2014-10-27Та өглөө инээсэн үү. Нэг ч төгрөг нэхдэггүй танд байдаг үнэт баялгийн нэг нь инээд шүү дээ. Бас хэн нэгний ажлын гол
зорилго нь хотын иргэн таныг инээлгэх. Хотын гудамжинд зөрөөд өнгөрсөн хүн бүр нь инээмсэглэдэг байвал ямар вэ. Нэг их аз жаргалдаа ханасандаа ч биш, сайхан хотод амьдарч буйдаа бахадсан амьдралын дүр төрх гэж болох юм. Энэ түүний бас хүсэл нь. Энэ удаад хотын дарга нарын нэгээс “Амьдралын тойрог” булангаа бэлдлээ. Хүний үнэт мэдрэмжүүдийг сэрээхийн төлөө ажилладаг Л.Амарзаяа даргыг сонгосон юм. Тэрээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын гурван орлогчийн нэг нь юм.
Хотын захиргааныхан өглөөний 08:00 цагтай уралдан шилэн хаалгаар гүйлдэн орно. Бараг 10 хүний зайтай жижигхэн цахилгаан шатанд багтаж ядан ажлын давхар руугаа өгсөх нь хотынхны нэгэн өглөөний дүр төрхийн нэг хэсэг. Албан ёсны ажлаас гадна бусад дүүргийнхний хурал ном өдөр бүр л болдог бололтой. Энэ өдрийн хурал нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаных. 14 хоногт нэг удаа уулзацгааж өмнө нь төлөвлөсөн ажлынхаа биелэлт, дараа хийх зүйлээ товлон ярилцдаг энэ хуралд Л.Амарзаяа дарга оролцов. Баасан гаригийн түүний ажил ингэж эхэллээ. Нийслэлчүүдийн өдөр бүрийн амьдралд тохиолддог цахилгаан дулаан, зам, гэрэлтүүлгээс гадна намрын мод тарьсан ажил, нийслэлийн 375 жилийн ойг угтсан их цэвэрлэгээ, хямдралтай худалдаа гээд ерөнхийдөө ойтой холбоотой ажил ярьцгаагаад хурал дуусав.
Тэндээс дүүргийнхээ байр руу явлаа. Дүүргийн орлогч дарга Киагийн суудлын жижиг тэрэг унадаг юм билээ. Гэхдээ бид унадаг машин, ууж иддэг, өмсөж зүүдгийг нь сонжоогүй. Харин нийслэлийн нэг дүүргийн өнгө үзэмжид юу нэмэрлэж буйг нь олж илрүүлэхийг хичээлээ. Хотын төв хэсэг Сүхбаатар дүүрэгт харъяалагддаг болохоор нийслэлийн өнгө ч энэ дүүргээс ихэд шалтгаалдаг юм. Мөн нийслэлийн ой нөгөөдөр болох учир хийсэн ажил төрлийг нь олонд мэдээлэх зорилгоор иргэдэд хамгийн ойр тохижилт үйлчилгээ, дэд бүтцийн салбарыг хариуцдаг орлогч даргыг сонгосон нь энэ юм.
Сүхбаатар дүүргийн захиргаанынхан Сэлбэ голын дэргэд Америкийн Элчингийн урд 10 давхар шинэхэн байранд оржээ. Нүүж очоод сар ч болоогүй гэнэ. Дүүргийн үйлчилгээний зарим газрууд тэнд төвлөрчээ. Яг үүдэнд нь газар шорооны ажил ид өрнөж байна. Энд номын сан баригдаж буй. Долоон жилийн өмнө шийдсэн Кувейтийн сангийн хөрөнгө болон улсын төсвийн хөрөнгөөр байгуулж буй номын сан болох юм. Хамгийн олон их, дээд сургууль, томоохон номын сантай оюунлаг дүүрэг бас нэгэн шинэ номын сантай болох гэж буйгаар Л.Амарзаяа дарга бахдаж байлаа. Энэ утгаараа бас оюунлаг, гэгээлэг талаас нь асуудлыг хардаг хүмүүс энэ дүүргийнх гэсэн шүү.
Энэ өдөр оюунлаг дүүрэг бас нэгэн оюуны өргөөтэй боллоо. Энэ нь номын худалдааны төв юм. Сэлбэ гол, арслантай гүүрний ард ил задгай ном зардаг байсныг болиулж номын худалдааны төв барьжээ. Энэ байрыг номын худалдаачдад хүлээлгэн өгөх ёслолд хотын Засаг дарга Э.Бат-Үүл оролцов. Л.Амарзаяа дарга мөн тэнд очиж тууз хайчиллаа.
