2014-10-04Монголын 10 дахь цолтой бөх, Миягино дэвжээний Рюүо Ноборү хэмээх Эрхэм-Очирын Санчирболд өнгөрсөн баасан гаригт зодог тайлснаа зарлалаа. Маэгаширагийн найм хүртэл дэвшиж явсан Рюүо хүзүүндээ хүнд гэмтэл авснаас хойш бэртэл нь бүрэн эдгэхгүй байсаар зодог тайлахаас өөр аргагүй болсон байна. Зодог тайлснаа албан ёсоор зарлахынх нь өмнө түүнтэй онлайнаар ярилцлаа.
-Яагаад зодог тайлах болов? Таныг дахин зиндаа ахиж барилдана гэж бодож байсан юмсан.
-Би 2003 онд хүзүүгээ гэмтээж байсан. Тэр гэмтэл маань одоо хүртэл бүрэн эдгээг үй, хэд хоног бэлтгэл хийхээр л хүзүү мэдээгүй болж, бэлтгэл хийх нь битгий хэл хөдөлж ч чадахаа больчихдог юм. Эрүүл мэндээ бодоод зодог тайлахаас өөр аргагүй боллоо.
-Зодог тайлна гэж хэзээ шийдэв?
-Макүшитад унаснаас хойш зодог тайлна гэж бодох болсон. Би уг нь ёкозүна Хакүхо, Хар үмафүжи нарыгаа зодог тайлтал нь хамт барилдаж байх юмсан гэж их боддог байлаа. Зодог тайлна гэдгээ Оякатад өнгөрсөн тавдугаар сарын тэмцээний өмнө хэлсэн. Харин Хакүхо М.Даваажаргалдаа хэлэх л хамгийн хэцүү байлаа. Багаасаа хамт нэг дэвжээнд жаргал, зовлонгоо хуваалцаж өссөн болохоор би болино гээд хэлэх гэхээр нэг л эвгүй, халгаад байсан юм.
-Хакүхо аварга таныг зодог тайлна гэдгийг хэрхэн хүлээж авав? Юу гэж хэлж байх юм?
-Мэдээж хэрэг, Даваад ч гэнэт тийм үг сонсох хэцүү байсан байх. Анх “Юу яриад байгаа юм бэ? Хоёулаа дараа энэ талаар тухтай ярилцья” гээд огт хүлээж аваагүй. Харин одоо л гайгүй болж байна. Ояката дэвжээнийхэн маань намайг бэртэл эдгэхгүй, бэлтгэл хийж чадахгүй байгааг харж байсан болохоор ойлгосон байх. Ояката “Чи олон жил сайн барилдлаа, зүтгэлээ. Чиний хүчинд манай дэвжээ өдий зэрэгтэй байгаа. Их баярлалаа” гэж хэлсэн.
-Ингээд зодог тайлна гэхээр...?
-Итгэхэд хэцүү байна. 14 жил барилдсан дохёгоо орхино гэдэг гунигтай ч, бэртэл эдгэж өгөхгүй байгаа болохоор яах ч арга алга. Уг нь хүүдээ дээд зиндаанд дахин барилдаж байгаагаа харуулах юмсан гэж их хүсэж байсан ч болсонгүй дээ.
-Гэр бүлийнхний чинь хувьд их харамсалтай мэдээ болсон байх даа?
-Эхнэр маань “14 жил сүмод бүх зүйлээ зориулж, биендээ ч гэмтэл авлаа. Одоо больсон нь дээр” гэж хэлсэн. Аав, ээж, ах, эгч нар харин одоо л санаа нь амарч байгаа байх. Гэмтэл бэртэл, өвчин зовлон гээд санааг нь их зовоож байсан болохоор бүгд боль боль л гэж байгаа. Ах “Одоо миний дүү биеэ бод, дараагийн амьдрал чухал шүү” гэж байнга хэлдэг байсан юм.
-Сүмо бөхийн хүнийг татах сайхан зүйл нь юу юм бол. Яагаад та биедээ гэмтэл авсан атлаа үргэлжлүүлэн барилдаад байв?
-Юуны өмнө шударга өрсөлд өөн гэдгийг онцлох нь зүйтэй байх. Хүний хөдөлмөрийг хэдхэн секундэнд тэр жижиг тойрог дотор ил тод харуулж байгаа нь хүнийг татдаг болов уу. Сүмо бол жирийн нэг спорт биш, Японы үндэсний түүх соёл учраас сонирхолтой байдаг. Үзэгчдийн нүдээр харахад бас өөр байдаг байх л даа. Яагаад барилдаад байсан бэ гэхээр гэр бүлийн хүндээ, дэмжиж тусалж байдаг хүмүүстээ дээд зиндаанд барилдаж буйгаа дахин нэг харуулмаар санагдаж байсан учраас л тэр.
-Энэ тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлсэн бол зодог тайлахгүй байсан уу?
-Түрүүлсэн ч зодог тайлах л байсан. Нагояд зодог тайлна гээд бүр шийдчихсэн байлаа.
