид будаатай цай ууж тэмдэглэсэн түүхтэй.
Амбааг зорин очиж, хэрэг зоригоо даатгах, юм асууж мэдэх гэсэн хол, ойрын хүний хөл тасардаггүй. Тэдний дотор Улаанбатар хотоос улсын цолтой томоохон бөхчүүд, дарга сайд нар ч их очиж, ажил,үйлсээ даатгадаг байсан тухай нутгийн ард олон болон түүний хүү, Ардын багш Ч.Насантогтох нар дурсан өгүүлдэг.
Амбаагийн ер бусын зөн билэг, ид шидийг нотлох бас нэг сонирхолтой баримт дурдахад “Манай нутагт ээрүү Аюур гуай гэж хүн байсан юм. Тэр хүн нэг намар Амбаагийн аргалыг аваачаад түлчихэж. Гэтэл суганд нь нь битүү юм гараад хэд хоног нойргүй хонож, арга буюу Амбаа дээр л очиж дээ. Гэтэл Амбаа: ”Ядарсан улсын аргал түлшийг битгий авч байгаарай” гэхэд Аюур гуай ээрэн “жа-аа, за-аа” хэмээн ээрэн мөргөөд, тэр даруй зүгээр болсон ажээ.
Тус нутгийн Б.Сономдоржийн нэг хүүхэд хар нялхаараа энджээ. Төдөлгүй гэргий нь дахин бие давхар болсон үед нэг гүү нь унагалжээ. Гэтэл мөнөөх унага нүдгүй байж. Гайхсан эр Амбаад учрыг дуулгаж, аврал гуйжээ. Гэтэл гэргийнх нь хэвлийд олдсон хүүхдийн гэм согогыг хайртай гүүнд нь шилжүүлж, барцадыг нь зайлуулсан ажээ. Харин “Нүдгүй унагыг үхэхээр нь буруу харсан эргэнд дарж, булаад, төрөх хүүхэддээ Мөнгөнморь гэж нэр өгөөрэй!” гэж айлдсан ёсоор гүйцэтгэжээ.
Амбаагаас олон ч айл өрх хүүхэддээ нэр авсан гэдэг бөгөөд бөхийн спортын дэлхийн аварга Бундмаагаас эхлээд эх орон, тив дэлхийд танигдсан цөөнгүй алдартан бий.
Нутгийн ард олны дунд ам дамжин ярьсаар байгаа эдгээр дурсамж, яриа бол Эрдэнэ бишрэлт мэргэн ноён хутагтын хүү Чимидбазарын зөн билиг, ид шид, тэнгэр, бурханаас заяасан гайхамшигт авьяас чадлыг ямар нэг хэмжээгээр илэрхийлж байгаа юм.
Амбаа өвгөний хүү спортын мастер, багш Ч.Батдорж гуайг Өвөрхангай, Баянхонгор аймгийн ойр хавийн сумдын ард олон “Баавай” хэмээн авгайлж хүндлэн шүтэж, засал хийлгэж, ном уншуулдаг байлаа. Үүнийг миний бие сайн мэдэх билээ. Түүний бага дүү Ч.Гэндэнжав Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд амьдарч, хүү Г.Ганзориг нь бөхийн спортын мастер болж, аймгийн начин цолтой барилдаж байна.
Хүмүний амьдралд ховорхон тохиох зөн билэг, ид шид, аврал ачлал Халх Монголын хээр тал нутагт XIX-XXI зуунд амьдарч байсан Эрдэнэ Бишрэлт Мэргэн ноён хутагт Б.Содномцэрэн, түүний хүү Амбаа хэмээх Р.Чимидбазар, түүний хүү Баавай хэмээх Ч.Батдорж нарт гурван үе дамжин заяасан ньүнэхээр гайхамшигтай хувь тохиол мөн.
“Эрдэнэ мэргэн ноён хутагт” овгийн өвөр хоорондоо ихэр юм шиг ах дүү дөрвөн хөвгүүний дотроос Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан олон сайхан бөхөд багшлан Олимпийн анхны аварга бөхийг төрүүлсэн багш, алдарт дасгалжуулагч, Монгол Улсын Ардын багш, Хөдөлмөрийн баатар ах дүү Дамдиншарав, Насантогтох нар Эрдэнэ Бишрэлтмэргэн ноён хутагтын хүү Чимидбазар гэгээнтний үрсюм.
Тэд Монгол хөвгүүдийг бөх болгож, бөх заяатай Монголын алдрыг дэлхий дахинд цуурайтуулсаар байна. Тиймээс Эрдэнэ мэргэн ноён хутагт, түүний хүү Амбаа хэмээх Чимидбазар нарын эгэлгүй монгол хүмүний алдар мөнх ажгуу.