Орлогч даргын ажлын өрөөнд цаасан наамал, каллиграф, заан, чулуу гээд цуглуулсан, бэлэглэсэн зүйл нэлээд байна. Шинэ байрандаа нүүж очсоноос хойш арай өөр байдлаар өрөөгөө гоёж буй нь энэ гэнэ. Үндэсний онцлог илүү илтгэсэн гэх үү дээ. Түүний ширээн дээр байх “Нэг Ардчилал” клубын аягыг хараад Ардчилсан намынх, тус намын хэсэг залуусын үзэл бодлоороо нийлдэг “Нэг Ардчилал” клубынх гэдгийг төвөгггүй мэдлээ. Л.Амарзаяа дарга улс төрийн гал тогоонд ороод 10 гаруй жил болж буй, 2012 оноос хойш энэ албыг хашиж буй. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Өмгөөлөгчөөр нэг хэсэг ажиллаж байгаад банкны салбарт хууль зүйн зөвлөгөө өгдөг ажил эрхэлж, дараа нь дүүрэгт иржээ.
Л.Амарзаяа дарга фото зураг авах сонирхолтой юм билээ. Түүний аав, ээж Архангайнх, өөрөө Дарханд төрж, өссөн бөгөөд ажил амьдралаа нийслэлд зориулж буй нэгэн юм. Хувийн бизнестэй, гэр бүлийн хүн нь зүрх судасны их эмчээр ажилладаг. Тэднийх нэг хүүтэй.
Ажлын зав чөлөө нь бага тул хот, дүүргийн болон хувь хүнийх нь үзэл бодлын талаар хэсэг ярилцлаа. Хотын асуудал дуусах биш. Бид хогноос эхлээд муур нохой хүртэл ярих болов.
-Иргэд ямар санал бодолтой таны өрөөний хаалгыг тогшдог вэ?
-Би гадна талын тохижилт, дэд бүтцээ хариуцдаг учир энэ тухай ярина. Иргэдийн алхам тутамд тулгардаг хогийн асуудал. Болж байгаа болон болохгүй асуудлаар ирдэг. Зам, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт. Мэдээж хүний амьдралын асуудал мундахгүй. Газар төлөвлөлт, маргаан их ярьж ирнэ.
-Газар чөлөөлнө гэж жижигхэн дайн болдог байх. Жишээ нь танай дүүрэгт харъяалагддаг 100 айлын газрыг чөлөөлөх гэж?
-Манай энд 100 айл, Ногоон нуур орчимд дахин төлөвлөлтийн ажил явж байна. 9,11 дүгээр хорооны дахин төлөвлөлт дээр гурван компани ажиллаж байгаа. Асуудал газрын үнэлгээнд бий. Авах гэж байгаа нь хэт доогуур, өгөх гэж байгаа нь хэт өндөр үнэлж, хоорондоо тохирохгүй зүйл байна. Ер нь газраа чөлөөлж өгсөн эхний айлууд байрандаа орсон учир газраасаа хөдлөхгүй байсан хүнд итгэл төрж эхэлсэн. Үүнээс гадна дуртай газраа очиж буудаг айлууд бий. Заримыг нь хүчээр нүүлгэхээс өөр аргагүйд хүрнэ.
-100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг хэзээ нүүлгэх вэ?
-Нүүнэ гэдгийг яриад удсан ч шийдэл нь нэг тийш болоогүй. Налайх руу нүүлгэнэ гэж нэг хэсэг ярьж хүлээлт бий болсон. Налайх руу бүгд нүүх боломжгүй. Өдөр тутамд хэрэг болдог жижиглэнгийн худалдааг Налайх руу нүүлгэх боломжгүй. Гэхдээ тэнд томоохон худалдаа эрхэлдэг төвийг байгуулъя гэж байгаа. 100 айлын асуудал ойрын хоёр жилдээ нэг талдаа гарна. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хотын даргын захирамж бий. Тэр захирамжаар дүүрэг дээр ажлын хэсэг ажилладаг. Энэ хүрээнд 100 айлд байдаг, түгжрэл үүсэхэд нөлөөлдөг том оврын аюултай бараа бүтээгдэхүүнийг 100 айлд худалдан борлуулахыг хориглох шийдвэр гарч буй. Хөөсөнцөр, цемент, төмрийн хаягдал, шилэн хөвөн, будаг зэргийг 100 айлаас гаргана.
-Сүүлийн үед зүгээр байгаа замын хашлагыг солилоо гэсэн шүүмжлэл их байна?
-Хэн хариуцаж байна, ямар үндэслэлээр сольж байна, илүү ажил хийлээ, төсөв үрлээ гэж яагаад нийгэмд буруу сэтгэгдэл төрүүлэв гэж саяны хурал дээр ярьсан. “Улаанбаатар нэгтгэл” улсын үйлдвэрийн газар хариуцаж Авто замын газрын захиалгаар сольж байгаа гэнэ. Хуучин нь шаардлагад нийцэхгүй учраас сольж байгаа гэсэн. Мэдээллээ зөв өгөөгүйгээс шүүмжлэлийн бай болсон байх.
-Хотынхны хов жив болсон нэг настай ургамал бий. Ургамлыг энд тарьдаг уу, Эрээнээс авчирдаг уу?
-Хаана тарьж ургуулдгийг би сайн мэдэхгүй. “Улаанбаатар нэгтгэл”-ийнхэн нарийн хэлэх болов уу. Нийслэлийн өнгө үзэмжийг чимж байгаа цэцэг дээр жинхэнэ улстөржсөн. Иргэдийн ая тухтай амьдрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчныг тохижуулахад жилдээ 3-4 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энд олон талын ажил хамаарна. Моджуулах, зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх гээд агаарын бохирдлыг бууруулахад тустай ажил. Өнгөрсөн жилээс гудамж талбайг зүлэгжүүлсэн. Иргэд олон төрлийн ажилд мөнгө зарцуулж буйг ойлгуулахгүй ганцхан цэцгэнд үрж байгаа мэтээр улстөржүүлсэн. Энэ ажил нийслэлийн өнгө төрхийг засдаг. Мөнгөөр хэмжигдэхгүй иргэдийн сэтгэл санаа гэж бий. Сайхан цэцэг хараад уурлаж, бухимдахгүй сайхан мэдрэмж авдаг байлгүй дээ. Энэ нь хамгийн чухал. Ядаж л зүлэг ногоон дээгүүр туучиж зам хөндлөн гарахаа больсон.
-Улс төрийн бас нэгэн золиос хогны ногоон уут. Хогны уут ингэж “од” болох шалтгаан юу байв?
-Энэ бас нэгэн шийдэл. Иргэдээ хогоо зориулалтын уутанд хийлгэж хэвшүүлэх нь чухал. Дараа нь өөр өнгийн уут гаргаж дахин боловсруулж болох хогоо тусад нь ангилж тушаагаад мөнгө болгох ажил бий. Иргэдийн ухамсар, нийгэмшилтэй холбоотой ажлыг манайхан төдийлөн ойлгохгүй юм.
-Цонхоор хогоо хаядаг байрны айл байдаг гэх юм?
-Байдаг. Хажууханд нь хогийн сав байхад гэрийнхээ хаалган дээр хогоо хаячихна. Уутаа хэмнэдэг юм уу, бүү мэд. Цонхоороо хогийнхоо уутыг сэгсэрчихдэг айл байна. Бөөнөөрөө нэг дор амьдардаг хэрнээ орчноо эрүүл, аюулгүй байлгах тухай ойлгохгүй юм. Ийм л хүмүүсийг хэвшүүлэх гээд байна шүү дээ.
-Өмнө нь яагаад ийм болоогүй юм бэ?
-Бид өөр зориулалтын мөнгийг зарцуулаад байгаа юм биш. Зүлэг, цэцэг тарих, хог, шороогоо цэвэрлэх мөнгө жил бүр нийслэлийн төсөвт суудаг байсан. Харамсалтай нь цаасан дээр ажил хийж, хүний нүдэнд харагдсан бодит ажил болгоогүй байсан нь мэдэгдэж байна. Хүний нүдэнд ил гаргаад амьдралд ажил болгохоор гэнэт мөнгийг нь сонирхож эхэлсэн. Нөгөө талаас нь улстөржүүлсэн. Өмнө нь ажил хийдэггүй байсан хүмүүс одоо ажил хийгээд байхаар мушгиж гуйвуулах юм.
-Яагаад ингэж улстөрждөг юм бол. Хотын жижигхэн асуудал дээр?