-Зодог тайлж байгаа бөхчүүлээс таны хамгийн сэтгэлд үлдсэн барилдааны тухай асуудаг. Таны хувьд?
-Кёкүтэнхо Н.Цэвэгням ахтай барилдсан барилдаан гэж хэлнэ. 2007 оны есдүгээр сарын тэмцээний эхний өдөр таарч, ёрикири мэхээр ялагдаж байлаа. Багаасаа барилдааныг нь үзэж байсан монгол ахтайгаа барилдаад сэтгэл их хөдөлж байсан шүү.
-Монгол сүмочдоос хэнтэй нь илүү ойр дотно байв?
-Мэдээж хэрэг нэг дэвжээний Хакүхо аварга. Анх сүмод хөл тавьснаас хойш Харүмафүжи, Мооконами нартай ойр дотно байлаа. Энэ хэдээсээ хол хоцорчихгүй юм сан гэж боддог байсан. Хамт бэлтгэл хийгээд л, хэн хэн нь шартай болохоор бараг зодолдох дөхнө. Харин бэлтгэл дуусангуут найзууд болж хамт кино үзээд хэвтчихдэг. Япончууд энэ монголчууд ямар сонин юм бэ гэж гайхдаг байсан юм.
-Дээд зиндаанд гарч чадалгүй зодог тайлсан бөх олон бий. Таны хувьд 2007 оны долдугаар сарын тэмцээнд Маэгаширагийн найм дээр эрэмбэлэгдэж байсан. Комүсүби цол авчих боломж байсан даа гэж харамсдаг уу?
-14 жил болоход харамсах зүйл байгаагүй. Харь оронд амьдарч их юм сурч, мэдэж авлаа. Хүзүү хоёр ч газраа хугарч байсан ч дээд зиндаанд дэвшиж барилдаж байснаа амжилт гэж боддог. Багадаа барилдаж үзээгүй, барилдахыг хүсдэггүй, жижигхэн биетэй намайг сүмод дуртай болгон, хурцалж ирсэн найзууддаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Ёкозүна Хакүхотой нэгэн дэвжээнд хамт барилдаж, бэлтгэл хийж, харилцан тусалж, ирлэж явсны тань хувьд түүнийг Их аварга болоход Рюүогийн тус нэмэр их байсан гэж би боддог.
-Бид хоёр хэн хэндээ л тус дэм болж ирсэн. Хакүхо байхгүй бол би ч сайн барилдаж чадахгүй байсан.
-Зодог тайлаад цаашдаа юу хийх, бүтээх төлөвлөгөөтэй байна даа?
-Юуны өмнө сургуульд сурч мэдлэг боловсролоо дээшлүүлэх санаатай. Их юм сураад Монголдоо бага ч гэсэн хэрэгтэй хүн болохыг зорьж байна.
-Сүмотой холбоотой ажил хийхгүй юү? Монголын сонирхогчийн сүмогийн дасгалжуулагч ч юм уу?
-Үнэнийг хэлэхэд одоо сүмог бодохгүй хэсэг ч гэсэн байж үзье гэж бодож байна. Гэхдээ мэдээж чадвал шүү дээ. Харин энэ завшааныг ашиглан өдий хүртэл тусалж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Кёкүшюүзан ахын аав Даваа ах намайг 1999 онд Японд дагуулан ирж байлаа. Даваа ахдаа үнэхээр их баярлаж явдаг. Мөн Кёкүшюүзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан ах нар, Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи аваргууддаа, бүх монгол бөхчүүддээ баярласан шүү, та бүхний тусламж дэмжлэгийн ачаар би өдий зэрэгтэй явж байгаа шүү гэдгээ хэлмээр байна.
-Тэмцээн дуусахаар Монголдоо ирэх үү? Аймгуудын наадам үзэх үү?
-Энэ сарын 22-нд ёкозүна Хакүхо, Харүмафүжи, Кёкүтэнхо ах, Шёотэнро бид хэд Монгол руу явна. Харин наадмаар явах эсэхээ одоо сайн мэдэхгүй л байна.
-Танд цаашдын амьдралд чинь амжилт хүсье.
М.Сугар-Эрдэнэ
Монгол Соёлын Төв
Та бүхнийг
“Сумод шингэсэн монгол хөлс”
Рюүо Нобору – Эрхэм-Очирын Санчирболдтой
хийх уулзалтанд
урьж байна.
Рюүо хэмээх Санчирболд нь: 1983 оны 3 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хамгийн дээд зиндаа буюу Маэгашира 8 хүртэл дэвшин барилдсан.
Миягино дэвжээ
2000 оны 3 сард анх барилдсан
Монголын 10 дахь, гадаадын 16 дахь цолтой бөх.
Мэргэжлийн сумод нийт 598 барилдаж 311 ялалт байгуулсан. Үүнээс 149 удаад нь ошидаши, 41 удаад нь хикиотиши, 21-д хатакикоми мэхээр давсан.
Уулзалт ярилцлага 2014 оны 8 сарын 16-ны 18 цагаас Монгол Улсын Элчин Сайдын Яамнаа болно.
Япон цай, монгол зуушаар үйлчилнэ.
Монгол Соёлын Төв