2014-09-15Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг” булангийн зочноор Ерөнхий сайд асан Д.Содномыг урилаа.
- БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч нар шил дараалан манай улсад айлчлал хийгээд буцлаа. Үр дүн, ач холбогдлын тухайд та ямар бодолтой байна?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар хоёр их хөршийн төрийн тэргүүн нар Монгол Улсад айлчилсан, айлчлал амжилттай үр дүнтэй болсонд нийт монголчуудынхаа адил сэтгэл хангалуун байна.
Манай улс ОХУ болон БНХАУ-тай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад болох улс төр, газар нутаг, үндэс угсаа, шашин, үзэл суртлын зэрэг шалтгаан, зөрчилдөөн байхгүй. Хоёр их хөрш улстайгаа бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж хамтдаа хөгжих юмсан гэсэн монголчуудын мөрөөдөл шинэ нөхцөлд амжилттай хэрэгжих суурь тавигдаж байна. Хоёр улсын төрийн тэргүүн манай улсад айлчлах үед “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “ Уулын буга хараад унасан морио солих хэрэггүй” гэсэн Монгол ардын сургамжийн үг санаанд орж байлаа. Сүүлийн хорь гаруй жилийн амьдралаас сургамж авсан юм их бий. Хоёр их хөрш улсын төрийн тэргүүн нар Монгол Улстай харилцан итгэлцлийг бэхжүүлэх, XXI зуунд Монгол Улсын хөгжилд дэмжлэг үзүүлж хамт хөгжих бодлоготой байдгаа тод илэрхийллээ.
Миний бодлоор урд хөршийн тэргүүн БНХАУ-ын төр Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдлыг үеийн үед хүндэтгэж байхыг илэрхийлж монголчуудын итгэлийг төрүүлсэн, хойд хөршийн тэргүүн ОХУ-ын төр Монгол Улстай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа худалдаа эдийн засгийн харилцааг өргөтгөх аятай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлэхээ илэрхийлсэн нь онц ач холбогдолтой. Дэд бүтэцийг хөгжүүлэхэд хамтрах, гадаад худалдааг өргөтгөх, нийгэм соёл хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар олон гэрээ хэлэлцээр байгуулсан нь хамтдаа хөгжих бодлогыг амьдралд хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илрэл юм.
-Хоёр их хөрш улстай манай улсын гадаад худалдааг ойрын жилүүдэд олон тэрбум ам. доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүллээ. Бодит бололцоог нь та хэрхэн үнэлж байгаа вэ?
-Маш чухал тохиролцоо. Цөөхөн хүнтэй манай улсын зах зээлийн багтаамж тун бага. Багтаамж бага зах зээлд өндөр үр ашигтай үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх боломж хомс. Монголыг зах зээлийн багтаамж талаас сонирхох улс орон бараг байхгүй. Ийм учраас бид өөрийн нөөц бололцоог ашигласан өндөр үр ашигтай томхон үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, үүний тулд гадаад зах зээлд гарч, байраа олсон байх ёстой. Манай хоёр их хөрш бол дэлхийд хамгийн том зах зээлтэй, өндөр хөгжилтэй улсууд. Гадаад худалдаа юуны өмнө хоёр хөрш улстай хөгжих боломжтой. Түүнд шаардагдах зам тээврийн зэрэг дэд бүтэцийг сайжруулахад талууд анхаарч байгаа нь бас чухал.
Гадаад худалдааг олон тэрбум болтол нэмэгдүүлэх зорилго ухаалаг бодлого, багагүй хугацаанд тэвчээртэй их хөдөлмөрийн үр дүнд л хэрэгжинэ. Одоо манай улсын гадаадад гаргаж байгаа бүтээгдэхүүн ихэнхдээ ашигт малтмалын зүйлс, гол худалдан авагч нь БНХАУ-д байгаа. Манай гадаадаас худалдан авдаг бүтээгдэхүүний ихэнх нь газрын тосны бүтээгдэхүүн, гол нийлүүлэгч нь ОХУ-ын компаниуд.
Гадаад худалдааг тэнцвэржүүлэх, хөрш улсуудын төрийн тэргүүн нарын айлчлалын үед тохиролцсон бодлого, гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрүүдийг чухам ямар арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлж зохих үр дүнд хэзээ хүрсэн байхыг дунд урт хугацаагаар тодорхой төлөвлөх хэрэгжүүлэх ажлыг манай төр засгийн удирдлагад ажиллагсад хариуцах болно. Ярьж тохирсон зүйлээ заавал хэрэгжүүлдэг байх ёстой. Өмнөх жилүүдэд ОХУ-ын төр, засгийн тэргүүнүүдтэй хэлэлцэж тохиролцсон зарим ажил хангалтгүй хэрэгжсэн, тэр нь ихэнхдээ манай удирдах нөхдийн хариуцлага сул, тэдний эв түнжингээс хамаарсан бололтой юм билээ. Ийм алдааг давтахгүй байх нь чухал.