-Сайн талаас нь шүүмжлээд ажил хэрэгч болговол сайн хэрэг. Тэгэхгүйгээр дандаа муухайгаар харагдуулах, харлуулахыг хичээдэг. Ажил хийж буй хүмүүс шүүмжлэлд өртдөг нь үнэн. Юу ч хийгээгүй хүнд шүүмжлэх юм байдаггүй л дээ. Энэ бол 1990-ээд оноос хойш замбараагүй явсан нийгмийн сэтгэлзүй, хандлага байх. Хүүхдийн тоглоомын талбайг тохижуулъя гэхээр ахмадууд уурлаад, хүүхдүүд гадаа тоглоод яадаг юм, гэртээ байж байг гэнэ. Ахмадуудад сүүдрэвч, саравч бариад өгье гэхээр залуус нь даалуу тоглодог хүмүүст саравчаар яадаг юм, тэгж байхаар тоглоомын талбай хэрэгтэй гэж их шүүмжилдэг. Гадна талыг чинь тохижуулаад өгье гэхээр л “хэн хийх юм, чи хийх юм уу, хэдэн төгрөгөөр хийх юм, чи хэдийг нь халаасалж байгаа юм” гээд л эхэлнэ.
-Ийм шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр нэлээд тэнэдэг. Их завтай хүмүүс тэнд “амьдардаг” байх аа. Фэйсбүүк, твиттерийн орчныг хэлж байна л даа?
-Нэг хэсэг нь нийгмийн сайн сайхан зүйлд нэлээд уриалдаг. Тэр хувь нь маш бага. 10 хүний хоёрхон нь. Үлдсэн долоо нь дандаа л нэгийгээ болон хийсэн ажлыг муулсан, шүүмжилсэн, гутаасан байдаг.
-Үлдсэн нэг нь юу хийх үү?
-Хэнд ч хоргүй, өөртөө хэрэгтэй мэдээллээ аваад сонирхогчдын төвшинд байдаг хүн.
-Та тэр сүлжээгээр их ордог юм билээ. Та ямар зорилгоор ордог вэ?
-Ертөнцийг үзэх үзэл нь цахим ертөнц дотор орчихсон хүмүүс бий. Янз янз болов уу. Миний хувьд ажлаа хүнд хүргэх бас мэдээлэл авах зорилгоор их ханддаг. Монголд идэвхтэй жиргэдэг 50 мянган хүн бий. Тэндээс идэвхтэй бүлэг нь бий. Миний хувьд 3-4 мянган хүний дунд мэдээлэл идэвхтэй солилцдог.
-Таны хийж буй төрийн ажилд саад болдог зүйл олон байдаг уу?
-Асуудлын 80 хувь нь иргэдийн хандлагад байдаг юм байна. Гудамж тайлбайн хог хаягдал, гэмт хэрэг, гэрэлтүүлэг, ажилгүйдэл, нохой, замын түгжрэл, тохижуулалт гээд шууд иргэдийн хандлагатай холбоотой.
-Гэхдээ ирээдүй чухал. Хот хэдэн онд гоё болох бол?
-Хотын соёл төвөөсөө эхэлж байгаа. Тодорхой хэмжээний ажлууд хийж байна. Бүтээн байгуулалтууд их өрнөж байна. Энэ нь алслагдсан дүүрэг, хотын захруугаа тэлж байгаа. Энэ хэмжээгээр иргэдийн ухамсар өөрчлөгдөж байна. Орчноо бүрдүүлээд өгвөл иргэдийн хандлага дагаж өөрчлөгдөх болов уу. Гэвч нэг амьсгаагаар хийх ажил биш учир ойрын 4-5 жилд хот их аятайхан болчихно гэж харж байна. Хот өөрөө шавхаагүй болчихвол дуртай нэг нь гуталтайгаа туучихгүй байх.
-Нийслэлд золбин нохой олон болсон нь шийдлээ хүлээсэн бас нэгэн асуудал болжээ?
-Нохой зэрлэг амьтан биш, хүний хамгийн дотны анд гэдэг тэжээвэр амьтан. Эзэнгүй ноход гудамжинд гараад энд тэндээс хоол эрж хогийн саваар эргэлддэг. Устгалын өмнөх зарчмаар яваад шийдэгдэхгүй асуудал. Нийслэлийн хэмжээнд 10 орчим анчин бий. Нэг дүүрэгт хоёр анчин гэсэн үг. Тэд өглөө 05:00-07:00 цагийн хооронд анд гарна. Гэвч хаанаа ч хүрдэггүй. Таван нохойноос нэгийг нь устгана, бусад нь зугатчихдаг. Тэгэхээр энэ асуудлыг нийслэлийн хэмжээнд цогцоор нь арга хэмжээ авахгүй бол, ганцхан дүүрэг дангаараа барахгүй юм билээ. Одоо уламжлалт хэлбэрээр буудаж устгахаа болиод арай өөр технологиор , шинжлэх ухааны аргаар шийдье гэж байгаа юм.
-Нохойг шинжлэх ухааны аргаар устгана гэнэ ээ?
-Үргүй болгодог, үржлийг нь зогсоодог тариа хийх арга юм. Айлын тэжээвэр нохойг ингэж болно. Харин гудамжны нохойг барихад хэцүү. Бас механик арга буюу нохойг гэр хороололд өсгөж үржүүлж буй хүмүүсийг дүрэм журамд оруулж хураамж төлүүлдэг, мал эмнэлэгт хамруулдаг болгоё гэж байгаа. Мөн зөвхөн хоёр анчинд даатгах биш нохойг мөнгө болгодог аргыг ашиглая. Нохойн арьс маш их дулаан, илчтэй, хятадууд сүүлийн үед их авдаг болсон гэсэн. Энэ ажилд иргэдийг оролцуулъя, нэг нохой барьж ирсэн хүнд 7500 орчим төгрөгийн урамшуулал олгож болно. Баянзүрх дүүрэг энэ аргыг хэрэгжүүлж эхэлсэн. Манай дүүрэг удахгүй эхлэхээр нохойн хашаа барих гэж байгаа.
-Танай дүүргийн ИТХ-д АН-ын 22, МАН-ын 11, МАХН-ын хоёр төлөөлөгч суудаг юм билээ. ИТХ-аар асуудал шийдэхэд амар уу, хэцүү юу?
-Асуудлыг олонхиороо шийдэж болох ч дүүргийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ ажилладаг учраас бүгд ойлголцохыг хичээж, хамтран шийддэг. Заримдаа улс төрийн шийдэлтэй зүйл дээр ялгаа гарах нь бий. Аль болох зөвшилцдөг. Бидний эцсийн зорилго Сүхбаатар дүүргийнхээ төлөө учраас нээлттэй ажилладаг. Хэдэн талд гарч талцаад гутлаа шидэлцээд байдаггүй. Бас нэгнийгээ бойкотлодог зүйл бага.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын энэ удаагийн хурлаар аль дүүрэг ирэх онд хэдэн ажил хийх тухай ярилцав. Сүхбаатар дүүргийн тухайд зураг төсөв нь бэлэн болсон 64 ажил, зураг төсөв хийлгэх шаардлагатай 13 ажил байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Бидний яриа энд хүрээд завсарлав. Буцаад Хангарьд ордон руу явахаар боллоо.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хуралд суух ажилтай гэнэ. Олон хүн орж, гарсан хотын захиргааны байранд дахин ирлээ. Энэ хурлаар аль дүүрэг ирэх онд хэдэн ажил хийх тухай ярилцав. Сүхбаатар дүүргийн тухайд зураг төсөв нь бэлэн болсон 64 ажил, зураг төсөв хийлгэх шаардлагатай 13 ажил байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Газар чөлөөлөх гэдэг их том ажил холбогдох хүмүүсийг зовоодог байна. Ажил хийхээр газраа сонгоод зураг, төсвөө батлуулаад очхоор газар дээр нь хэн нэгэн буучихсан, эсвэл айлтайгаа тохирч чадахгүйгээс ажил удааширдаг байна.
Энэ өдөр оюунлаг дүүрэг бас нэгэн оюуны өргөөтэй боллоо. Энэ нь номын худалдааны төв юм. Сэлбэ гол, арслантай гүүрний ард ил задгай ном зардаг байсныг болиулж номын худалдааны төв барьжээ. Энэ байрыг номын худалдаачдад хүлээлгэн өгөх ёслолд хотын дарга Э.Бат-Үүл оролцов. Л.Амарзаяа дарга мөн тэнд очиж тууз хайчиллаа. Тус дүүргийн нэг ажил учир оролцох ёстой ёслол байв.
Тэндээс бид хариуцсан салбарынх нь бүтээн байгуулалттай танилцлаа. Тус дүүргийн есдүгээр хорооны дөрөвдүгээр сургуулийн гаднах тохижилт ид өрнөж байлаа. Өнгөрсөн жил хөлбөмбөгийн талбайг тохижуулсан бол энэ жил сургуулийн гадаа тоглоомын талбай барихаар тоглоом, хогийн сав зэргийг машинаас буулгаж байхтай таарлаа. Жил бүр л ахиулж байгаа юм байна. Хүүхдийн тоглоомын талбай өнөөдөр ашиглалтад орох ёстой гэсэн. Л.Амарзаяа дарга энэ тухай “Бид энэ жил дүүргийнхээ хүүхэд багачуудын аятай орчин, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаа өөр чиглэлд оруулсан. Сургуулийн гаднах орчин хаягдсан байсан. Үүнийг тохижуулж байгаа” гэв. Ингэхдээ зургаан настай буюу цэцэрлэгийн насны сурагч сургуулийнхаа гадаа тоглох шаардлагатай болсныг дүүргийн дарга нар олж харжээ. Байрны гадаа эсвэл цэцэрлэгийн гадаа л тоглоом байдаг бол сургуулийнхаа гадаа тоглох боломж дөрөвдүгээр сургуулийн сурагчдад олджээ.
Ийм тохижилттой сургууль энэ дүүрэгт бас бий. Гэр хорооллос таван буудал орчмын 35 дугаар сургууль, мөн орон сууцны хорооллын зургадугаар сургуулийг хамарчээ. Гурван сургуулийн гаднах талбайг тохижуулж хүүхдэд ээлтэй орчин бэлдсэн нь энэ юм. Хүүхдүүд сургууль дотроо аюулгүй байдаг шигээ гадаа ч ийм байх ёстой гэж үзэж ийм шийдэлд хүрсэн байна. Бас л хүүхдийн инээд хөөр цалгисан газар. Хамгийн дуртай орчных нь нэг байгаасай гэсэн сэтгэлээр ханджээ. Хүүхэд сургуулийн гаднах хашаагаар орсон бол эцэг эхийн хяналтаас гарч багш нарын мэдэлд очдог учраас аюулгүй орчинд алхах хэрэгтэй гэж үзээд мөн сургуулийн гаднах замыг засч янзлахаар төлөвлөсөн байна.
Сүхбаатар дүүргийнхэн ирэх онд хийх ажлаа төлөвлөжээ. Хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичигтэй ажлаа уялдуулж байгаа гэнэ. Хамгийн том нь гудамж, зам талбайн тохижилтыг иж бүрнээр шийдэх юм байна. Жил бүр нэг байшин, нэг зам засах биш дүүргийнхээ тохижилтыг иж бүрнээр шийдэх юм. Эхний ээлжинд төлөвлөлтөө гаргана. Сайн төлөвлөсөн ажил үр дүн сайтай болдог нь мэдээж. Нэг байрны гадаа тохижилт хийчихээр авто зогсоол гэх мэтийн бусад нь хаягдчихдаг дутагдал байгаа. Тэгэхээр асуудлыг нэгмөсөн шийдэх гарц олжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Азийн сантай хамтраад амьдрах орчны зураглал, эрүүл аюулгүй байдлын индекс гэсэн хоёр том судалгаа хийж дуусгажээ. Эрүүл аюулгүй орчин гэдэгт тухайн орчимд автобусны буудал, худаг, цэцэрлэг сургууль, зам талбайн гэрэлтүүлэг байна уу гэдгийг үнэлнэ. Амьдрах орчны зураглал гэхээр тухайн орчинд иж бүрэн юу байна вэ гэдгийг судлах юм байна. Нэг юмуу хоёр жилийн дараа юм юмтай сайхан орчин бүрдэнэ. Тэнд айх аюулгүй амьдрах болно. Бас эрүүл. Ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийг ч шийднэ. Агаарын бохирдол, орчны тоосжилтыг шийдэх гарц энэ аж.
Ийн хотын ойг угтаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч дарга Л.Амарзаяагийн ажил, амьдралын тойргийн багахан хэсгээс дүрсэллээ. Нэг өдрийн ажил нь л гэхэд хуралд суух, хийж буй тохижилтоо эргэж тойрох, бүтээн байгуулалтын ажилд оролцох, албан өрөөндөө иргэдтэй уулзах, бичиг цаасны ажил ар араасаа л хөвөрнө. Түүний нэг өдрийн ажлыг багтаах боломжгүй учир энд хүрээд бидний яриа өндөрлөв.
Тус дүүргийн есдүгээр хорооны дөрөвдүгээр сургуулийн гаднах тохижилт ид өрнөж байлаа. Өнгөрсөн жил хөлбөмбөгийн талбайг тохижуулсан бол энэ жил сургуулийн гадаа тоглоомын талбай барихаар тоглоом, хогийн сав зэргийг машинаас буулгаж байлаа.
М.ГАНЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин