2014-10-04Ээж нь хүүдээ Гачууртаас захиа бичиж сууна.
Энэ захиа-шүлгийг холд яваа хүн болгон уншаасай.
Холын холд явсан хүүгээ үдсэн өдрөөс эхлээд ээж нь
Хоёрыг бодож,гурвыг тунгаах маань ихэслээ.
Хүний газар миний хүү хүнээс дутахгүй яваа даа гэж
Хүүгээрээ бахархан, омогшиж нэг бодсон чиг
Хүлээтэй юм шиг олон бодол толгойд эргэлдэж
Хүний өөрийн тухай сэдэлдээ дарагдах боллоо.
Энхрий нялхад нь хүүгээ цөөхөн хуурайлсан юм биш биз?
Эхний яргуй шиг насанд нь сүүгээр дутаасан юм биш биз?
Залуу насныхаа харгайгаар анхаарал минь доголж
Заавал авна гэснийг нь өгөөгүй байх вий дээ?
Ажил төрөлдөө үүртээд аньсага нь нойтон байхыг
Анзааралгүй өнгөрөөчихсөн бол яанаа?
Анд нөхдөө дагаж үймэхэд минь
Алагхан хүү минь өлсөж үзсэн бол яанаа?
Хааяа нэг алдаа гаргахад нь уурлаж загнахдаа
Хар хүйтэн үгээр сэтгэлийг нь хайрчихаагүй байгаа даа?
Олны газар миний хүү сүү шиг сэтгэл дэлгэхгүй
Ондоо нэгэнд хүйтэн хандчих вий дээ!
Үр минь хүний хүнд хатуурхаж
Үгийн муухайг хэлж явах вий дээ!
Одоо чинь бид морио унаад дайн хийх биш,
Охид хүүхнийг дээрэмдэж аваад суух биш,
Газар нутгийг эзэлж авдаг цаг ч биш,
Газар нутагтаа эзэн болоод хөгжүүлдэг үе шүү дээ!
Өөрийн улсын хил заагийг хамагаалалгүй яахав,гэхдээ
Өрөөл бусдын оюуны хил рүү өнгийж
Өчнөөн их эрдэм баялгийг нутагтаа авчирдаг цаг шүү .
Ингэж байж л бид ,мэдлэгээр хүчирхэгжиж
Эх орныхоо хил,хэлийг хөгжүүлэнэ шүү .
Ямар ч ажил эрдэм шүү,хүү минь
Ядарч байсан ч сайн сураад ирээрэй.
Амралт ажлаа яаж зохицуулахыг
Алив сайн хүмүүсээс жишээлээд аваарай.
Бөмбөрцгийн нөгөө тал руу хүү минь сурахаар одсон.
Бөмбөрч урсах нулимсныхаа тоогоор хүүгээ санах болсон.
Хар багаас нь хүүдээ зөндөө юм сургадаг байж
Хамтдаа үргэлж байх юм шиг л хайхрахгүй явж.
Балчир насанд нь өлчирхөн болгодог байж дээ
Бал бурам,хар талхыг нь тохируулдаг байж дээ.
Алтан нар халуун, мөнгөн сар сэрүүхэн
Аль ч газар хүмүүс сайнтай бас муутай.
Алинтай нь нөхөрлөхөө азнаж байж хараарай.
Аав ээжийнхээ хэлснийг ахин дахин санаарай.
Хүч тамир нь сульдаад байгаа болов уу?
Хүнээс нууж уйлчихаад инээж яваа болов уу?
Зовж олсон мөнгөнөөсөө нааш нь битгий явуулаа!
Зорьж очсон хэргээ л биелүүлэхээ бодоо!
Хоёр хэлтэй хүн хоёр янзаар сэтгэнэ.
Хол ойрын явдлыг хоёр талаас нь дүгнэнэ.
Харин миний хүү тэр улсынхаа хэлийг
Хачин сайн сураарай,төрөлх хэл шигээ болгоорой.
Хазгай муруй сурвал сэтгэхүй чинь доголоно.
Харгуй олонтой амьдралд сэрэл чинь багадана.
Харийн хүний ухааныг ойлгоно гэдэг
Хамгийн том ухаарал байх шүү.
Төрөлх хэлээрээ яриад хэлээд байхад
Төвлөрч ойлгохыг хүсдэггүй “дүлийчүүд”
Хажууд минь хүртэл байж л байна.
Хатуужсан сэтгэл ч сэмэрмээр хэцүү л байх юм.
Хүн хүнээ ойлгоно гэдэг том эрдэм шүү!
Хүнээс агуу эрдэм гэж энэ хорвоод байхгүй шүү!
Ээжийгээ чи ойлгож хүндэлдэг шигээ л,
Эх хэлээрээ омог бардам ярьдаг шигээ л,
Гадаад тэр хэлээр ус цас шиг урсгаарай.
Дотоод гүн сэтгэлгээг нь ухаарч уярч аваарай.
Хүүдээ ээж нь нэг хов зөөчихөе,
“Хүний газар боол бологчид” ч гэх шиг
Хүйтэн үгээр атаархагчид баясаж л сууна.
Халуун цайнд хийсэн мөс адил,удахгүй дээ
Хайлаад л алга болно,энэ муу үгс.
Өөрсдөө эх орондоо эзэн хаан болж чадахгүй
Өрөөл улсаас өр зээл тавиад л сууж байна,зарим нь.
Хүүгийнхээ суугаа нутагт бороо шуургатай гэвэл
Хүйтэн усанд орсон юм шиг даарч чичирч сууна,ээж нь.
Хар салхи,улаан шороо эргэлдлээ,бослоо гэвэл
Ханиад хүрсэн хүн шиг л эгзийж загзайж сууна,ээж нь
За,энэ яахав бага хэрэг,бүү зовоорой.
Захисныг минь мартав,ахиад нэг хэлчихэе.
Заавал мөнгө явуулах гээд хэрэггүй шүү,хүү минь
Зүтгэж олсон мөнгөө сурах өөдлөхдөө зориулаарай.
Зүгээр сууж болохгүй шүү,өвдөж мэднэ.
Ганц хоёр илүү гарсныг нь хадгалж сураарай.
Гадаад тэр улсынхаа дүрэм журмыг баримтлаад
Гарсан орсон бүхнээ тооцоолж сураарай,хүү минь
Аягатай цай нь ихдээд байдаг
Ааруулаа дэвтээхгүй бол хатуудаад байдаг
Аав ээжийнх нь энэ нас,яршиг зүгээр.
Арав таван төгрөгийг чинь үрээд залуужих биш.
Ариун хөдөлмөрөөр олсон мөнгө ерөөсөө илүүдэхгүй
Амьдралынхаа туршид хөдөлсөн аав ээж хоёр нь мэднээ.
Эрдэм сураад эрвэлзээд ирээрэй хүү минь.
Ижий аав хоёр нь дэрвэлзээд угтана шүү.
Амны билиг үнэн шүү,болноо болно,
Аав ээж хоёр нь хүлээхдээ л нэг хүлээнээ.
Хүлээж чаддаг юм байна гэдгийг
Хүүдээ нэг үзүүлэе дээ,аав ээж хоёр нь.
Хүрээд ирсэн өдөр чинь нүүдлээ нэг сэлгэнээ.
Хүүгийнхээ хашааг цэвэрлэчихээд өөрийнхдөө буунаа.
Хүрээд ирсэн өглөө чинь нүдээ нэг амраанаа.
Ширтэхийн тоогоор намсдаг бол урд толгод
Ширхэг ч чулуугүй болох байсан байх даа.
Хүрээд ирсэн орой чинь утсаа чагнахаа мартанаа
Харсны тоогоор утасны мөнгө гүйдэг бол
Хаанахын хэний ч банк хоосрох байсан байх даа.
Хүрээд ирсэн шөнө чинь унтсан шиг унтанаа.
Хүүгээ сэрээчих вий гээд сэвэлзэхийг мартан унтанаа.
2014 он 9 –р сарын 26. Glen Ellyn.