Миний бодлоор, уул уурхайн бүтээгдэхүүн ашигт малтмалыг түүхийгээр биш аль болох боловсруулсан бүтээгдэхүүн болгох бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь зөв. Нүүрсээ шингэрүүлсэн түлш болгох, цахилгаан үйлдвэрлэж экспортлоход ашиглах, төмрийн хүдрээ хайлж төмөр үйлдвэрлэх, зэсийн баяжмалыг хайлж цэвэр зэс гаргаад түүнийгээ боловсруулах зэрэг төслүүд хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирсныг ажил болгох нь чухал. Энэ төслүүд хэрэгжсэнээр хөрш улсуудтай худалдааг хөгжүүлэхэд тус болно.
Монгол иргэд Оросын өргөн хэрэгцээний барааны чанарыг үнэлж хэрэглэхийг хүсдэг,тэр уламжлал мартагдаагүй байгаа. Оросын шинжлэх ухаан, техник технологийн ололтуудыг монгол инженерүүд сонирхсоор байна. Оросоос импортлох сонирхол хэрэгцээ их бий. Гадаад худалдааг ОХУ-тай тэнцвэржүүлэхийн тулд Оросын зах зээлд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний эх үүсвэрийг бий болгоход онцгой анхаарах хэрэгтэй.
Монголд хэрэгжүүлж болох ямар төсөлд ОХУ-ын бизнес эрхлэгчид ямар хэмжээ нөхцөлөөр оролцох сонирхолтой байгааг сэргээн судалж, хэрхэн нааштай шийдвэрлэх талаар санал боловсруулах, яриа хэлэлцээр хийх үүрэгтэй ажлын хэсгийг манай Засгийн газар байгуулвал зүйтэй санагдана.
-Олон жил ярьж ирсэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох тухайд та юу хэлэх бол?
-Манай улс ОХУ-д жилд доод тал нь 70 мянган тонн мах экспортлох боломж бий. Бэлчээрийн малын махыг зарим хүн эмчилгээний чанартай гэж үздэг. Тэгвэл энэ махыг ОХУ-д экспортлох нь хоёр талын сонирхолд нийцнэ. Үүний тулд нэг л асуудал, тухайлбал экспортод мах гаргах зориулалтаар иргэдээс малыг зах зээлийн үнээр шууд худалдан авч үйлдвэрийн аргаар мал нядлах, махыг ангилан боловсруулах савлах болон хагас боловсруулах цехүүдтэй жижиг хүч чадлын үйлдвэрүүдийг аймаг бүрт байгуулах хэрэгтэй. Энэ төсөлд Оросын хөрөнгө оруулагчдыг оролцуулах нь чухал. Үйлдвэр нэг бүрт нядалж байгаа малын мах, дотор бүтээгдэхүүнд нэг бүрчлэн шинжилгээ хийж, тухайн малын мах эрүүл бөгөөд хүнсний хэрэгцээний стандартын шаардлага хангахыг баталж өгдөг лабораторитой байх нь мөн чухал. Импортлох сонирхолтой улсын лаборатори ажиллуулахыг ч зөвшөөрч болох байх.
-Уул уурхайн салбарын тухайд ямар боломжууд харагдаж байна, манайд?
-Стратегийн ач холбогдолтой гэж үзэж болох ашигт малтмалууд, тухайлбал вольфрам, молибден, газрын ховор металл, уран,цагаан тугалга, цинк, мөнгө зэрэг ашигт малтмалыг хайх олборлох зөвшөөрлийг Монгол-Оросын хамтарсан аж ахуйн нэгжүүдэд тэргүүн ээлжинд олгодог байх хэрэгтэй.
Монголын хөнгөн үйлдвэрүүд, хувийн үйлдвэрлэгчдийн ноос, ноолуур, арьс ширэн эдлэлийг орчин үеийн стандартаар үйлдвэрлэх санаачлагыг дэмжих, ОХУ-д экспортлох бодлого хэрэгжүүлмээр байна. Хоёр улсын худалдааг хөгжүүлэх зорилгоор Монголоос ОХУ-д нийлүүлж байгаа бүтээгдэхүүнд татвар ногдуулдаггүй болох нь чухал. Монгол Оросын хооронд энэ асуудлыг зөвшилцсөн байхад ямарч улс барьцаалж төвөг учруулахгүй.
-Ер нь гадаад худалдаанаас бусад салбарт ямар асуудалд та онцгой ач холбогдол өгч байна?
- ОХУ, БНХАУ-ын дунд орших газар зүйн байршилтай Монгол Улсын ашиг сонирхлыг хоёр их гүрний удирдагчид анхааралдаа авч Орос , Хятадын хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн \ төмөр зам, авто зам, хийн хоолой гэх мэт\ төсөлд Монгол Улс ашигтай нөхцлөөр оролцох бодлого хэрэгжүүлэх, энэ зорилгоор манай Ерөнхийлөгч гурван талын уулзалт зөвлөгөөн зохион байгуулдаг болох санал гаргаж байгаа нь маш зөв санаачлага.
Мөн иргэд харилцан визгүй зорчих асуудлыг шийдсэн нь сайн. Монгол- Орос хоёр улсын хил дээр төмөр зам, авто замаар харилцан зорчиж байгаа иргэдийн ачааг шалгаж, татвар төлбөрөөр дарамталдаг хаана ч байхгүй болсон бүдүүлэг харилцааг таслан зогсоох цаг болсон. Хил гаальд ажиллагсдын ёс зүй, харилцааны соёл ямар байхаас тухайн улсын талаарх сэтгэгдэл хамаардаг.
Монгол -Оросын сайн харилцааны төлөө тууштай тэмцэж байдаг иргэдийн эгнээг өргөн байлгах бодлого их чухал. Энэ зорилгоор ОХУ-д суралцагчдын тоог эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын сонин ном хэвлэлийг Монголд их хэмжээгээр нийлүүлэх, Монголын тал ямар нэг татваргүй оруулж ирэхийг зөвшөөрдөг байх, Оросыг Монголд, Монголыг Орост сурталчлах ажлыг хоёр тал хамтран зохион байгуулдаг байх нь чухал.
Уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулах үйлдвэрүүд барих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг чанартай боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг БНХАУ, ОХУ-ын зүгээс үзүүлэхээр болж байгаа зээл, бусад санхүүгийн эх үүсвэрээс бүрдүүлэх нь зүйтэй. Гадаадаас босгож байгаа зээлийн хөрөнгийг өндөр үр ашигтай нь баталгаатай үйлдвэрлэл хөгжүүлэх төсөлд ашигладаг байх хатуу хуультай болж хэрэгжүүлэх ёстой.
-Хоёр хөрш улстай харилцааг өргөтгөж хөгжүүлэхэд зайлшгүй шийдэх шаардлагатай өөр ямар асуудал байж болох вэ?
Миний бодлоор манай улсын төрийн тогтолцоог боловсронгуй болгож, хариуцлага өндөртэй, тогтвортой улс төр цогцлуулахыг эрхэм зорилт болгох цаг болсон. БНХАУ-д төрийн удирдлага нь арван жилээр сонгогдож улс орноо хөгжүүлэх алс хэтийг харсан бодлогоо тодорхойлон тогтвортой ажиллаж хэрэгжүүлдэг бололтой. ОХУ-д долоон жилийн хугацаагаар \дахин сонгогдох нөхцөлтэйгөөр\ сонгогдсон Ерөнхийлөгчийн засаглалтай, мөн улс орноо хөгжүүлэх алс хэтийг бодсон бодлого төлөвлөгөө хэрэгжүүлэн тогтвортой ажиллаж байна. Хоёр хөрш улс хорь, гуч, дөчин жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцон ажиллаж байна. Дунд нь байгаа манай улс дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон нэг танхимтай парламентын засаглалтай, улс орны хөгжлийн алсыг харсан цогцтой бодлого төлөвлөгөө байдаггүй. Улс төрийн намууд талцан тэмцэлдэх нь хэтэрсэн, улс төрийн тогтворгүй байдалтай улс гэж гадаадад үнэлэгддэг улс болчихсон санагддаг. Иймээс төрийнхөө тогтолцоог боловсронгуй болгох, тэр үндсэн дээр тогтвортой төртэй хөрш улсуудтайгаа тогтвортой харьцаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд анхаарах ёстойг эцэст нь хэлье. Энэ асуудлаар би тодорхой саналаа сүүлийн хорин жил бичиж ярьж байна. Анхаарч шийдэх цаг нь болсон.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин